| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/291 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/291
2025 6 24 2025/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг хөтөлж,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Э.Уянга,
-хохирогч Х.С,
-хохирогч Л.С, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,
-иргэний нэхэмжлэгч Б.М,
-шинжээч Я.Соронзонболд /онлайн/,
-гэрч Х.Батболд /онлайн/,
-шүүгдэгч С.С түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Б.Золжаргал, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С овогт С-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434***** дугаартай 2 /хоёр/ хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С овгийн С-ийн С, регистрийн ИД:94092415 дугаартай, 1994 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар баг 22-31 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэв.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч С.С нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг "Хөх хошуу" гэх газарт Улаанбаатар-Дархан-Уул аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр Toyota Aqua маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж Э.М-ийн жолоодон явсан Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч Х.С, Л.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл рүү явж байсан. Машинууд зогссон байсан. Өөдөөс жижиг тэрэг сөрж байсан. Би араас нь дагаад орсон. Өөдөөс хар өнгийн машин ирж байсан. Эхнэр маань машин ирж байна шүү гэж хэлсэн. Хажуу тийш орчих байх гээд би гэрлээрээ дохиж сигналдсан гэсэн. Ойртоод ирэхээр нь зүүн тийшээ дарсан. Тэгээд мөргөлдсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 530.000 төгрөг төлсөн үлдэх хохирлыг төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.С мэдүүлэхдээ: “Ажил хийж чадахгүй хүнд байгаа. Толгой байнга өвддөг. Байнга эмчилгээ хийлгэж байгаа. 130.000 төгрөгийг миний данс руу хийгээгүй. Би 500.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхэд мөнгө байхгүй байна 400.000 төгрөг хийе гэсэн. Би 130.000 төгрөгийг аваагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.С мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.М мэдүүлэхдээ: “ хэргийн улмаас цаг хугацаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө маш их хохирсон. Эсрэг урсгалын хөдөлгөөн хэвийн байсан. Би Төв аймгийн Баянчандмань сумын төвөөс шулуун замаар зорчиж байсан. Миний өөдөөс нэг ч машин урсгал сөрөөгүй. Мөргөлдсөн хэсэг эргэлттэй байсан. Ослын дараа буугаад хүмүүсээ буулгаад С-ийг тээврийн хэрэгсэлд суулгаад Баянчандмань сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Миний тээврийн хэрэгсэлд 11.565.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардалд 1.032.000 төгрөг нийт 12.727.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Батболд мэдүүлэхдээ: “Улаанбаатар хотоос Дархан чиглэлд зам мөстсөн байсан. Машин хурдаа хасаад хэвийн явж байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Я.Соронзонболд мэдүүлэхдээ: “2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 52/107 24/393 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байна. мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Лувсандондогийн шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн шинжилгээ хийсэн байна. 167 хуудас баримт байна. Шинжээчээс 7 асуулт асуусан байна. 1.Тоёота Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн бэ? гэх асуултад “Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Э.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэж, 2.Тоёота Акуа маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн бэ гэх асуултад “Toyota Aqua маркийн **** улсын дугаартай автомашины жолооч С.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж, 3. Аль жолоочийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн бэ гэх асуултад “Toyota Aqua маркийн **** улсын дугаартай автомашины жолооч С.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэж 4.Тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн А цэг үндэслэлтэй эсэх гэх асуултад Хэргийн материалд авагдсан фото зургийн үзүүлэлт, бусад нотлох баримттай танилцахад тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн гэх А цэгийг үндэслэлтэй тодорхойлсон байна гэж, 5. Тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтлүүдээр хурдыг тогтоох боломжтой эсэх? Боломжтой бол тээврийн хэрэгслүүдийн тус бүрд нь хурдыг тогтоох гэх асуултад “Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна гэж, 6. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн эсэх? гэх асуултад “Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэж тус тус мэдүүлэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.С нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг "Хөх хошуу" гэх газарт Улаанбаатар-Дархан-Уул аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр Toyota Aqua маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж Э.М-ийн жолоодон явсан Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч Х.С, Л.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 3 тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 хавтаст хэргийн 5-6 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 хавтаст хэргийн 7 тал/
-Осол гарсан замын байдал /1 хавтаст хэргийн 8-р тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 9-20 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.С мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.С мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55-р тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Д мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61-р тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.М мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Э.М мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 тал/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48-р тал/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр авсан тусламж үйлчилгээний лавлагаа /хавтаст хэргийн 201-202-р тал/,
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт "...Л.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн Гуравдугаар зэрэглэлийг тогтоов..." гэсэн маягт /хавтаст хэргийн 111 тал/,
-Хөрөнгийн үнэлгээний "Гарьд грү" ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/219 дугаартай Toyota Prius-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 11,695,000 төгрөг болно..." гэсэн тайлан /хавтаст хэргийн 116-128 тал/,
-Хөрөнгийн үнэлгээний "Гарьд грү" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/220 дугаартай Toyota Aqua маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 8,670,000 төгрөг болно..." гэсэн тайлан /хавтаст хэргийн 141- 161 тал/,
-Авто техникийн шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 57/107 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 168-170 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С нь үйл баримт, гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй бөгөөд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хүлээсэн эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тодруулсан байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч С.С нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг "Хөх хошуу" гэх газарт Улаанбаатар-Дархан-Уул аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр Toyota Aqua маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж Э.М-ийн жолоодон явсан Toyota Prius маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч Х.С, Л.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 25 цагт дуудлага Цагдаагийн байгууллагад гаргаж, бие бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, улмаар хэргийн газрын үзлэгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 50 минутад явуулж, 13 цаг 50 минутад дуусгасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар зам тээврийн ослын улмаас С.С, Л.С, Х.С, Д.Д, Э.М, Т.Б, Б.А нарын биед гэмтэл учирсан эсэхийг болон тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилж, шинжээч Б.Баяртогтох нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 633 дугаартай дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 634 дугаартай шинжээч Л.Бямбатуяа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 624 дугаартай дүгнэлт, шинжээч И.Ганболор 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 601 дугаартай дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 600 дугаартай дүгнэлт, шинжээч Л.Бямбатуяа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 627 дугаартай дүгнэлт, шинжээч Л.Бямбатуяа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 628 дугаартай дүгнэлт, Б.Жаргалдэлгэр 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 6135 дугаартай дүгнэлт, “Гарьд Гүрү” ХХК-ийн хохирлын тайлангийн үнэлгээ, шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 52/107, 24/398 дугаартай дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.С нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг "Хөх хошуу" гэх газарт Улаанбаатар-Дархан-Уул аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр Toyota Aqua маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж Э.М-ийн жолоодон явсан Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч Х.С, Л.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь,
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчих гэмт хэргийн объектив талыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан “ Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарагдах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актийг буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулснаар тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч С.С-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчсөний улмаас зорчигч Х.С, Л.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Төв аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 634 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Соёл-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт,
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 624 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Сгийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт,
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 600 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.М-ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт тус тус хамаарч байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй боловч хохирогч Э.М нь өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо нэхэмжлэх эрхтэй байдаг.
Шүүгдэгч С.С-гийн эсрэг хөдөлгөөнтэй дөрөв түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орсон үйлдлийн улмаас хохирогч Л.С, Х.Сэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хоирогч Э.Мөнх-эрдэнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.С-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгалд орсны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүх шүүгдэгч С.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг дараах байдлаар шүүгдэгч С.С-гаас гаргуулахаар хянан шийдвэрлэлээ.
Үүнд,
Иргэний нэхэмжлэгч Э.М нийт 12,727,000 /арван хоёр сая долоон зуун хорин долоон мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гарсан байдаг бөгөөд түүний 70-68 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11.695.000 төгрөгийн хохирол учирсан нь “Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/хавтаст хэргийн 117 тал/ мөн эмчилгээний зардалд 1.032.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байх тул шүүгдэгч С.С-гаас 12,727,000 /арван хоёр сая долоон зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.Мд олгож,
Л.С сэтгэцэт учирсан хохирол болон эмчилгээ хийлгэсэн зардалд/ ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.1318.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх түүний эмчилгээний зардалд нотлох баримтын шаардлага хангасан 1.602.318 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.С нь 400.000 төгрөг төлснийг хасч үлдэх 1.202.318 /нэг сая хоёр зуун хоёр мянга гурван зуун арван найман мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Л.Сд олгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч Л.Соёл-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэцэд учирсан хохирол гаргуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь,
Эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг хэрэг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдаж,
мөн хохирогч Х.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хохирогч Х.С нь 216.380 төгрөг, Л.С нь 209.200 төгрөгийн эмчилгээ тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хийлгэсэн байх тул шүүгдэгч С.С-гаас нийт 425,580 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас Э.Уянгаас:
“Шүүхээс шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.С нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж Э.М-ийн жолоодон явсан Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч Х.С, Л.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэргийн шинж чанар, сэдэлт санаа зорилго, учруулсан хохирлын хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан дараах саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хохирол төлбөрийг тухай бүрд нь төлөх арга хэмжээ аваагүй болох нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумаар тогтоох саналтай байна. Ял биелэгдэх шинжтэй байх ёстой. Шүүгдэгч С.С нь энэ гэмт хэргийн улмаас мөн хөдөлмөрийн чадвараа 60% алдсан. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж 580.000-600.000 төгрөг байдаг. Энэ мөнгө нь өөрийнх нь эрүүл мэндийн үйлчилгээ болон хувийн зардалд зарцуулагдах байх. Шүүгдэгчийн хувьд 2024 оны 10 дугаар сараас эхлэн 2025 оны 6 дугаар сар хүртэл хохирлыг төлөх арга хэмжээ аваагүй байна. Торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч С.С-гийн хувьд хөдөлмөрийн чадвараа 60% алдсан тул биелүүлэх боломжгүй. Харин зорчих эрх хязгаарлах ял оногдуулснаар эрүүл мэндийн байдал сайжрах, орон нутагт тодорхой хэмжээний хөдөлмөр эрхэлж хохирогч нарт хохирол төлбөр төлөх боломжтой гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золжаргал: “Шүүхээс шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирогч Л.Сд 400.000 төгрөг өгсөн байна. 130.000 төгрөг өгсөн боловч аваагүй гэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Гэм буруутай үйлдлээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгчийн хүсэлт гомдлыг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Үйлдэлдээ маргаагүй. Хохирол төлөх тал дээр боломжоороо 400.000 төгрөг өгсөн. Буруутай үйлдлээс болж өөрөө гэмтсэн. 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлах үндэслэл болж байна. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гурвалсан шатны эмнэлэг байхгүй. Тэгэхээр шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал яах вэ, мөн хохирогчид 1.618.000 төгрөг төлнө. Сэлэнгэ аймагт ажил олдохгүй. Гэхдээ ах дүү нартайгаа нийлээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө төлөх боломжтой. Миний зүгээс шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргаж байна. Нэмэгдэл ялыг шүүх өөрийн эрхийн хүрээнд шийднэ үү” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан: “Б.Золжаргал өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргасан зүйл байхгүй. Миний хувьд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын актад заалтууд нь дутуу тавигдсан байна. Үүнийг нэмж өгнө үү. Мөн зам засварын ажил , Улаанбаатар Дархан чиглэлийн зам нь халтиргаа гулгаатай байсан бол зам хэвийн явагдах боломжийг яагаад хангаагүй вэ, иргэний хариуцагчаар замын байгууламжийг яагаад татаагүй вэ, татсан бол хохирол төлбөр төлөх байсан. Зам тээврийн ослын улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Зорчих эрх хязгаарлах ял нь тэр хугацаагаар хорих ял болдог хүнд ял. Зорчих эрх хязгаарлах нь тухайн орон нутгаас 3 гарахад шууд хорих ялаар солигддог. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа 60% алдсан хүнд оногдуулж болохгүй гэх хуулийн заалт байхгүй. Миний зүгээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна” гэсэн саналыг тус тус шүүхэд гаргаж,
Хохирогч Х.С: “Хэлэх зүйлгүй” гэсэн,
Хохирогч Л.С: “Гомдолтой байна” гэсэн,
Иргэний нэхэмжлэгч: “Хэлэх зүйл байхгүй” гэсэн санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.
Шүүгдэгч С.С: “Гэм буруугаа ойлгож байна. Мөнх-Эрдэнэ, Соёл-Эрдэнэ нарын хохирлыг барагдуулна. Зорчих эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хязгаарлана гэхээр хүнд байна. Би сар бүр Улаанбаатар хот руу явж үзүүлдэг. Сэлэнгэ аймгийн эмнэлэгт сар бүр үзүүлдэг” гэх эцсийн үгийг шүүхэд хэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 194 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 196 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 197 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 198 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл, ангиллын лавлагаа /1 хавтаст хэргийн 199 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхээс шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /өөрөө уг гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,
мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэлээ.
Уг ялыг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-гийн цалин, орлогын байдлыг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2434***** дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.С энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая намайн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая намайн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч С.Сд шүүхээс оногдуулсан торгох ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн 2.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-гаас 12.727.000 /арван хоёр сая долоон зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Мд,
-1.202.318 /нэг сая хоёр зуун хоёр мянга гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Сд тус тус олгосугай.
8.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-гаас 425.580 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Х.С нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Л.С ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн 2434***** дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.С энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ