Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 878

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00769 дугаар шийдвэртэй, Л.А-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.А- нь О.Даваасамбуугийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 98.3 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. О.Даваасамбуу зээлээ төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу НШШГГ 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж 18251277/01 дугаартай тогтоол үйлдсэн.

Шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3 дах хэсэгт заасныг зөрчиж, хөндлөнгийн гэрчээр зөвхөн Ш.Мөнхцэцэг гэх нэг хүнийг, шийдвэр гүйцэтгэгч Б.Буянбадрахын хамт оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Ш.Мөнхцэцэгээс гадна В.Төмөр-Очир гэдэг хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулахаар бичсэн боловч энэ хүн тогтоолд гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээрх хуулийг зөрчиж хийсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаар шийдвэрээр О.Даваасамбуугаас 94 680 000 төгрөг гаргуулж Т.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.А-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 35 тоот 98.3 м.кв орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилсэн. Уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр иргэн Ш.Мөнхцэцэг, В.Төмөр-Очир нарыг оролцуулсан, шийдвэр гүйцэтгэгч Б.Буянбадрахын хувьд хөндлөнгийн гэрчийн хувиар биш, харин Л.А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, гэртээ оруулдаггүй байсан учраас өөр тойргийн, эрэгтэй шийдвэр гүйцэтгэгчийг байлцуулсан нь үнэн бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болохгүй.

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд оролцоогүй гээд байгаа хөндлөнгийн гэрч В.Төмөр-Очирын оршин суух хаяг, регистрийн дугаар бичигдсэн байгаа. Үүнийг зохиож бичнэ гэж байхгүй, оролцсон хүмүүсийн гарын үсэг зурсан хэсэгт нэр нь бичигдээгүй болохоос гарын үсгээ зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх:             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.8 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГ 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Л.А-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 35 тоот дахь 98.3 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1833 дугаар магадлалаар О.Даваасамбуугаас 94 680 000 төгрөгийг гаргуулж Т.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.А-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 6 дугаар байрны 35 тоот 98.3 мкв орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилж, хураасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2 гэрчийг оролцуулсан ба ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1 дэх хэсэгт эд хөрөнгө битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахыг хуульчлаагүй, мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3 дах хэсэгт тус тус заасан эрхийн хүрээнд ажиллагааг гүйцэтгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 98.3 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02078 дугаар шийдвэрээр О.Даваасамбуугаас зээлийн үүрэгт 94 680 000 төгрөг гаргуулж Т.Бямбасүрэнд олгох тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/01610 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байр 35 тоот 98.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх31,32/

 

Дээрх шийдвэрт 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ГХ2018/00979 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, НШШГГ- 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18251277 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар тус байгууллага нэхэмжлэгчийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан байна. /хх30,35-37/

 

Нэхэмжлэгч дээрх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хөндлөнгийн нэг л гэрч оролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч тал уг ажиллагаанд хөндлөнгийн хоёр гэрч оролцож, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд гарын үсгээ зурсан, харин гэрч В.Төмөр-Очирын нэрийн тайлал бичигдээгүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэх агуулгаар тайлбарлан, талууд харилцан мэтгэлцжээ.

 

Анхан шатны шүүх, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Ш.Мөнхцэцэг, В.Төмөр-Очир нарыг оролцуулахаар шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэн гэрчүүдийн хувийн мэдээллийн талаар тэмдэглэсэн боловч дээрх тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч В.Төмөр-Очир гарын үсэг зураагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.8 дах хэсэгт заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явагдаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгөх ажиллагаа хийгдсэн баримтгүй, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд В.Төмөр-Очирын гэх гарын үсгийг харьцуулах өөр баримт хэрэгт авагдаагүй байгаа тохиолдолд түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож тогтоолд гарын үсэг зурсан гэж эргэлзээгүйгээр дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 

Иймд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн хоёр гэрч оролцуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  зааснаар хариуцагч НШШГГ- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаан оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                                                       ш

                                                   ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                      Т.ТУЯА