Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/03387

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2019/03387 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Д-н Бийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххх тоотод оршин суух, Ж-н Э /РД: ххххххххххх/,

Хариуцагч: хххххххххххх тоот, Э ХХК /РД: хххххххххххх/ нарт холбогдох,

Орон сууцны үнэ 150.000.000 төгрөгийг болон орон сууц түрээслэсэн төлбөр 10.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Ж.Э, хариуцагч Э ХХК-ийн захирал Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Э ХХК-ийн захирал Ж.Этай 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдаж авах гэрээ байгуулсан. Тухайн үед Э ХХК нь Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба бартераар авах байрнаасаа өгнө гэж гэрээ байгуулсан.

Мөн дараа нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөн дээрх хотхоноос дахин нэмж 45 м.кв хэмжээтэй 2 өрөө байр өгөхөөр тохирч гэрээ байгуулан надаас мөнгө авсан боловч өнөөг хүртэл эдгээр байрнуудаа өгөөгүйгээр барахгүй туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Цагаан хуаран хотхоноос авах ёстой байраа аваад зарчихсан гэж хэлсэн.

Би энэ хүнд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь тус болох үүднээс өөрийн амьдарч байсан байраа 2018 оны 12 дугаар сард зарж мөнгийг нь өгч өнөөг хүртэл түрээсийн байранд амьдарч сэтгэл санаа, эд материалын хохирол амссаар байгааг маань мэдсэн атлаа итгэлийг минь хөсөрдүүлсэнд гомдолтой байна.

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл гэрээ байгуулан 5.950.000 төгрөг бэлнээр төлж байр түрээслэх хугацаагаа 2 сараар сунган 1.600.000 төгрөг мөн байрны түрээсийн төлбөрт төлсөн.

2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс дахин өөр байр түрээслэн 2.700.000 төгрөг төлөн гэр бүлийн хамт түрээсийн орон сууц дамжин хэцүүхэн байдалтай амьдарч байна. Орон сууцны түрээсийн төлбөрт 10.250.000 төгрөгийг Ж.Э, хариуцагч Э ХХК нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна.

Би Э ХХК-ийн захирал Ж.Этай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас А блокын 1 буюу 2 дугаар орцны 39.5 м.кв талбайтай орон сууц, үнэ нь 71.100.000 төгрөг, мөн 3 дугаар ээлжийн барилгын 6 дугаар давхрын 45.3 м.кв талбайтай орон сууц, үнэ 80.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахаар тохирч гэрээ байгуулсан.

Эдгээр орон сууцыг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч бусдад зарсан гэх тул мөнгийг нь нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Би Э ХХК-ийн захирал Ж.Эт бэлэн мөнгө 66.500.000 төгрөг өгсөн бөгөөд 20.038.000 төгрөгийн ажлын хувцас өгсөн.

Иймд гэрээнд заасан 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууцыг өгөх боломжгүй гэсэн тул эдгээр байрны үнэ 150.000.000 төгрөгийг Ж.Э, хариуцагч Э ХХК нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Э, хариуцагч Э ХХК-ийн захирал Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.Б ахтай тохирч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг зээлэн зээлийг буцааж төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө, 39.5 м.кв орон сууц нийлүүлэхээр гэрчилгээг олгож төлбөрийг дуусгахаар тохирсон. Энэ 39.5 м.кв талбайтай байрны талаар ярих зүйл алга.

Цагаан хуаран хотхоны орон сууц 1 м.кв нь 1.980.000 төгрөгөөр зарагдаж байгаа. 10.000.000 төгрөгийг бэлэн бусаар, үлдэх 5.000.000 төгрөгт нь ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас авсан.

Эвлэрэх саналыг надад хэд хэдэн удаа тавьсан. Би Д.Б ахтай хуурай ах дүүгийн холбоотой байсан ба эцсийн дүндээ хуурах санаа байгаагүй. Д.Б ахын хувьд бол намайг хүлээгээд тэвчсэн зүйл байгаа.

Надад хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний талаар маргаан байхгүй. Авсан нь үнэн. 20.038.000 төгрөгийн ажлын хувцас хүлээлгэж өгсөн гэж байна. Үүн дээр маргаантай байгаа. Миний хувьд манай компани 12.351.000 төгрөгийн ажлын хувцас авсан гэсэн тооцоо байгаа.

Д.Б ахад хэд хэдэн байр санал болгож байсан бөгөөд өөрөө зөвшөөрөөгүй. Одоо 90.000.000 төгрөг өгөөд эвлэрч болж байна. 150.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Э, Э ХХК нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхон, 3 дугаар ээлжийн барилгаас 39.5 м.кв болон 45 м.кв талбайтай тус бүр 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч тал 2 ширхэг орон сууцыг өгөх боломжгүй гэсэн тул эдгээр орон сууцны үнэд 150.000.000 төгрөгийг хариуцагч Ж.Э, Э ХХК нараас гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд байр түрээслэн амьдарч байгаа хэмээн тайлбарлан түрээсийн төлбөрт 10.250.000 төгрөгийг Ж.Э, хариуцагч Э ХХК нараас нэхэмжилсэн ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд тэрээр уг шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Этай 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн ба хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр,

буцаан төлөхдөө Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн 528 айлын барилгаас 2 өрөө 39.5 м.кв орон сууц нийлүүлэн Д.Бийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгон төлбөрийг дуусгахаар тохиролцжээ.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба хариуцагч тал уг гэрээ байгуулсантай холбоотой маргах зүйлгүй хэмээн тайлбараа гаргасан болно.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-ийн захирал Ж.Этай 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Э ХХК-иас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан хуаран хотхоны 3 дугаар ээлжийн барилгаас 45.3 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.800.000 төгрөгт тооцон авахаар тохирч, нийт үнийг 80.000.000 төгрөгөөр тохирч,

уг өдөр нь 30.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, 2019 оны эхний 7 хоногт багтаан 30.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрт ажлын хувцас өгөхөөр тохирон гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар болон уг гэрээг тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр ба уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-ийн захирал Ж.Эт өмнө зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөр 200.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 700.000 төгрөг болон 2.000.000 төгрөг, Ж.Эын өмнөөс цагдаагийн байгууллагад төлсөн 300.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 27.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 200.000 төгрөг, нийт 66.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар хариуцагч Э ХХК болон тус компанийн захирал Ж.Э нь маргахгүй хэмээн тайлбараа гаргасан болно.

/ХХ-ийн 7, 27-33, 138-226 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэтэй 40 ширхэг цээживч /желетка/, нийт 1.120.000 төгрөг,

нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг ажлын хос хувцас, нийт 195.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэтэй 40 ширхэг цээживч, нийт 1.120.000 төгрөг,

нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг ажлын хос хувцас, нийт 195.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэтэй 70 ширхэг цээживч, нийт 1.960.000 төгрөг,

нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг ажлын хос хувцас, нийт 195.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг ажлын хос хувцас,

2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэтэй 65 ширхэг цээживч, нийт 1.820.000 төгрөг,

нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй инженер техникийн ажилчдын хос хувцас 4 ширхэг, нийт 260.000 төгрөг,

2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэтэй 61 ширхэг цээживч, нийт 1.708.000 төгрөг,

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэг бүр нь 50.000 төгрөгийн үнэтэй 39 ширхэг цээживч өмдний хослол, нийт 1.950.000 төгрөг,

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй инженер техникийн ажилчдын хос хувцас 1 ширхэг,

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй өвлийн хос хувцас 7 ширхэг, нийт 700.000 төгрөг,

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй өвлийн хос хувцас 9 ширхэг, нийт 900.000 төгрөг

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэг бүр нь 75.000 төгрөгийн үнэтэй инженер техникийн ажилчдын хос хувцас 13 ширхэг, нийт 975.000 төгрөг,

нэг бүр нь 45.000 төгрөгийн үнэтэй инженер техникийн ажилчдын дан цээж 2 ширэхг, нийт 90.000 төгрөг,

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр нэг бүр нь 60.000 төгрөгийн үнэтэй цээживч өмдний хослол, 112 ширхэг, нийт 6.720.000 төгрөг, бүгд 20.038.000 төгрөгийн ажлын хувцас хүлээлгэн өгсөн нь түүний тайлбар болон дурьдсан хугацаанд тухайн нэр төрлийн хувцсыг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 7, 119-125 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Э ХХК нь 20.038.000 төгрөгийн хувцас аваагүй, 12.351.000 төгрөгийн ажлын хувцас авсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй болно.

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Д.Бөөс авсан хувцасны тооцоог хүснэгтээр гаргасан гэх боловч энэ нь тухайн ажлын хувцсыг хариуцагч тал аваагүй гэсэн ойлголт биш юм.

/ХХ-ийн 136-137 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК болон Э ХХК-ийн захирал ажилтай иргэн Ж.Э нартай байгуулсан дээр дурьдсан гэрээнүүдийн үүргээ биелүүлсэн тул хариуцагч тал гэрээгээр тохирсоны дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Цагаан хуаран хотхон, 3 дугаар ээлжийн барилгаас 39.5 м.кв болон 45 м.кв талбайтай тус бүр 2 өрөө бүхий 2 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч тал дээрх 2 орон сууцыг нэхэмжлэгч Д.Бөд хүлээлгэн өгөх боломжгүй, бусдад худалдсан гэх тул уг орон сууцны үнийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй ба орон сууцны үнийг талуудын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үнэ 1.800.000 төгрөгөөр тооцоход нийт 152.640.000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч Д.Б нь 150.000.000 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэлээ гаргасан тул уг хэмжээний мөнгийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй.

39.5 м.кв + 45.3 м.кв=84.8 м.кв

84.8 м.кв *1.800.000 төгрөг=152.640.000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Э, хариуцагч Э ХХК нараас нийт 150.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ж.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Уянга шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 14 хоногийн өмнө мэдсэн атлаа тодорхой шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч Ж.Э нь түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэсэн тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Ж.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Уянгын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Э, хариуцагч Э ХХК нараас нийт 150.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь орон сууц түрээслэсэн төлбөр 10.250.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1.098.169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э, хариуцагч Э ХХК нараас нийт 907.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН