Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 60

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаа нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантулгын Дэрэмрагчаад холбогдох эрүүгийн 201617000315 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1993 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт оршин суух, эрхэлсэн  ажилгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  Боржигон овогт Гантулгын Дэрэмрагчаа.

Холбогдсон  хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаа нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт 4 замын уулзвар дээр  Хьюндэй Портер маркийн 53-93 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас 11 настай  С.Батжаргалын биемахбодод хүнд  гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Г.Дэрэмрагчаа  мэдүүлэхдээ: Би тухайн үед хуучнаар 13-р дэлгүүрийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойд талаасаа урд тал руу  төв рүү орох гэж явж байсан. Замын уулзвар гарах гэж байтал миний машины баруун талаас түс гээд дуугарсан. Тэгэхээр нь машинаа эргүүлээд хойд тал руу нь харуулж зогсоотол унадаг дугуйтай хүүхэд байсан. Тэгээд би 13-р дэлгүүрт орж эмнэлгийн дугаар авч утсаар яриад түргэн тусламж дуудсан. Түргэний машин ирэхэд машинаа тэнд орхиод хамт эмнэлэг рүү түргэн тусламжийн машинтай явсан. Тэгэхэд эмнэлэг дээр 2 цагдаа ирсэн. Тиймээс би эгчийгээ дуудаж тэр хүүхэдтэй хамт орхиод цагдаа нартай хамт хэрэг болсон газар руу явсан. Хэрэг болсон газарт цагдаа нар очиж үзлэг хийсэн. Осолд орсон хүүхдийн ээж, аав нь тухайн үед байгаагүй учраас эгч бид хоёр эмнэлэг дээр сахиж хоносон. Ээж, аавыг нь тэр өдөр хайгаад олоогүй. Маргааш нь ээж, аав  нь ирсэн гэв.

-Насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ангийн хүүхэд Тэмүүлэнтэй хамт дугуйтай Дэлгэрбаяр гэх ангийн хүүхдийнхрүү өөр өөрсдийн дугуйтай засмал замаар явсан юм. Тэгэхэд 13 дугаар дэлгүүрийн урд талд нэг машин намайг мөргөчихөн. Би тэр машиныг хараагүй гэнэт л машин гараад ирэхэд тоормослох гэсэн амжаагүй мөргөсөн. Тухайн үед миний зүүн гар хугарсан, үүдэн 2 шүд хугарсан, тархи гэмтсэн эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

            -Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Ч.Сэдэддугарын мөрдөн байцаалтанд өгсөн: Эхнэр Буянцэцэг бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 14-ний орой 12 настай хүү Батжаргал, 6 настай хүү Содномрагчаа хоёрыг гэртээ үлдээгээд 6 сартай охин Цолмонгэрэлийг аваад хөдөө  гэрээ нүүлгэж дулаалахаар явсан юм.  2016 оын 10-р сарын 16-ны өдөр гэртээ ирээд том хүү Батжаргалыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 дугаар дэлгүүрийн дөрвөн замын уулзвар дээр дугуй унаж явж байгаад машинд мөргүүлж эмнэлэгт хэвтсэн болохыг нь мэдсэн юм. Тэгээд л бага хүү Содномрагчаагаас юу болсон талаар асуухад Батжаргал ах өчигдөр ангийнхаа Тэмүүлэн гэдэг хүүхэдтэй тэдний гэр рүү явлаа гээд явсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31/

 Шүүх эмнэлгийн 434   тоот актын  дүгнэлт:

1.С.Батжаргалын биед гавал тархины няцрал хүнд  хэлбэр, тархины гүн дэх дух хэсгийн цусан хураа, 2 талын гайморийн хөндий, суурийн хөндийн цусан хураа, зүүн талын ухархайн гадна хана , суурь ясны далавч, 2 талын хугарал бүхий хүнд, баруун талын хацар яс, шанаа хоншоорын хугарал, дээд уруулын язарсан шарх, зүүн чихний зүүн ташаанд, зүүн өвдөг шилбэний дээд хэсэгт зулгарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТХЖ-ын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./хх-ийн 40/, 

2016 оны 10-р сарын 15-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл:

Зам тээврийн осол болсон зам нь баруун урдаас зүүн хойд зүг рүү чиглэсэн 7 метр өргөнтэй хатуу хучилттай зам байх ба зам дээр ямар нэгэн тээврийн хэрэгслийн тоормосны мөр ...байхгүй байв. Уг дөрвөн замын уулзвараас баруун урагшаа чиглэсэн зам дагуу ертөнцийн зүгээр урд талд 4,9 метр зайд, замын баруун захаас 34 см зайд хар өнгийн GINMO нэртэй хүүхдийн унадаг дугуй баруун талаар зүүн зүг рүү харж зам дээр унасан байх ба тухайн ундаг дугуйны урд талын дугуйнаас хойшоо 40 см зайд, замын баруун захаас 70 см зайд анх унадаг дугуйг мөргөсөн газрыг А цэгээр тэмдэглэж координатыг үзэхэд хойд өргөргийн 460069105211, зүүн уртрагийн 1130 281 54011 градуст байв. Дөрвөн замын зүүн урд байх өндөр хүчдэлийн 26 дугаартай цементэн шонг үл хөдлөх Б цэгээр тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл хэмжиж үзэхэд /А цэгээс зүүн тийш 11.5 метр, хойд зүгт 7 метр/ 18.5 метр хэмжээтэй байна. Унадаг дугуйны ойр орчимд машины толины хэлтэрхий хагархай шилнүүд хэд хэдэн газар зам дээр унасан байна. Дөрвөн замаас баруун урагш чиглэсэн замын зүүн талд 26 метр зайд хойшоо харж зогссон Портер маркийн 53-93 СҮА улсын дугаартай цагаан өнгийн машин зогсож байх ба уг машины жолооч гэх Г.Дэрэмрагчаа ярихдаа би энэ машинтайгаа хойноос урагшаа чиглээд явж байсан гэв./ хх-3, 4/, 

Фото зургийн үзүүлэлтүүд /автомашин болон унадаг дугуйны эвдрэлийг харуулсан зурагнууд /хх-ийн 5,6, 66/

2016 оны 05-р сарын 06-ны өдрийн 15 дугаартай Шинжээчийн дүгнэлт:..Гантулга овогтой Дэрэмрагчаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөн байна. /хх-ийн 225/

Гэрч  Ц.Анхбаяр, Б.Шажинбат, С.Дорждэрэм  нарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 35, 36, 37 хуудас

Г.Дэрэмрагчаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-84/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаа нь  2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим өөрийн эзэмшлийн 53-93 СҮА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн автомашин жолоодож явахдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 замын уулзвар дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд саад аюул бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг  зөрчиж 11 настай хохирогч С.Батжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Батжаргал, гэрч Шажинбат нарын мэдүүлэг,  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт   434,  техникийн   шинжээчийн 15,  47 дугаартай  дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,  хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаа нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч  2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн  найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д зааснаар хүндэвтэр хэргийн ангилалд багтах ба шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн,  учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнссэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна” гэж заасан тул Г.Дэрэмрагчаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дэрэмрагчаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй.

Шүүгдэгч Г.Дэрэмрагчаа нь цагдан хоригдоогүй,  насанд хүрээгүй хохирогч  С.Батжаргалын эмчилгээний зардалд 2 100 395 төгрөг төлсөн, 1 685 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сэдэддугар нь  9 014 605 төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэснийг  тус тус дурдаж, Г.Дэрэмрагчаагийн эзэмшлийн  53-93 СҮА улсын дугаартай  Хьюндэй Портер маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10-р  сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсарган үлдээж, Г.Дэрэмрагчаагийн 903292 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6., 1.7,  1.8,  36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Дэрэмрагчааг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар  Г.Дэрэмрагчаагийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дэрэмрагчаад авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дэрэмрагчаагаас 1 685 000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Батжаргалд олгосугай. 

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1 685 000 төгрөгийг хохирогч С.Батжаргалд 3 сарын дотор төлөхийг шүүгдэгч Г.Дэрэмрагчаад даалгасугай. 

6. Шүүгдэгч Г.Дэрэмрагчаа нь цагдан хоригдоогүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч С.Батжаргалд  эмчилгээний зардалд 2100395  төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сэдэддугар нь 9  014 605 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч  Г.Дэрэмрагчаагийн эзэмшлийн  53-93 СҮА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Дэрэмрагчаагийн 903292 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.САНЖИДМАА