| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/01242/И |
| Дугаар | 101/ШШ2019/03258 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2019/03258
2019 оны 11 сарын 20 өдөр Дугаар 101/ШШ2019/03258 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Г.Солонго, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Н-н Мн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххх тоотод оршин суух, Э-н Цт /РД: хххххххх/ холбогдох
Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг,
Хариуцагч Э.Ц,
Иргэдийн төлөөлөгч Д.Лхагвадэмбэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр өөрийн ххххххххххх гэсэн хаяг бүхий фэйсбүүк хуудсанд хххххххххххххталийгаачтай хамгийн сүүлд Нын М 10 давхарт уулзахаар орсныг харсан цор ганц гэрч Г.У******* 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож ... Тэрээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад ... доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачийн ахад гэрчилсэн... Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон ... Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхар руу шатаар явж орохыг харснаа ярьсан... Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан...
Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдааг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27-хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов... Талийгаачийн эхнэр Боловсрол телевизэд эвлүүлэгч хийдэг байсан юм байна. Талийгаачийг хамгийн сүүлд утсаар дуудсан, хамгийн чухал гэрч болох Н******* 3 сарын 1-нд Монголоос Турк руу явахыг харсан гэрчүүд гарч ирлээ... Тэр Монголоос зугтлаа.
Талийгаач Г.У*******ын үнэний төлөө дарамтаас айгаагүй эр зоригийг бишрэн хүндэтгэе... Тэр харснаа хэлэх гэж хичээсэн ч Монголын цагдаа сонссонгүй... Тэр амаа хамхисан бол магадгүй амьд байх байлаа... Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.
Жич: Энэ хэрэгт хошуу дүрсэн болгоныг янз бүрээр намнах ажиллагаа явж байна... Нар руу ч ирэхийг үгүйсгэхгүй. гэсэн мэдээллийг нийтэлсэн байна.
Уг мэдээлэл нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3700 гаруй удаа нийтэд дамжуулагдаж, 978 сэтгэгдэл бичигдсэн байна. Сэтгэгдлүүдээс үзэхэд алуурчин, 2 гэмгүй хүний амийг хөнөөлөө, үхэж далд ор, алах юмсан гэх мэтийн үзсэн ядсан, заналхийлсэн сэтгэгдэл маш олон байна.
Н.М нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр талийгаач Ч.Ч*******ийн нас барсан газар гэх Хан-Уул дүүргийн нутагт байрлах КН апартмент хотхонд огт очоогүй, ер нь энэ хотхонд очиж хэн нэгэнтэй уулзаж байгаагүй, талийгаач Ч.хххххххххххххболон түүний найз залуу гэх Н*******ыг огт танихгүй билээ.
Ийнхүү огт үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд түгээснээр талийгаач Ч.Ч*******ийн үхэлд Н.Мг буруутай мэт, хүчирхийлсэн, аллага үйлдсэн, мөн цорын ганц гэрчийг үхэлд хүргэсэн мэтээр гүтгэн олон нийтэд ойлгуулж, Н.Мн нэр төр, алдар хүнд, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна.
Цагдаа тухайн хүнийг шалгахаар бол шалгачихна. Хэн байхаас үл хамаараад бусдын нэр төрийг хуулиар хамгаалсан.
Н.М өмнө нь ор үндэслэлгүй мэдээлэл болгонд ямар нэгэн тайлбар өгдөггүй байсан бөгөөд ийнхүү хүний амь нас хохироосон, онц хүнд гэмт хэрэгт холбоотой мэтээр олон нийтэд удаа дараа мэдээлэл гарч байгаа тул өөрийн нэр төрийг сэргээх, уг асуудалд холбогдолгүй болохоо тогтоолгох зайлшгүй шаардлагатай болж байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно, 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Н.Мн нэр төрийг сэргээж, улмаар мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр би өөрийн фэйсбүүкт Ч.Ч*******ийн нас барахынхаа өмнө уулзсан Н.Мг харсан гэж талийгаачийн Францад амьдардаг ах Ч.Г*******д гэрчилсэн Г.У******* гэгч нас барсан болохыг бичсэн нь үнэн.
Талийгаач Г.У******* нь Франц улсад амьдардаг Ч.Г*******д 2018 оны 12 дугаар сард ярихдаа Ч.Ч*******ийнх рүү Номтойбаярын хүү М 2 өөр залуугийн хамт виски барин орсон гэдэг яриа мессенжэрээр өгсөн ба ах Ч.Г******* нь энэ бичлэгийг хадгалан үлдсэн.
Талийгаач Г.У******* өөрийн аюулгүй байдалд ихэд санаа зовж буйгаа хэлж цагдаа дуудвал өөрийн харснаа хэлнэ гэж байсан. Харамсалтай нь Хан-Уул дүүргийн цагдаа Г.У*******оос нэг ч байцаалт аваагүй тухай ах Ч.Г*******д мөн хэлсэн. Ч.Г******* энэ тухай анхлан фэйсбүүктээ бичиж над руу ярьсаны үндсэн дээр би энэ тухай бичсэн болно.
Талийгаач Ч.Ч*******ийн үхэл нийгэмд айдас дагуулсан ба энэ тухай маш олон хүн фэйсбүүктээ бичиж мөн талийгаачийн гэр бүлийн зүгээс цагдаа, шүүх шинжилгээний ажилтнуудыг хангалттай шударга ажиллахгүй байгааг удаа дараа хэвлэлээр болон нийгмийн цахим сүлжээгээр шүүмжилж мэдэгдсэн.
Мөн гэр бүлийн зүгээс Н.Мг илтэд хардаж буйгаа ил цахим сүлжээгээр хэлсэн ба энэ асуудлыг ганц Э.Ц хөндөөгүй болно.
Иймээс Н.Мн нэхэмжлэлийг би үндэслэлгүй хэмээн няцааж байна.
Энэ хэргийг анхлан цахим сүлжээгээр ил хэлсэн Ч.Г******* болон олон хүмүүсийн сэтгэгдлийг үл оролцуулан Э.Ц намайг хариуцагчаар татсан нь тэс өөр ашиг сонирхолтой, залхаан цээрлүүлэх ажиллагаа мэт харагдаж байна.
Нийгмийн сүлжээ болон талийгаачийн гэр бүлээс ил тод мэдээлсэн мэдээний доорхи сэтгэгдлүүдэд Н.Мг шалгахыг шаардаж ил тодоор мэдээлэхийг олон нийт хүссэн ч энэ ажиллагаа явагдаагүй. Учир нь жирийн нэг иргэн биш Монголын томоохон чинээлэг айлын үр садын нэрс холбогдсонд олон нийт эгдүүцэж байна.
Нийгэм даяар айдас хүйдэс төрүүлсэн энэ хэрэгт олон эрүүгийн хэргээс ялгүй мултарсан, шүүхийн хараат бус байдалд илтэд нөлөөлдөг гэх хардалтыг Монголын нийгэмд төрүүлсэн Н болон Номтойбаяр нарын хүүгийн нэр холбогдсонд сэтгэгдэл бичигчдийн дийлэнхи нь эгдүүцэж буйгаа шаардсан ч энэ асуудалд ямар нэг тодорхой тайлбар олон нийтэд өгдөггүй.
Тэр ч байтугай төрсөн эцэг Номтойбаяр нь иргэн Э.Цыг Хүрэлсүхийн суганы үс гэж цахим сүлжээгээр доромжилсон. Номтойбаяр 2019 оны 3 дугаар сард цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо Ч.Ч*******ийн хэргийг хаагдсан гэж ярьсан.
Н.Мн нэр хүнд хэцүү болоод байгаа бол Ц*******гээс өмнө бичсэн хүнд яагаад хандаагүй бэ. Яагаад намайг сонгоод байна. Яахаараа аюулгүй байдалд нь нөлөөлдөг юм. Олон нийт Н.Мг хардаад байхад цагдаа одоо болтол нэг ч удаа асуугаагүй.
Залуусын дунд Нын хүү М нь охидууд, загварынхантай дотно, тэдэн дунд нөлөөтэй, олон охид бүсгүйчүүд сольдог гэдгээрээ алдартай гэдгийг цөөнгүй залуус нийгмийн сүлжээнд бичсээр байхад Ч.Ч*******ийг танихгүй гэсэн Н.Мн хариулт нийгэмд ихэд эргэлзээ төрүүлж буй зэрэг болно.
Талийгаач Ч.Ч, Г.У******* нарын амиа хорлолтуудад ямар нэг хэмжээгээр холбоотой, мөн энэ бүгд амиа хорлолт биш байсан гэсэн таамгийг нийтээрээ тавьж байна.
Мөн цагдаа, шүүх шинжилгээний хүрээлэнгээс илтэд зөрүүтэй гаргасан мэдэгдлүүд нь олон нийтийн дунд хардах, сэрдэх, үл итгэх байдлыг үүсгэсээр байхад яагаад Монголын тэргүүн улс төрчийн гэр бүлийн гишүүн Н.М олон нийтэд ил тод мэдээлэхийн оронд Э.Цыг нэхэмжилсэн нь улам их хардалтыг төрүүлж энд огт өөр сонирхол байна гэж би эсэргүүцэж байна.
Би энэ нийгмийн ээдрээтэй, тэр бүр ил тод байдаггүй ч Э.Ц надад итгэн өгсөн мэдээллүүдийг эх сурвалжтай нь тавьдаг. Миний мэдээллийн эх сурвалж бол Ч.Ч*******ийн ээж Г.Ч*******, Чимэдц******* Г*******, иргэн н.Х******* нар бөгөөд би мэдээллийг найруулан фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн.
Сэтгүүлчдийн хөндөхгүй байгаа асуудлын талаар би 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 1 л удаа өөрийнхөө үгээр бичсэн. Миний фэйсбүүк хуудсыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хакердсан.
Миний хувьд шүүхийн өмнө хэлсэн үгэндээ эзэн болж соёлтой байхыг хичээж байна. Би өөрийн үзэл бодол, хардалтаа өөрийн цахим хуудастаа илэрхийлэх эрхтэй. Миний цахим хуудас миний үзэл бодол, өөрийгөө илэрхийлэх талбар болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Э.Цт холбогдуулан нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Э.Цт холбогдуулан үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд түгээснээр талийгаач Ч.Ч*******ийн үхэлд Н.Мг буруутай, хүчирхийлсэн, цорын ганц гэрчийг үхэлд хүргэсэн мэтээр гүтгэн хүний амь нас хохироосон, онц хүнд гэмт хэрэгт холбоотой мэт мэдээлэл гарч байгаа тул өөрийн нэр төрийг сэргээлгэх, уг асуудалд холбогдолгүй болохоо тогтоолгох зайлшгүй шаардлагатай болж байна хэмээн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дээрхи мэдээллийн эх сурвалж нь Ч.Ч*******ийн ээж Г.Ч*******, Чимэдц******* Г*******, иргэн н.Х******* нар бөгөөд би мэдээллийг найруулан цахим хуудсандаа /фейсбүүк/ нийтэлсэн. Би үзэл бодол, хардалтаа цахим хуудсаараа илэрхийлэх эрхтэй гэж маргаж байна.
Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КН апартмент хотхонд оршин сууж байсан иргэн Ч.ххххххххххххх2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өндрөөс унасан байдалтай нас барсан гэх хэргийг ХанУул дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 232 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаажээ.
Дээрх тогтоолд өмгөөлөгч О.Ц*******пунцаг, Б.Баярмагнай нар гомдол гарган Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 1/33 тоот тогтоолоор ... нэмэлт ажиллагаа хийлгэхээр бичсэн прокурорын даалгаврыг хангуулах шаардлагатай үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгосон байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/3058 тоот албан бичигт ... 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 232 тоот тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгох тухай Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 1/33 дугаар тогтоолыг хуулбарлан хүргүүлэв. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад баримтуудыг хуулбарлан хүргүүлэх боломжгүй байна гэжээ.
/ХХ-ийн 112-126 дугаар тал/
Хүний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй сөрөг агуулгатай мэдээ, мэдээлэл тарааснаар тухайн этгээдэд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй.
Хүний нэр төр нь хуулиар хамгаалагдсан нийт иргэдээс заавал хүндэлж, халдахгүй байхыг үүрэг болгосон нийтлэг эрх ба уг этгээдийн эсрэг мэдээлэл тарааснаас үүдэн түүнд нийгмийн зүгээс үзүүлэх хандлага сөргөөр өөрчлөгдсөн, мэдээлэл үнэн зөв биш байх тохиолдолд тухайн этгээдэд гэм хор учирч гутаагдсан гэж үзэх учиртай.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан ба гагцхүү шүүхийн шийтгэх тогтоолоор хэн нэг этгээд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар Монгол Улсын иргэн хүн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу аливаа иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ч эдгээр эрх нь бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, зөрчихгүй байх эрхээр хязгаарлагдах ёстой.
Хариуцагч Э.Ц нь нэр бүхий иргэдээс ирүүлсэн гэх тодорхой бус мэдээлэлд үндэслэн уг үйл баримтыг нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн мэт мэдээлэхдээ бодит байдалд бий болсон үйл баримтыг шууд заагаагүйгээс гадна нэхэмжлэгч дээрхи гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байхад уг үйлдлийг хийсэн мэт ойлголтыг нийтэд төрүүлэх агуулгатай мэдээлжээ.
Иргэний Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.9-д энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж тус тус заажээ.
Дээрхи зохицуулалтад зааснаар аливаа этгээд бусдын талаар мэдээлэл тарааж байгаа бол тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээхээр байна.
Хариуцагч Э.Ц нь Ч.хххххххххххххталийгаачтай хамгийн сүүлд Нын М 10 давхарт уулзахаар орсныг харсан, цор ганц гэрч Г.У******* 2019.02.25-ны өдөр ... нас барсан байдалтай олдож ....Тэрээр 2018.10.24-ний өдөр ... хүчирхийлийн чимээ сонссоноо талийгаачийн ахад гэрчилсэн. ... Тамхи татахаар өмнө нь гарахдаа Мг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхар руу шатаар явж орохыг харсан. ...Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан .... гэх агуулгатай мэдээ мэдээллийг түгээсэн боловч үүний үнэн зөв буюу бодит байдал дахь үйл баримттай нийцэж буй нь тогтоогдохгүй байна.
Ч.хххххххххххххнас барсан гэх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.М оролцогч, бусад оролцогчоор оролцоогүй байх бөгөөд Г.У******* нь тухайн үйл явдал болсон гэх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2-5а/7795 тоот Г.У******* нь Алтанбулаг авто замын боомтоор 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан, 26-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна гэх лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 29, 78-94, 108-110, 155-161 дүгээр тал/
Дээрх мэдээллийг хариуцагч Э.Ц 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр өөрийн цахим /фэйсбүүк/ хуудсанд нийтэлснээр 3.800 гаруй удаа бусдад түгээгдэн 978 сэтгэгдэл бичигдсэн талаар талууд тайлбарласан ба уг мэдээлэл олон нийтийн цахим сүлжээн дэх дагагч найз нөхдийн хүрээнд бус түүнээс цааш бусад этгээдэд буюу нийтэд түгээгдсэн байх тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээр няцаах нь зохигчийн хүсэл сонирхолд нийцнэ.
Нэр төрийг сэргээх арга нь уг мэдээний эсрэг няцаалт хийхийг тухайн этгээдэд үүрэг болгох ба няцаахдаа мэдээ тараасан хэлбэр, эсхүл өөр хэлбэр, аргыг ашиглаж залруулга хийх бөгөөд мэдээ тараасан хэлбэр гэдэг нь тухайлбал өдөр тутмын сонинд мэдээ нийтлэгдсэн бол тухайн сониноор, мэдээ сонины эхний нүүрэнд тавигдсан байсан бол уг газарт, бичгийн ямар хэлбэр, үсгийн ямар фонтоор бичигдсэн бол тэр аргаар залруулж няцаахыг ойлгоно.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мн нэр төрийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагч Э.Цт даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мн нэр төрийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагч Э.Цт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цоос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Г.СОЛОНГО
Э.ЭНЭБИШ