| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00618/И |
| Дугаар | 156/ШШ2019/00686 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2019/00686
| 2019 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2019/00686 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00547/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... тоотод оршин суух, Б.Ц -ийн хүсэлттэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, хүсэлт гаргагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний төрсөн аав Ц. Г нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалаар цагаатгагдсан юм. Би эхээс хоёулаа ах Базаргарьд нь 1980 онд нас барсан. Одоо нөхөн олговрыг авах хүн надаас өөр байхгүй.
Тухайн үед баригдсан лам нарын хүүхдүүдийг заавал өөр нэрээр овоглодог байсан. Тийм учраас ээж маань ахынхаа нэрээр буюу Бүүвэйн Базаргарьд, Б.Ц гэж овоглосон байдаг. Осоржамаагийн Бүүвэй гэдэг нь манай ээжийн төрсөн ах юм. Ахаараа овоглосон талаар ээж маань сүүлд бидэнд хэлсэн. 1937 онд төрсөн Шагдарсүрэн гээд дүүг маань айлд өргүүлсэн байдаг.
Аавыг маань баригдаад явахад миний мэдэхээр хоёр гэр байсан. Нэг гэрт нь ээж маань ахтайгаа хамт байдаг. Нөгөө гэрт нь би ээжийнхээ ээжийн хамт амьдардаг байсан.
Би төрөөс орон сууцны дэмжлэг авч байгаагүй.
Зууны мэдээ сонинд... Ц.Г-ын нөхөх олговор авах хүмүүсийн нэрсийн жагсаалтад миний нэр бичигдсэн.
Иймд төрсөн хүү Ц надад 40.000.000 төгрөгийг олгуулж өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй... (хх-ийн 1, 17 тал)
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Б.Батбаатар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар Ц нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд мөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар орон сууц аваагүй бол төрсөн хүүхдэд нь нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг олгохоор заасан байдаг. Хүсэлт гаргагч Ц нь 2003 онд нөхөх олговрын 1 000 000 төгрөг авч байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг олгуулах саналтай байна... гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Б.Ц өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Ц.Г улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор, Шүүхийн цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хэргийг хянаад Монгол улсын дээд шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалаар (хх-ийн 6-8 тал) цагаатгагдсан Б.Ц нь Ц.Г-тэй төрөл садангийн холбоотой буюу төрсөн хүү нь болох нь Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаартай шийдвэрээр, (хх-ийн 11 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.
Ц.Г нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын Дээд шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй байна.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаартай шийдвэрийн хянавал хэсэгт...Ц.Г нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт 1938 онд баривчлагдаж 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, түүнд холбогдох хэргийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын архивын 10/1176 тоот лавлагаа, Улсын дээд шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлал зэрэг нотлох баримтуудаар, Б.Ц нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй... гэж дүгнэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Б.Ц-д 1.000.000 төгрөг гаргуулан олгож шийдвэрлэжээ... (хх-ийн 11 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах өөр этгээд үгүй байна. (хх-ийн 11 тал)
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь Хэнтий аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын:...улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Цэндийн Гэндэнжамцын нөхөн олговрын 1.000.000 төгрөгийг авч байсан ба улсаас орон сууц, гэр авч байгаагүй... гэсэн 51 тодорхойлолтоор тогтоогдож байна. (хх-ийн 19 тал)
Зууны мэдээ сонингийн хуулбарт:..Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 69 дүгээрт, ...хэлмэгдэгч Гэндэнжамцын Цэнд, хүүхэд Б.Ц-д 40.000.000 төгрөг... (хх-ийн 12 тал)
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б.Гэндэнжамцыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай магадлалд:...хавсралтын 194 дүгээрт... Цэндийн Гэндэнжамц... нарын 71 хүнийг 10 жил хорих ял, бусад 120 хүн буудан алах, бүгд хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн нь тогтоогдсон тул Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоос энэ магадлалын удиртгал хэсэгт нэрлэсэн 200 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна ... (хх-ийн 6-8 тал)
Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.2-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40.000.000 төгрөг... олгоно гэснээр Б.Цэрэндоржид 40.000.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, .... регистрийн дугаартай, Б.Ц-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ