| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/02681/И |
| Дугаар | 101/ШШ2019/03219 |
| Огноо | 2019-11-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2019/03219
2019 оны 11 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2019/03219 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХХХХ тоотод оршин суух бүртгэлтэй, ХХХХ тоотод оршин сууж байгаа, М.Х-ийн /РД: ХХХХХ/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХХХХХХХ тоотод оршин суух, О.М /РД: ХХХХХХ/, О.О /РД: ХХХХХХ/ нарт холбогдох,
11.717.800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч О.М-ийн 7.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оноос хойш Баянзүрх дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ХХК-ийн Кристал рестораны гал тогоог одоог хүртэл түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд манай ресторанаар ХХ дугаар байрны барилгын ажил эхэлсэн цагаас уг байрыг барьж байсан О.М байнга үйлчлүүлэх болсон.
Би О.М-тэй танилын үүднээс ярилцаж байх үедээ ипотекийн зээл хөөцөлдөөд бүтээгүй талаараа ярьсан. Гэтэл О.М чи манай 35 дугаар байрнаас байр аваач, би банкны зээлийг нь гаргаад өгье, урьдчилгаа төлбөрөө 30 хувиас илүү төлчихвөл зээл гаргах нь илүү найдвартай гэсэн.
Ингээд би түүний саналын дагуу 35 дугаар байрны 3 тоотын 48.83 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг орж үзсэн бөгөөд тухайн байр ашиглалтанд ороод 2 жил болсон байр байсан. Уг орон сууц шинэ ч гэсэн орон сууц барьж байсан компани оффис болгон ашиглаж байснаас шалтгаалаад дахин засвар хийж байж амьдрах боломжтой байсан.
Тиймээс би О.М-эд дээрхи нөхцөл байдлыг хэлж дахин засвар үйлчилгээ хийх, хаалга үүдийг солих, хана таазыг нь засварлах, ханын цаас наах, тагтны хаалт хийлгэх, шалны хүрээ солих зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байгаа тухайгаа хэлж уг засварыг хийж байх хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг маань гаргаад өгчих гэж хэлсэн. Энэ бол 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр яригдсан яриа юм.
Үүний дагуу О.М тохирлоо, засварын ажлаа эхлүүлээд явж бай гэсэн тул би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орчим байрны түлхүүрээ авч 19-ний үед засварын ажлаа эхлүүлж тохижуулаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэхэд уг байрандаа орсон.
Засварын ажлыг эхлүүлсний дараа О.М зээл гаргахад орон сууцны захиалгын гэрээ байгуулан банкинд өгөх хэрэгтэй байна гээд бид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулсан.
О.М 2 хоногийн дараа банкны зээл гаргахын тулд урьдчилгаа мөнгийг төлсөн баримт хэрэгтэй байна. Чи 30.000.000 төгрөгөө над руу шилжүүлчих, 30 хувиас илүү төлбөл зээл гарах хурдан шүү гээд дансны дугаараа явуулсан.
Би түүнд банк зээл судлан намайг дуудан уулзаад урьдчилгаа төлбөрөө шилжүүлж болно гэсэн үед шилжүүлнэ гэхэд О.М би 35 дугаар байрны бүх хүмүүсийн зээлийг ийм байдлаар гаргасан. Чиний хувьд байрныхаа түлхүүрийг авсан. Засвараа эхлүүлсэн байж итгэхгүй байна уу. Зээл чинь 30.000.000 төгрөгөө хийвэл асуудалгүй бүтэх гээд байна гэж удаа дараа хэлсэн.
Ингээд би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр О.М, түүний ээж О.О нартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байрны 2 дугаар давхарт 48.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 метр квадрат талбайг нь 1.700.000 төгрөгөөр, нийт 83.011.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.
35 дугаар байрыг 2017 онд улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан байсан. Уг гэрээг байгуулсаны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөгийг О.М-ийн Хаан банкны ХХХХХ тоот дансанд шилжүүлсэн.
Тухайн үед О.М 35 дугаар байрны 3 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг үзүүлээгүй ба зээл бүтэнгүүт гэрчилгээг чинь гаргаад банкинд өгнө гэсэн. Мөн 35 дугаар байрнаас орон сууц худалдан авсан хүмүүсийн зээлийн шийдвэрийг надад үзүүлж манай байранд зээл асуудалгүй гарч байгаа, санаа зоволтгүй гэж байсан.
Үүнээс хойш О.М орон сууцны зээл гаргах талаар өмнө ярьж байсан шигээ хөөцөлдөөгүй. Орон сууцны зээлийн асуудал удаашраад байхаар нь 2019 оны 5 дугаар сард Чингис хаан банк руу утасдаж асуухад таны зээл зээлийн хорооны хурлаар ороод батлагдсангүй гэсэн ба үүнийг би О.Мэд хэлсэн.
Би түүнд хувь лизинг хийх санал тавихад тэрээр зөвшөөрөөгүй ба харин чи 1 жил хүлээчих, жилийн дараа зээлийг чинь найдвартай гаргаж өгье гэх зүйлийг хэлсэн. Би түүнд 1 жилийн дараа гэдэг нөхцлөө тохирч орон сууцны зээл бүтэхгүй бол урьдчилгаа төлбөрөө буцаан авч гэрээнээс татгалзах тухай нэмэлт гэрээ байгуулья гэхэд О.М татгалзсан.
Тиймээс бидний хооронд байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээ цуцлах талаар ярилцаж үл ойлголцол үүсэн маргаан гарсан тул шүүхэд хандаж энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.
Миний бие О.М-эд урьдчилгаа төлбөрт өгсөн 30.000.000 төгрөг, мөн орон сууцанд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хийсэн засвар үйлчилгээний зардлыг буцааж өг, орон сууцны хэмжээ, хийцэд тааруулан захиалан хийлгэсэн гал тогооны тавилга, үүдний шкаф зэргийн үнийг төлчих, түүний дараа би орон сууцыг хүлээлгэж өгье гэж хэлсэн.
Гэтэл О.М миний Хаан банк дахь ХХХХХ тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 27.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба 3.000.000 төгрөгийг маань өгөөгүй. Миний тавьсан саналыг зөвшөөрөхгүй, шүүхээр шийдвэрлүүлье гэх утга бүхий зүйлийг ярьсан.
Орон сууцыг О.М-эд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа. Өөрөө ч авъя гээгүй байгаа.
О.М-ээс үндэслэлгүйгээр суутгаж авсан 3.000.000 төгрөг, байрны засварын зардал 2.347.800 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөг, үүдний хувцасны шүүгээ болон гал тогооны тавилгын үнэ 3.170.000 төгрөгийг О.М, О.О нараас нэхэмжилсэн.
Мөн түүнчлэн 30.000.000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол хамгийн бага хүүгээр буюу сарын 1 хувиар тооцоход 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар бодоход сарын 390.000 төгрөг ба 7 сар, 10 хоногоор үржүүлэхэд 2.860.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг мөн гэрээнээс татгалзсантай холбоотой олох байсан ашиг гэж үзэн нэхэмжилсэн. Олох байсан ашиг 2.860.000 төгрөг биш 2.200.00 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Үүдний хувцасны шүүгээ болон гал тогооны тавилгыг би салгаад айлын хашаанд аваачсан бөгөөд эдгээр тавилгын үнэ 3.170.000 төгрөгийг хариуцагч О.О, О.М нараас нэхэмжлэхээс татгалзаж байна.
Иймд хариуцагч О.О, О.М нараас 8.547.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд иргэн М.Хийн гаргасан гомдлын дагуу хариу тайлбар хүргүүлж байна. М.Х нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дандар баатарын гудамж, 35 дугаар байр, 3 тоот байранд орон сууц захиалгын гэрээ байгуулан нийт үнийн дүнгээс урьдчилгаа болгон 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөг төлсөн.
Орон сууцны үлдэгдэл төлбөрийг орон сууцны ипотекийн зээлээр санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Үүнтэй холбогдуулан гурван зүйл бүхий агуулгаар нэхэмжлэл гаргажээ. Дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
-Орон сууц захиалгын гэрээ одоог хүртэл хүчинтэй байгаа бөгөөд уг гэрээний 4.3 дахь заалтыг үндэслэн мөн захиалагч банкнаас орон сууцны ипотекийн зээл авах боломжгүй байдал тогтоогдсон тул захиалагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул гүйцэтгэгч нь гэрээний дагуу 10 хувийг суутгасан болно.
М.Х нь орон сууцны ипотекийн зээл авах боломжгүй байдал нь Чингис хаан банкны 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 241 тоот хурлын шийдвэрээр шийдвэрлэгдэж 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн БХ/3903 тоот албан бичгээр нотлогдож байна. Албан бичгийн хуулбарыг хавсаргав. Энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
-... Уг мөнгийг банкинд хадгалуулсан бол ... гэх огт үндэслэлгүй байдлаар банкинд хадгалуулсан мэтээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй үйлдэл юм. Учир нь захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө нь зээлийн гэрээгээр зохицуулагдахгүй асуудал юм. Мөн зээлийн хүү төлөх зорилго агуулаагүй болно. Энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
-Байранд засвар хийх шаардлагатай байсан мэтээр тайлбарлаж байгаа нь засвар хийх болсон шалтгаанаа нуух байдал юм. Учир нь уг барилгын нийт байрууд нэгэн хэвийн дотоод заслын материалаар тохижуулагдаж ашиглалтанд орсон юм. Уг дотоод засал нь М.Хид таалагдаагүй тул М.Х өөрөө засвар хийх санаачлага гаргаж талууд харилцан зөвшөөрөлцсөн юм.
Ийнхүү зөвшөөрөлцөхдөө банкнаас орон сууцны ипотекийн зээл баталгаатай гарна гэж талууд итгэсэн байсан. Энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү хэсэгтэй холбогдуулан захиалгын гэрээ байгуулсан орон сууцанд 8 сарын хугацаанд амьдарсан төлбөрийг сөрөг нэхэмжлэл гарган төлөхийг шаардана.
-Өмгөөллийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөг нэхэмжилжээ. Зохигч хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд өөрийн эрхээ эдлэхдээ бусдаас төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс хууль бус байдлаар төлбөр нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймээс нийт нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
М.Х нь орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байр, 3 тоот байранд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн амьдарсан. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тухайн байрандаа амьдарсаар байгаа. Өөрөөр хэлбэл байрыг буцаан хүлээлгэн өгөөгүй.
М.Х нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг орон сууцны ипотекийн зээлээр санхүүжүүлэхээр тохиролцсон боловч зээл авах нөхцөл шаардлага хангаагүйн улмаас гэрээ М.Хээс хамаарч цуцлагдахаар маргаан үүссэн юм.
М.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 8 сарын хугацаанд амьдарч байна. Энэхүү амьдарч байгаа нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д цахилгаан эрчим хүчний төлбөр төлснөөр, Оч баялаг өргөө ХХК-д орон сууцны ашиглалтын зардал төлснөөр нотлогдоно. Ашиглалтын зардалд хэрэглэсэн цэвэр, бохир ус, халуун ус, дулаан гэх мэт зардлууд багтдаг.
Иймд М.Хээс 35 дугаар байрны 3 тоот байранд 8 сарын хугацаанд амьдарсан төлбөр 3.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2 өрөө байранд амьдрах зах зээлийн хамгийн бага ханш орон сууц байрлах байршилд 400.000 төгрөг байна.
Бодит амьдрал дээр бусдын орон сууцанд үнэ төлбөргүй амьдрах ойлголт байхгүй бөгөөд байранд амьдран суусан төлбөрт 3.200.000 төгрөгийг нэхэмжилнэ.
... Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна. Учир нь М.Х 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш орон сууцыг хүлээлгэн өгөлгүй анх ярьж байснаараа ... .. мөнгөө автал байрыг чинь өгөхгүй гэх байдлаар орон сууц барьцаалан асуудалд хандаж байгаа нь надад маш хохиролтой байна. Учир нь орон сууцаа буцаан хүлээн авсан тохиолдолд бусдад зарж борлуулах миний эрхэд саад учруулж байна. Тиймээс энэхүү хохирлоо барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Энэхүү үнийн дүн 1 сарын 400.000 төгрөг, нийт 800.000 төгрөг болж байна. М.Хээс 35 дугаар байрны 3 тоот байранд 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл орон сууц ашигласны хөлсөнд 800.000 төгрөг гаргуулж өгнө үү.
Орон сууц захиалгын гэрээний 4.3 заалтанд заасан захиалагчийн төлсөн төлбөрөөс 10 хувийг буюу урьдчилгаа төлбөрт төлсөн 30.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг гэрээ цуцалсны торгуульд нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Х сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би О.М болон түүний ээж О.О нартай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байрны 3 тоотын 48.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.700.000 төгрөгөөр, нийт 83.011.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Тухайн байр хэдий шинэ ч гэсэн ашиглалтад ороод 2 жил болсон засвар хийх шаардлагатай байсан ба О.М өөрөө засвар хийхийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн байрыг оффис болгон ашиглаж байсан, замбараагүй байсан.
О.М намайг зээл бүтэхгүй байна, бүх тавилгаа аваад гар гэсэн. Би түрээслэх гэж тэр байранд ороогүй бөгөөд бид аман болон аман бус байдлаар түрээсийн гэрээ огт байгуулаагүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Хунгообээж нь хариуцагч О.М, О.О нарт холбогдуулан 11.717.800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч О.М, О.О нар нь 7.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
/-Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 3.000.000 төгрөг,
-Байранд хийсэн засварын зардал 2.347.800 төгрөг,
-Гал тогооны тавилга болон үүдний шүүгээ хийлгэсэн зардал 3.170.000 төгрөг,
-Өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөр 1.000.000 төгрөг,
-Байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 30.000.000 төгрөгийн 7 сар, 10 хоногийн хүү 2.200.000 төгрөг/
Сөрөг нэхэмжлэл: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байрны 3 тоот орон сууцанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл амьдарсан төлбөр 1 сарын 400.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг,
-Гэрээ цуцалсны торгууль 3.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч М.Х нь гал тогооны тавилга болон үүдний шүүгээ хийлгэсэн зардал 3.170.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч О.О, О.М нартай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан гүйцэтгэгч О.М, О.О нар нь захиалагч М.Хид Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 22 дугаар байрны хуучин байршилд байршуулан баригдаж буй байранд 2 давхрын 48.83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр, захиалагч М.Х орон сууцны 1 м.кв талбайг 1.700.000 төгрөгөөр, нийт 83.011.000 төгрөгийг орон сууцны үнэд төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд гэрээг орон сууц захиалгын гэрээ хэмээн нэрлэсэн боловч Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байр нь тэднийг дээрх гэрээг байгуулах үед ашиглалтанд ороод даруй 2 жил болсон байсан ба гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байрны 3 тоотын 48.83 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч буюу захиалагч М.Хид хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба байр ашиглалтанд орсон хугацааны талаар болон орон сууцыг хүлээлгэн өгсөн тухайд хэн аль нь маргаагүй болно.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 7-9 дүгээр хуудас/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т Захиалагч нь урьдчилан захиалга өгч буй тул барилга угсралтын ажлын явцад үлдэгдэл төлбөрийг үе шаттайгаар төлж барагдуулна, 2.2-т Захиалагч энэ гэрээнд заасан хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлж төлбөрийн гүйцэтгэлийг гүйцэтгэгчтэй хамтран баримтжуулсан байна, 2.3-т Төлбөрийн нөхцлийг талууд сар болгон тодорхой хэмжээний төлбөр төлөх хэлбэрээр тохиролцон үлдэгдэл төлбөрийг захиалагч нь гүйцэтгэгчид төлж барагдуулна гэж заажээ.
Орон сууцны төлбөр төлөх нөхцлийг гэрээнд дээрх байдлаар тодорхойлсон боловч захиалагч М.Х уг гэрээг байгуулсаны дараагаар урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөгөө төлж үлдэх 70 хувийг орон сууцны ипотекийн зээл авч төлөхөөр тохиролцсон талаар хэн аль нь мөн маргаагүй.
Нэхэмжлэгч М.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч О.Мийн Хаан банк дахь 5720866269 тоот дансанд урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар болон Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Чингис хаан банкны 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн бизнесийн хэлтсийн зээлийн хорооны хурлын 241 тоот шийдвэрээр М.Хийн орлого нотлогдохгүй үндэслэлээр түүнд орон сууцны ипотекийн зээл олгохоос татгалзан шийдвэрлэснийг нэхэмжлэгч М.Х 2019 оны 5 дугаар сард мэдсэн гэжээ.
/ХХ-ийн 37-38 дугаар тал/
Чингис хаан банкны дээрх шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгч М.Х нь уг орон сууцыг худалдан авах боломжгүй нөхцөл байдал үүсч орон сууц захиалгын гэрээг цуцлан орон сууцны урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсэг болох 27.000.000 төгрөгийг гүйцэтгэгч О.М 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5031187441 тоот дансанд гэрээ цуцлах хүсэлтийн дагуу гэх утгатайгаар шилжүүлсэн нь талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 17 дугаар тал/
Хариуцагч тал талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус захиалагчийн хүсэлтээр эсвэл захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний 1.1-д заасан орон сууцыг дараагийн захиалагч урьдчилгаа төлбөр төлж гэрээгээ баталгаажуулсны дараа захиалагчийн төлсөн төлбөрөөс 10 хувийг суутган авч үлдсэн төлбөрийг захиалагчид буцаан олгоно. Энэхүү 10 хувьд захиалгын алданги, гэрээ цуцалсны торгууль, захиргаа, бичиг хэрэг, бүртгэлийн зардлууд багтана гэж заасан тул үлдэх 3.000.000 төгрөгийг төлөхгүй, уг мөнгө гэрээ цуцалсны торгууль хэмээн маргаж байна.
Торгууль нь талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн юм.
Алданги нь торгуультай адил эхнээс нь тогтоогдохгүй, харин үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлтийн үргэлжлэлд чиглэгдэж тогтоогддог болно.
Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд банкны зээлэнд хамрагдах хугацааг тогтоон заагаагүйгээс гадна банкны зээл олгох боломжгүй гэсэн шийдвэр нэхэмжлэгч М.Хийг буруутгах үндэслэлгүй болохгүй бөгөөд үүнээс үүдээд захиалагчийн буруутайн улмаас гэрээ цуцалсан гэх хариуцагч О.М, О.О нарын тайлбар үндэслэлгүй байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч М.Х нь орон сууцны төлбөрийн үлдэгдэл 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд харин уг мөнгийг торгууль хэмээн нэхэмжилсэн хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дээрхи хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч М.Х нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байрны 3 тоот орон сууцанд засвар хийсэн зардалд 2.347.800 төгрөг нэхэмжилсэн ба тухайн орон сууцыг албан тасалгааны зориулалтаар ашиглаж байсан, мөн засвар хийх талаар тохиролцсон гэх нэхэмжлэгч М.Хийн тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүйгээс гадна засварын тооцоолол, зардалтай холбоотой маргаагүй тул уг мөнгийг мөн гаргуулах үндэслэлтэй.
/ХХ-ийн 7-28 дугаар тал/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул бусдаас хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт төлсөн 1.000.000 төгрөгийг мөн нэхэмжлэгч М.Х нь хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.Х нь 30.000.000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол сард 1 хувийн хүү авах байсан хэмээн нэхэмжилсэн ба энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын банкны хүүнд нэхэмжилсэн 2.200.000 төгрөгт холбогдох хэсгийг хангах боломжгүй.
Нэхэмжлэгч нь Хаан банкны гэх хадгаламжийн хүүгийн танилцуулга хуудас гэх баримт ирүүлсэн бөгөөд тухайн баримтыг ямар байгууллага үйлдсэн тодорхойгүй тул үнэлээгүй болно.
/ХХ-ийн 51 дүгээр тал/
Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдсантай холбоотой нэхэмжлэгч М.Х нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 35 дугаар байрны 3 тоот орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж байлгасан хугацааны төлбөрийг хариуцагч нарт төлөх үндэслэлтэй.
Биггест стандарт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/034 тоот лавлагаанд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 35 дугаар байр, 3 тоот орон сууцыг тавилгатай бол сарын 700.000 төгрөгөөр, тавилгагүй бол сарын 500.000 төгрөгөөр тус байршилд түрээслүүлэх боломжтой гэжээ.
Хариуцагч тал 1 сарын төлбөрийг 400.000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн ба нэхэмжлэгч М.Хээс орон сууцыг өөрийн эзэмшил ашиглалтанд байлгаж байгаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 8 сарын хугацааны төлбөрийг сарын 400.000 төгрөгөөр тооцон нийт 4.000.000 төгрөгийг түүнээс гаргуулан хариуцагч нарт олгох нь зүйтэй.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 14 хоногийн өмнө мэдсэн атлаа тодорхой шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч О.М, О.О нараас 6.347.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Хид олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч М.Хээс 4.000.000 төгрөг гаргуулан хариуцагч О.М, О.О нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Х нь 3.170.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202.435 төгрөгийг, мөн хариуцагч талын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 152.850 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М, О.О нараас нийт 116.514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-ид, нэхэмжлэгч М.Х-ээс 78.950 төгрөг гаргуулан хариуцагч О.М, О.О-т нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН