Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/421

 

      С.А-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Ганчимэг,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч С.А-д холбогдох 2008 03240 0011 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Б овгийн С-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 2, эгчийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ......................... тоотод оршин суух, /РД: ..................../,

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 875 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, уг ялыг биечлэн эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар 01 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

С.А нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн орчимд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед иргэн Б.Г-ын толгой, баруун гаран тус газруудад цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хөндлөн бага зэргийн зөрүүтэй далд хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт С-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-г 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч С.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Г нь “500.000 төгрөг хүлээн авсан, надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй" гэснийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 13 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г-н эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрт 1.650.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хангаж, холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч С.А-н оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж, С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б овгийн С-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ...” гэжээ. Шийтгэх тогтоол нь хуульд заасан тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “хүндэвтэр хохирол” гэж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

     Шүүгдэгч С.А нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн орчимд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед иргэн Б.Г-н толгой, баруун гаран тус газруудад цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хөндлөн бага зэргийн зөрүүтэй далд хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Б.Г-н “... Би гэрээсээ машинтай гараад Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн орчим нэг суга таягтай хүн гар өргөхөөр нь зогстол түүний хажууд хүүхэд дагуулсан эмэгтэй газар хэвтэж байхаар нь тус болох гээд өвчтэй хүнийг гэрт нь хүргээд өгье гэж бодоод машинтай суулгатал тэр хүмүүсээс архи үнэртэж байхаар нь “эмнэлэг явах уу” гэж асуутал хамт байсан эрэгтэй нь “такси биш юм уу”  гэхээр нь “такси биш ээ” гэж хэлтэл намайг өөдөөс харааж эхэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа бууж тойрч очоод нөгөө эрэгтэйд “та нарыг тусламж хэрэгтэй юм байх гэж бодоод зогссон юм, гэтэл архи уучихсан юм байна” гэж хэлтэл тэр эрэгтэй намайг “хэдэн төгрөг өгөхөөр явах юм” гээд машинаас бууж ирээд миний толгой руу цохиод гар луу цохих гэхээр нь баруун гараараа хаатал миний гар луу цохисон. ...” /хх 10-14/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт авахуулсан баруун гарын сарвууны рентген шинжилгээгээр Б.Г-н биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хөндлөн бага зэргийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 94-96/,

       Мөнгөн гүүр эмнэлгийн баруун талын сарвуу ясны эгц болон хажуу байрлалын рентген зурагт “5-р метакарпал ясны дистал хэсгээр хөндлөн бага зэргийн зөрүүтэй хугаралтай. Орчмын зөөлөн эдэд хавантай. ...” гэсэн рентген оношилгоо /хх 34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

         Шүүгдэгч С.А-н хохирогч Б.Г-н толгой, баруун гаран тус газарт цохих, өшиглөх зэрэг үйлдэл хийсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

      Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

     Харин, шүүгдэгч С.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

           Үүнээс гадна, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч С.А-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан атлаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт хэдэн цагаар хийлгэх, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаарх хуулийн зохицуулалтыг тус тус орхигдуулж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь буруу болжээ.   

           Давж заалдах шатны шүүхээс дээрх асуудлуудыг зөвтгөн шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувьд түүний эрх зүйн байдлыг дордуулахааргүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ...” гэснийг “... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ

       ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН  

       ШҮҮГЧ                                                     М.АЛДАР