| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0160/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/297 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Халиун |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/297
2025 6 27 2025/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Халиун,
-хохирогч Р.Э түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,
-шүүгдэгч Ч.У түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ч-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2534**** дугаартай 1 /нэг/ хавтас хэргийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний **** дугаар нэгдэлд гардан тулааны сургагч багш ажилтай, энхийн төлөө шагналтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн *** сумын ***дугаар **** тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***** регистрийн дугаартай, Б овгийн Ч-ын У гэв.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Ч.У нь "Төв аймгийн *** сумын *** дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг **** нэртэй баарны орчимд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Р.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд уруулд салстын өнгөц язарсан шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ч.У: “Намайг цохиогүй, согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн гээд байна. Цохисон, цохиогүйгээ мэдэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Намайг нэг цохисон бол зүгээр, 2 цохисон болохоор нь би зөрүүлээд мөргөсөн. Одоо намайг яллагдагч болгосон. Би мурий хамартай үлдэж байх шиг байна. Гэхдээ би Р.Эт хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлнө. ” гэв.
Хохирогч Р.Э: “Хажууд нь байсан хүнд жагсаалын хувцастай явж болохгүй гээд шаардлага тавьсан байхад хажуугаар орж намайг зодсон. Би цагдаад гомдол гаргахгүй хэд хоног харсан. Ирээгүй. Би гомдолтой байгаа. Яаж ийм зан ааштай хүн багшлах вэ, ингэж болохгүй. Нэмээд худал хэлдэг. Аливаад цензуртэй байх хэрэгтэй. Эмчилгээний зардалд 280.000 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ.” гэв.
Шүүх Эрүүгийн 2534**** хэрэгт авагдсан нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,
Шүүгдэгч Ч.У нь Төв аймгийн **** сумын *** дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг **** нэртэй баарны орчимд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Р.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд уруулд салстын өнгөц язарсан шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
-гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгуулах тухай Р.Эын прокурорын газарт гаргасан өргөдөл, өргөдлийг Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баянмөнхөд шилжүүлсэн албан бичиг /1 хавтаст хэргийн 2 хуудас/,
Хохирогч Р.Эын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133, 2-р хх-ийн 4-6 хуудас/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Эын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 хуудас/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ч мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 хуудас/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.П мэдүүлэг /хавтаст хэргийн 116 хуудас/,
-мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Р мэдүүлэг /хавтаст хэргийн 159 хуудас/,
-"Smile stars" эмнэлгийн эмч Б.Одмаагийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 183, 156 хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153 хуудас/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 363 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 166-169 хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон ***** /регистрийн дугаар/ Р овогтой Э-ын сэтгэцэд учирсан хор уршгийн Хоёрдугаар /үсгээр/ зэрэглэлийг тогтоов..." гэх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 34 хуудас/,
-Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч гэрч У.Нармандах мэдүүлэг /хавтаст хэргийн 161 хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч И.Ганболор өөрийн гаргасан гаргасан шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлэг /хавтаст хэргийн 187 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талуудаас санал хүсэлт гаргаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч Ч.У нь "Төв аймгийн **** сумын *** багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй баарны орчимд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Р.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд уруулд салстын өнгөц язарсан шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ч.Угийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.У нь хохирогч Р.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ч.Угийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.У нь хохирогч Р.Эыг цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн дээд 1-р /21/ шүдний сулрал, уруулын дотор салст язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол” хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.
Шүүгдэгч Ч.Угийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Р.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн идэвхтэй үйлдлээр хохирогч Р.Эын биед халдаж хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Ч.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.У нь хохирогч Р.Эыг өөртөө гэмтэл учруулсан гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн өдөр шүүгдэгч Ч.Угийн эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэх талаар нотлох баримт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд хэрэг учрал гарснаас хойш 2 сар гарангийн дараа өөрөө Судан улс руу явах зорилгоор эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт үзүүлж 11 сард цөсний хагалгаанд орж, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 19 дугаартай дүгнэлтэд “Ч.Угийн биед зүүн нүдний дотор ухархайн дотор хана цөмөрсөн хуучин, хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт” гэх гэмтэл тогтоогдсон боловч уг гэмтлийг 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Р.Эт зодуулж гэмтэл авсан гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Халиунаас:
“Шүүхээс шүүгдэгч Ч.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч Ч.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол гартал хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна. Битүүмжлэгдсэн хөрөнгө орлого, эд зүйл байхгүй. Эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатараас:
“Шүүхээс шүүгдэгч Ч.Уг гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй” гэсэн саналыг,
Хохирогч Р.Эаас:
“Би Анхнаасаа мөнгө гэж нэхээгүй. Гол нь зүгээр байсан хүн цохисон, мөн шүүх хуралд 2 удаа согтуу ирж байсан. Ийм хүн цэргийн байгууллагад ажиллаж байгаа харамсалтай, гомдолтой байна” гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ч.Угийн өмгөөлөгч Б.Жигмэддоржоос:
“Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа үнэн зөв мэдүүлж байсан. Мөрдөн байцаалтын явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байсан. Мөн түүний хувийн байдлын хувьд 2 бага насны хүүхэдтэй, зэвсэгт хүчинд ажилладаг. Монгол улсаа төлөөлөн Судан улс руу үүрэг гүйцэтгэхээр 1 жил явахаар бэлтгэгдэж байгаа. Мөн улсын төрийн наадамд оролцохоор бэлтгэл хийж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх санал хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүгдэгч Ч.У: “Би Судан улс руу үүрэг гүйцэтгэх гэж байгаа. Өдөр бүр бэлтгэлтэй байгаа. Ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.
Шүүх шүүгдэгч Ч.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч Ч.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.
Шүүгдэгч Ч.У нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Угийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Эын биед “уруулд салстын өнгөц язарсан шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Р.Э нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 280.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байх тул шүүгдэгч Ч.Угээс 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Эт олгож шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Эын сэтгэцэт учирсан хор уршиг буюу Хүний сэтгэцэт учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, “сэтгэцийн хор уршгийн 2 дугаар зэрэглэл”-д хамааруулахаар тогтоосон боловч хохирогч Р.Э нь “зүүн дээд 1-р /21/ шүдний сулрал, уруулын дотор салст язарсан шарх” бүхий Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол” учирсны улмаас мэдэрч буй өвдөлт, зовиур шаналал, гэмт хэргйин улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Р.Эын “сэтгэцэт учирсан хор уршигийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.Э тухайн үед гарсан эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл болон сэтгэцэт учирсан хор уршигийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч Р.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас 43.182 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан баримт /хавтаст хэргийн 123 тал/-д авагдсан боловч иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын санг тогтоогоогүй, мөн хохирогч Р.Э нь хэрэгт хамааралгүй талаар мэдүүлсэн тул шүүх хэлэлцээгүй болно.
Эрүүгийн 2534**** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ч.Уд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Угээс эмчилгээний зардалд 280.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Эт олгож, хохирогч Р.Э тухайн үед гарсан эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл болон сэтгэцэт учирсан хор уршигийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн 2534**** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2534**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Шүүхийн шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ