Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/443

 

                                            Н.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхбат,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхбатын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.С-д холбогдох эрүүгийн 2105 00122 0088 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Н.С нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр .......... дүгээр байрны .. тоотод байх гэртээ хохирогч Б.Д-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.С цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эсэргүүцлийн үндэслэл

1. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах нотлох баримтууд цугларсан. Үүнд: Хохирогч Б.Д-д мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэг, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүргийг танилцуулж гэрчээр мэдүүлэг авахад “... би харих гээд гутлаа өмсөж байхад С хүрч ирээд намайг шанаа руу нэг удаа цохисон бөгөөд би унахдаа хаалганы хажууд байсан шүүгээний хажуу талыг толгойн зүүн хэсгээр мөргөж хагалсан. Тэгээд миний толгойноос маш их цус гарсан бөгөөд энэ үед би өрөө цагдаад дуудлага өгсөн. ... Би согтоогүй, болсон явдлыг сайн санаж байна. ...” гэж, мөн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хохирогчоор “... Би гэртээ харих гээд хаалганы дэргэд хувцсаа өмсөөд зогсож байсан, цаанаас С гарч ирээд намайг гараараа цохисон, энэ үед хажуугийн хувцасны шүүгээний ирмэгт толгойн дагз хэсгээрээ мөргөсөн бөгөөд хүзүү дагаад цус гараад эхэлсэн. ...” гэж тус тус мэдүүлсэн ба түүний өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, тогтвортой байдаг.

Хохирогч Б.Д-ийн өгсөн дээрх мэдүүлгийн эх сурвалж нь хавтаст хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ханхүүгийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 372 дугаартай дүгнэлтэд “...Б.Д-н биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь нийлээд болон дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогддог.

Мөн гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С хаалгаа тайлж өгсөн гэтэл цаанаас нь Д орж ирээд С-г алгадаад цохиж аваад ороод ирсэн. Энэ үед С өөдөөс нь гараараа түлхээд байх шиг байсан бөгөөд гадагшаа гарах талдаа өөрөө байсан болохоор нарийн сайн харагдаагүй юм...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Г-н мөрөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд Д маргаан гаргаад чи гэртээ авч ирээд агсам тавьж ширээ цохидог хэн бэ гээд С-д уурлаад байсан. Энэ үед Н С-г аваад цаашаа өрөөнд оруулсан...Д цаанаас орж ирээд шууд гараараа алгадаад цохих шиг болсон бөгөөд С өөдөөс нь зууралдаад байсан, энэ үед Н С-г мөн дагуулаад нөгөө өрөөндөө орсон...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Хэрхэн яаж байгааг харах болон ар талд нь байсан учир нарийн харагдаагүй...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.С гэртээ агсан тавьсан ба үүний улмаас хохирогч Б.Д-тэй маргалдаж Б.Д нь гарах гэж байхад С очиж түрүүлж цохисон байдаг. /хохирогчийн мэдүүлгээр/ мөн гэрч Ж.Н, Б.Г, Б.Н нар нь хэргийн болсон процессыг сайн хараагүй талаараа мэдүүлсэн байхад анхан шатны шүүх дээрх гэрч нарын мэдүүлгээр Н.С нь бие хамгаалах үйлдэл хийсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...” гэж хуульчилсан ба хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” гэж заасан буюу хохирогч Б.Д-н мэдүүлгийг няцаасан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг цагаатгах тогтоолд дурдаагүй нь дээрх хуулийг мөн зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэв шүүх гэрч, хохирогч нарын мэдүүлгийг зөрүүтэй гэж дүгнэсэн бол нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах гэх мэт ажиллагаа хийлгэх боломжтой байхад шүүгдэгчид ашигтай байдлаар гэж дүгнэн цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан байдаг. Гэрч Б.Н-н “... гадагшаа гарах талдаа өрөөнд байсан болохоор нарийн сайн харагдаагүй юм...” гэх, гэрч Б.Г-н “...Манай гэр үүдний өрөө хаалга шууд харагддаг тул бид нар хараад байж байхад өөдөөс нь зууралдаад байсан бөгөөд энэ үед Н С-г мөн дагуулаад нөгөө өрөөндөө орсон...” гэх, гэрч Ж.Н-н “... хэрхэн яаж байгааг харах боломж байгааг ард учир нарийн харагдаагүй...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.С нь хохирогч Б.Д-н биеийн аль хэсэгт, хэрхэн ямар байдлаар халдсан болох талаар тодорхой мэдүүлээгүй байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй хийсвэрээр таамаг дэвшүүлж дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар:

Учир нь, анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ёстой байтал цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Н.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/128 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Прокуророос Н.С-г Б.Д-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Н.С нь Б.Д рүү чиглэсэн, түүний амь бие, эрүүл мэндэд халдсан санаатай үйлдэл хийгээгүй гэж үзэн анхан шатны шүүх Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.С, хохирогч Б.Д, гэрч Б.Г, Ж.Н, Б.Н нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд шүүгдэгч Н.С нь өөрийн найз эмэгтэй болох Б.Г-тай “ээжтэй нь утсаар ярихгүй” гэх шалтгаанаар маргаан үүссэн. Б.Д нь Н.С, Б.Н нартай маргалдаж байгаад Н.С-н гэрээс гарч явсан. Удалгүй буцаж орж ирэхдээ хаалга тайлж өгсөн Н.С-н эрх, эрх чөлөөнд халдаж, түүнийг алгадаж цохисны улмаас тэрээр хохирогч Б.Д-ийн уг довтолгооноос өөрийгөө хамгаалж хариу довтолгоон хийж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

   Дээрх хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Б.Н-н “... Би С-г уучих гэхэд уухгүй байхаар нь түүнд хандаад “та нар намайг уухгүй гэж байхад их ч байсан өмхий, бага ч байсан өмхий” гэсээр байгаад уулгасан биз дээ хэж хэлтэл Д надад хандаад “би өдөр чамд зүгээр л хэлсэн шүү дээ” гээд уурлаад намайг загнаад байсан. Энэ үед С “та нар яагаад гэрт маргаад байгаа юм бэ” гээд ширээгээ  гараараа цохьтол шилэн ширээ хагарсан. Гэтэл Д уурлаад С-т “чи ямар муухай юм, ээжтэй нь ярихгүй” гэх зэрэг зүйл хэлээд байсан. ... Би Д-д хандаж “би багын найзынхаа гэрээс чамд хөөгдөхгүй, чи өөрөө гар... гэж хэлтэл “тэгий би яваад өгье” гээд Д гараад явсан. Удаагүй байж байхад хаалга цохиод байхаар нь С хаалгаа тайлж өгсөн. Гэтэл цаанаас нь Д орж ирээд С-г алгадаад цохиж аваад орж ирсэн. Энэ үед С өөдөөс нь гараараа түлхээд байх шиг байсан. ...” /хх 15/, гэрч Б.Г-н “... Тэгээд Д маргаан гаргаад “чи гэртээ авч ирээд агсам тавьж ширээ цохидог хэн бэ” гээд байсан. ... Д “тэгвэл би явъя” гээд гарсан. Удалгүй байж байгаад хаалга цохисон бөгөөд энэ үед С хаалгаа тайлсан. Манай гэр үүдний өрөө хаалга шууд харагддаг тул бид нар хараад байж байхад Д цаанаас орж ирээд шууд гараараа алгадаад цохих шиг болсон бөгөөд С өөдөөс нь зууралдаад байсан. ...” /хх 20/, гэрч Ж.Н-н “... Тэгээд удалгүй хаалга хүн цохиод байсан энэ үед Н.С хаалгаа тайлаад өгсөн чинь Д өөдөөс нь нэлээд ууртай орж ирээд алгадаж, цохиод байсан бөгөөд харин С өөдөөс нь зууралдаад авсан. ...” /хх 24-26/  гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

Б.Д нь Н.С-н халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, алгадаж, цохиж үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.

Өөрөөр хэлбэл, Н.С нь Б.Д-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах болсон гол хүчин зүйл, шалтаг шалтгаан нь шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл бөгөөд шүүгдэгч Н.С нь хохирогчийн энэхүү үйлдлээс хамгаалж хариу үйлдэл хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байна гэж үзнэ.

  Анхан шатны шүүх хохирогчийн санаатай зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэхэд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоосны эцэст үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Иймд прокурор Н.Мөнхбатын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг удирдлага болгох ёстой атал мөн хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэн, баримталбал зохих хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул цаашид анхаарвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнхбатын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.      

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР