| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/296 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/296
2025 06 26 2025/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Б.Бат-Ерөөлт,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох *************** дугаартай /2 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 110/162 дугаартай километрийн шонгийн хажууд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн хойд талын суудалд зорчиж явсан иргэн Л.Хгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Бын “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сийн: “2024 оны 3 дугаар сард 08 цаг 35 минутад Дундговь аймгаас хойшоо явсан гэсэн. Тэгээд 10 цагт охин чинь машины осолд орсон гэсэн. Ажлын газрын хүн нь утсаар ярьсан. Би 11 цагийн үед Дундговь аймгаас гараад Төв аймагт очиход хүмүүс гадаа зогсож байсан. Миний охин ухаан орсон уу гэхэд найдваргүй гэж хэлсэн. Миний охин өмнө нь ерөөсөө ямар ч өвчнөөр өвдөж байгаагүй, өвдөж байсан зүйл байгаагүй. Миний охин аймаг, нутагтаа нэртэй, хүнтэй зөв харьцдаг, улсынхаа даамлын эрхэлж байсан ажлын хүрээнд миний охин тэргүүн байрыг авч, 360 сумаасаа тэргүүлж байсан, ээждээ маш нөлөөтэй. Би хүүхдээ Орос улсын их сургуулийг төгсгөж, хүүхдээ сайн хүн болгоно гэж би 4 хүүхдийнхээ төлөө гүрийж байгаад охиноо ажлын гараанд нь гаргаж, миний охин ээжтэйгээ хамт 2 дүүгээ хүн болгож, нэгийг нь төгсгөж өгсөн. Нэг хүүхэд төгсөхийн даваан дээр ийм болчихсон. Миний охинд 2 хоногийн хугацаанд таних, танихгүй хүмүүс эмгэнэж, залбирсан. Маш их харамсаж байна. Нэр нь гарах болгонд маш их хэцүү байна. Би тэтгэвэрт гарсан. Гэртээ байхаар охиноо бодоод байна. Аргагүйн эрхэнд хамт олонтойгоо ажиллаж, ажлаа хийгээд явж байна” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-“Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1-р баг, Дундговь аймгаас Улаанбаатар хот чиглэлийн А0201 автозамын 162 км шонгийн орчим тээврийн хэрэгсэл онхолдож хүн гэмтсэн байна” гэх гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас №80112819 /1хх-10/,
-“2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн 110 дахь километрийн шонгийн хажууд зам тээврийн осол гарсан” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-17/,
-зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-18-19/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22/,
-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-23-25/,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сийн: "... Би яг ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. Миний охин Л.Х нь 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хамт олонтой 29-ний орой гадаад улс руу аялна гээд л явсан юм, тэгсэн 28-ны өдөр 10 цагийн үед над руу ажлын газрын хүн нь болох Д гэдэг хүүхэд залгаж юу болсон талаар хэлсэн юм. Тэгж д мэдсэн... надад хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй...өнөөдрийг хүртэл гарсан зардлуудаа сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /1хх-28-29/,
-иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын: "... ***** улсын дугаартай ******* маркын тээврийн хэрэгсэл нь манай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... одоогоор шийдвэр гараагүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /1хх-47-48/,
-насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Б.У-ийн: “Тухайн өдрийн өглөө эрт би ээж С болон ээжийн ажлын 3 хүний хамт тавуулаа ээжийн ажлын хар автомашинтай Улаанбаатар хот руу явахаар болоод гарсан. ...Тэгээд би хөдлөөд явж байшаад машин дотор унтчихсан байсан. Тэгвэл удалгүй ээж намайг дуудсан. Сэрээд хартал бид хэдийн сууж явсан машин осолд орчихсон байсан. Миний биеийн байдал зүгээр байгаа. Санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1хх-38/
-Т.С-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1хх-36/
-Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын "... Манай байгууллагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б гэдэг хүн барьж явсан. Манайх нэг л жолоочтой тухайн өдөр явахгүй байсан учир үлдсэн байсан, тэгээд жолооны эрхтэй тээврийн хэрэгслийг барьж явсан..." гэх мэдүүлэг /1хх-51/,
-Гэрч М.Ө-н: “...Би Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажилладаг. Бид нар байгууллагаараа хот руу явахаар болоод Дундговь аймгаас албан ажлаар Улаанбаатар хот руу 2024 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Дундговь аймгийн төвөөс Улаанбаатар хот руу 3 машинд хуваагдаж суусан. Би албаны ******** маркын тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн машиныг байгууллагын ажилтан Б ах жолоодоод мөн С эгч болон Ууганцэцэг мөн Л.Х эгч бид 5 суугаад Дундговь аймгаас гараад нэлээн явж, Төв аймгийн нутагт орж ирээд зам тээврийн осолд орсон. Осол болсны дараа би хэсэг ухаан балартаад сэргээд хартал би доошоо харсан байдалтай сэрээд бид нар машинаас гарсан. Гараад хартал машины дугуй дээш харсан машины хажууд гадаа Л.Х эгч газар хэвтэж байсан. Тэгээд бид нар сандралдаад эмнэлэг рүү мэдэгдээд би шокын байдалтай байсан. Манай ажлын хүмүүс бидний ард талд явж байсан болохоор ирээд шууд түргэн дуудсан. Түргэн ирэхгүй удсан болохоор нь бид нар Л.Х эгчийг өөрсдийн унаатай Төв аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Бид нар замдаа явж байхад түргэний машинтай таараад Төв аймаг руу ирж эмнэлэгт үзүүлсэн..." гэх мэдүүлэг /1хх-52-53/,
-Т.С-ын гэрчээр өгсөн: “Бид нар байгууллагаараа Улаанбаатар хот руу явахаар болоод Дундговь аймгаас албан ажлаар Улаанбаатар хот руу 2024 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Дундговь аймгийн төвөөс 3 машинд хуваагдаж суугаад Улаанбаатар хот руу гарсан. Би албаны **** улсын дугаартай хар өнгийн ****** маркын тээврийн хэрэгсэлд суугаад тухайн машиныг манай байгууллагын ажилтан Б жолоодоод, би, охин Уг болон Л.Х, Ө бид тав Дундговь аймгаас гараад нэлээн явж Төв аймгийн нутагт орж ирээд зам тээврийн осолд орсон. Осол болсны дараа бид нар машинаас гараад хартал машины 4 дугуй дээш харсан байдалтай машины хажууд газар Л.Х хэвтэж байсан. Тэгээд манай байгууллагын ажилчид ирээд түргэн дуудаад түргэн ирэхгүй болохоор нь бид нар цаг алдаад яах вэ гэж ярилцаад Л.Х, болон охин Ууганцэцэг нарыг явуулсан. Ө бид хоёр араас нь өөр машинтай Төв аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр ирээд Төв аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн..." гэх мэдүүлэг /1хх-58-59/
-Э.Ч-ийн "...манай байгууллагын албаны ****улсын дугаартай ***** маркын тээврийн хэрэгслийг манай байгууллагын ахлах мэргэжилтэн Б жолоодоод уг машинд С, түүний охин У, Ө, Л.Х нар суугаад өөр нэг хувийн машинд 4 ажилтан сууж 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн... 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10-11 цагийн хооронд манай ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дээр осолд орж түүн дотор зорчиж явсан манай байгууллагын Сайнцагаан сумын газрын даамал албан тушаалтай Л.Х гэх эмэгтэй бурхан болсон..." гэх мэдүүлэг /1хх-60-63/,
-Б.Бын гэрчээр өгсөн “Би Дундговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт барилга хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн ажилтай. Бид нар байгууллагаараа Дундговь аймгаас албан ажлаар Улаанбаатар хот руу 2024 оны 3 дугаар сарын 28-ны өглөө 08-09 цагийн хооронд Дундговь аймгийн төвөөс 3 машинд хуваагдаж суугаад гарсан. Би албаны ****** улсын дугаартай хар өнгийн ******* маркын тээрийн хэрэгслийг жолоодоод тухайн тээврийн хэрэгсэлд манай ажлын С, түүний хүүхэд У, манай ажлын Ө, амь хохирогч Л.Х нар сууж явсан. Төв аймгийн нутагт орж ирээд 162/110 дугаарын километрийн шонгийн хажууд зам гөлөөнтэй байсан. Би тухайн үед зөөлөн явж байтал гэнэт машины руль булаагаад замын хажуу руу орсон. Би тухайн үед машин зогсчихлоо гэж бодтол машин талаараа өнхөрөөд онхолдож эргэлдэн дөрвөн дугуй дээш харсан. Осол болсны дараа би машины хаалгыг онгойлгоод буутал Л.Х машины хажуу талд гадаа газар хэвтэж байсан. Тэгээд машинаас С, түүний охин У, Ө нар буугаад бид нар Л.Хгийн хажууд иртэл Л.Хгийн хамар амнаас цус гараад ухаангүй болсон байсан. Бид нар сандралдаад эмнэлэг рүү мэдэгдээд хүлээж 30-40 минут болоод ирэхгүй болохоор нь цаг алдаад яахав гэж ярилцаад Л.Хг хамт явж байсан Ланд-200 маркын тээврийн хэрэгсэлд суулгаж Төв аймаг руу эмнэлэгт хүргэхээр явж байгаад замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын түргэний машинтай таараад үзүүлтэл биеийн байдал муу байна. Та нар гялс Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. Бид нар Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд нас барсан байна гэсэн” гэх мэдүүлэг /1хх-55-56/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дугаартай Хүний биед хийсэн шүүх шинжилгээгээр: "...М.Ө-н биед зүүн мөрний зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй эдгэх тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-65-66/
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 173 дугаартай Хүний биед хийсэн шүүх шинжилгээгээр: "... Б. У-ийн биед духны зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь дээрх цаг хугацаанд үүссэн байна боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-69-70/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 172 дугаартай Хүний биед хийсэн шүүх шинжилгээгээр: "...Т.С-ын биед баруун өвдөгний урд гадаргад няцарсан шарх, баруун гуяны зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-73-74/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 207 дугаартай Хүний биед хийсэн шүүх шинжилгээгээр: "Б.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-77/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2108 дугаартай Химийн шинжилгээгээр: "...Шинжилгээнд ирүүлсэн Б.Б **********гэж хаягласан "********" гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-78-80/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 53 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр: "Онош: Гавал тархины хавсарсан гэмтэл, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадарга дахь цус хуралт..., зүрх судас, амьсгалын цочмог дутагдал. ...Амь хохирогч Л.Хгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд байх үед нь үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүссэн байх ба тухайлбал зам тээврийн ослын дарагдах, шидэгдэх үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас зүрх амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ" гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-85-89, 93-100/,
-Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №48450 ДД№30631998 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлангаар: "******* улсын дугаартай *******, тээврийн хэрэгсэл. ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 15,082,400...." гэх дүгнэлт /1хх-108-110/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2915 дугаартай Автотехникийн шинжилгээгээр: "...Шинжилгээнд ирүүлсэн *******маркын ****** улсын дугаартай автомашин нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн автомашин нь ослын өмнө бүрэн бүтэн байдлыг хангаж байсан байх үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины тоормос ослын өмнө хэвийн ажиллаж байсан байх үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн ******* маркын ******* улсын дугаартай автомашин нь ослын өмнө 78-80 км/цаг хурдтай явсан байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-116-120/,
-Шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 52/18 24/214 дугаартай Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээгээр: "...******* улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материалтай танилцахад ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. 3.*********улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна..." гэх дүгнэлт /1хх-127-129/,
-Шинжээч Я.Соронзонболдын: "... Би өөрийн гаргасан дүгнэлтээ эргэлзээтэй гэж бодохгүй байна. Учир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолоочийг замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахаар заасан байдаг. Дүрэмд зааснаар тухайн замд ******** маркын ******* улсын дугаартай авто машины зөвшөөрөгдөх дээд хурд 80 км/ц боловч, хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тухайн замын зарим хэсэгт цастай, зорчих хэсгийн гадаргуу хөлдчихсөн байсан тул би жолооч Б.Быг тээврийн хэрэгслийн хурдыг тухайн замын нөхцөлд тохируулж яваагүй гэж үзэж дүгнэлт гаргасан... Гадаа хасах градустай байх үед, ялангуяа өглөө эрт зорчих хэсгийн гадаргуу буюу асфальт хөлдөж хүний нүдэнд харагдахгүй мөстөлт үүсч зам дээр гулгаа үүсдэг. Тийм болохоор жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг маш зөв сонгож явах хэрэгтэй” гэх мэдүүлэг /1хх-132-133/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай Техникийн шинжилгээгээр: "...1.1.Шинжилгээнд ирүүлсэн***********улсын дугаартай автомашин нь шинжилгээнд тэнцэнэ. 1.2.Шинжилгээнд ирүүлсэн автомашин нь ослын өмнө бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. 1.3.Шинжилгээнд ирүүлсэн автомашины тоормосны механизм ослын өмнө ажиллаж байсан байна. 1.4.Шинжилгээнд ирүүлсэн ********* улсын дугаартай автомашин нь ослын өмнө 80-аас 62 км/цаг хурдтай явсан байна. 1.5.Асуултад дурдаагүй хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн ********** маркын ******** улсын дугаартай автомашины обуд, дугуйнд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. 3.Шинжилгээнд ирүүлсэн **********маркын ******* улсын дугаартай автомашины обуд, дугуйнд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөх шалтгаан болохгүй. 4.Асуултад дурдаагүй хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй..." гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх-225-244/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1372 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр: "...2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямрал шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-88-90/,
-шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /1хх-163-167, 204/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэллээ.
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэн дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв. Үүнд:
-Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр **********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 110/162 дугаартай километрийн шонгийн хажууд онхолдож зам тээврийн осол гаргасан,
-тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй боловч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн,
-тус ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 30 настай эмэгтэй Л.Хгийн амь нас хохирсон, насанд хүрээгүй зорчигч Б.У, зорчигч Т.С нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.2.Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
-Улсын яллагч Б.Лувсанцэрэн: “Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 110/162 дугаартай километрийн шонгийн хажууд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас амь хохирогч Л.Хгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 52/18-24/214 дугаартай шинжээчийн дүгнэлтээр жолооч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасныг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл болсон гэж гарсан. Мөн шүүгдэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газраас бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ шинжээчийн дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн ********* улсын дугаартай авто машины обуд үүнд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй гэдэг. Зам тээврийн осол болох шалтгаан нь зөвхөн шүүгдэгчийн зам тээврийн дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас гарсан байна” гэдэг нь давхар нотлогдон тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон байхыг шаардсан, материаллаг бүрэлдэхүүнтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Бын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар 7,000,000 гаруй төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Өмнөх шүүх хуралдааны явцад хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой хохирол төлбөр нөхөн төлөгдсөн. Энэ талаар шинжлэн судалсан. Талууд маргаагүй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн тухайд тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнэлтээ гаргасан. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хувьд дөрөвдүгээр зэрэглэл байна гэж тогтоосны дагуу гаргуулах саналтай байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаартай тогтоолын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хооронд шүүхээс тогтоох эрх хэмжээ нь байгаа. Улсын яллагчийн зүгээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сийн өмгөөлөгч О.Даваажаргал: “Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээрээ маргаагүй учраас хохирол нөхөн төлбөрийн талаар дүгнэлтээ хэлье. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нийт 247,319,373 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу тооцож, төлж барагдуулах талаар одоо мөрдөгдөж байгаа заалт. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаал гарсан байдаг. Хамтарсан тушаалаар, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргах журмыг баталсан. Энэ журамд заасны дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хохирогчоор тогтоогдсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгана гэж заасан. Энэ журам батлагдсанаас хойш хууль хэрэглээний хувьд практик тогтож байгаа. Шүүх дүрэм журам, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх байх гэж үзэж байгаа. Эцсийн байдлаар шийдэх нь хууль тогтоомж байдаг. Хүчин чадалтай хэм хэмжээний акт гэж үзнэ. Тооцох аргачлалыг нь тодорхой заагаад өгсөн. Тодорхой төрлийн гэмт хэргүүд дээр буюу эдгээр гэмт хэргүүд дээр шинжээч томилж, сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох ач холбогдолтой гэж тооцсон. Ингэхдээ зэрэглэлүүдийг хүний амь нас хохирсон гэдэг энэ асуудалтай уялдуулж биш, хүний биед учирсан гэмтэл, түүний үлдэц, үүнээс шалтгаалах сэтгэцэд нөлөөлөх хор уршиг, зовлон, шаналал гэдэг агуулгаар тооцож гаргасан. Миний хувьд гэмтэлтэй үед гаргасан жишиг аргачлал нь хүний амь нас хохирсон гэмт хэргийн хувьд төсөөтэй байдлыг хэрэглэж, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн аргачлал дээр ч гэсэн мөн хүний амь нас хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу шийдвэрлэхээр заасан. Тийм учраас иргэний нэхэмжлэл дээр дурдаад байгаа төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг,
-Иргэний нэхэмжлэгч/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хариуцагчийн хувьд шүүхээс тогтоосон хэмжээгээр төлбөрийг төлнө. Эхний ээлжинд төсөвт суулгуулж, дараа нь буруутай этгээдээс төлж барагдуулах арга хэмжээ авч ажиллана” гэх тайлбарыг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “Дүгнэлт хэлэхээс өмнө үйлчлүүлэгчийнхээ өмнөөс харамсаж байгааг илэрхийлэх нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг ойлголт өөрөө нэгдүгээрт, гэмт хэрэгтээ гэмших, хоёрдугаарт, гэмт хэргээ ухамсарлах буюу пассив эрх хэрэгжиж байж энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг энэ байдлаар хохирогч өөрийгөө хамгаалах өөрөөр хэлбэл гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн хэрэгждэг ийм эрх хэргийн бодит байдалтай нийцдэг. Ийм учраас миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь гэрчийн мэдүүлгээс эхлээд өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэг хүртэл энэ байр сууринаасаа хөдлөөгүй байгаа учраас шүүгдэгч гэм буруугаа сэтгэлээсээ гэмшиж, хоёрдугаарт, гэм буруугаа ухамсарлах гэсэн зарчмын хүрээнд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн хууль зүйн шинж бий болсон гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Гэм буруу дээр маргаагүй учраас үйлдлийн хувьд маргаагүй. Хохирол төлбөрийн тухайд, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын, эрүүл мэндийн сайдын хамтарсан А275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, өмгөөлөгч таны яриад байгаа 511 дүгээр зүйлийг үндэслээд гэм хорыг арилгана гэх. Гэм хорын асуудал, гэм хорын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжилдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршиг гэдэг ойлголтод өгсөн хууль тогтоогчийн тайлбар, хууль зүйн зохицуулалтаараа ялгагддаг. Энэ хэргийн тухайд, талийгаачийн амь нас хохирсон энэ үр дагавар нь хохиролд тооцогдоно. Мөн хуулийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж байгаа. Энэ дээр гэм хор гэж яриагүй. Өөрөөр хэлбэл, хор уршиг. Хор уршигтай зэрэгцэж, бий болж байгаа үр дагаврыг гэм хор гэж байгаа. Тийм учраас сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах зохицуулалт нь хохирол, хор уршгийг эрүүгийн журмаар гаргуулах ёстой. Түүнээс бий болсон цаашид нэхэмжлэх, бусад шаардлагатай бий болсон үр дагаврыг эрүүгийн хэргийн улмаас бий болсон гэм хорыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэнэ гэсэн санааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар таны яриад байгаа нь хууль зүйн хувьд ялгагдаж байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 4 дүгээр зэрэглэлээр гаргуулах саналтай” гэх дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ осол болсонд харамсаж явдгаа илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч холбогдсон хэргийнхээ гэм буруу дээрээ маргахгүй, маш их харамсаж гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын үйлдсэн яллах дүгнэлттэй холбоотой зарим нэг алдаануудаас болж нэг удаа гэм бурууг хүлээх боломжгүй, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ийм ийм алдаанууд байна гэдгийг дурдаж, өмгөөлөгчийн хүсэлтээр яллагдагчаар татсан тогтоолд залруулга бичсэн. Өмгөөлөгчийн хувьд зайлшгүй авах арга хэмжээ байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 247,319,373 төгрөг нэхэмжилсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд 51,500,000 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр зарим барааны үнийг төлөх гэх мэт байдлаар өөрийн боломжоороо төлсөн. Энэ талаар аль аль тал маргадаггүй. Хохирол төлбөр нэхэмжилсэн 47,339,373 төгрөг дунд 15,256,976 төгрөгийн талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл байсан. Энэ цалингийн зээл бол урьд нь талийгаач өөрөө банктай гэрээ байгуулан авч, зээлийн ямар хэрэгцээгээр авсныг мэдэхгүй. Ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дууссан зээл учраас энэ гэмт хэрэг гарснаас хойшхи хор уршиг, хохиролд хамаарахгүй тул 15,256,576 төгрөгийг хасч тооцуулах саналтай. 1572 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 4 дүгээр зэрэглэлд хамаарна гэж тогтоосон. Хоёр сайдын хамтарсан тушаал, Улсын дээд шүүхийн тогтоолоор баталсан аргачлалаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 буюу хамгийн дээд талын хэмжээгээр одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож үзэхээр 36,424,080 төгрөг болж байгаа. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 51,500,000 төгрөгийг хасах саналтай. Мөн иргэний хариуцагчийн зүгээс 40,000,000 төгрөгийг босгож төлж барагдуулсан. Цаашид иргэний хариуцагч болон шүүгдэгчийн хувьд шүүхээс шийдсэн хохирлыг төлж барагдуулна гэж байгаа. Ингэж үзэхээр хохирол төлбөр төлөгдсөн байна гэж харагдаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”-ийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “нэг хүний амь нас хохирсон бол” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хүндрүүлэх шинж” болгон заасан.
Энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатай боловч тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирч байгаа үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Б.Бын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Учир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй.
Иймд шүүгдэгч Б.Бын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 01 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 110/162 дугаартай километрийн шонгийн хажууд ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Хгийн амь насыг хохироосон үйлдэлд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.3.Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.Бын гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амьд явах эрх зөрчигдөж, иргэн Л.Хгийн амь нас хохирсон, хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Л.Хгийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эх Г.Сийг тогтоожээ. /1хх-26, 2хх-75/
Тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй Б.У-ийг иргэний нэхэмжлэгчээр /1хх-32/, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Т.С-ыг /1хх-33/ тус тус тогтоосон ба иргэний нэхэмжлэгчийн хувиар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн болно. /1хх-36, 38/
Иргэний нэхэмжлэгч/хариуцагчаар Дундговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрыг /хх-44, 48/, түүний төлөөлөгчөөр Д.Э-ыг /1хх-45/ тогтоосон ба шүүх хуралдаанд хуулийн этгээдийг төлөөлөн оролцсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэж,
Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эзэмшлийн ************улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрлөөр жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон.
1.2.1.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт:
-оршуулгын болон бусад зардал - 32,082,797 төгрөг
-цалингийн зээлийн үлдэгдэл - 15,256,576 төгрөг,
-сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 199,980,000 төгрөг, нийт 247,319,373 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж шаардсан.
1.Оршуулгын болон бусад зардлын тухайд:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сээс оршуулгын зардалд 20,802,797 төгрөг, бэлэн мөнгөөр хийсэн тооцоо 4,670,000 төгрөг, Их ерөөлийн хурал 4,910,000 төгрөг, оршуулгад оролцсон лам нарт 1,700,000 төгрөг, нийт 32,082,797 төгрөгийг уг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон шаардсан. /хх-177-180, 182-194/
Дээрх оршуулгын болон зан үйлийн шинжтэй зардал гарсан гэж тайлбарлан шаардсан 32,082,797 төгрөгийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн, маргаж мэтгэлцээгүй тул шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.
2.Цалингийн зээлийн үлдэгдэл
Амь хохирогч Л.Х нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар “ХААН банк” ХК-д 15,256,576 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон Б.Баас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх-181/
Үндэслэл нь, “ХААН банк” ХК-тай зээлийн гэрээг Л.Х байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд үүссэн байна. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “ХААН банк” ХК-ийн зээлийн тодорхойлолтыг үндэслэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь үүргийн гүйцэтгэлийг шүүгдэгч Б.Баас шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн.
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учруулсан гэм хорын хохирлын тухайд:
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Г.С нь сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 199,980,000 төгрөгийг шаардаж, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нь шаардлагын хууль зүйн үндэслэлийг:
-“Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг үндэслэн,
-Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сард 792,000 төгрөгөөр,
-Үндэсний статистикийн хорооны бүс нутгаар тогтоосон хүн амын дундаж наслалтын судалгаагаар Дундговь аймагт 2024 оны байдлаар эмэгтэй хүний дундаж наслалт 80,5 жил байгаа ба амь хохирогч нь нас барах үедээ 30 настай байсан,
дээрх хуулийн холбогдох заалт, дундаж наслалтын статистикаар тооцож үзэхэд 792,000х5х50,5=199,980,000 төгрөг тул хохирогчид ашигтай энэ аргачлалаар тодорхойлсон” гэж тайлбарласан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, мөн зүйлийн 40.2-т “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ. Үүнд:
-“40.2.1...эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх,
-40.2.2.энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байна,
-40.2.3.хохирогчид сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж хуульчлагдсан байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан этгээдэд хамаарах бөгөөд түүний сэтгэцэд учирсан хохирлын зэргийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1372 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэж тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Учир нь, уг шинжээчийн дүгнэлтийг Г.Ст 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгчөөс танилцуулсан ба шүүхээс тогтоосон нэмэлт ажиллагааны хүрээ, хугацаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь тус дүгнэлтэд гомдол саналаа гаргаагүй байх тул шүүх нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэлгүй юм. /2хх-88-90, 96/
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж зааснаар,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсэгт заасан зарчмыг удирдлага болгон,
аргачлалын 4 дэх хэсэгт заасан сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэснийг баримтлан,
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн ихээр буюу 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцохоор тогтоолоо.
Шүүгдэгч Б.Б нь хүний амь насыг хохироож нөхөж баршгүй гарз хохирол учруулсанд гэмшиж байгаа учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардаж байгаа буюу шүүхийн шийдвэр гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр тооцон төлөхөө илэрхийлсэн учир уг хэмжээгээр (792,000 төгрөг х 45.99) тооцон, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 36,424,080 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ст олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.2.2.Эд хөрөнгөд учруулсан хохирлын тухайд:
Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эзэмшлийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрлөөр жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, үүний улмаас 15,082,400 төгрөгийн хохирол учирсан болохыг “Вендо” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Авто машин техникийн үнэлгээний тайлан” /№48450/ДД№30631998/-аар тогтоосон байна. /1хх-42, 108-110, 2хх-76/
Тус хэрэгт тээврийн хэрэгслийн өмчлөгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй тул тухайн асуудлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дүгнэвэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ст оршуулгын болон бусад зан үйлийн зардалд 32,082,797 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 36,424,080 төгрөгийг, нийт 68,506,877 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ст шүүгдэгч Б.Б нь 51,500,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан нь оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /2хх-72-74/
Иймд үлдэх 17,006,877 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 8,503,438.50 төгрөгөөр гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ст олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Иргэний хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бэлнээр 40,000,000 төгрөг, буяны цайллагын төлбөрийг төлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаарх хуульд заасан шаардлагыг хангасан баримт хэрэгт авагдаагүй тул сайн дурын үндсэн дээр төлсөн, харилцан тооцох шаардагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн: “Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тогтоосон. Б.Бын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явц, шүүх хуралдааны явцад гэм буруу дээрээ маргадаггүй. Хувийн байдлын тухайд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлүүд нь гэмт хэргийн болгоомжгүй үйлдлээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг хуульчилсан. Хохирол нөхөн төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байвал хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл тэнсэж болохоор заасан. Ийм учраас улсын яллагчийн зүгээс үндсэн ялын сонгох санкцийг зорчих эрхийг хязгаарлах саналыг сонгож байна. Учир нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн, мөн үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жилийн хугацаагаар оногдуулах, оршин суугаа Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналыг гаргаж байна. Яагаад гэвэл, хүний амь нас хохирсон, энэ гэмт хэргийн үр дагавар нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй учраас хугацааны хувьд хамгийн өндөрөөр санал болгож байна. Нэмэгдэл ялын тухайд 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан. Цагдан хоригдсон хоног байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Даваажаргал: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүхийн шатанд мэдүүлэг өгсөн. Энэ нөхцөл байдлын улмаас амь нас хохирсон байна. Тийм учаас гомдол санал байхгүй гэдэг зүйлийг илэрхийлсэн. Ял дээр тусгайлан гаргах санал байхгүй. Шүүхээс хэрэгт авагдсан баримт болон хохирол төлбөр төлөгдсөн, хувийн байдалтай нь холбогдуулан шийтгэл оногдуулах байх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Улсын яллагчийн дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Тохиолдлын шинж чанартай гэдэг нөхцөл байдалд хамаардаг. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хэмжээгээр хүний амь нас хохирсон гэмт хэргийн хохирлын улмаас бий болсон хор уршгийг сайн дураараа нөхөн төлж, шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал байгаа. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилтай, ажлаа хийж байгаа, орлогын хувьд цалингийн эх үүсвэртэй байгаа. Энэ нь хохирол нөхөн төлөгдөх боломж гэж үзэж байна. Өдийг хүртэл гэм буруу дээр маргаан байхгүй. Мөн ар гэрийн нөхцөл байдал, ой хүрч байгаа бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан болзол шалгуурыг хангаж байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсч байна. Хүний амь нас хохирсон гэдэг асуудал дээр бид нар маргаагүй. Эргээд сэргээгдэхгүй үнэт капитал гэдэг дээр бид нар маргаагүй. Үрээ алдсан ээжийн уй гашуу байгаа боловч адилхан үр хүүхэдтэй, санаатай үйлдээгүй учраас гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байгаа учраас хуульч хүний хувьд, хүн ёсны харилцааны хувьд ч гэсэн биширч, хүндэлж байна. Нэмэгдэл ялын хувьд заавал оногдуулах ял учраас тодорхой байр суурь байхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн: “Б.Бтай ярилцаад хохирогч, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хол орон нутгаас ирж оролцдог учраас завсарлага авахгүйгээр хохирол төлөхөө илэрхийлж оролцож байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн. Хэдийгээр хүний амь нас хохирсон хэдий ч болгоомжгүйгээр үйлдсэн хөнгөн ангилалд хамаарч байна. Б.Бын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээж ирсэн, чин санаанаасаа маш их гэмшиж байгаа, тэр ч үүднээс гэсэн эдийн засгийн хувьд хэсэгчлэн, боломжоороо хохирол төлбөрийг барагдуулсан. Үүнээс өөрийнх нь хандлага, сэтгэл харагдаж байна гэж харж байна. Мөн ямар нэгэн өдөр тохиоход нь байнга оролцож, хамт байх, гэрээр нь эргэж тойрч очих, утсаар ярих, холбогдох асуудлууд байсан. Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, ажил амьдралын гараан дээр удаагүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б: “Энэ осол болсонд үнэхээр их харамсаж байна. Сараа эгчийн аавтай манайх олон жил айл саахалт байсан, хамаатнаас өөрцгүй байсан. Тэгээд одоо бие биенийхээ царайг ч харж чадахгүй надаас болоод ийм байдалтай байгаа нь үнэхээр хүнд байдаг. Байнга С эгч руу залгаж, мартаж байхад нь бодогдуулаад улам хэцүү байх гээд залгаж ярьж чаддаггүй. Би С эгчид боломжоороо туслаж, дэмжиж явахаа илэрхийлсэн. Намайг уучлаарай” гэсэн эцсийг үгийг хэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ“ гэж заасан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг үндэслэж,
шүүгдэгч Б.Б нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учирсан хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраа өөрчлөх, бусад газарт зорчихыг хориглож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж,
шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүх, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэлийг хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан сонгон оногдуулж, үндсэн болон нэмэгдэл ялын хугацааг тогтоох нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн **************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,
шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1, 37.2, 38.1., 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван /5/ жилийн хугацаагаар хасаж, гурван /3/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, бусад газарт зорчихыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Б нь нийт 51,500,000 төгрөгийг төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Баас 8,503,439 төгрөгийг, иргэний хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас 8,503,439 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Л.Хгийн хууль ёсны төлөөлөгч Г.Ст олгосугай.
7.Иргэний хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар нь 40,000,000 төгрөгийг хохирогч Л.Хгийн хууль ёсны төлөөлөгч Г.Ст төлснийг дурдсугай.
8.Шүүгдэгч Б.Бт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9.Эрүүгийн ****************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлэхийг дурдсугай.
12.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН