| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00753/И |
| Дугаар | 156/ШШ2019/00718 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2019/00718
2019 оны 12 сарын 13 өдөр Дугаар 156/ШШ2019/00718 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00753/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, .... тоот хаягт оршин суух, Г.А-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Г.А,
прокурор Б.Бямбасүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Г нь 1933 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Шүүн таслах газрын 43 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлээр хорих ялаар шийтгэгдсэнийг БНМАУ-ын Дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар магадлалаар цагаатгагдсан. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул нөхөх олговор олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.А нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Г.А нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 222(6189) дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 650 дугаар шийдвэрээр Г.А-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Сүхийн Гэндэнсүрэнтэй садан төрлийн холбоотой буюу охин нь болохыг тогтоосон байна.
С.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Хэнтий аймгийн Шүүх таслах газрын 1933 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлээр 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлснийг цагаатгасан, түүнчлэн С.Г нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан төрөөс орон сууц олгож байгаагүй болох нь хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоол, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон цагаатгалын үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/267 тоот лавлагаа, Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 55 тоот албан бичиг зэргээр тогтоодож байна.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох үндэслэлгүй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөггэсэн зохицуулалтын хүрээнд С.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алах ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж орон сууц олгоогүй тул түүний охин Г.Аюушмаад 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 4 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Төрийн сангаас гаргуулан Г.А-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ