| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00715/И |
| Дугаар | 156/ШШ2019/00696 |
| Огноо | 2019-12-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2019/00696
2019 оны 12 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2019/00696 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00715/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, ....... багт оршин суух, Ц.Д-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
прокурор Б.Бямбасүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь хэлмэгдэгч А.Л-ийн өргөж охин нь юм. Миний бие 1931 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд Х.Цэдэн, А.Ханджав нарын 3 дахь охин болж төрсөн. Би төрүүлсэн эх А.Ханджавын төрсөн дүү Арслангийн Лувсандоржийнд үрчлэгдсэн. Миний үрчилж авсан эцэг А.Лувсандоржийг минь 1938 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 1 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Ц.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 197(6164) дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 69 дүгээр шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар магадлалаар Ц.Д-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан А. Л-тэй садан төрлийн холбоотой буюу үрчилж авсан охин нь болохыг тогтоосон байна.
А.Л нь улс төрийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлснийг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлал, Улсын дээд шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05/2890 тоот лавлагаа зэргээр тогтоодож байна.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэлмэгдэгч А.Л-ийн охин Ц.Д-д 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Дадал сумын Төрийн сангаас гаргуулан Ц.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ