Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/03031

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2019/03031 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХХХХ байранд байрлах, Н ХХК /РД: ХХХХХ/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХХХХХХ тоот хаягт байрлах, Х ХХК-д /РД: *******/ холбогдох

300,346,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржпалам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхтөгс оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Х ХХК-иас ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлтийг үндэслэн тус компанитай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2018/а/122 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан тус компанийг түлш шатахуунаар хангаж ирсэн.

Н ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 9 дүгээр сард 6.560.500 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 10 дугаар сард 34.558.800 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 11 дүгээр сард 64.828.840 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 12 дугаар сард 92.285.000 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 1 дүгээр сард 103.126.860 төгрөгийн дизелийн түлшийг тус тус зээлээр нийлүүлж нийт 301.360.000 төгрөгийн дизелийн түлш нийлүүлсэн.

Х ХХК зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөрт 2018 оны 10 дугаар сард 6.300.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 30.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 64.828.840 төгрөг, нийт 101.128.840 төгрөгийн төлбөрийг хугацаанд нь төлж 200.231.160 төгрөгийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн одоог хүртэл төлөөгүй байна.

Манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг шаардаж утас руу нь байнга залгаж уулзахыг оролдож байсан боловч Х ХХК-ийн захирал Ма Хондонг нь утсаа авдаггүй, олддоггүй байснаа 2019 оны 2 дугаар сард манай компанийн өмнөд бүс хариуцсан захирал П.Батсайхантай вичатаар холбогдож урдаас том машин оруулж ирж байгаа, Таван толгойн хөрс хуулалт хийгээд мөнгөө төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх талаар ямар нэг арга хэмжээ авахгүй, манай компанийг хохироож байна.

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2018/а/122 тоот гэрээний 2.3-т Худалдан авагч нь тухайн сард худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны дотор төлөх, 5.1-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги төлнө гэж заасан.

Х ХХК нь 2018 оны 12 дугаар сард зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөр 92.285.000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сард худалдан авсан дизелийн түлшний төлбөр 103.126.860 төгрөгийн төлбөрийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсан боловч хугацаандаа төлөлгүй нийт 152 хоног хугацаа хэтрүүлсэн ба нийт хэтрүүлсэн хугацаанд ногдох алдангийн хэмжээ үндсэн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байгаа тул үндсэн үнийн дүнгийн 50 хувь буюу 100.115.580 төгрөгийн алданги тооцон нэхэмжилж байна.

Иймд Х ХХК-иас зээлээр авсан шатахууны үндсэн төлбөр 200.231.160 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 100.115.580 төгрөг, нийт 300.346.740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ХХК нь Н ХХК-тай 2018 оны 5 дугаар сард шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд Х ХХК-ийн захирал Ма Хондонг гарын үсгээ зурсан гэхдээ гэрээний 1 хувийг нь өгөөгүй гэсэн тайлбарыг тус компанийн захирал Ма Хондонг надад хэлсэн.

Тухайн гэрээг байгуулахдаа Х ХХК-ийн захирал Ма Хондонг орчуулагчгүй очсон байдаг бөгөөд гэрээ байгуулахдаа алданги тохирсон, гэхдээ алдангийг 0.5 хувь гэж тохироогүй, 0.1 хувь, 0.2 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангиа тохироод гэрээнд тусгалаа шүү гэж хэлсэн, гэтэл 0.5 хувийн алдангийг нэхэж байгааг ойлгохгүй байна гэж Х ХХК-ийн захирал Ма Хондонг нь тайлбарлаж байсан.

Тус компанийн захирал Ма Хондонг нь Н ХХК-иас түлш авч өөрийн техНүүддээ тарааж өгдөг бөгөөд хамт ажиллаж байсан н.Хадбаатар гэж хүнээр дамжуулж төлбөр хийлгэж байсан гэдэг. Н ХХК-иас шатахуун авсан болон үндсэн төлбөрийн талаар маргаан байхгүй. Гагцхүү алдангийг 0.5 хувь гэж тохироогүй гэж тайлбарладаг гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300.346.740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 200.231.160 төгрөг, алданги 100.115.580 төгрөг/

 

Хариуцагч Х ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ма Хондонг нь нэхэмжлэгч Н ХХК-д Тус компани 2016 оноос ... одоог хүртэл тээвэрлэлтийн чиглэлээр тогтвортой ажиллаж байна. ... 2018 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Язгууртны говь ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа ба 1 сарын 180.000 тонн шатахуунаар хангаж гүн туслалцаа үзүүлнэ үү. Тухайн сард хэрэглэсэн шатахууны төлбөр тооцоог дараа сарын 10-ны дотор төлж барагдуулна гэх хүсэлт гаргасан гэжээ.

/ХХ-ийн 14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Х ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан худалдагч буюу Н ХХК нь худалдан авагч буюу Х ХХК-д чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр, худалдан авагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын сүүлийн өдрөөр нь тооцон тооцоо нийлэн дараа сарын 10-ны дотор төлөхөөр тохирсон талаар талууд тайлбарлаж байна.

/ХХ-ийн 7-13, 15-16 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу худалдагч Н ХХК нь худалдан авагч Х ХХК-д 2018 оны 9 дүгээр сард 6.560.500 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сард 34.558.800 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сард 64.828.840 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сард 92.285.000 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сард 103.126.860 төгрөгийн, нийт 301.360.000 төгрөгийн дизелийн түлш зээлээр нийлүүлсэн болон уг бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаараа хариуцагч Х ХХК маргахгүй байгаа болно.

Хариуцагч Х ХХК нь зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөрт 2018 оны 10 дугаар сард 6.300.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 30.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 64.828.840 төгрөг, нийт 101.128.840 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь мөн маргаагүй.

/ХХ-ийн 15-16 дугаар тал/

 

Хариуцагч буюу худалдан авагч Х ХХК-ийн захирал Ма Хондонг Н ХХК-иас бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч байсан талаараа болон гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар маргаагүй бөгөөд гагцхүү алдангийг 0.5 хувь бус 0.1 хувь, 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж байсан хэмээн маргаж байна.

 

Хариуцагч Х ХХК-ийн захирал нь БНХАУ-ын иргэн Ма Хондонг гэгч байх бөгөөд дээрх 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээнд талууд гарын үсэг зуран, байгууллагын тамгаа дарсан хэдий ч уг гэрээг худалдан авагч талын буюу Хятад хэлээр үйлдээгүй, Монгол хэлээр 3 хувь үйлдсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байх хэдий ч хариуцагч Х ХХК нь уг гэрээний дагуу бүтээгдэхүүн авсан тухайгаа мөн тодорхой хэмжээний төлбөр төлсөн, 200.231.160 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаараа хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан тул уг гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т Худалдан авагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 10-ны өдрийн дотор багтаан төлнө,

5 дугаар зүйлийн 5.1-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцно гэж заасны дагуу алдангийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч тал 2018 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад болон 2019 оны 1 сард тодорхой хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх боловч тухайн нийлүүлсэн өдөр тус бүрт хэдий хэмжээний түлш нийлүүлсэн талаарх баримтаа ирүүлээгүйгээс гадна гэрээг худалдан авагч талын буюу хятад хэл дээр үйлдээгүй нь мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимтай нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Х ХХК алдангийг 0.1, 0.2 хувиас хэтрүүлэхгүй гэрээнд тусгахаар тохирсон гэж тайлбарласныг үндэслэн алдангийг хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Х ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүрэг:

Үндсэн төлбөр 200.231.160 төгрөг*0.1 хувь=200.231 төгрөг /1 хоногт ногдох алданги/

Нэхэмжлэгч Н ХХК нь 152 хоногийн алданги нэхэмжилснийг хариуцагч Х ХХК эсэргүүцээгүй тул уг хоногоор алдангийг тооцох нь үндэслэлтэй.

200.231 төгрөг 152 хоног= 30.435.136 төгрөг /төлөх алданги/

200.231.160 төгрөг+30.435.136 төгрөг=230.666.296 төгрөг /Х ХХК-ийн төлөх үүрэг/.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 230.666.296 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 69.680.136 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 230.666.296 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 69.680.444 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.659.684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 1.311.281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН