Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 911

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасны нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Д овогтой Д  би Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын ард Мормоон овогтой Дамдины отгон хүү болон 1932 онд төрсөн бөгөөд хожим, миний төрсөн оныг 1933 гэж буруу бичиж улмаар регистрийн дугаар ЧМ33012511 гэж буруу бичигдэж өдийг хүрсэн билээ. Эцэг Мормооны Дамдин нь Буриад Монголын Түнхэн аймгийн Хоймор гэдэг газар 1890 онд Мормооны том хүү болон төрсөн бөгөөд Доржийн Хандсүрэнтэй гэр бүл болж, шинээр тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсад 1913-1914 оны үед нүүдэллэн орж ирж, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд суурьшиж, мал аж ахуйгаа эрхлэн амьдрах болсон байна. Гэтэл эцэг М.Дамдинг 1938 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 48 настайд нь улс төрийн хилс хэрэгт баривчлан Чойбалсангийн Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр хилсээр шийтгэсэн.

М.Дамдины хэргийг 1960 онд хүү Д.Д- миний өргөдлийн дагуу хянаад, Ардын Их Хурлын дэргэдэх Намын Төв хорооны Намын хянан шалгах хорооны Т.Гэндэн даргатай Цагаатгах комиссын 1960 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаар тогтоолоор хэргийг нь хэрэгсэхгүй болгож, бүрэн цагаатгасан болно. Түүнийг анх хилсээр баривчлахдаа гэр 1, морь 7, гүү 6, ямаа 2, шар 5, үнээ 10, шүдлэн 13, хонь 28 зэрэг хөрөнгийг нь битүүмжилсэн бөгөөд тухайн үеийн хууль тогтоомжоор эд хөрөнгийг хураахаар заадаг байсны дагуу хураагдсан байх гэж үзэж байна. Энэ нөхцөл байдал нь 1998 оны Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гарсан УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны хуулиар мөн хуулийн 13.2.1-д заасны дагуу цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн төрсөн хүүхдэд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох болсон. Энэ ёсоор хэлмэгдэгчийн хүү Д.Д- би шаардах эрхтэй бөгөөд өөрийн гэсэн орон сууцгүй, хүүхдийнхээ гэрт амьдардаг тул 80 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтэд: Нэхэмжлэгчийн хувьд хэлмэгдэгчийн хүүхэд нь мөн байх бөгөөд хуульд заасан 1 000 000 төгрөгийн олговор авсан байна. Хэлмэгдэгч М.Дамдинг баривчлах үед түүний хөрөнгийг битүүмжилж, эхнэр Д.Хандсүрэнд хариуцуулсан болох нь Тагнуулын тусгай архивын лавлагаагаар тогтоогдож байна. Иймд гэр, орон сууцаа хураалгасан гэж үзэх үндэслэлгүй, мөн үүний улмаас өнөөдрийг хүртэл орон сууцгүй байсныг нотлох баримт авагдаагүй тул 80 000 000 төгрөгийн нөхөх олговор авах хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан үндэслэлгүй тул 80 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг сүүлийн 25 жилийн турш судалж, 5 ном гаргаж, сүүлийн дөрвөн УИХ, дөрвөн Цагаатгалын улсын комиссыг /ЦАУЗБУК-ыг/ дамжин хөөцөлдөж, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ байгуулж, цаазлагдсан хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд 2 өрөө орон сууцны үнэ буюу 80 000 000 төгрөг, 10-25 жилийн хорих ял эдлэхээр шийтгэгдсэн хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд 1 өрөө орон сууцны үнэ буюу 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгуулах тухай зохицуулалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их хурлаар батлуулж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулсан.

БНГУ, ОХУ-д хэлмэгдэж хохирсон хүүхдийг мөн хэлмэгдэгчээр тооцож цагаатган, нөхөх олговор олгосон ба БНГУ нь нацизм, фашизмын үеийн хэлмэгдэгчийн талаар 5, Зүүн Германы социализмын үеийн улс төрийн хэлмэгдэгчийн талаар 5, ОХУ нь хэлмэгдэгчийн талаар мөн 5 хууль батлан гаргасан байдаг. Улс төрийн хэлмэгдүүлэлт судлаач, Мормоонтон овгийн Дамдины Д- миний бие холбогдох бүх материалыг бүрдүүлж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын шаардлагыг бүрэн хангаснаар анхан шатны шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цаазлагдсан хэлмэгдэгчийн одоо амьд байгаа ар гэрийнхний хохиролд буюу хүүхдийнх нь хохиролд олгох 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг 1938 онд улс төрийн хилс хэрэгт эцгээ цаазлуулсан, бүх хөрөнгөө хураалгасан надад хуулийн дагуу олгуулах хүсэлтийг гаргасан.

Гэтэл, эцгээ тийнхүү улс төрийн хилс хэрэгт цаазлуулж хохирсон, ийнхүү багадаа өрхийн тэргүүнгүй, өмөг түшиггүй, тэжээгчгүй өнчирч, зөвхөн ээжтэйгээ үлдэж хохирсон тэр үед монголчуудын амьжиргааны ганц эх үүсвэр болж байсан бүх мал, эд хөрөнгөө нэгжүүлэн, хамгийн өнгөтэй өөдтэй, үнэтэй цэнэтэй бүхнээ Дотоод явдлын яаманд сорлуулан хураалгаж, “эсэргүүний” хүүхэд гэж анкет бүртгэлдээ 1960-аад он хүртэл тэмдэглүүлэн адлагдаж, хянагдаж, 1950 онд Москвагийн Олон улсын Харилцааны дээд сургуульд Гадаад явдлын яамны нэр дээр явж суралцах эрхийг авсан ч эсэргүүний хүүхэд гэдгээр хасагдаж, олон янзаар хохирсон бүх хохирлоо өдийг хүртэл огт барагдуулж байгаагүй.

Эдүгээ ходоодны 3 дугаар үеийн хорт хавдар тусч, эмнэлгийн хяналт, эмчилгээнд байдаг 87 настай надад шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргахдаа, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтын дагуу “орон гэрээ хураалгасан баримтгүй байна” гэсэн өчүүхэн зүйлээр шалтаглан хэт өрөөсгөл дүгнэлт хийж, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг үл харгалзан, улс төрийн хэлмэгдэгчийн ар гэрийнхний хохирлын нөхөх олговрыг олгохгүй, харин давж заалдаж болох эрхтэй шийдвэрийг гаргалаа.

Анхан шатны шүүх дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан. Улс төрийн хэлмэгдлээс үүдэлтэй миний эд хөрөнгө, нэр төр, сэтгэл санаа, хүний эрх, эрх чөлөө, аж амьдралын дээрх олон хохиролд Монгол Улс гагцхүү сууж байсан гэрээ хураалгасан баримтгүй гэх үндэслэлээр нөхөх олговрыг олгохгүй гэж байна. Нэхэмжлэлд дурдсан хохиролд нөхөх олговор олгохгүй гэвэл надтай ижил нөхцөлтэй хэлмэгдэгчийн бүх хүүхдийн хэнд нь ч нөхөх олговор олгохгүй болж байна. Хэлмэгдэгчдийн ар гэрийнхний хөрөнгө хураалт бол дээрэм байлаа. Дотоод явдлын яамны хураасан зөвхөн алт нь гэхэд 31 тонн болсон. Цаазлагдаж хэлмэгдэгчдийн хүүхдийн 87 хувь нь ядуу зүдүү амьдарч өдий хүрлээ. Одоо тэд хамгийн бага тэтгэвэр авч, зарим нь тэтгэвэр ч үгүй, орон гэр ч үгүй байж байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх баталгаатай, эрхтэй гэж заасан, 1974 онд Монгол Улсын нэгдэн орсон бөгөөд дэлхий даяар мөрдөн хэрэгжүүлдэг НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт “... шүүх алдаа гаргасныг хөдөлбөргүй нотолсны үндсэн дээр ноогдуулсан ялыг дараа нь хүчингүй болгосон бол ... шийтгүүлсэн хүн хууль ёсоор хохирлоо төлүүлнэ” гэж заасан.

Үндсэн хуульд, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол Улсын олон улсын гэрээ нь ... дотоодын хууль тогтоомжийн нэг адил үйлчилнэ, ... Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн талаарх заалт зөрчилдвөл гэрээний заалтыг баримтална гэж заасан байдаг. Шүүхийн тухай хуульд ч шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг хэрэглэнэ гэж зааж, шүүгч нь аливаа хэрэг маргааныг зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэхээ батлан тангарагладаг.

Эцгээ хилсээр цаазлуулж анкет бүртгэлдээ тэмдэглүүлэн сэтгэл санаагаар олон жил хохирч, ажил, сургуулиас хасагдан унжийж, “эсэргүүгийн хүүхэд” гэгдэж нэр төрөө гутаалгаж, бүх адуу мал, эд хөрөнгөө хураалган хоосорч ядууран, эдийн засаг, амьдрал ахуйгаараа олон жилийн турш тийнхүү бодитоор хэлмэгдсэн, урьд хохирлоо барагдуулж, хэлмэгдлийн шугамаар орон байр огт авч байгаагүй над мэтийн хэлмэгдэгчдэд Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас гэр хураалгасан баримт гарахгүй байна гээд нөхөх олговрыг нь шүүх олгохгүй гэж байхад, Цагаатгалын комисс 1938 онд ял шийтгэгдсэн хүний 1940, 1950, 1960-аад онд төрсөн хүүхдэд буюу хэлмэгдлээс хойш төрсөн, мөн, хэлмэгдлээс хойших эхнэрийн ямар ч хохирол байхгүй хүүхдэд ч 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгож завшуулахаар хэдэн зуугаар нь бүртгээд байж байгаа сурагтай. Ёстой тэдэнд л нөхөх олговор олгож завшуулах, эсэх асуудлыг шүүх сайтар авч хэлэлцэн үнэн зөвөөр нь шийдвэрлэх шаардлагатай.

1938 онд улс төрийн хилс хэрэгт цаазлагдаж цагаатгагдсан М.Дамдины хүү Д- миний нөхөх олговрын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ,Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, миний нэхэмжлэлийг буруу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өндөр настай, хүнд өвчтэй байгаа миний нэхэмжлэлийн дагуу хуульд заасан үндэслэлийн дагуу нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг олгоно гэснээс үзвэл, орон сууц авсан хүнд нөхөх олговор олгохгүй, орон сууц аваагүй бол хэнд ч нөхөх олговор олгох ба хэлмэгдлийн үеэр мал, эд хөрөнгөө хураалгасан, “хувьсгалын эсэргүүнийхэн” гэж бүртгэгдэж ажил, сургуулиас хасагдаж байсан, боловсролгүй, олигтой ажилгүй хаягдаж, ахуй амьдралаараа хохирсон эдгээр гол хохирлуудаас гадна, нөхөх олговор олгох өөр нэг болзол нь урьд орон сууц авч хохирлоо барагдуулаагүй явдал гэдэг нь тодорхой байна.

Мөн хураалгахаар олигтой хөрөнгө, орон гэргүй байсны улмаас орон гэр хураалгаагүй, тийнхүү орон гэр хураалгаагүй учраас урьд улсаас орон гэр аваагүй хэлмэгдэгч бол ямар ч яриагүй нөхөх олговроо авах нь байна. Энэ бүхнийг анхан шатны шүүх ойлгохгүй шийдвэртээ “... М.Дамдины бод 63, гэр 1 ширхгийг 1938 онд мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн ... боловч хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогдсонгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд шүүх тэр үеийн нөхцөл байдлыг, энэ нөхөх олговрын учир шалтгааныг огт ойлгож мэдэлгүйгээр асуудлыг шийдвэрлэж байгаа нь харагдаж байна. Мөн шийдвэрт “... улс төрийн хилс хэрэгт шийтгүүлсэн хэлмэгдэгчид ... орон гэр олгоогүй тохиолдолд хэлмэгдэгчийн хүүхдэд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгохоор зохицуулжээ” гэсэн атлаа “...М.Дамдины эхнэр Д.Хандсүрэн, түүний хүү Д.Д- нар орон гэргүй байсан гэж үзэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ... тэдэнд гэр, эсхүл орон сууц олгох хуулийн үндэслэл бүрдээгүй гэж үзжээ. Тэгэхээр, хэлмэгдэгчийн эхнэрт гэр, эсхүл орон сууц олгох хуулийн үндэслэл бүрдээгүй тул түүний хүү Д.Д-д 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй болно гэж, орон сууц огт аваагүй надад тийнхүү, хэлмэгдэгчийн хэлмэгдэж хохирсон хүүхдийн хохирлын 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлгүй гэсэн байх юм. Энэ бол хуулийн заалтыг буруу тайлбарлаж, гуйвуулсан бүдүүлэг бөгөөд балмад явдал мөн.

Хуулиар тогтоосон нөхөх олговрыг олгоход гэр, эсхүл орон сууц олгох хуулийн үндэслэл бүрдээгүй нь хамааралгүй. Орон сууц огт авч байгаагүй хүнд энэ нөхөх олговрыг олгохгүй гэвэл өөр хэнд 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгох болж байна. Хураалгасан орон сууцных нь оронд улсаас орон сууц олгоогүй байгаа тохиолдолд л дээрх нөхөх олговрыг олгоно гэж хуулийн заалтыг гуйвуулж болохгүй. Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт нөхөх олговрыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг хорьсон болон цаазалсан гэсэн хоёр үндэслэлээр ялгамжтайгаар нөхөх олговрыг олгохоор зохицуулсан. Нөгөөтэйгүүр, 1930-1940 онуудад түрээсийн байр гэж байгаагүй, хэлмэгдсэн 40 000-аад хүн дотор түрээсийн байр хураалгасан хүн байхгүй. Зөвхөн сайн гэртэй, илүү гэртэй айлын гэрийг хурааж байсан учир тухайн 40 000 орчим тооны хэлмэгдэгчийн дотор гэр хураалгасан хүн нь 1 000 орчим байгаа.

Анхан шатны шүүхийн дүгнэлтээр бол гэрээ хураалгаагүй хүнд нөхөх олговор олгохгүй, бусад гол хохирлууд нь хамаагүй гэж байгаа бол гэр хураалгаагүй тэрхүү 30 000 гаруй хүнд нөхөх олговор олгохгүй гэсэн ойлголтыг шүүх бий болгож байна. Урьд улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр, дээр хэлсэнчлэн асар ихээр, олон янзаар хэлмэгдэж хохирсон, тэр хохирлуудаа барагдуулж, улсаас хэлмэгдлийн шугамаар гэр, орон сууц огт авч байгаагүй миний хувьд хэлмэгдэгчийн ар гэрийн хохирлын буюу хэлмэгдэгчийн хүүхдийн хохирлын нөхөх олговрыг хуульд заасны дагуу авах бүрэн эрхтэй учраас надад уг нөхөх олговрыг хууль ёсоор олгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговор 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос “Д.Д- нь хэлмэгдэгчийн хүүхэд мөн боловч 1 000 000 төгрөгийн нөхөн олговор авсан ба гэр, орон сууцаа хураалгасны улмаас өнөөдрийг хүртэл орон сууцгүй байсныг нотлох баримтгүй нь нөхөх олговор авах хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй” гэх дүгнэлтийг хийжээ.  

 

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдсан 1960 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 75 дугаар тогтоолоор Мормон овогтой Дамдин нь 1938 онд баривчлагдаж, хувьсгалын эсэргүү хэрэгт дээд хэмжээгээр шийтгэгдсэн нь хилс ташаа болох нь шалгагдсан байх тул холбогдолгүй болгож цагаатгасан байх бөгөөд уг тогтоолд үндэслэн “цагаатгалын” үнэмлэх олгогдсон байна. Энэхүү баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д-гийн эцэг Мормоны Дамдин нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” болох нь тогтоогджээ. /хх4-5/

 

Түүнчлэн, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас олгосон 03-4/2357 дугаар лавлагаагаар “хэлмэгдэгч Мормон овогт Дамдин нь 1933 оны хүн амын тооллогоор эхнэр Доржийн Хандсүрэн, хүүхдүүд болох Дамдингийн Баатар, Гомбосүрэн, Цэрэндулам, Дарьсүрэн, Д-, Рэгзэдмаа нарын хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт амьдардаг” байсан нь нотлогдох бөгөөд Улсын бүртгэлийн төв архивын 05/0019969 дугаар лавлагаагаар нэхэмжлэгч Д- нь хэлмэгдэгч Мормон овогт Дамдингийн төрсөн хүүхэд болох нь тогтоогджээ. /хх8,12/

 

Хэргийн 15 дугаар талд авагдсан “Зууны мэдээ” сонины 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 (5985) дугаарын нүүр хэсэгт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын “Нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалт” гэсэн гарчигтай “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхэд” гэх хэсгийн 7 дугаарт нэхэмжлэгч Мормоны Д- бичигдэж, уг нэрсийн жагсаалт нийтлэгдсэн өдрөөс 30 хоногийн дараа харьяа дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлэх гэсний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулж, “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дараах нөхөх олговрыг дараах тохиолдолд олгоно” гэж, 13.2.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 000 000 төгрөг олгоно” гэж заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх, хэлмэгдэгч М.Дамдины төрсөн хүүхэд болох Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгаж, одоог хүртэл орон сууцгүй байгаа байгаа үйл баримт тогтоогдоогүй, хэлмэгдэгчийн эхнэр Д.Хандсүрэнд орон сууц олгох хуулийн үндэслэл бүрдээгүй тул түүний хүү Д.Д-д 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. Шүүхийн энэ дүгнэлтээр бол хуулийн дээрх зохицуулалтыг тухайн хэлмэгдэгч, түүний эхнэр, нөхөр хэлмэгдүүлэлтийн улмаас эд хөрөнгө, орон сууцаа хураалгасан байх, улмаар одоог хүртэл орон сууцгүй байх нь урьдчилсан нөхцөл мэтээр  тайлбарласан нь тухайн заалтын агуулгад нийцэхгүй юм. 

 

Иймд нэхэмжлэгч Д.Д- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч М.Дамдины төрсөн хүүхэд мөн бөгөөд хэлмэгдүүлэлтийн улмаас орон сууц болон түүнтэй холбоотой хөнгөлөлт эдлээгүй нь тогтоогдсон тул түүнд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Д-д 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т  зааснаар нэхэмжлэгч Д.Д- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                                                     ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                            Т.ТУЯА