Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00806

 

 

 

“АҮ ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00711 дүгээр шийдвэртэй  “АҮ ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй М.С, С.О нарт холбогдох, 62 940 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б , Б.С , Б.У , хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , хариуцагч С.О-ийн өмгөөлөгч Ж.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: М.С нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны  өдөр байгуулсан 16/65 тоот зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар авсан. Хоршооны зүгээс гишүүндээ зээлээ төлж барагдуулах боломж олгосон боловч төлөлт хийгдээгүй. Үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 16 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 3 300 000 төгрөг нийт 49 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зээлийн хүүг 27 450 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 5 490 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 62 940 000 төгрөг гаргуулна. Хариуцагч нар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 8 тоотод хаягт байршилтай орон сууцны зориулалттай 19 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан бөгөөд уг барьцааны зүйл нь хоршооны гишүүн М.С, Т.Ц нарын өмчлөлтэй, өмчлөх эрхийн ГД:000108095, Ү-2204004971 улсын бүртгэлийн гэрчилгээтэй юм. Иймд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөгийг авах гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн үед урьд авсан зээлийн гэрээний барьцааг сунгаж байгаа мэтээр ойлгуулж, гарын үсэг зуруулж авсан бөгөөд уг 30 000 000 төгрөгийг хүлээн аваагүй. Мөн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн зээлийг огт төлөөгүй байхад надад нэг ч удаа энэ тухай мэдэгдэхгүй байж байгаад гэнэт шүүхэд хандсаныг нь ойлгохгүй байна. Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээл гэсэн утгаар 5024465850 данс руу 24 000 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч уг дансыг миний бие эзэмшдэггүй бөгөөд уг дансаар огт мөнгө хүлээн аваагүй. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 6 000 000 төгрөг зээл нэрээр бэлнээр хүлээн авсан зарлагын ордер байх боловч мөн  хүлээн аваагүй. н.Сайнбилэг гэх бичиг нь миний гарын үсэг биш. Гэнэт ийм их өрөнд орсондоо гайхаж байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарч өдий хүрсэн бөгөөд ийм их хэмжээний зээл авах санхүүгийн хүндрэл үүсэж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.С , түүний нөхөр н.Т , охин н.Ц  нарт тэдний хүсэлтээр удаа дараа мөнгө зээлүүлдэг байсан. Учир нь бид худ ураг болох гэж байсан. Миний хүү 2010 оны намар Т.Ц тэй танилцаж, улмаар Т.Ц тэй АНУ-д суралцахаар болж визний ярилцлагад хамтдаа бэлтгэсэн нь амжилттай болж, хоёу АНУ-д 2011 оны 9 дүгээр сараас эхлэн суралцах болж зайлшгүй хэрэгцээний зардал би төлж, суралцаж байх хугацаанд байнга тусламж үзүүлж байсан. Үүнийг ч М.С , н.Т  нар ч мэднэ. С.О би хувь бизнес эрхлэгч бөгөөд өөрийн компанийг хөл дээр босгох гэж 2007 оны 8-р сараас эхлэн хувь хүмүүсээс дунджаар 5 хувийн хүүтэй зээл авч, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэн ажиллаж байгаад зээлийн хүүг бууруулах явдлыг эрхэмлэн 2008 оны намраас эхлэн “АҮ ” ХЗХ-ноос 4,5 хувийн хүүтэй зээл авч эхэлсэн. Одоог хүртэл энэ хоршооноос зээл авч, үйлдвэрлэлийн санхүүгийн эх үүсвэрээ ханган ажилладаг. Зээлээ хугацаандаа хариуцлагатайгаар төлдөг байсныг минь хоршооноос урамшуулж, зээлийн хүүг шат дараалан бууруулсаар 2014 оноос хойш одоог хүртэл сарын 3 хувийн хүүтэй зээл олгодог болсон.

Т.Ц  2011 оны 7 дугаар сараас эхлэн надаас аав, ээждээ зээл авч өгөхийг хүсэж, улмаар аав н.Т ыг танилцуулан анх 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би н.Т , Т.Ц  хоёрын хүсэлтийн дагуу зээл, зээлийн хүүг тэд зөвшөөрснөөр “АҮ ” ХЗХ-ноос зээлсэн 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлээсээ 7 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс хойш надаар дамжуулж М.С , н.Т  нар нь хэд хэдэн удаа зээл авахуулж байсан. н.Т , М.С нараас зээлүүлсэн зээлээ хүүгийн нь хамт төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч бас л .... мөнгөний бололцоо муу байгаагаа учирлаад охинтойгоо ярилцлаа, чи манай байрыг барьцаанд тавиад зээл аваад хэрэглэж байгаач, авсан зээлээс бидэнд тооцохыгоо өөрсдөө төлнө” гэснээр анх 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тэдний байрыг “АҮ ” ХЗХ-ны зээлийн барьцаанд тавьж зээл авч байсан. Энэ зээлийг зээлийн хүүгийн хамт би бүрэн төлсөн. н.Т , М.С нар өөрсдийн зээлсэн мөнгө, түүнд хамаарагдах хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй. 2012 оноос хойш н.Т тай холбогдож чадахаа больсон. Тэдэнтэй тааралдах болгондоо зээлийн төлбөрөө нэхэж санхүүгийн байдал хүнд болоод байгаагаа тайлбарладаг болсон.

М.С-ийн гэр бүлийнхнээс төлөх зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан тул С ийн гэр бүлийнхэн зээлээ тэр үед төлж чадахгүй нөхцөл байдалтай байгаагаа хэлээд 2016 оны 5 дугаар сард миний бизнесээр зээл авахуулж надад төлөх зээлээ төлж барагдуулах, зээлийн барьцаанд 1 өрөө байраа тавих, зээл, зээлийн хүүгээ өөрсдөө төлж барагдуулах шийдвэр гаргаснаа надад мэдэгдсэнээр би ажлаа явуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс “АҮ ” ХЗХ-нд хүсэлт гаргасан. “АҮ ” ХЗХ нь байнгын орлоготой баталгаатай бизнестэй хүнд зээл олгодог учир би М.С-ийн зээлэнд хамтран зээлдэгчээр орсон.

“АҮ ” ХЗХ-ноос миний хүсэлтийн дагуу зээлийн судалгаа явуулж, барьцаа хөрөнгөний хамтран эзэмшигч Т.Ц ийн итгэмжлэл заавал хэрэгтэй гэснээр нь М.С т хэлэхэд охинтойгоо ярилцаж, н.Ц ийн итгэмжлэл ирснээр “АҮ ” ХЗХ-ноос 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөгийн зээлийг М.С т олгосон.

2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг батлуулахаар нотариат руу явж байхдаа М.С “анх 8 сая гаруй төгрөг зээлсэн биз дээ, одоо 10 саяыг өгчхөж болдоггүй юм уу” гээд мөн “нөхөр, охин 2 маань зээл, зээлийн хүүгээ төлнө” Би ч бас ажил хийж байгаа боломжоороо төлнө” гэж хэлж байсан. М.С-ийн нөхөр н.Т  бас сонгуулийн дараа” би нэг ажлын саналтай байгаа, тэр ажлыг хийгээд мөнгөтэй болох байх, тэгээд зээлээ төлнө” гэж байсан. Энэ 3 хүнд итгээд өөрийнхөө бизнесээр “АҮ ” ХЗХ-ноос зээл авсан тул энэ хүмүүс зээлийн төлбөрөө хийхгүй байхаар нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд би нийт 4 806 000 төгрөгийн хүүг төлсөн. Үүнээс хойш санхүүгийн боломжгүйгээсээ шалтгаалаад хүүг нь төлж чадахаа больсон. М.С т би зээлээ төлөх шаардлагатай байгааг удаа дараа сануулдаг байсан. 2017 оны 6 дугаар сард “АҮ ” ХЗХ-ноос зээлийн хүүгээ төлөхгүй байгаа учраас н.С-ийг  шүүхэд өгнө гэж надад мэдэгдсэн тул н.С , н.Т  нарт зээлээ төлөх хэрэгтэй талаар хэлсэн. “АҮ ” ХЗХ-ноос 2017 оны 12 дугаар сарын дундуур намайг дуудан уулзаж, манайх энэ зээлийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч байгаа тухайгаа хэлэхэд нь би н.Т , М.С хоёрт утсаар мэдэгдэхийг хоршооноос хүссэний дагуу хоршооны эдийн засагч н.Алтанчимэг энэ хоёртой утсаар ярьж мэдэгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр н.Т , н.С  2 надтай уулзаад н.Т  чи энэ зээлийг эхлээд төлчих, дараа нь бид чиний зээлийг төлнө гэсэн. М.С , н.Т  нар нь надаас зээлсэн мөнгөө төлөхийн тулд өөрсдийн байрыг барьцаанд тавих санал тавьж “АҮ ” ХЗХ-д хүсэлт гаргасны үндсэн дээр зээл олгогдсон. Гэвч М.С , н.Т  нар нь өөрсдөө зээлээ төлж барагдуулна гэж хэлж байсан атал одоо юу ч төлөхгүй гээд байгаад үнэхээр гайхаж байна. Энэхүү зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгчээр үүргийг нь хангуулах нь зүйтэй. Би өөрийн авах ёстой мөнгөө л энэ хүмүүсээс авсан болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.С, С.О нараас 57 168 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АҮ ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 772 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг М.С , Т.Ц  нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204004971 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны 8 тоот хаягт байршилтай 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэгч “АҮ ” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 895 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С, С.О нараас 443 790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АҮ ” ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г  давж заалдах гомдолдоо: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нь үндэслэлтэй боловч М.С, С.О нараас 57 168 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.  Учир нь М.С нь “АҮ ” ХЗХ-той 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 16/65 тоот зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг бэлнээр болон дансаар өөрөө авсан зүйл байхгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд М.С т зээлээс нэг ч төгрөг өгөөгүй гэдэгт тал /“АҮ ” ХЗХ, С.О /-ууд үүн дээр маргадаггүй.

 Өөрөөр хэлбэл, энэ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч “АҮ ” ХЗХ нөгөө талаас зээлдэгч

 М.С нар гэж зааснаас гадна уг зээлийн гэрээний 3.2-т /Зээлийг зөвхөн гэрээ байгуулсан Зээлдэгч /Иргэний үнэмлэх гадаад паспорттай/-д хүлээлгэн өгч баталгаажуулна/ гэж зааснаар зээлийн харилцаа үүсээгүй болохыг харуулна. Мөн “АҮ ” ХЗХ-нд С.О-ийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн өргөдөлд зээлийн бизнесийн зориулалтаар авсан бөгөөд зээлийг хүүгийн хамт төлөхөө илэрхийлсэн өргөдөл байдаг. Харин хууль, гэрээний заалтын агуулгаас үзвэл зээлийн гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг хүлээн авах эрхтэй цорын ганц субьект нь гагцхүү М.С байна. Гэвч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ зээлдэгчийг зөв тодорхойлоогүй.

Хариуцагч М.С зээлийн гэрээиий зүйл болох 30 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурсан С.О авч ашигласан тул би төлөх ёсгүй гэж маргасан бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хариуцагч С.О гарын үсэг зурж, түүнд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй гэж Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон. Гэвч хамтран зээлдэгч гэдэг субьект нь тухайн зээлийг авсаны дараа зээлийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хадгаламж, зээлийн хоршоонд үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой оролцогч болохоос зээлийг хүлээн авах эрхгүй байх бөгөөд энэ талаар С.О т ямар ч итгэмжлэл олгоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд ч заагаагүй болно. Иймээс энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй. М.С нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг өгөөгүй учир “АҮ ” ХЗХ-г шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн төлбөр төлөх талаар огт мэдээгүй байдаг. “АҮ ” ХЗХ-оос ч энэ талаар огт мэдэгдэж байгаагүй. Мөн М.С нь “АҮ ” ХЗХ-ны гишүүн биш бөгөөд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1.2-т зааснаар хориглосон үйл ажиллагаа явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг хэргээс М.С т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “АҮ ” ХЗХ нь хариуцагч М.С, С.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 940 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

“АҮ ” ХЗХ нь М.С, С.О нартай 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16/65 тоот зээлийн гэрээг байгуулж, 30 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлдсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 8 тоотод хаягт байршилтай орон сууцны зориулалттай 19 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг үйл  баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 13-17 дугаар тал/

“АҮ ” ХЗХ нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, М.С, С.О нар нь тухайн хоршооны гишүүнчлэлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, гишүүний анкет, Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн бүртгэлтэй холбоотой баримтууд зэргээр нотлогдсон байна./1хх-ийн 2, 5, 73, 226-231 дүгээр тал/

Зээлдэгч нь зээл олгохдоо Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, хуулийн энэхүү зохицуулалтаар хадгаламж, зээлийн хоршооны гишүүн нь хэд хэдэн нөхцөлийг хангасан байхаар заасан бөгөөд М.С нь Улаанбаатар хотод амьдардаг учир хуульд заасан “нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг” гэх нөхцөлийг хангасан болно. Эдгээрээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... М.С дээрх хуульд заасан аль ч нөхцөлийг хангадаггүй, хоршооны гишүүн биш ...” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээлийн гэрээнд үүрэг хүлээн М.С, С.О нар гарын үсэг зурсан учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч  гэж шүүх дүгнэсэн нь зөв болно.

Зээлдүүлэгч нь 30 000 000 төгрөгийг хамтран зээлдэгчид хүлээлгэн өгсөн, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн тухай М.С нь  маргаагүй, энэ талаар хэрэгт баримтгүй ба Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар  үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч М.С , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн мөнгийг хүлээн аваагүй учир төлөх үндэслэлгүй гэх тайлбар гомдол үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгчээс хүүгийн төлбөрт 4 806 000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй.

 Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 4.5 дахь зүйлийг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасны дагуу зээлийн гэрээний 4.9-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй. Шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57 168 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүх үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг зээлдэгч, хамтран зээлдэгч бүх этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь хууль зөрчихгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Талуудын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.С , Т.Ц  нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 8 тоотод хаягт байршилтай орон сууцны зориулалттай 19 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулсан байх боловч  тухайн зээлийн үүрэгт холбогдуулан зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                

                               ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Б.НАРМАНДАХ