| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00714/И |
| Дугаар | 156/ШШ2019/00655 |
| Огноо | 2019-11-21 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 156/ШШ2019/00655
2019 оны 11 сарын 21 өдөр Дугаар 156/ШШ2019/00655 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00714/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, 4 дүгээр багт оршин суух, Х.Т-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
прокурор Д.Энхжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Т өвөө Ц.Ю нь 1938 онд Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр хуулийн дээд шийтгэгдсэнийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Т нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 1 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Х.Т нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Ц.Ю нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж цагаатгагдсан, түүнчлэн Х.Төмөрхуяг нь Ц.Ю-гийн ач хүү гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Улсын дээд шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,
- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын 1993 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар магадлал,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/3271 тоот лавлагаа,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 481 дүгээр шийдвэр,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24 тоот албан бичиг,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдөр олгосон, Х.Т эцэг нь Юндэнгийн Хуяа, эх нь Мянзаагийн Дарьсүрэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэсэн зохицуулалтын хүрээнд Ц.Ю нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж хэлмэгдсэн байх тул түүний ач хүү Х.Т-д 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Дадал сумын Төрийн сангаас гаргуулан Х.Т-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ