Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/476

 

                                            Д.Х-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор А.Азжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Хишигжаргалын бичсэн 2021 оны 4 дүгээр саран 19-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Х-д холбогдох эрүүгийн 2011 01856 0180 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Д-н Х, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........................... тоотод оршин суух, /РД: ............../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Д.Х нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Н.А-г 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд ................. тоотод “гэртээ хоол хийлгүй цайны газарт мөнгө үрж хоол идлээ” гэх шалтгааны улмаас гараараа толгойн тус газарт цохиж, Н.А-н зүүн чихийг сэтэлж гэмтэл учруулсан,

2020 оны 7 дугаар сарын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим “гэртээ ирэхгүй удлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, өөрийн эзэмшлийн машин дотроо зодсон,

2020 оны 9 дүгээр сард .............. тоотод маргалдсаны улмаас гараараа толгойн тус газарт цохиж ухаан алдуулсан,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ................... тоотод “хаагуур тэнэж яваад ирсэн янхан бэ” гэх шалтгааны улмаас зүүн шанаан тус газарт гараараа 3 удаа цохиж, биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Х-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Д-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий хүн /хамтран амьдрагч Н.А/-ийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “... Хяналтын прокурор А.Азжаргал нь Д.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дагуу хэрэгт мөрдөн байцаалт явуулсан.

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хяналтын прокурор А.Азжаргал хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг яллагдагчид танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын прокурор А.Азжаргал нь яллагдагч Д.Х-ны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан нь хууль буруу хэрэглэсэн, үндэслэлгүй санал байх ба прокурорын хууль хэрэглээний алдаатай шийдвэртэй хэргийг анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн хориглосон заалтыг зөрчиж, шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн хууль хэрэглээний алдаатай шийдвэр гэж үзэхээр байна.

Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх асуудлыг тусгайлан зохицуулсан мөн хуулийн 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан шийдвэрлэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Д.Х-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Д.Х нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Н.А-г “гэртээ хоол хийлгүй цайны газарт мөнгө үрж хоол идлээ” гэх шалтгааны улмаас гараараа толгойн тус газарт цохиж, түүний зүүн чихийг сэтэлж гэмтэл учруулсан,

2020 оны 7 дугаар сарын үед “гэртээ ирэхгүй удлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, өөрийн эзэмшлийн машин дотроо зодсон,

2020 оны 9 дүгээр сард маргалдсаны улмаас гараараа толгойн тус газарт цохиж ухаан алдуулсан,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “хаагуур тэнэж яваад ирсэн янхан бэ” гэх шалтгааны улмаас зүүн шанаан тус газарт гараараа 3 удаа цохиж, биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Прокуророос Д.Х-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, тогтоол үйлдэн яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар тус тус хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн илтэд алдаатай шийдвэрийг зөвтгүүлэлгүйгээр, шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд дээд шатны прокурор С.Хишигжаргалын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29ий өдрийн 2021/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР