Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/300

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Э.Гантулга,

гэрч *********,

шинжээч эмч Ч.Буянзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, А.Төмөрчулуун,

шүүгдэгч *********, ********* нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *********, ********* нарт холбогдох эрүүгийн 2425000000462 дугаартай 217/2025/0006 индекстэй хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ********* нь 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарны үүд хэсэгт хохирогч *********бүжгийн талбайд сэнс булаацалдсанд өсөрхөж, гарч явахад нь араас нь үсдэж унагаан эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ********* нь 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарны үүд хэсэгт хохирогч *********ийг найз *********нь үсдэж унагааснаас үүдэн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********, *********, гэрч *********, шинжээч эмч Ч.Буянзаяа нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000462 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарны үүд хэсэгт хохирогч *********бүжгийн талбайд сэнс булаацалдсанд өсөрхөж, гарч явахад нь араас нь үсдэж унагаан эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ********* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарны үүд хэсэгт хохирогч *********ийг найз *********нь үсдэж унагааснаас үүдэн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********ийн өгсөн: “...Уг өдөр ********* миний чихнээс хазсан нь үнэн. Хазаагүй гэж хэлээд байгаа. Чихнээс хазаад 2 сантиметр хэртэй чихний омог байхгүй болсон. ********* энэ хэрэг гарснаас хойш над руу нэг ч удаа яриагүй, уучлалт гуйгаагүй, миний биеийн байдлыг огт асуугаагүй. *********аас нийт 7.173.000 төгрөг нэхэмжилж байгаа. 502.000 төгрөг нь эм, эмчилгээ, хот руу явсан унааны зардал, 200.000 төгрөг нь шинжээчид үзүүлэхээр явсан шатахууны зардал, Intercharm эмнэлэгт үзүүлэхэд чихний омог нөхөх хагалгааг хоёр удаагийн давтамжаар хийнэ, эхний хагалгааны төлбөр 3.000.000 төгрөг,  дараагийн хагалгаа нь 500.000 төгрөгөөр хийгдэнэ гэсэн тул 3.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2.970.000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа. Би ********* араас нь очиж үснээс нь зулгаасан нь үнэн. ********* мэдүүлэг дээр үснээс нь зулгааж газар унагаад намайг боосон, өшиглөсөн гэж байгаа. Тийм үйл явдал огт болоогүй. Би араас нь очиж үснээс нь зулгаахад ********* өөдөөс дайраад намайг газарт унагаасан. Тэр үед би үснээс нь зулгаасан байсан тул *********надтай хамт газарт унасан. ********* миний дээрээс хэдэн минут босоогүй, гар, чихнээс хазсан. Чихнээс 2, 3 удаа зулгааж татаад хазаад байсан. Хүмүүс ирээд салгасан, босож ирэхэд миний чихнээс цус гоожсон. Түүнээс би *********өшиглөж, боож унагааж, дээр нь гарсан зүйл байхгүй. Баарнаас гарч явахад нь үснээс нь зулгаасан нь үнэн...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********ын өгсөн: “...Тухайн өдөр би хоёр найзын хамт бааранд ороод байж байсан. Тэгж байхдаа багынхаа хоёр найзтай таараад үүд рүү гарч хоёр найзыгаа гаргаж өгчхөөд буцаад орж ирэхэд *********эмэгтэйчүүдтэй сэнс булаацалдсан зогсож байсан. Тэгээд бид нар маргалдсан. Явъя, гаръя гээд хоёр найзтайгаа шатаар буух гээд юм яриад явж байхад *********гэнэт алга болсон байсан. Би *********байхгүй байна гээд эргэж харахад өөр эмэгтэй *********гийн үснээс зулгаасан байхаар нь би тэр хоёрыг салгах гээд тухайн эмэгтэйн үснээс нь зулгаасан. Тэр хоёрыг салгах явцдаа тэр эмэгтэйд гэмтэл учруулсан байж болзошгүй гэдгээ анхны мэдүүлгээсээ эхлээд хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлгүүдийг сонсох явцад хэд хэдэн удаа чихнээс нь хазсан, бугалгаас нь хазсан гэж байна. Хэрвээ тийм зүйл болсон бол шүдний ором үүсэх ёстой. Чихнээс нь хэд хэдэн удаа хазаж, цус гаргасан бол миний ам, ядаж хувцас ч юм уу цус болох ёстой. Тухайн үед тийм зүйл болоогүй. Магадгүй тухайн үед ноцолдож байх явцад цохигдсон байдал үүссэн байж магадгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *********өгсөн “...********* бид хоёр коридорт зогсож байхад ********* ********* араас очоод шатаар бууж байхад нь үсэдсэн. Би араас нь аажуухан алхсан. Яагаад гэхээр хагалгаатай байсан. Хийсвэрээр төрөөд сар гаран болж байсан. Үсдээд энэ хоёр унасан. *********ийн дээр ********* гарсан байсан. Би босооч, болиоч гээд салгах гэхэд хөдлөөгүй. Хүзүү хавиар толгой нь жаахан хөдөлсөн, зодолдож байгаа хүмүүс хөдөлгөөнтэй байх ёстой шүү дээ, тэгэхэд ямар ч хөдөлгөөнгүй болсон. Тэгэхээр нь би нуруу руу нь 2 цохисон. ********* *********ийн дээр хөдөлгөөнгүй болсон. Тэгэхээр нь би чи хазаад байгаа юм биш үү гээд нуруу нь хоёр цохисон. Энэ хүний найз гээд урт шар үстэй охин байсан. Чи найзыгаа дээрээс нь аваач ээ, хазаад байна шүү дээ гэсэн. Коридорт байсан залуучууд хоёр тийш нь салгаад би найзыгаа босгоод ирэхэд шууд чихнээс нь цус гоожоод хувцас нь цус болсон. Хажуугаар ********* *********хоёр өнгөрөөд явахад манай найз ********* араас нь явсан, хурдтай алхсан. Би аажуухан алхаад араас нь очиж байгаа юм. ********* *********шатаар 1, 2 бууж байхад нь очоод үсэдсэн. Үсдэлцэх явцад ********* манай найзыг яаж байна аа гэсэн. *********шатны 1, 2 гишгүүрийн доор байхад ********* араас нь үсдэхэд хоёулаа хойшоо унасан. ********* эргээд шатны дээр гарч ирж байгаа. Тэгэхэд *********ийн дээр гарч ирж байгаа юм. Дээр нь гарч ирээд чимээгүй хөдөлгөөнгүй хэвтсэн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Буянзаяагийн өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 695 дугаартай дүгнэлт байна. Магадлуулагч Т.*********ийн биед хохирлын зэрэг тогтоох үзлэг хийсэн байна. Тухайн хэрэг нь 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө болсон юм байна. Надад үзүүлэхдээ ямар нэгэн эмнэлгийн бичиг баримтгүй ирсэн. Толгой өвдөнө, өвдөг өвдөнө гэсэн зовуурьтай. Биеийн ерөнхий байдал нь дунд, ухаан санаа *********, байрлал идэвхтэй, мэдрэлийн өөрчлөлтөөс янз бүрийн өөрчлөлт гараагүй, хэсэг газрын үзлэг дээр баруун булганы гадна доод хэсэгт, баруун тохойны дотор талд, баруун өвдөгт, зүүн гуянд, түүний доор хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралтуудтай байсан байна. Дээрх цус хуралтууд гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ хүнд цус хуралт гэдэг ганцхан нэр томьёоны гэмтэл байгаа юм. Хэрвээ гэмтэл нь өөр зулгаралт ч юм уу, шарх ч юм уу байсан бол тус тусад нь гэмтлийн зэргийг нь тогтооно. Яагаад гэвэл энэ хүнд цус хуралт гэдэг ганцхан нэр томьёоны гэмтэл байгаа учраас энэ гэмтлүүд нь бүгдээрээ нийлээд хөнгөн зэргийн гэмтэл. Энэ хүн надад 07 дугаар сарын 31-ний өдөр үзүүлсэн байна. Болсон хэргээс хойш 4-5 хоногийн дотор үзүүлсэн байна. Хэрвээ энэ хүний гэмтэл өмнө нь үүссэн гэмтэл байсан бол цус хуралтын өнгө нь өөр болоод хэмжээ нь ондоо болоод ирнэ. Тийм учраас өмнө нь үүссэн байх боломжгүй. Бүгд адилхан өнгөтэй, хэлбэр дүрс нь өөр, гэхдээ гэмтлүүд бүгдээрээ цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. Шүд мохоо зүйлд орно. 3.1.1 заалт нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулж байгаа хугацаагаар нь зааж байгаа юм. 3.1.2 гэдэг ойлголт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-35 байна уу 33 хувь хүртэл алдагдуулсан тохиолдолд эсвэл хөнгөн зэрэгт 15 хүртэл хувиар алдагдуулсан тохиолдолд байнгын хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан тохиолдол гэж заасан байгаа. Энэ хүний чихний дэлбэнг хэрэгт байгаа зургаас хальт харлаа. Э.Батбаяр эмчийн үзлэгээс үзвэл баруун чихний дэлбэнгийн гадна хэсэгт 3х0,5 сантиметр ирмэгт тэгш бус ангархай язарсан шархтай, шархны зарим хэсэгт арьс хууларсан, баруун бугалганы арьс хууларсан байна гэж байгаа юм. Энэ нь яалт ч үгүй мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шарх байна. Чихний дэлбэнгийн тодорхой хувь нь алга болсон тасарсан гэж ойлгохгүй, үүссэн шарх байна гэж үзнэ. Чихээрээ унах үед цус хуралт үүснэ. Бугалганы дотор талд бол унаснаас цус хуралт үүсэхгүй…”  гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хяналтын камерын бичлэгийн 00 цаг 37 минутад 19 секунтын үед Т.*********, *********, Ж.********* нар баарны шат руу алхаад явж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ...Үзлэгийг үргэлжлүүлэн бичлэгийг үзэхэд ********* нь Т.*********, *********, Ж.********* нарын араас очиж ********* үснээс татаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ...********* нь *********ийн үснээс нь татаж газар унагаж дээр нь дарж байгаа, *********газар унаж байгаа дүрс бичлэг харагдаж байна.... гэх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 5-9-р тал/, 

2. Хохирогч *********ийн өгсөн "...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 17-18 цагийн үед найз *********, ********* нарын хамт Булган аймагт болж байгаа Алтаргана наадам руу яваад наадам үзэж байгаад орой 23-00 цагийн үед Орхон аймагт ирээд Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Ваве баар руу орсон. Орхон аймаг руу ирж байх замдаа найз *********ы хамт архи уусан гэхдээ тийм ч их уугаагүй. Бааранд ороод бүжиглэсэн ба бүжиглэж байх үедээ бааранд байсан сэнсний хажууд зогсоод бүжиглэж байсан чинь үл таних хоёр эмэгтэй хажууд ирж бүжиглэж байхдаа сэнсийг өөрсөд рүүгээ татаж үлээлгэсэн, ингэхээр нь би буцаагаад өөр рүүгээ татсан. Энэ үйлдэл 4-5 удаа үргэлжилсэн. Би сэнсийг нь аль алиндаа хүрэлцээгүй байж байхаар гэж бодоод цааш нь түлхчихсэн. Ингээд бүжиглээд зогсож байсан чинь түрүүний хоёр эмэгтэй урд ирээд юм яриад байсан. Яг юу ярьж байгааг нь сонсогдоогүй. Энэ үед уг хоёр эмэгтэйн нэг нь найз *********ыг түлхсэн, найз ********* буцаагаад түлхсэн чинь тэр хоёр охин *********ыг үсдэж барьж авахаар нь би тэр хоёрыг бас үсдэж барьж авсан. Ингээд үсдэлцэж байхдаа газар байх үед хүмүүс бид нарыг босгож салгахаар нь би гараа тавьсан чинь миний үснээс татаад тавилгүй, намайг зодож, өшиглөсөн. Ингээд салаад *********, ********* бид гурав баарны үүд хэсэг рүү гараад зогсож байгаад ********* буцаж орсон. Ингээд ********* бид хоёр зогсож байсан чинь түрүүний охид бид хоёрын хажуугаар зөрж өнгөрсөн. Би араас нь очиж нэг охиныг нь үснээс нь татсан чинь хамт явсан нэг охин нь миний чихнээс хазаж хоёр гурван удаа зулгааж татсан. Энэ үед тэр хавиар явж байсан хүмүүс ирээд салгасан чинь миний чихнээс цус гарч байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Миний өвдөг хэсгээр өвдөж байгаа чихний махыг зулгааж тасалсан, мөгөөрс нь харагдаж байгаа..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 12-р тал/,

3. Хохирогчоор ********* өгсөн: "...2024 оны 07 дугаар сарын 26-ны орой 21-22 цагийн орчимд найз *********, ********* нартай "Калм" лоунжны газарт уулзаж юм ярьж суугаад хүний хоёр, хоёр шар айраг уусан. Тухайн газраас 23 цаг өнгөрч байх үед гараад хажуу талд нь байрлах Wave бааранд орсон. Бааранд ороод би нэг шар айраг уусан, *********, ********* нар нэг нэгийг уусан. Ингээд баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь үл таних нэг эмэгтэй баарны сэнс булаацалдаж өөр лүүгээ татаад байхаар нь би эгчээ энэ чинь олон нийтийн өмч шүү дээ гэсэн чинь уг эмэгтэй сэнсийг цохиж газар унагаасан. Би ямар нэгэн зүйл хэлэлгүй бүжиглээд зогсож байсан чинь найз ********* тухайн эмэгтэй үснээс нь зулгааж доошоо дарчихсан байх үед хажуугаас нь бас нэг эмэгтэй орж ирээд *********аг дарчихсан байсан. Би очиж тухайн хоёр эмэгтэйн үснээс нь зулгааж татаж салгасан чинь нэг эмэгтэй нь бас миний үснээс татаж байгаад салсан. Ингээд маргалдахаа болиод тухайн хоёр эмэгтэйг баарны хамгаалагч нар баарны бүжгийн талбайгаас гаргасан. ********* бид хоёр ширээн дээр сууж байгаад гарья гэж хэлээд гараад явж байсан чинь шатаар буухын өмнө миний ардаас үснээс татах шиг болсон, эргээд харсан чинь түрүүний бүжгийн талбай дээр маргалдсан эмэгтэй байсан. Уг эмэгтэй миний үснээс татаж газар унагааж миний дээрээс дарж хоолойг боох шиг болсон. Энэ үед хүмүүс салгах гэсэн чинь тухайн эмэгтэй үснээс тавихгүй зуураад хоолойг боогоод, хөлөөрөө миний гуя, өвдөг хэсэг рүү өшиглөсөн. Босоод харсан чинь зөндөө олон эмэгтэйчүүд байсан ба миний үснээс татсан гэх эмэгтэйн чихнээс нь цус гарчихсан миний чихийг хэн ингэчих вээ гээд орилоод байсан. Намайг яагаад үсдэж байгаа юм бэ гэсэн чинь урдаас орилоод байсан. Ингэж байж байгаад гараад явсан. ....Би эгэм гарсан хар өнгийн фудволктой, доогуураа саарал өнгийн өмдтэй явж байсан, харин *********а гадуураа өнгийн хүрэм, доогуураа хар өмдтэй байсан санагдаж байна.... Би шаргал өнгийн хүрэмтэй, доогуураа хар өнгийн өмдтэй явж байсан. ********* нь бор өнгийн хүрэм, доогуураа хар өмдтэй байсан санагдаж уг эмэгтэйн үснээс зулгааснаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 17 дугаар тал/,

4. Гэрч Ж.*********ын өгсөн: "...2024 оны 07 дугаар сарын 26-ны орой 21-22 цагийн орчимд найз *********, ********* нартай "Calm" лоунжны газарт уулзаж юм ярьж суугаад хүний хоёр, хоёр шар айраг уусан. Тухайн газраас 23 цаг өнгөрч байх үед хажуу талд нь байрлах "Wave" бааранд орсон. Бааранд ороод бид гурав нэг нэг шар айраг уусан. Ингээд баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг харсан чинь найз *********, ********* нар үл таних хоёроос гурван эмэгтэйтэй маргалдаж үсдэлцэж байхаар нь очсон чинь тэнд байсан хүмүүс салгасан. Ингээд би тэр хоёрыг гарахаар нь хамт дагаж гарч явж байгаад харсан чинь ********* газар уначихсан нэг эмэгтэйтэй зодолдож байсан. Тухайн үед би балмагдаад юу болоод байгааг ч ойлгоогүй, ингэж байтал бааранд хүмүүс салгаад тэгсэн чинь хэдэн эмэгтэйчүүд орилолдоод маргалдаад болохгүй болохоор нь хоёр найзыгаа аваад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 26 дугаар тал/ 

5. Гэрч *********өгсөн: “... 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найз *********, ********* нарын хамт Булган аймагт зохион байгуулагдаж байсан Алтаргана олон улсын наадам үзэхээр очиж орой 22 цагийн үед Булган аймгаас буцаад Орхон аймаг руу явсан. Ингээд 23 цаг өнгөрч байх үед Орхон аймагт ирээд Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Ваве баар луу орсон. Тухайн өдөр Булган аймгаас Орхон аймаг руу ирэхэд би машин барьж явсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин *********, ********* хоёр замдаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн. *********, ********* хоёр баар луу түрүүлж орсон, би араас нь машинаа байрлуулчхаад орсон чинь тэр хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхаар нь би баарны хоёрдугаар давхрын ширээн дээр танилтайгаа тааралдаж уулзаад сууж байсан. Би дээрээс хараад сууж байтал *********, ********* хоёр бүжгийн талбай дээр хажуу талынхаа охидтой маргалдаж байгаа харагдсан. Энэ үед нэг охин нь *********ы үснээс татаж байсан. Энэ үед би очсон чинь *********, ********* болон хоёр танихгүй эмэгтэй нар газар унасан нэг нэгнийхээ үснээс зулгааж байсан. Энэ үед бүжгийн талбай дээр байсан хүмүүс тэд нарыг салгаж босгосон. Би *********, ********* нарыг дагуулаад баарны коридор луу гараад зогсож байсан. Ингээд зогсож байсан чинь түрүүний маргалдсан гэх хоёр охин хажуугаар өнгөрөөд явсан чинь ********* нь тэр хоёр охины араас нь очиж нэг охины үснээс нь зулгааж хоёулаа газар унасан чинь хамт явсан нэг охин нь *********ийн дээр нь хэвтэж байгаад чихнээс нь хазсан. Энэ үед би хамт явсан бас охинд нь найзыгаа салгаач ээ наадах чинь хазаад байгаа юм биш үү гэсэн чинь хазаагүй гэсэн. Энэ үед тэнд байсан хүмүүс салгаад холдуулсан чинь *********ийн чихнээс зөндөө их цус гарч байсан. Ингээд тэндээ маргалдаж байгаад цагдаагийн газарт дуудлага өгсөн юм.... гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн хавтаст хэргийн 28 дугаар тал/, 

6. Гэрч Ж.*********ы өгсөн: "... 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр найз *********, ********* нарын хамт Булган аймагт зохион байгуулагдаж байсан Алтаргана олон улсын наадам үзэхээр очиж орой 22-23 цагийн үед Булган аймгаас буцаад Орхон аймаг руу явсан. Ингээд 23 цаг өнгөрч байх үед Орхон аймагт ирээд Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Wave баар руу орсон. Тухайн өдөр Булган аймгаас Орхон аймаг руу ирэхэд ********* нь машин барьж явсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин ********* бид хоёр замдаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн. Баарны гадна талд очиж ********* бид хоёр түрүүлж орсон. ********* машинаа байрлуулчхаад бидний араас орж ирсэн. ********* бид хоёр баар руу ороод шууд бүжгийн талбай руу орж бүжиглэсэн. Бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал ********* нь тайзны хажуу талд байрлуулсан сэнснээс болоод үл таних хоёр эмэгтэйтэй маргалдаж сэнсийг өөр өөр рүүгээ сэнсийг харуулж тавьж байгаад сүүлдээ ********* нь цааш нь түлхчихсэн. Би *********ийн хажууд зогсож байсан чинь нэг эмэгтэй нь миний үснээс татаж намайг газар унагаасан юу болсныг би тийм ч сайн уг харж амжаагүй. Энэ үед хүмүүс биднийг салгасан чинь найз ********* ирээд бид хоёрыг дагуулаад баарны үүд хэсэг рүү гараад зогсож байсан. Энэ үед би дүүтэйгээ утсаар яриад хэдэн минутын дараа эргээд гараад ирсэн чинь *********ийн чихнээс цус гарчихсан хүмүүстэй хэрэлдэж маргалдаад зогсож байсан..." гэх /1-р хавтаст хэргийн 30 дугаар тал/,

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 685 дугаартай "...*********ийн биед баруун чихний дэлбэнд шарх, баруун бугалга, баруун чихний арын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх Баруун чихний дэлбэнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал/, 

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 695 дугаартай: "...********* биед зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал/ 

          9. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 1245 дугаартай “...Боржигон овогт ********* ********* /РД:МД87022809/-т сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалж гэмтлийн дараах стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *********, Т.*********, гэрч Ж.*********, Б.*********, Ж.********* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 685 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 695 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *********, ********* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч ********* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарны үүд хэсэгт хохирогч *********бүжгийн талбайд сэнс булаацалдсанд өсөрхөж, гарч явахад нь араас нь үсдэж унагаан эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ********* нь 2024 оны 07 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарны үүд хэсэгт хохирогч *********ийг найз *********нь үсдэж унагааснаас үүдэн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч *********ийн бусдын биед хууль бусаар халдаж үснээс нь зулгааж газарт унагаж, өшиглөсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********* эрүүл мэндэд “...зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт..." бүхий хөнгөн хохирол учирсныг, 

шүүгдэгч *********ын бусдын биед хууль бусаар халдаж, үснээс нь зулгааж газарт унагаж, дээр нь дарж хэвтэж, баруун чих, гарын бугалгаас хазсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *********ийн эрүүл мэндэд “...баруун чихний дэлбэнд шарх...” бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 685, 695 дугаартай дүгнэлтэд тус тус нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагдсан ба тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архидан согтуурсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч *********, ********* нар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон, хазсан үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *********, ********* нарын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж, хохирогч ********* биед учирсан хөнгөн хохирлыг учруулаагүй, үнэхээр *********ийн үйлдлийн улмаас хохирол учирсан бол ********* нь өөрт учирсан аюул саадыг арилгах зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал дүгнэлтийг гаргасан нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан;

гэрч Ж.*********ын өгсөн: "...Ингээд баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг харсан чинь найз *********, ********* нар үл таних хоёроос гурван эмэгтэйтэй маргалдаж үсдэлцэж байхаар нь очсон чинь тэнд байсан хүмүүс салгасан. Ингээд би тэр хоёрыг гарахаар нь хамт дагаж гарч явж байгаад харсан чинь ********* газар уначихсан нэг эмэгтэйтэй зодолдож байсан...” гэх,

гэрч  *********өгсөн: “...Би дээрээс хараад сууж байтал *********, ********* хоёр бүжгийн талбай дээр хажуу талынхаа охидтой маргалдаж байгаа харагдсан. Энэ үед нэг охин нь *********ы үснээс татаж байсан..., Би *********, ********* нарыг дагуулаад баарны коридор луу гараад зогсож байсан чинь түрүүний маргалдсан гэх хоёр охин хажуугаар өнгөрөөд явсан чинь ********* нь тэр хоёр охины араас нь очиж нэг охины үснээс нь зулгааж хоёулаа газар унасан чинь хамт явсан нэг охин нь *********ийн дээр нь хэвтэж байгаад чихнээс нь хазсан...” гэх , 

гэрч Ж.*********ы өгсөн: "...Энэ үед би дүүтэйгээ утсаар яриад хэдэн минутын дараа эргээд гараад ирсэн чинь *********ийн чихнээс цус гарчихсан хүмүүстэй хэрэлдэж маргалдаад зогсож байсан..." гэх мэдүүлгүүд болон

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн ... ********* нь Т.*********, *********, Ж.********* нарын араас очиж ********* үснээс татаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. ...********* нь *********ийн үснээс нь татаж газар унагаж дээр нь дарж байгаа, *********газар унаж байгаа дүрс бичлэг харагдаж байна. Т.*********, *********, ********* нар нь газарт хоорондоо зууралдаж байгаа, тэдгээрийг хүмүүс салгаж байгаа дүрс бичлэг харагдаж байна гэх тэмдэглэл,

695 дугаартай хохирогч ********* биед хийсэн шинжээчийн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт зэрэг нь хохирогч ********* өгсөн .”.. ********* бид хоёр ширээн дээр сууж байгаад гарья гэж хэлээд гараад явж байсан чинь шатаар буухын өмнө миний ардаас үснээс татах шиг болсон, эргээд харсан чинь түрүүний бүжгийн талбай дээр маргалдсан эмэгтэй байсан. Уг эмэгтэй миний үснээс татаж газар унагааж миний дээрээс дарж хоолойг боох шиг болсон, хөлөөрөө миний гуя, өвдөг хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хохирогч ********* биед учирсан хохирлыг учруулаагүй гэх тайлбар, мэдүүлгийг няцааж үгүйсгэсэн, хэрэгт авагдсан бусад баримтаар тэдний мэдүүлэг тайлбар тогтоогдохгүй байх тул шүүх хүлээж аваагүй болно.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж хуульчилжээ. 

   Хохирогч ********* биед учирсан гэмтлүүдээс үзэхэд, хохирогч *********нь шүүгдэгч *********ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг халдсан байдал нотлогдоогүй, ********* биед учирсан “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” бүхий олон тооны гэмтлүүдийг аргагүй хамгаалалт хэрэглэж учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, ********* биед зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирснаас гадна *********нь *********ийн эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад ********* нь өөрийгөө хамгаалах хүслээр бус *********тай харилцан барьцалдаж, хүч хэрэглэх явцдаа Т.*********ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан.

Мөн ********* нь *********ийг үснээс татаж газарт унагааж дээрээс дарж байхад ********* нь ********* үснээс зуурсан чигээрээ түүнийг газарт татан унагаж хоолойг боож, хөлөөрөө гуя, өвдөг хэсэг рүү өшиглөсөн нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хохирогч Т.*********д учирсан 4 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирлыг үүсгэсэн

өөрийн эрүүл мэндэд аюул учрах гэж байна гэж ойлгож өөрийгөө хамгаалах санаа зорилготой бус гагцхүү бусдын эсрэг идэвхтэй үйлдэл хийх санаа зорилгоор ********* эсрэг биед нь халдсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч ********* нь хохирогч *********т учруулсан хөнгөн гэмтлийг өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан гэхдээ түүний чихийг хазаагүй гэх мэдүүлэг нь гэрч, хохирогч нарт хууль сануулж авсан мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ч.Буянзаяагийн өгсөн …Энэ хүний чихний дэлбэнг хэрэгт байгаа зургаас хальт харлаа. Э.Батбаяр эмчийн үзлэгээс үзвэл баруун чихний дэлбэнгийн гадна хэсэгт 3х0,5 сантиметр ирмэгт тэгш бус ангархай язарсан шархтай, шархны зарим хэсэгт арьс хууларсан, баруун бугалгын арьс хууларсан байна гэж байгаа юм. …шүд нь мохоо зүйлд орно, Чихний дэлбэнгийн 2/3, 1/3 гэх зэргээр тасарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтаас шалтгаалан зэргийг тогтооно. Чихний дэлбэнгийн тодорхой хувь нь алга болсон тасарсан гэж ойлгохгүй, үүссэн шарх байна. Чихээрээ унах үед цус хуралт үүснэ. Бугалгын дотор талд бол унаснаас цус хуралт үүсэхгүй, Энэ нь яалт ч үгүй мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шарх байна Чихний дэлбэн ургахгүй, сорви болж эдгэрнэ, урьд байсан хэлбэрт эдгэрэх явцаараа орох боломжгүй… гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

          Шүүгдэгч *********, ********* нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

          Хохирогч *********нь мөрдөн шалгах ажиллагааны явцад биед учирсан хөнгөн хохирол болох “...зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт...”-ыг эмчлүүлэхэд гарсан эм, тарианы зардалд нийт 250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэдүүлэг өгч, нотлох баримт хэрэгт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд жирэмсэн, удахгүй төрөх учир очиж чадахгүй гэдгээ илэрхийлэн хүрэлцэн ирээгүй байх тул нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч *********нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй.

Хохирогч ********* /шүүгдэгч/ нь шүүх хуралдааны явцад өөрийн биед учирсан хөнгөн хохирол болох “...баруун чихний дэлбэнд шарх...”-ны эмчилгээ, оношилгоо, эм тариа, бензин шатахууны зардалд 703,056 төгрөг, чихний дэлбэн нөхөх мэс заслын хагалгаанд 3,500,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

          Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь заалтад “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу хохирогч *********ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

          Үүнд: “Эрхэст-Оргил” чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд 30,000 төгрөг, “Экстра мед” эмнэлэгт үзүүлэхэд 10,000 төгрөг, шатахууны зардалд 184,856 төгрөг, Орхон эм хангамж ХХК-иас шархны лент 3,000 төгрөг, хурууны лент, мастикс ЛС, Ризин зэрэгт 19,000 төгрөг, ЭКИ эмнэлэгт боолт хийлгэхэд 10,000 төгрөг, “Интер чарм” эмнэлэгт үзүүлсэн 40,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэмтлийг тогтоолгохоор Улаанбаатар руу явсан бензин, шатахууны зардал 200,500 төгрөгийн нэхэмжлэл нь бодит баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 494,050 төгрөгийг гаргуулж, хохирогч *********т олгож, нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн хэрэгт хамааралтай гарсан зардал гэж үзэх боломжгүй нүдний эмчилгээний бусад төрлийн багаж, хэрэгсэлд зарцуулсан 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тус өвчтөнд 2 үе шаттай мэс засал төлөвлөж байна, мэс заслын төлбөр 1. 2-3 сая, 2. 500 мянга гэх “Интер чарм” эмнэлгийн эмч Б.Энхзулын эхний мэс засал 2-3 сая, 2 дахь мэс засал 500 мянга гэх тодорхойлолтыг үндэслэн төлбөрийг гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д заасан хохирогчид учирсан гэм хор, гэмтлийн зэрэг, бие махбодын гэмтэл буюу баруун чихний дэлбэнд шарх бүхий  болж учирсан өвдөлт, шаналал, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж хөнгөн түвшинд илэрнэ гэх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гэм буруутай байдал, шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлснээс буюу 99,000,000 төгрөгийн 2 хувь болох 1,980,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоож, нийт шүүгдэгчээс 2,474,050 төгрөгийг гаргуулж хохирогч *********т олгуулахаар шийдвэрлэв.

          Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч ********* түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нар нь гэм буруу, хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нараас хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж, аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр сууринаас тус тус оролцлоо.

          Шүүгдэгч *********, ********* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *********, ********* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *********, ********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

          Хавтаст хэргийн 76-93 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ********* нь 38 настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-41-5 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          шүүгдэгч ********* нь 28 настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, Эрдэнэт дент шүдний эмнэлэгт нүүр амны эмчилгээний их эмч ажилтай, ам бүл 3, хоёр дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-16-78 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

          Шүүгдэгч *********, ********* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч *********, ********* нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, цалин хөлс, бусад орлого олох боломж болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзсэн. Ялтан нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувиараа төлөөгүй бол төлөгдөөгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч *********, ********* нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хадгалж шийдвэрлэв.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ********* *********, Сартуул овогт ********* ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* нарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч *********, ********* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*********аас 2.474.050 (хоёр сая дөрвөн зуун далан дөрвөн мянга тавь) төгрөгийг гаргуулж хохирогч, шүүгдэгч *********т болгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас мэс заслын төлбөр 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, 200.000 (хоёр зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ********* нэхэмжилсэн эм тарианы мөнгө 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч *********, ********* нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ