Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2018/00570

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 16 өдөр

  Дугаар 156/ШШ2018/00570

             Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ................ байрлах Х. банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хэнтий аймаг, ............. оршин суух Адууч овогт Ядамын /РД: ................./ У., тус багт оршин суух Э. овогт Д.н /РД: ......../ Э. нарт холбогдох,

"зээлийн гэрэний үүргийн 4 930 590 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ...........салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.[1],  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.С. нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..............Хэнтий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Я.У. нь ......тай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1040011326 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 10 000 000 /арван сая/ төгрөгийг жилийн 30,0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлдэгч Я.У.н Х банк дахь ....... тоот харилцах дансанд               10 000 000  төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан ........... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 660 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х. банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1040011326 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1040011326 дугаар барьцааны гэрээ, 1040011326-01 тоот баталгаат ипотекийн гэрээнүүдэд дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1. Д.Энхтүвшин, Я.Уранчимэг, Э.Ууганжаргал, Э.Оюунжаргал нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1816000037 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн  0010973 дугаар гэрчилгээтэй, Хэнтий аймгийн ............... баг, 40 м.кв, хувийн сууц,

2. Д.Э.н өмчлөлийн нэгж талбарын 221300092 дугаар, 000201939 дугаар гэрчилгээтэй, Г-1816000016, Хэнтий аймгийн М..................баг, Ц...........тоотын 3857 м.кв өмчлөх эрхтэй газар,

3. 5 ханатай гэр,

4. 32 инчийн зурагт.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг болон 1040011326 дугаартай 1040011326 гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3 092 780 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хүү 1 617 726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220 084 төгрөг, нийт 4 930 500 төгрөгийг Я.У., Д.Э. нараас гаргуулах,

Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны үндсэн дээр хувийн сууц, өмчлөх эрхтэй газар, зурагт, 5 ханатай гэр зэрэг хөрөнгөнүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Я.У., Д.Э. нар бэлэн хувцасны худалдаа эрхлэх зориулалтаар зээл авсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4 930 590 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь хаягтаа байхгүй гэсэн тул хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх тул хариуцагч Я.У., Д.Э. нарыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх- 4, 7, 30/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбар нь хариуцагч Я.У., Д.Эн. нараас "зээлийн гэрээний үүргийн биелэлт 4 930 590 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.У., Д.Э. нарын оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх бөгөөд 2018 оны 05 сарын 14 өдрийн Хэнтий аймаг, ............... тоот[2] албан бичгээр хариуцагч нар оршин суугаа газрын хаягтаа байхгүй нь тогтоогдож байх тул шүүх хариуцагч Я.У., Д.Э.нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 93 839 төгрөг төлснийг дурдаж, улсын орлогод 70 200 төгрөгийг хэвээр үлдээж, илүү төлсөн 23 639 төгрөгийг Хэнтий аймгийн ...... хэлтсийн 250000393476 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.У.., Д.Э.. нарыг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Я.У......, Д.Э...... нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид    93 839 төгрөг төлснийг дурдаж, улсын орлогод 70 200 төгрөгийг хэвээр үлдээж, илүү төлсөн 23 639 төгрөгийг Хэнтий аймгийн .......... хэлтсийн 250000393476 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбарт олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будхүүд мэдэгдсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АРИУНАА

                                                             

 


[1] Хэргийн 4, 7 дугаар тал

[2] Хэргийн 30 дугаар тал