| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0210/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/313 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Цогзолмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/313
2025 7 01 2025/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цогзолмаа,
Хохирогч Б.А /онлайнаар/, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
Иргэний нэхэмжлэгч Ю.Ж өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б.З-д холбогдох эрүүгийн 000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................................регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр багийн нутаг, 124 дүгээр даваа гэх газарт 00-00 ЛЛЛ улсын дугаартай “Тоёота акуа" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэснийг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Жаргалсайханы жолоодож явсан 00-00 ППП улсын дугаартай "Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота акуа" маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Алтанзулын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Б.А-н өгсөн: “Би Улаанбаатар хот Улсын 2 дугаар эмнэлэгт дотрын эмчээр суралцангаа ажилладаг юм. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөө аваад 14 цаг 30 минутад ажлаасаа гараад Дархан-Уул аймаг руу явахаар болсон. Би Улаанбаатар хотоос орон нутгийн хооронд явдаг Б.З гэх хүний Тоёота Акуа маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн тээврийн хэрэгсэлтэй Б.З гэх жолооч Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот хооронд явдаг такси бөгөөд намайг Улаанбаатар хотын номын сангийн урд талаас машиндаа суулгаж хөдлөөд 100 айлын автобусны буудлаас нэг хүн суулгаж Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлд 16 цагийн орчимд хөдөлсөн. Тухайн үед Б.З гэх хүн жолоо барьж байсан. Би жолоочийн хажуу талын суудалд суудлын бүсээ зүүчихсэн сууж явсан. Харин 100 айлын автобусны буудлаас суусан охин арын суудалд ганцаараа суучихсан явсан. Тэгээд Улаанбаатар хотоос орон нутгийн зам руу гараад Дархан-Уул аймгийн чиглэлд явсан. Улаанбаатар хотоос гараад 1 цаг орчим явж яваад Баруун хараа гэх газар руу орж ирж байтал машин барьж явсан жолооч Б.З замын аюулгүйн тойргон дээр урд явж байсан Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөчихсөн. Миний сууж явсан машин нэлээн хурдтай явж байсан. Машины тоормос гишгэж хурдаа хассан эсэхийг мэдэхгүй байна. Мөн урд явж байсан Кровн маркийн тээврийн хэрэгсэл аюулгүйн тойрог дээр хурд сааруулагчаар гарч байсан машин юм. Хурд сааруулагчаар гарч байсан машины араас миний сууж явсан машин мөргөсөн. Миний сууж явсан талаар урд байсан машиныг мөргөж замын баруун тал руу миний сууж явсан машин шидэгдэж бүтэн эргэж замаас гарсан. Тухайн үйлдэл хурдан болж өнгөрсөн. Машин замаас гарч жолоочийн талаар харж унасан. Жолооч өөрийн суудлын бүсээ тайлаад миний сууж байсан талын хаалгаар онгойлгож машинаас гарсан. Харин би суудлын бүс тайлах гэхэд нэлээн чангарсан тайлж чадахгүй байсан. Харин арын суудал дээр сууж байсан охин ухаангүй сэрэхгүй байсан. Жолооч Б.З миний суудлын бүсийг тайлж намайг машинаас гаргасан. Тэгээд замын хүмүүс бид нарт ирж тусалсан. Машиныг 4 дугуйн дээр нь босгож машинаас арын суудал дээр сууж явсан охиныг гаргасан. Охин машинаас ухаангүй гарч ирсэн. Хэсэг хугацааны дараа арын суудал дээр сууж явсан охин ухаан орсон. Замын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би хамгаалах бүс зүүчихсэн байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн хэдэн км/-ц-ийн хурдтай явж байсныг хараагүй. Миний мэдэхээр нэлээн хурдтай явж байсан. Тухайн үед замын нөхцөл хэвийн, цаг агаарын таатай үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулах болно. Би гомдолтой байна. Би эрүүл мэндээрээ хохирсон. Зам тээврийн ослоос болж ажиллаа хийж чадахааргүй болсон. Олон хагалгаанд орж байгаа бие маань тэнхэрч өгөхгүй байгаа. Мөн тухайн жолооч над руу утсаар холбогдсон зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг барагдуулаагүй байна. Одоо дахин хагалгаанд орохоор болсон учраас надад учирсан хагалгааны мөнгө, эм тарианы мөнгө гээд учирсан хохирлыг жолооч Б.З-гаас гаргуулж авах болно. Би өдөрт дунжаар эм тарианы мөнгө гээд 60.000 төгрөгийн зарлага гарч байна. Осол болсноос хойш өдөр бүр эмчилгээ хийлгэж байна. Иймд гарсан зардлыг жолооч Б.З-гаас гаргуулах болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
Иргэний нэхэмжлэгч Ю.Ж-ны өгсөн: “Зам тээврийн осолд орсон 16-00 УНА улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан орохоор өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа явж байхад Төв аймгийн Жаргалант сум салдаг тойрог өнгөрөөд 124-ийн давааны урд байх аюулгүйн тойргийн наана байх хурд сааруулагч дөнгөж даваад 2-3 метр зайг туулж байхад тээврийн хэрэгсэл явахаа болиод баруун гар тал руу шарваж зогсоод би өөрийн сууж байсан талынхаа хаалгаар буух гэтэл онгойхгүй байхаар нь эсрэг талын хаалгаар буутал тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөчихсөн. Ард талд цагаан өнгийн Акуа маркийн машин замын хажуу талын ховилд хөндлөн харчихсан зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдааг ирэх хүртэл хоёр тээврийн хэрэгсэлд ойртоогүй. Би тухайн үед 5 км хурдтай л явж байсан. Тухайн үед хойноос мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч хоорондын зайгаа барьж яваагүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Тухайн үед цаг агаар тогтуун, нартай, замын гадаргуу хуурай тэгшхэн, миний гарсан хурд сааруулагчийн тэмдэг тэмдэглэгээ харагдаж байсан. Хурд сааруулагч өргөн, өндөр байсан учир жижиг тэргүүд түүн дээгүүр хурд багатай гарч байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 21,350,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Би тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан мөнгөн дүн ба үнэлгээ, оношилгооны төлбөр болох 1,289,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулан авмаар байна. Бусад зардлыг дараа нь гаргаж өгнө. Миний өөрийн тээврийн хэрэгслийн эвдрэл нь засварлах боломжгүй тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Иргэний нэхэмжлэгч Г.Н-ны өгсөн: “Би Б.З гэх хүнийг сайн танихгүй. Учир нь би 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.З тай анх удаа уулзаж машинаа түрээслүүлэхээр болж өгч явуулсан. Би фейсбүүкээр "машин түрээслүүлнэ" гэж зар оруулсан байсан. Тэгээд зарын дагуу Б.З гэх хүн надтай холбогдож яриад би өөрийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслээ 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 2 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж байсан. Тэгээд би өөрийн машинаа Б.З гэх хүнд өгч явуулсан юм. Тэгтэл 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.З гэх залуу над руу утсаар залгаад "машиныг чинь унаж яваад аваарт орчихлоо, та ямар даатгалтай вэ" гэж асууж байсан. Тэгээд миний 00-00 ЛЛЛ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн байсан. Би машины эвдрэл гэмтлийн үнэлгээ гаргуулах үед нь машин дээрээ очиж үзэхэд их эвдрэл гэмтэлтэй харагдаж байсан. Уг тээврийн хэрэгслийг би 2024 оны 5 сард банк бус буюу лизинд урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч зээлээр худалдан авсан. Тухайн үед Үнэн ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байсан. Харин өчигдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр машиныхаа зээлийг бүгдийг нь төлж дуусгаж зээлийн үлдэггүй тул одоо миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм. Би өөрийн машины түрээсийн мөнгө болон машины үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо буруутай жолоочоос нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55, 57/,
Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23/122 дугаар албан бичгээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн үйлчилгээ авсан талаарх тодорхойлолт , хавсралт /хх-ийн 58, 60-61/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г-н өгсөн: “Иргэн Б.Ань 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 11,520,990 төгрөгийн хөнгөлөлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайн иргэн Б.А-н эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нийт 11,520,990 төгрөгийн хөнгөлөлтийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
Гэрч О.Б-н өгсөн: “2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах гээд замын унаанд суусан. Тэгээд миний суусан "Тоёота Акуа" маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор З гэх хүн байсан. Мөн түүний хажуу талд нэг эмэгтэй зорчигч суугаад харин би арын суудалд ганцаараа суусан. Ингээд бид гурав Улаанбаатараас Дархан-Уул аймаг орох гээд хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад би 22-н товчоо өнгөрөөд унтчихсан байсан. Тэгээд гэнэт зам тээврийн осол болоод би сэрсэн. Намайг сэрэх үед машинаас гаргачихсан би гадаа хэвтэж байсан. Би унтаж явсан болохоор яагаад зам тээврийн осол гарсныг мэдэхгүй байна. Би осол болох үед унтаж явсан болохоор хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Жолооч болон урд явсан зорчигч нар суудлын бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Би бол суудлын бүсээ зүүгээгүй байсан. Миний биед гэмтэл бэртэл учраагүй. Би зүгээр болно. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
Шүүгдэгч Б.З-гийн өгсөн: “Би 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 00-00 ЛЛЛ улсын дугаартай "Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос утсаар холбогдож Дархан явах хоёр хүн аваад хотоос гараад 124-ийн давааны урд замд явж байгаад гэнэт урд хурд сааруулагч дээр бараан өнгийн машин гарч байгааг хараад тоормос гишгээд машин зогсолгүй араас нь мөргөөд замын хажуу тал руу орж баруун талаараа доош харж хажуулдаад зогссон үйл явдал болсон. Тэгээд ойр орчим явж байсан хүмүүс ирж машиныг босгон биднийг машинаас гарган эмч болон цагдаа дуудсан. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Гэхдээ ажил хийж тул хохирлоо төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 158/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №370 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Б.А-н биед Ѕ-гэдэсний няцрал задрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн тархмал няцрал, серозон бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний чацархайн угийн няцрал, их сэмжний задрал, гялтангийн /урд болон ар гялтангийн/ тархмал няцрал, баасны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн 1,2,5,6,8,9-p хавиргануудын зүүн суганы өмнөд шугамаар зөрөө багатай хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн компьютерт томографын шинжилгээ, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн мэс засал эмчилгээгээр тус тус оношлогдсон байна. 4. 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авайн оношилгоогоор тогтоогдсон элэгний уйланхай нь удаан явцтай архаг эмгэг болно. 5. Дээрх гэмтлүүдийн Ѕ-гэдэсний няцрал задрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн тархмал няцрал, серозон бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний чацархайн угийн няцрал, их сэмжний задрал, гялтангийн /урд болон ар гялтангийн/ тархмал няцрал, баасны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн 1,2,5,6,8,9-р хавиргануудын зүүн суганы өмнөд шугамаар зөрөө багатай хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тус тус тогтоогдлоо. 6.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална.” гэжээ /хх-ийн 79-82/,
“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны №20240617010 дугаартай үнэлгээний тайлан: "Ю.Жаргалсайханы эзэмшлийн Toyota Crown маркийн 00-00 ППП улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 33 000 000 /гучин гурван сая/ төгрөг, хохирлын хэмжээ 21 350 000 /хорих нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тооцсон.” гэх /хх-ийн 84-87/,
“Ино Марк Мастер”-н ослын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №24/06/56 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-92/,
“Вендо” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №49940/ДД№33267982 дугаартай үнэлгээний тайлан: “Үнэн-итгэл” ББСБ ХХК-ны өмчлөлийн Toyota Aqua маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 17 000 000 /арван долоон сая/ төгрөг, хохирлын хэмжээ 9 823 000 /есөн сая найман зуун хорих гурван мянга/ төгрөгөөр тооцсон.” гэх /хх-ийн 96-107/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны №1127 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Б.А-н сэтгэцэд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авто осолд өртсөний улмаас хор уршиг учирсан байна. 2.Б.Алтанзулын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэжээ /хх-ийн 120-121/,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №52/90 24/374 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Хэргийн материалтай танилцахад Toyota Aqua маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй...байх хэмжээний хоорондын...зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Crown маркийн 00-00 ППП улсын дугаартай автомашины жолооч Ю.Жаргалсайханыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4.Toyota Aqua маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 5.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 6.Нэмж тусгах саналгүй.” гэх /хх-ийн 136-138/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-19/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр багийн нутаг, 124 дүгээр даваа гэх газарт 00-00 ЛЛЛ улсын дугаартай “Тоёота акуа" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Жаргалсайханы жолоодож явсан 00-00 ПППулсын дугаартай "Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота акуа" маркийн 00-00 ЛЛЛулсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Алтанзулын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Зам тээврийн ослын улмаас Б.А-н эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Алтанзулын эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 11 520 990 төгрөгийн эмчилгээ, иргэний нэхэмжлэгч Г.Номингийн шүүгдэгч Б.З-гийн түрээслэн унаж явсан Т.Акуа маркийн тээврийн хэрэгсэлд 9 823 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ю.Жаргалсайханы жолоодож явсан "Тоёота кровн” маркийн 00-00 ПППулсын дугаартай тээврийн хэрэгсэлд 21 350 000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Хохирогч Б.А-ийн эмчилгээний зардалд 27 882 165 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гуравдугаар зэргээр тогтоосныг дээд хэмжээгээр тооцож гаргуулах хүсэлт гаргасан байна.
Хохирогчийн хавтаст өгсөн баримтаас эмчилгээний зардал болох 1 657 568 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэв. Үүн дээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг хохирогч Б.А-н эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, зовиур шаналлыг харгалзан 22,99 дахин нэмэгдүүлж 15 173 400 төгрөгөөр тооцож нийт 16 830 968 төгрөг гаргуулж үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчид өгсөн 3 580 000 төгрөгийг хасаж үлдэх 13 250 968 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.А-д олгохоор,
Гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээгээр тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Г.Номинд 9 823 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д 21 350 000 төгрөг үүн дээр оношилгооны төлбөр 1 289 000 төгрөг нийт 22 639 000 төгрөг,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." гэж зааснаар хохирогч Б.А-н эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 11 520 990 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Б.А нь эмчилгээний болон бусад зардал гэх 26 224 597 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримт авагдаагүй, дансны хуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нээлттэй орхиж мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийж хохирол төлөх нөхцөл боломжоор хангаж Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох.",
Хохирогчийн өмгөөлөгч Соронзонболд “Хохирогчийн эрүүл мэндийн байдал, хор уршиг арилаагүй, сэтгэл санаа нь тогтворгүй, тайван биш байгаа, хохирол нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Өлзийцэцэг “Аав нь нас барсан эмээгийнхээ хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэх үедээ 21 настай, оюутан байсан. Амьдралаа авч явах гэж байгаад л гэмт хэрэгт холбогдсон. Ял шийтгэл өндөр байх тусам үр өгөөж муутай, миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлж, хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Гэм буруу дээр маргадаггүй, гэм буруутайд тооцсон зүйл анги нь сонгох санкцтай тул хохирлыг нөхөн төлөөгүй гэдгээр хорих ял оногдуулж болохгүй.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа /хх-ийн 215-219/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 220/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.З-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, насны байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаад хохирлыг нөхөн төлнө гэх хүсэлт зэргийг харгалзан түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад цагт Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б. Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.З-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.З-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-гаас нийт 57 233 958 /тавин долоон сая хоёр зуун гучин гурван мянга есөн зуун тавин найм/ төгрөг гаргуулж, Увс аймгийн Улаангом сумын ...................... тоотод оршин суух хохирогч Б.А /РД:0000000/-д 13 250 968 /арван гурван сая хоёр зуун тавин мянга есөн зуун жаран найм/ төгрөг, ..................тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ю.Ж-д /РД:0000000/-д 22 639 000 /хорин хоёр сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөг, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, ........................ тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Г.Н /РД:000000-д 9 823 000 /есөн сая найман зуун хорин гурван мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 11 520 990 /арван нэгэн сая таван зуун хорин мянга есөн зуун ер/ төгрөг тус тус олгосугай.
7.Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Алтанзулд 3 580 000 /гурван сая таван зуун наян мянга/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.Ань хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
8.Шүүгдэгч Б.З-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн 0000000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ