Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/02844

 

 

 

 

2019 оны 10 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2019/02844 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХХХХХ тоот, Э ХХК-ийн /РД: ХХХХХХ/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХХХХ тоотод оршин суух, Г.Э/РД: ХХХХХХ/ холбогдох

8.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Д.Ц*******,

Хариуцагч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Д.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь Г.Э харилцан тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж иргэн Т.Д*******гийн 6 давхар орон сууцны барилгын агаар сэлгэлтийн системийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

Гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 17.871.500 төгрөг өгөх байсан ч захиалагч Г.Э нь ажлын гүйцэтгэлийн мөнгийг цаг тухайд нь өгөхгүй байсаар үлдэгдэл ажлын хөлс 5.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Хариуцагч Г.Э нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 7 дугаар сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 8 дугаар сарын 5-ны өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 9-ний өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 900.000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 6 дугаар сарын 7-ны өдөр 500.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг өгсөн.

Гэрээгээр тохироогүй цонхны усны хаялга болон дээврийн төмрийн ажлыг Г.Этай тохиролцон хийж 2.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан.

Би 2017 оны 10 дугаар сард хийсэн ажлынхаа актыг өгсөн бөгөөд Г.Э нь 2018 оны 5 дугаар сард холбогдоод дахиад акт нэхсэн бөгөөд би түүнд 5 дугаар сарын 10-ны өдөр дахин акт бичиж өгсөн. Би ажлаа хийсэн тул мөнгөө авах сонирхолтой байна.

Иймд Г.Э-аас ажлын хөлс 5.500.000 төгрөг, гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцсон ба алданги 2.750.000 төгрөг, нийт 8.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Э миний бие Д.Ц*******тай гэрээ хийж Улаанбаатар, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, 38 дугаар байрны салхивчны ажлыг хийлгэсэн. Гэвч Д.Ц******* нь дээврийн давхрын салхивчны ажлыг дутуу орхиж явсан, мөн хийсэн ажлын акт, гүйцэтгэлийн зураг зэргийг авчирч өгөөгүй.

Би иргэн Д.Ц*******тай анх гэрээ хийхэд ажлын гүйцэтгэлээр төлбөр хийхээр болсон бөгөөд хийсэн ажлын гүйцэтгэлээр төлбөрийг хийж байсан нь төлбөр төлсөн баримтаар батлагдана.

Мөн Э ХХК-ийн захирал Д.Ц******* нь хийсэн ажлаа улсын комиссын хуралд ирж оролцон батлахаас зайлсхийсэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгөөгүй, хуралд ирээгүйгээс болон 2 удаа комиссын хурал хойшлогдож байсан.

2018 оны 6 дугаар сард хуралд ирж оролцоогүй бөгөөд би хуралд зайлшгүй ирэхийг шаардахад хөдөө мөнгөгүй байна гэхээр нь зардал болгож 500.000 төгрөг шилжүүлж байсан нь баримтаар нотлогдоно.

Би дутуу хийсэн ажлыг нь дахин шинээр засаж хийсэн бөгөөд үүнд 4.200.000 төгрөг төлсөн. Үүнийг барилгын даамал М.Э*******, н.Бек нар хариуцан хийсэн. Барилгыг байнгын ашиглалтанд өгөх улсын комиссын хурал удаа дараа хойшилсноос болоод надад болон захиалагч нарт хохирол учирсныг мөнгөөр хэмжих боломжгүй.

Сэтгэл санаа болон байр захиалан бариулсан иргэдийн байрны түрээс зэргийг тооцвол их мөнгө болно. 2017 онд ашиглалтанд өгөх байсан барилгыг Д.Ц******* болон бусад ажил гүйцэтгэсэн компанийн буруутай үйлдлээс болж 2019 онд 2 жил алдаж ашиглалтанд өгсөн.

Би Э ХХК-д 15.500.000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоно. Би агааржуулалтын ажлыг чанартай, хурдан шуурхай хийлгэх зорилгоор энэ хүнтэй гэрээ байгуулсан, төсөв 10.000.000 төгрөгт багтах ажил байсан боловч түргэн шуурхай учраас гэрээний үнийг 17.871.500 төгрөгөөр тохирсон.

Дээврийн ажлыг нэхэмжлэгчийн дүү болох н.Чингүүн гэх хүнээр хийлгэн 4,800,000 төгрөг төлсөн бөгөөд тэрээр ажлаа дуусгаагүй алга болсон. н.Чингүүн гэх хүнийг асуухаар би мэдэхгүй, та 2 өөрсдөө тохирсон биз дээ гэдэг.

Би Э ХХК-д бүх зардлыг төлсөн, одоо унааны зардалд 500.000 төгрөг өгч чадна. Өөр мөнгө өгч чадахгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г.Э-д холбогдуулан 8.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5.500.000 төгрөг, алданги 2.750.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г.Э-тай 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Э ХХК нь Иргэн Т.Д*******гийн 6 давхар орон сууцны барилгын агаар сэлгэлтийн системийн ажлыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч буюу хариуцагч Г.Э нь 10.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор, ажлыг хүлээлгэн өгөх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 7.871.500 төгрөг, нийт 17.871.500 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 7-9, 19-21, 72-74 дүгээр тал/

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр захиалагч Г.Э, гүйцэтгэгч Э ХХК нар барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт үйлдэн салхивчийн системийн ажлыг гүйцэтгэгч Э ХХК чанарын сайн дүнтэй хийсэн гэж дүгнэсэн нь уг актын хуулбараар тогтоогдож байна.

/ХХ-ийн 121 дүгээр тал/

 

Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалагч буюу хариуцагч Г.Э нь Хаан банк дахь өөрийн ******* тоот данснаас гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Д.Цэрэндавгын мөн Хаан банк дахь ******* тоот дансанд ажлын хөлс хэмээн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг болон 500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 900.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 500.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 10-18, 38-52 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Э ХХК нь иргэн н.Д*******гийн 6 давхар барилгын агаар сэлгэлтийн системийн материал тоног төхөөрөмж хийх ажлын төсөв тооцоолол 17.871.500 төгрөг болсон гэж төсвийн тооцоолол ирүүлсэн ба энэ нь хийсэн ажилд гарсан зардлын тооцоо бус хийх ажилд зарцуулах зардлын тооцоолол байна.

Мөн Э ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр нэр бүхий 3 ажилтанд нийт 600.000 төгрөгийн цалин олгосныг захиалагч Г.Эы ажлыг хийж гүйцэтгэхэд олгосон цалин гэж үзэх боломжгүй. Учир нь талууд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Э ХХК салхивчийн системийн ажлыг чанарын сайн дүнтэй хийсэн гэж дүгнэн акт үйлджээ.

 

Мөн нэхэмжлэгч тал захиалагч Г.Этай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд зарцуулсан хэмээн зарлагын баримтууд ирүүлсэн боловч баримтад тусгасан материалыг худалдан авсан этгээд нь тодорхойгүй, 2017 оны 9 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 7-ны өдрүүдэд тээврийн зардалд тус бүр 100.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажлын хөлс 100.000 төгрөг бусдад өгсөн гэх боловч уг зардал гарсан эсэх, бусдад зардал, ажлын хөлсийг өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

/ХХ-ийн 6, 22-26, 118-120 дугаар тал/

 

Талууд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр акт үйлдэн нэхэмжлэгч Э ХХК-ийг салхивчийн системийн ажлыг гүйцэтгэгч чанарын сайн дүнтэй хийсэн гэж дүгнэсэн тул хариуцагч талын нотлох баримтаар ирүүлсэн хожим нөхөн үйлдсэн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Э ХХК салхивчны ажлыг дутуу хийсэн гэх баримтыг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй.

/ХХ-ийн 88 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.Этай тохирч дээврийн төмрийн болон цонхны усны хаялгын ажлыг нэмэлтээр хийн хөлсийг 2.000.000 төгрөгөөр тохирсон гэх боловч тэрээр үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй.

Захиалагч тал салхивч, дээвэр төмөр гэсэн агуулгатай мөнгө шилжүүлсэн нь дээврийн төмрийн ажил болон цонхны усны хаялгын ажлыг нэхэмжлэгч талыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Д.Ц******* нь 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Бичил глобус ХХК-иас 4.000.000 төгрөгийг зээлсэн гэх ба уг мөнгийг Г.Этай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажилд зарцуулсан нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Гэрч М.Э******* нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй учраас түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд гэрээ ёсоор орон сууцны барилгын агаар сэлгэлтийн системийн ажлыг 17.871.500 төгрөгийн хөлстэй хийлгэхээр тохирсон ба захиалагч Г.Э үүнээс 15.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэх төлбөрийг өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний 2.3-т Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 17.871.500 төгрөг. Ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр төлнө. Урьдчилгаа 10.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгчийн Хаан банк дахь ******* тоот данс руу шилжүүлэхээр тохиров

2.4-т Ажлын үр дүн бүрэн хүлээлгэж өгөх үед 7.871.500 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төлнө,

6.1-т Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нөгөө талдаа төлнө гэж заасны дагуу алданги нэхэмжилсэн ба ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйд талууд хэн аль буруутай гэж үзэхээр тул алдангийг хариуцагч Г.Эаас гаргуулах боломжгүй.

 

Иргэн Т.Д*******гийн захиалгатай Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан, дунд төвөгшилтэй ангиллын үйлчилгээтэй, 7 авто машины дулаан зогсоолтой, 26 айлын хүчин чадал бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга, байгууламжид Засгийн газрын 69, 172 дугаар тогтоол, шийдвэрээр байгуулагдсан 18 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтанд оруулах давтан комисс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1 хоногийн хугацаанд ажиллан 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2019/112 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтанд оруулахаар шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 86-87 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Г.Эаас 2.871.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.378.500 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн мөн өдөр нь нэхэмжлэгч талд, хариуцагч Г.Эд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тус тус тайлбарлаж өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан, талуудын эрхийг хангах үүднээс 6 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан зэргээс дүгнэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Г.Э-аас 2.871.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.378.500 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас 60.984 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН