Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/422

 

     Д.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

            цагаатгагдсан этгээд Д.Б-ний өмгөөлөгч С.Нансалмаа,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

         Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ц.Ш, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох 2019 00168 0358 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Ж овгийн Д-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Д.Б нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх А0102 магистрал зам, Төмөр замын 33 дугаар зөрлөгийн орчим замд “Волво” загварын ..-.. УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.5-д заасан “1.29.а- 1.29.в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна. ... Нэг сумтай 1.29.а. 1.29.б тэмдгийг урт зайд үргэлжилсэн эргэлт дээр дөрвөөс цөөнгүй тоотойгоор цувруулан байрлуулна”, мөн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1 - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчин Ц.Ш-н жолоодон явсан “Тоёота приус” загварын, ..-.. ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ш-н эрүүл мэндэд хүнд, зорчигч Г.Ү-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Б-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Б-г цагаатгаж, цагаатгагдсан этгээд Д.Б хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 10.000.000 төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн 4.211.034 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

   Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн газрын үзлэгээр Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч нь урсгал сөрж Волво” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн мэт харагдаж байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад доорх нөхцөл байдал тогтоогдсон. Зам тээврийн осол нь “агшин зуур” болдог, тухайлбал 60 км/цагийн хурдтай тээврийн хэрэгсэл 1 секунтэд 10 метр зам туулдаг бөгөөд Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн 47.0 метр, Волво” загварын тээврийн хэрэгслийн 31.25 метрийн урт тоормосны мөрөөс харвал тухайн зам тээврийн осол нь 3-5 секунтэд болсон гэж үзэхээр байна. Ийм богино хугацаанд Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч тоормос гишгэж л амжихаас тээврийн хэрэгслийн залуураа удирдан жолоодох “ухамсарт” үйлдэл хийх ямар ч боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, жолооч өөрийн рефлексээрээ “аюулаас зайлах үйлдэл”-ийг хийдэг бөгөөд тухайн ослын ул мөрийг шинжлэн судлахад чанх өөдөөс нь ирж буй чиргүүл бүхий том оврын тээврийн хэрэгслийг хараад тоормосоо гишгэн өөрийн эгнээндээ чигээрээ явж байгаад “аюулаас зайлуулж дарсан” гэж үзэхээр байна. Волво” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын дугуйн тоормосны мөрний эхлэл нь Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн явж байсан буюу эсрэг эгнээнээс эхэлсэн, уг мөр зүүнээс баруун тийш тахир хэлбэртэй /1 хх 12-14 гэрэл зураг №8-14/, зам тээврийн ослын дараа тухайн тээврийн хэрэгслийн зогссон байрлал /1 хх 18, гэрэл зураг №42-43/ зэргээр уг тээврийн хэрэгслийн жолооч нь “гүйцэж түрүүлэх” үйлдэл хийхдээ өөрийн эгнээндээ чигээрээ явсан Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн жолоочид аюултай байдал бий болгон эсрэг урсгал сөрөн явж өөрийн урсгалдаа гүйцэд орж амжаагүй чиргүүлийн хойд хэсэг эсрэг урсгалд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ талаараа ч жолооч Д.Б нь анхан шатны шүүх хуралдаанд “...би урдаа 20-30 км/цагийн хурдтай явж байсан том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, би өөрийн эгнээндээ 80 хувь орсон байх тэр үед өөдөөс ирж явсан Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл намайг ирж мөргөсөн” гэсэн мэдүүлэг нь /шүүх хуралдааны бичлэг үзнэ үү/ хэргийн газрын үзлэгийн дээрх ул мөрүүдтэй тохирдог.

Түүнчлэн жолооч Д.Б нь том оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлага байхгүй, “С” ангиллын буюу “0” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй) тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаж эрхээ аваагүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ тухайн замын нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, тухайн зам дахь тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтлаагүй, өөрийн явж байгаа хурд, гүйцэгдэж байгаа автомашины хурд, өөдөөс ирж яваа автомашины хурд зэргийг буруу тооцсон зэрэг нөхцөлүүд дээрх зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан болсон гэж дүгнэж байна. Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсэн үйлдэл хэргийн шалтгаан нөхцөл бус хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд “нэгэнт учрах хохирол”-ыг ихэсгэх байдлаар нөлөөлөх боломжтой юм. Хэрэв Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч нь тормоз гишгээд чигээрээ явсаар байсан бол энэ зам тээврийн осол хэрэг гарах л байсан ба харин Волво” загварын тээврийн хэрэгслийн чиргүүлийн зүүн хойд хэсэг рүү мөргөх байдлаар осол гарснаар учрах хохирол ихсэх магадлал өндөр болох үндэслэлтэй.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Ш, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Д.Б нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Волво” загварын, ..-.. УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.5, 2 дугаар хавсралтын 1.3, 1.4, 3.7 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Ц.Ш-н биед хүнд, Г.Үүрийнцолмонгийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 02/0176, 02/0177 дугаарт дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 19 дугаарт дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторийн 3652 дугаарт дүгнэлт, мөрдөгчийн 148 дугаартай магадлагаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдон тогтоогддог. Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд магадлагаа гаргасан мөрдөгч О.Гарьд оролцож өөрийн магадлагааг шүүгчийн асуултад хангалттай, ойлгомжтой тайлбарласан ба тэрээр “... хохирогч Ц.Ш урсгал сөрөөгүй, Ц.Ш-н машины дугуйны мөр өөрийн эгнээнд явсаар эсрэг урсгал руу бага зэрэг даялж орсон мөр харагдаж байгаа. Үүнийг урсгал сөрсөн гэж үзэхгүй. Д.Б өөрийн эгнээндээ бүрэн ороогүй байсан. Чиргүүлийн зүүн хойд дугуйны мөр эсрэг урсгалд байсан. Урсгал сөрнө гэдэг бол санаатай үйлдэл. Ш-н хувьд тоормосны мөр эхэлж байгаагаас төгсөх хүртэл өөрийн эгнээнд байсан ...” гэж мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Дарханбаатар нь өөрийн гаргасан дүгнэлтэд хамааралгүй, тусгагдаагүй асуудлаар мэдүүлэхдээ “... миний гаргасан дүгнэлтэд хэн нь урсгал сөрсөн талаар байхгүй, бүдүүвч зургийг харахад Тоёота приус 20” загварын машин урсгал сөрсөн харагдаж байна ...” гэж мэдүүлсэн ба эдгээр дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг цагаатгах тогтоолд тодорхой зааж өгөөгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахиж хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Цагаатгагдсан этгээд Д.Б-ний өмгөөлөгч С.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Д.Б нь “Волво” загварын, ..-.. УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, гүйцэж түрүүлэх үйлдэл хийж дууссаны дараа “Тоёота приус” загварын, ..-.. ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Ш хурд хэтрүүлэн урсгал сөрж “Волво” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, осол гаргасан. Д.Б-ний жолоодож авсан тээврийн хэрэгсэл нь явж буй чиглэлийнхээ эгнээд явж байсан бөгөөд энэ эгнээндээ явж байгаад бусдын тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн болохыг хохирогч Ц.Ш-н “хурдаа бага багаар хасаад явж байхад өөдөөс гэрлээр дохиод байсан яах ийхийн завдалгүй зүүн тал руу очиж мөргөсөн” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч Энхзоригийн мэдүүлэг хэргийн газрын бүдүүвч зургаар тогтоогддог. “Тоёота приус” загварын, ..-.. ДГС дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж 83.7 км/цаг хурдтай явсан мөн зогсоох арга хэмжээ авч чадалгүй осол гаргаж мөргөсөн гэж үзэж байна. Жолоодож явсан машины хурдыг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “тоормосны мөр бүрэн зогсолтын мөр биш байх тул хөдөлгөөнд оролцох боломжит бага хурдаар тогтоолоо” гэсэн байна. Мөргөлдөх үедээ 83.7 км/цаг гэж байгаа нь энэ машиныг ямар хурдтай явж байсан болохыг гэрчилж байна. Прокурор 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 48 дугаартай мөрдөгчийн магадлагааг гол нотлох баримт болгосон. Мөрдөгчийн магадлагааг эргэлзээтэй гэж үзэж, дахин техникийн шинжээч томилуулах хүсэлтээ шат шатны байгууллагад гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ гэмт хэрэг нь Д.Б өөрийн эгнээндээ ямар нэг болгоомжгүй үйлдэл хийлгүйгээр явж байхад нь Ц.Ш ирж мөргөснөөр осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад Д.Б-нийгэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг тогтоож чадаагүйн улмаас мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг эргэлзээгүй нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Прокуророос Д.Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх А0102 магистрал зам, Төмөр замын 33 дугаар зөрлөгийн орчим замд “Волво” загварын ..-.. УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.5-д заасан “1.29.а- 1.29.в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна. ... Нэг сумтай 1.29.а. 1.29.б тэмдгийг урт зайд үргэлжилсэн эргэлт дээр дөрвөөс цөөнгүй тоотойгоор цувруулан байрлуулна”, мөн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1 - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчин Ц.Ш-н жолоодон явсан “Тоёота приус” загварын, ..-.. ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ш-н эрүүл мэндэд хүнд, зорчигч Г.Үүрийнцолмонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаардаг.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... “Тоёота приус 20” загваын ..-.. ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн дугуйнаас зам дээр үүссэн тоормосны мөрний уртаар хурдыг тогтооход 83.7 км/цаг хурдтай явж байсан байх боломжтой байна. ...” гэх 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3652 дугаартай дүгнэлт /1 хх 193-196/, мөрдөгчийн “... “Тоёота приус 20” загварын ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ш  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин  газрын гадна цагт 80 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” гэсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 148 дугаартай магадлагаа /1 хх 201-203/ зэргээс үзэхэд Ц.Ш-н хурд хэтрүүлсэн үйлдэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх, мөн дээрх шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа зэргээр чухам хэний үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан талаар эргэлзээгүйгээр нэг мөр дүгнэж чадаагүй байна.

Тиймээс дээрх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг хөдөлбөргүйгээр нотолж тогтоох нь зүйтэй.  

Иймд Д.Б-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” талаар прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ц.Ш, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-д холбогдох 2019 00168 0358 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

               ШҮҮГЧ                                                            М.АЛДАР