| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00440/И |
| Дугаар | 156/ШШ2019/00420 |
| Огноо | 2019-08-01 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 156/ШШ2019/00420
| 2019 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 156/ШШ2019/00420 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00440/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, Д.Д-ын хүсэлттэй,
Нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
прокурор Ц.Бямбадорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эцэг С.О нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгагдсан. Иймд нөхөн олговорын 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөн олговор болох 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Д.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Сэдэдийн Омбоожав /Умбажав/ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж, цагаатгагдсан, Д.Д нь С.О-ын төрсөн охин, мөн хэлмэгдүүлэлтийн улмаас С.О болон түүний гэр бүл нь гэр, орон сууцаа хураалгасан гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлал,
уг магадлалаар Хэнтий аймгийн Хэнтий сум, 48 настай, тайж С.О нь П.Г, Г.Д нарын хувьсгалын эсэргүү бүлэгт элсэн, бусдыг элсүүлж, бослогод бэлтгэн, цуурхсан гэмт хэрэгт холбогдож, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн болохыг дүгнэж,
УАБХЕГазар хэргийг шалгаад гэм бурууг нь нотлох баримтгүйг тодорхойлсон, элссэн гэх П.Г, Г.Д нарын эсэргүү байгууллага байгаагүй болох нь тодорхой болж хэрэг цагаатгагдсан тул С.О-г цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон.
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 05/5637 тоот ... С. О нь Хэнтий аймгийн Хэнтий сумын харьяат, 1938 оны байдлаар хөрөнгө: адуу 13, үхэр 19, хонь 17, ямаа 3, гэр 2, байшин 1. С.О-г 1938 онд улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгажээ ... гэх архивын лавлагаа,
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар шийдвэр,
уг шийдвэрээр С.О-ын төрсөн охин, хүү нь Д.Д, Д.Г нар мөн гэж үзэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан нөхөх олговор олгосон.
Нөхөн олговор авахтай холбоотой авагдсан баримт:
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот ... Д.Дулам нь орон сууцны дэмжлэг авч байгаагүй, үүнийг ЦАУЗБУК-оос баталгаажуулсан ... гэх албан бичиг,
- Зууны мэдээ сонины 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 127/6094/ дугаарт Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлахад жагсаалтын 20-т хэлмэгдэгч Сэдэдийн Омбоожав /Умбажав/-ын хүүхэд Д.Дулам, 80 000 000 төгрөгийн нөхөн олговор гэжээ.
Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр С.Омбоожавын ямар хөрөнгийг хураах ял ногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар магадлалд дэлгэрэнгүй тусгаагүй боловч тухайн жилд С.Омбоожав нь гэр, орон сууцтай байсан нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар тогтоогдсон, тухайн цаг үеийн нөхцөл байдал, төрийн эрх бүхий байгууллагаас явуулсан алдаатай бодлого, баримт бичгийн хадгалалт, бүрдүүлбэр, эрх зүйн хөгжил зэргийг харгалзан үзэхэд С.Омбоожавын гэр, орон сууцыг нэр зааж хураасан баримт одоо гарах боломжгүй юм. Нөгөө талдаа С.Омбоожавт ял ногдуулсан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолд бичигдсэн үйл баримт, ногдуулсан ялыг уг тогтоолыг хянасан БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалд тодорхой дүгнэсэн байгаа болно.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 24 дүгээр зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр зарлигаар батласан дүрэмд зааснаар үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 127/6094/ дугаарт хэлмэгдэгч С.Омбоожавын хүүхэд Д.Дулам нь 80 000 000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй гэж зарласан нь хэрэгт ач холбогдолтой, хууль, дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд зохих хяналтыг тавьж нөхөх олговорын хэмжээг зааж, энэ тухай нийтэд мэдэгдэж буй төрийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах үндэслэл байхгүй байна.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, 23 дугаар зүйлийн 23.1 Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэсэн зохицуулалтын хүрээнд С.Омбоожав нь өөрийн гэр, орон сууцтай байх үедээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгө хураалгах ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж орон сууц олгоогүй тул түүний охин Д.Дуламд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан нь улс үндэстний хэмжээнд учирсан эмгэнэлт үйл явдлыг бие махбод, сэтгэл санаагаараа бодитойгоор туулж өнгөрүүлсэн хэлмэгдэгсэд, уг нөхцөл байдлыг мөн адил мэдэрсэн хэлмэгдэгдсдийн үр хүүхдийг дэмжих, халамжлах, төрийн алдаатай бодлогын үр дагаварыг залруулахад чиглэсэн болохыг дурдвал зохино.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Д.Дуламын хамт С.Омбоожавын хэлмэгдсний нөхөх олговорыг Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр авч байсан Д.Гомбо нь 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нас барсан байгаа болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Биндэр сумын Төрийн сангаас гаргуулан Д.Д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ