| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/03672/И |
| Дугаар | 101/ШШ2019/02989 |
| Огноо | 2019-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2019/02989
2019 оны 11 сарын 04 өдөр Дугаар 101/ШШ2019/02989 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХХ, ХХХХ-ийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХХХХХХХХХ тоотод оршин суух,Г.Д-д /РД: ХХХХХ/ холбогдох
10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХХХ-ийн захирал М.Пүрэвдаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус төвийн эзэмшлийн вольсваген машинд 2004 онд суурилуулсан гэх 10.000.000 төгрөгийн үнэ бүхий зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибрилятор хүчилтөрөгчийн иж бүрдэл нь хаана байгаа нь тодорхойгүй, жил бүрийн санхүүгийн аудитаар авлагыг барагдуулах санхүүгийн зөрчилтэй гарч байна.
Уг тоног төхөөрөмжийн талаар тус төвийн хуучин захирлаар ажиллаж байсан Г.Ц*******аас 2010 онд байх асууж тодруулахад түүнийг ажлаа өгөх үед эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Д хариуцан авч үлдсэн гэсэн тайлбарыг өгсөн гэсэн.
Иймд уг төхөөрөмжийн үнийг тухайн үед эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Дг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан.
2014 онд тухайн үед жолооч байсан н.Б*******, Г.Д нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч н.Б*******ын оршин суух хаяг тодорхой бус учир хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр шийдвэрлээгүй.
Уг багаж хэрэгсэл байхгүй болсны улмаас орлогод авах боломжгүй, шалгалт болон аудитын дүгнэлтээр байгууллагад жил бүр өр болж гардаг тул зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибрилятор хүчилтөрөгчийн иж бүрдлийн үнэ 10.000.000 төгрөгийг Г.Дгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй ХХХХ-ийн нэхэмжлэлтэй Г.Дд холбогдох аудитын дүгнэлтээр тавигдсан авто машинд суурьлагдсан тоног төхөөрөмжийн үнэ 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Г.Д нь 1983 оноос 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ХХХХд эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил болон эд хөрөнгийн доголдол дутагдал огт гаргаж байгаагүй.
Энэ бүх нөхцөл байдал нь тухайн үед буюу ажлаас чөлөөлөгдөх үед зуруулж байсан тойрох хуудас болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбараар бүрэн нотлогдоно.
Түргэн тусламжийн төвөөс 2014 оны хавар Г.Д-д болон тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан жолооч н.Б******* нарыг хариуцагчаар татаж өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай адил нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан.
Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбараа хүргүүлсэн ба хамтран хариуцагч н.Б*******ын оршин суух хаяг тодорхой бус шалтгаанаар шүүх хэргийг шийдвэрлээгүй.
Уг хэрэг маргааныг тодруулан авч үзвэл 2006 онд Түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаанд санхүүгийн аудитын шалгалт орж уг зөрчлийг илрүүлсэн байдаг боловч уг төлбөрийг төлүүлэх талаар Г.Дг 2007 оны сүүлчээр ажлаа хүлээлгэн өгч байх үед нь огт хэлж байгаагүй ба уг төхөөрөмжийг түүнд хүлээлгэн өгсөн эсэх талаар баримт байдаггүй бөгөөд уг дутагдлыг Г.Д нь хариуцан арилгах үүргийг хүлээгээгүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна, мөн зүйлийн 75.2.4-т Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж заасан хугацаагаар тооцон үзэхэд тус хэрэг зөрчил дутагдлыг илрүүлсэн цаг хугацаа, тус зөрчлийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд хандаж байсан цаг хугацаанаас тооцон үзэхэд ч хөөн хэлэлцэх хугацаа бүхэлдээ дуусгавар болсон байна.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.41, 76 дугаар зүйлийн 76.12 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч Г.Д-д холбогдуулан зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибрилятор хүчилтөрөгчийн иж бүрдлийн үнэ 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
ХХХХ нь зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибрилятор хүчилтөрөгчийн иж бүрдэл 10.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд жил бүрийн санхүүгийн аудитын тайлангаар манай байгууллагын хувь хүмүүсээс авах авлагад тусгагдан өр болж гардаг хэмээн тус төвийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан болон 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг тус тус баримтаар ирүүлсэн байна.
/ХХ-ийн 3-16, 37-44 дүгээр тал/
Г.Д нь 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Түргэн тусламжийн төвийн аптекийн эрхлэгчээр ажиллан Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн захирлын 2008 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 42 тоот тушаалаар ажилтаны санаачилгаар 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эмийн санчийн ажлаасаа чөлөөлөгдсөн нь уг тушаалын хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 29-31 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибрилятор хүчилтөрөгчийн иж бүрдэл 10.000.000 төгрөгийн үнэ бүхий, мөн төхөөрөмжийг Г.Д-д хүлээлгэн өгсөн эсэх болон тэрээр дутагдлыг хариуцах арилгах үүрэгтэй талаархи баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.
ХХХХ-ийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлангийн 3.3.1-т Насжилт өндөртэй авлагыг тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, тайлант хугацаанд шүүхэд хандаагүй байна. Энэ нь санхүүгийн тайлангийн эрх ба үүрэг батламж мэдэгдэлтэй нийцэхгүйгээс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.26-д Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэсэн заалтыг зөрчсөн гэж заажээ.
Дээрхи тоног төхөөрөмж нь хэдий хугацаанаас хаана байгаа болох нь тодорхойгүй болсон талаар баримтгүйгээс гадна тухайн цаг хугацаанд ХХХХ-ийн захирлаар ажиллаж байсан иргэний тайлбарыг үндэслэн хариуцагч Г.Дгээс зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибрилятор хүчилтөрөгчийн иж бүрдлийн үнэ 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан буюу хариуцагч Г.Д нь байгууллагын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Г.Д-д холбогдох 10.000.000 төгрөг гаргуулах тухай ХХХХийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Д-д холбогдох 10.000.000 төгрөг гаргуулах тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН