| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/314 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/314
2025 07 04 2025/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Уянга,
Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ад холбогдох ************* дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.А нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн:
Шүүгдэгч Н.А нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0.32 хувийн согтолттойгоор ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:
-“Шүүгдэгч Н.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
-гэрч Т.Ч-ийн: "...2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед А хүүхдийн үсний найранд очсон. Тухайн өдөр Н.А хүүхдийнхээ сэвлэгийг үргээж байсан. Тухайн үед хүн хүч хүрэлцэхгүй байна гээд би очиж тусалж өгсөн. Тэгээд найранд ирсэн хүмүүс 19 цагийн үед буцаж явцгаасан. Тухайн найр нь усны аж ахуйд байдаг хот тохижуулахын хүлээн авах танхимд болсон. Тэгээд тухайн үйл ажиллагаа дуусаад 23 цагийн үед 3 дугаар баг Баян хошуу руу Н.А гэрт очихоор явсан. Тухайн үед Н.А гэрт очиход Н.А төрсөн ах Б гэрийн гадаа машинд найзуудтайгаа архи ууж байсан. Тэгээд Н.А, түүний эхнэр Мөнхжин, хүүхэд нар нь гэртээ ороод унтахаар явсан. Тэгээд ах нар нь намайг 1-2 пиво цуг ууя гээд хамт пиво уусан. Тэгээд 01 цагийн үед Н.А гэрт амрах гээд ортол Б ах эхнэртэйгээ муудалцаад эхнэр нь хүүхдээ аваад машинаа унаад зугтаасан. Тэгээд араас нь Б ах машин барина гээд байхаар нь Н.Аэр бариулаад эхнэрийнх нь араас явсан. Тэгээд Баянхошууны хойд уулан дээр гараад зогстол араас цагдаа нар машинтай ирээд Амин-Эрдэнийг үлээлгэсэн. Н.А машинтайгаа цагдаагийн газар руу явсан. Н.А нь тухайн үед гэртээ очоод бол уугаагүй, хүүхдийн үсний найран дээр 2 удаа жижиг аягаар өгсөн архийг уусан. Би тухайн үед хамт байсан. Н.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан..." гэх мэдүүлэг /хх-8-9/,
-Н.Н.А сэжигтнээр өгсөн “…2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай хүүхдийн үсний найр болсон юм. Тухайн үед хүүхдийн үсний найраа хот тохижуулахын хүлээх авах өрөөнд хийсэн. Тухайн үед хүмүүс 10 цаг 30 минутын үед ирээд өдөр үйл ажиллагаа болж байгаад хамгийн сүүлийн хүмүүс 22 цаг 40 минутын үед гарч дууссан. Тэгээд манай аавын төрсөн дүү ирээд манай хадам аав намайг ахад архи татуулчих гээд би хийж өгсөн. Тэгтэл аавын дүү Д ах надад архи хийж өгөөд би нэг аяганы тал архи уусан. Тэгээд хүмүүс гараад би гэртээ харьсан. Тэгээд эхнэртэйгээ гэртээ очоод унтаж байтал гадаа хүмүүс маргалдаад байсан. Тэгтэл машин хөдлөөд юм мөргөчих шиг болсон тэгэхээр нь гараад хартал ахын эхнэр хүүхдийн мотоцикл ахын машинаар мөргөсөн байсан. Тэгээд ахын эхнэр машинтай хашаанаас гараад яваад өгсөн. Тэгээд ах араас нь явъя гээд би өөрийнхөө машинтай араас нь явсан. Тэгээд Баянхошууны уул хүртэл эгч Н-дагаад Баянхошууны уулан дээр зогсохоор нь машинаа тавиад зогстол цагдаагийн машин хүрээд ирсэн. Тэгээд намайг драгер үлээлгээд 0,32 хувийн согтолттой гарсан. Тухайн үед би жолоо барьж явсан. Би өөрийнхөө ....... улсын дугаартай ......... машинтай явж байсан. Тухайн үед миний үнэмлэх хүчингүй байсан ба би 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар жолоо бариад эрхээ хасуулсан байсан. Би өөрийн гэм буруугаа ойлгосон ...." гэх мэдүүлэг /хх-12-13/,
-Н.А яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-30/,
-2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн "Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл"-д Н.А нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01 цаг 51 минутад Alcotest-7510 багаж ашиглан шалгахад 0,32 тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-4/,
-Стандарт хэмжилзүйн газрын физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ ФХ002289 дугаартай гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5/,
-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 456 дугаартай .... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн..." шүүхийн шийтгэвэр /хх-15-18/,
-Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд "...Н.А нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан..." гэх лавлагаа /хх-19/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбар буюу хууль тогтоогчийн “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Н.А “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг “Alcotest-6820 гэх багаж ашиглан шалгахад 0.32 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, түүний амьсгал дахь спиртийн агууламжийг драгер багажаар үлээлгэж гэрэл зургаар бэхжүүлсэн байна.
Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу “Alcotest-6820” гэх согтуурал шалгах багажийг баталгаажуулсан байх тул согтуурсан эсэхийг шалган тогтоох ажиллагааны үр дүнд шүүгдэгч Н.Амин-Эрдэнийг “согтуурсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж байна. /хх-4-5/
Шүүгдэгч Н.А нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/456 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нэг жилийн хугацаа дуусаагүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбар, согтуурлыг хэмжсэн үзүүлэлт, бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-15-18/
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Н.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргасан, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөргүй, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Н.А нь илэрхийлсэн.
Иймд шүүгдэгч Н.А Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/456 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа буюу 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 0.32 хувийн согтолттойгоор ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянга: “...шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.
Хэрэгт түүний хувийн байдлыг нотлох иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32-36/ зэрэг авагджээ.
Шүүгдэгч Н.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул торгох ялыг биелүүлэх хугацааг хоёр жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,
шүүгдэгч Н.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж,
шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
********** дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган /3,000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая /3,000,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Н.А тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Н.Ад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН