Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/01829

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/01829

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГБ ХХК /Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зээлийн батлан даалтын сан /Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд центр 0 блок 0 давхарт байрлах, РД:000/-д холбогдох,

Батлан даалтын гэрээний үүрэгт 110.719.942,16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ГК нь ГТ ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ1805037878 тоот Зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр нийт 200,000,000 төгрөгийн зээл олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Б.Н-тай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗБ1805037878 тоот Ипотекийн гэрээ, хариуцагч Зээлийн батлан даалтын сантай БДГ0000 тоот Батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулсан болно.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк нь болзошгүй эрсдэлээс сэргийлж барьцаа хөрөнгө, батлан даалтаар хангасан тохиолдолд зээл олгодог. Зээлийн батлан даалтын сангийн зорилго барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зээлдэгчид барьцааны үнэлгээ нь хүрэлцэхгүй зээлийн дүнг батлан даалтаар хангах юм. Уг зорилго зориулалтаар ЗБ000 тоот 200 сая төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийн зээлдэгчийн холбоотой тал болох Б.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаар бүхий орон сууцыг ЗБ000 тоог Ипотекийн гэрээгээр барьцаалж, үлдэгдэл 119.500.000 төгрөг буюу зээлийн 59.75 хувийг Зээлийг батлан даалтын сангаас батлан даалт гаргаснаар уг зээлийг олгосон.

Зээлдэгч зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй гэрээг зөрчсөн тул ГК 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандаж, зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 198.810.995.81 төгрөг, хүүгийн төлбөрт 6.776.864.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 196.539.73 төгрөг, нийт 205.784.360.28 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Зээлдэгч тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны одор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар 102/ШШ000/000 захирамжаар батлагдсан.

БДГ0000 тоот Батлан даалтын гэрээний 1.3-т Батлан даагч нь энэхүү гэрээгээр Зээлдүүлэгчийн өмнө хариуцлага хүлээнэ, 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийг 59.75 хувь байна., 1,6-т Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан.

Зээлдэгчийн зээлийн гэрээний зөрчлийн талаар Батлан даагчид мэдэгдэж байсан бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш ГК нь өөрийн журам, зааврын дагуу холбогдох бүх арга хэмжээг хангалттай авсан болно. Зээлийн батлан даалтын сангаас ГК батлан даалтын гэрээний үүргээ гүйцэтгэхийг 2016 оны 04 дүгээр сарын 28-нд №07/914 тоот Батлан даалт гаргуулах тухай, 2016 оны 06 дугаар сарын 06-нд №08/45 Нэмэлт материал хүргүүлэх тухай албан бичгээр болон уулзаж удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй өдийг хүрч Батлан даалтын гэрээний үүргээ зөрчиж байна.

Зээлдэгч ГТ ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 205.784.360,28 төгрөг, үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 198.810.995,81 төгрөгийн өр төлбөртэй болохыг шүүх шийдвэрлэсэн.

Батлан даалтын гэрээний 1.4-т заасны дагуу Батлан даалтын сангийн хариуцах үүргийн хэмжээ үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 59.75% буюу 118.789.546,10 төгрөг болно.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш энэхүү нэхэмжлэлийг гаргах хүртэл хугацаанд Зээлдэгч ГТ ХХК нь зээлийн төлбөрт 20.064.418,12 төгрөг (2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 4 удаа) төлсөн ба барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулагч 75,000,000 төгрөгийн зээлийн өрөнд тооцон ГК-нд шилжүүлж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 110.719.942,16 төгрөг байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 460 дугаар зүйлийн 460.2-т: Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй мөн 460 дугаар зүйлийн 460.4-т: Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заажээ.

Иймд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4, талуудын хооронд байгуулагдсан БГ000 тоот батлан даалтын гэрээнд заасныг үндэслэн Зээлийн батлан даалтын сан-аас 110.719.942,16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ГК-аас Зээлийн батлан даалтын сан-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тус сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах-д дэмжлэг үзүүлэг зорилго бүхий төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж буй ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч ГТ ХХК-ийн зээл авахад нь дэмжлэг үзүүлж 200.000.000 төгрөгийн зээлийн 59.75 хувьд батлан даалт гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр БДГ000 тоот батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан.

Зээлийн дансны хуулгаас харахад үлдэгдэл нь 110.719.942,16 төгрөг байна.

Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 1.4-д батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 59.75 хувь байна гэж заасан.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх дараалалаас үзэхэд шүүхийн шийдвэр гарснаас хойш ГТ ХХК-иас төлсөн 95.064.418,12 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасах ёстой гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 198.810.995,81 төгрөг байх бөгөөд үүнээс ГТ ХХК-ийн төлсөн 95.064.418,12 төгрөгийг хасч тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 103.746.577 төгрөг, үүний 59.75 хувь болох 61.988.579 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг огт төлөхгүй гэж маргаагүй, зөвхөн гэрээнд заасны дагуу шүүхийн шийдвэрээр тогтоосон үндсэн зээлийн үлдэгдлийн 59.75 хувийг зөвшөөрч байгаа болно.

Иймд нэхэмжлэгч ГБ ХХК-иас нэхэмжилсэн 110.719.942,16 төгрөгийн шаардлагаас 61.988.579 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК-ийн захирал Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б овогтой Б миний бие ГБ ХХК, Зээлийн батлан даалтын сан-тай гурвалсан гэрээтэй 200.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн болно.

Зээлийн хугацаа дуусаж, зохих журам шийдвэрийн дагуу 3 өрөө байрыг болон бэлнээр тодорхой төлөлт хийж ирсэн болно.

Цаашид ГК, Зээлийн батлан даалтын сангийн аль газартай хамтарч энэ төлбөрийг барагдуулж ажиллана.

Иймд миний бие 2018 оны 05 дугаар сарын 24-нд болох шүүх хуралд оролцож амжихгүй тул хүсэлтийг хүлээн авна гэдэгт найдаж байна гэжээ.

 

/хх-ийн 111 дүгээр тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Зээлийн батлан даалтын сан-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 110.719.942.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

ГК ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК-ийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 200.000.000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалт зориулалттай №ЗГ000 тоот зээлийн гэрээ,

Уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож ГБ ХХК, Б.Н нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №ЗБ000 тоот ипотекийн гэрээгээр Б.Н-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ,

Мөн өдөр ГБ ХХК /зээлдүүлэгч/, ГТ ХХК /зээлдэгч/, Зээлийн батлан даалтын сан/батлан даагч/-ийн хооронд батлан даалтын гэрээ тус тус байгуулагджээ.

/хх-ийн 10-19 дүгээр тал/

 

ГК ХХК, Зээлийн батлан даалтын сан, ГТ ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээгээр зээлдэгч ГТ ХХК болон зээлдүүлэгч ГБ ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ000 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг хүлээх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон, уг гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ000 тоот зээлийн гэрээний хамт хүчинтэй байхаар тусгасан байна.

 

Уг гэрээний 1.4-д: Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 59.75 /тавин ес зууны далан тав/ хувь байна гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр тохиролцсон батлан даалтын гэрээ байгуулагдсан, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд талууд гарын үсэг зурсан, гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зээлдүүлэгч ГБ ХХК нь зээлдэгч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК, Б.Н нарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ0000 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 198.810.955,81 төгрөг, хүүд 6.776.864,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 196.539,73 төгрөг, нийт 205.784.360,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/07566 тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

/хх-ийн 25-26 дугаар тал/

Шүүхийн шийдвэрийг ГТ ХХК, Б.Н нар сайн дураар биелүүлээгүй гэх ГБ ХХК-ийн хүсэлтийн дагуу мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай №102/Ш00/000 тоот захирамж, №187 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн, үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №000 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

/хх-ийн 85 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч ГТ ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 20.064.418,12 төгрөг төлсөн, Б.Н нь барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75.000.000 төгрөгт тооцонГБ ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөр авагч, төлбөр төлөгч харилцан тохиролцсон үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №203 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

/хх-ийн 103 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх бичиг баримтыг хаахаар заажээ.

 

Нэхэмжлэгч ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрээр ГТ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 205.784.360,28 төгрөг төлөхөөс үндсэн зээлийн үлдэгдэл 198.810.995,81 төгрөг, батлан даалтын гэрээний 1.4-т зааснаар Зээлийн батлан даалтын сан-ийн хариуцах үүргийн хэмжээ үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс тооцоход 118.789.546,10 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ГТ ХХК, Б.Н нар 20.064.418,12 төгрөг, барьцааны зүйл орон сууцны өмчлөх эрхийг 75.000.000 төгрөгт тооцон шилжүүлж, нийт 95.064.418,12 төгрөг төлсөн, үлдэх 110.719.942,16 төгрөгийг батлан даагчаас гаргуулан авахаар төлбөр төлөгчтэй харилцан тохиролцсон тул шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тул ГТ ХХК-ийн зээлийн үлдэгдэл 110.719.942,16 төгрөгийг Зээлийн батлан даалтын сан-аас нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан болно.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр ГТ ХХК, Б.Н нараас төлсөн 95.064.418,12 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 198.810.995,81 төгрөгөөс хасч, үлдэх 103.746.577 төгрөгийн 59.75 хувь болох 61.988.579 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ГБ ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 205.784.364,28 төгрөгийг бүхэлд нь ГТ ХХК, Б.Н нарт холбогдуулан шаардсан, уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг шүүх баталж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ГТ ХХК нь 20.064.418,12 төгрөг, Б.Н нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож барьцааны гэрээгээр барьцаалсан орон сууцны өмчлөх эрхийг 75.000.000 төгрөгт тооцон ГБ ХХК-д шилжүүлсэн, төлбөр авагч ГБ ХХК нь төлбөр төлөгч ГТ ХХК-тай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан байх бөгөөд ГБ ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Б.Н-тай ипотекийн гэрээ, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-тай батлан даалтын гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ГБ ХХК нь 2014.03.03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК, Б.Н нараас бүхэлд нь шаардсан, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-тай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу түүнээс үүргийн гүйцэтгэлийг хуваарилан шаардаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар буюу төлбөр авагч, төлбөр төлөгч эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгосон зэргээс үзэхэд ГБ ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд ГБ ХХК болон ГТ ХХК-ийн хооронд 2014.03.03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн үүрэг дуусгавар болсноор үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож байгуулагдсан батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь нэхэмжлэлийн шаардлагаас 61.988.579 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул түүний зөвшөөрсөн хэмжээ буюу 61.988.579 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Зээлийн батлан даалтын сан-аас 61.988.579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48.731.363 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГТ ХХК-ийн захирал Т.Б зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн, зохигч энэ талаар маргаагүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, түүний шүүхэд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар Зээлийн батлан даалтын сан-аас 61.988.579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48.731.363,16 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сан-аас улсын тэмдэгтийн хураамжид 467.892 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 711.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ