Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2019/00685

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 06 өдөр              Дугаар 156/ШШ2019/00685                     Хэрлэн сум

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00585/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Батширээт сум, 2 дугаар багт оршин суух,  И. Н -ийн хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагч И.Н

прокурор Б.Бямбасүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг С.Б нь 1938 онд Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 02 дугаар сарын 07-ны 18 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч И.Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар И.Н нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 174/6141/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

С.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж цагаатгагдсан, түүнчлэн С.Б нь хилс хэрэгт хэлмэгдэхдээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй нь холбогдуулж төрөөс ар гэрт нь орон сууц олгож байгаагүй гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шүүх хуралдааны 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар магадлал,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/6758 тоот лавлагаа,

- Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 572 дугаар шийдвэр,

- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 31 тоот албан бичиг.

 

Хүсэлт гаргагч И.Н нь хэлмэгдэгч С.Б-ийн үрчилж авсан хүүхэд гэх үйл баримт дараах баримтуудаар тогтоогдсон:

- Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 671 дүгээр шийдвэр,

- Үндэсний төв архивын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03-8/2679, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03-5/5702 тоот лавлагаа,

- Гэрч Г.С, Я.Т, З.Ш нарын мэдүүлэг.    

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.2 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг, 23 дугаар зүйлийн 23.1 Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэсэн зохицуулалтын хүрээнд С.Балдан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин И.Н-д 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Батширээт сумын Төрийн сангаас гаргуулан  И.Н-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                        

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ