Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00808

 

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00579 дүгээр шийдвэртэй  Д.Б-ын нэхэмжлэлтэй М.Э-т холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , түүний өмгөөлөгч С.С , хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2001 онд нөхөр М.Э-тай танилцан 2003 онд гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр том охин Э.М , 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.М , 2011 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Э.Х нар төрсөн. Бид 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед М.Э нь 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгөө надаас болон гурван хүүхдээсээ авч салсан. Миний хувьд гурван хүүхэдтэйгээ үлдэх нь хамгийн чухал асуудал байсан учир дээрх эд хөрөнгөнөөс огт булаацалдахгүйгээр эд хөрөнгийн асуудал дээр түүний хүссэнээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Харин хүүхдийн тэтгэлгийн хувьд эцэг нь өөрөө мэдээд өгнө гэж байсан тул тухайн үед шүүхээр тэтгэлэг тогтоолгохгүйгээр зөвхөн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлж байсан. Гэтэл тэр цагаас хойш М.Э хүүхдийн тэтгэлэг гэж нэг ч төгрөг төлөхгүй явсаар өдийг хүрсэн. Мөн том охин Э.М  орондоо шээдэг, хараа маш муу, зүрх өөрчлөлттэй байгаа зэргээс үүдэн түүний эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай болсон. Иймд Э.М , Э.Х , Э.М  нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.

М.Э хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэр бүлийн тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эх хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр үлддэг. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлснөөр М.Э-ын хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. Хүүхэд сурахаас гадна өмсөж зүүх, хоол унд гээд хэрэгцээтэй зүйлс их. Том охин Э.М ын хувьд бол онцгой анхаарал, асрамж шаардлагатай хүүхэд юм. Гэрлэлт цуцлах үеэр амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хэрэгцээт зүйлсээр хангах үүрэгтэй. Хэрэгцээт зүйл гэдэгт зөвхөн сургалтын төлбөр багтахгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг нь эцэг, эх хоёрт хоёуланд нь байдаг. Гэрээгээр Д.Б  тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн тул би хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдсөн гэж хариуцагч ойлгосон нь буруу гэж хэлэх нь зүйтэй. Ийд хуульд заасны дагуу охин Э.М , Э.Х , Э.М  нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ. 

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч М.Э нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Э.М , 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.М , 2011 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Х нарыг эх Д.Б-ын асрамжид үлдээж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Д.Б  нь хүүхдүүдийг эрүүл аюулгүй амьдруулж, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба сурган хүмүүжүүлэхийг, М.Э нь охин Э.М , хүү Э.М , хүү Э.Х нарыг ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуульд суралцах төлбөрийг ерөнхий боловсрол эзэмшиж сургуулиа төгсөх хүртэл нь хариуцахаар тохиролцсоныг шүүхээс баталгаажуулсан. Миний зүгээс дээрх шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж охин Э.М , хүү Э.М , хүү Э.Х нарын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа бөгөөд цаашид ч төлнө. Тухайлбал хүүхдүүдийн 2016-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, олон улсын манлайлал, Кембрижийн хөтөлбөрийн төлбөр, сургуулийн автобус, хоолны төлбөр зэрэгт нийт 40 397 570 төгрөгийг Монгол билиг Оюун сургууль, цэцэрлэгийн цогцолбор сургуульд хугацаанд нь төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, уг гэрээг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00422 тоот шийдвэрээр Д.Б  нь хүүхдүүдийг асран хамгаалж, тэжээн тэтгэх үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Э.М , хүү Э.М , хүү Э.Х нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Э-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Э , түүний өмгөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхээс Д.Б-ын нэхэмжлэлтэй М.Э-т холбогдох иргэний хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэхдээ “... хариуцагч шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй....” гэж үзэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг гэрийн хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч “...хаягаар эзэнгүй байсан тул буцаав...” гэсэн шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгааныг тодорхойлж 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шуудангийн 55 дугаар салбараас Магадалгаа ирүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. Энэ нь хариуцагч шүүх хуралдааны товыг мэдээгүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй байх тул хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул зөвхөн хариуцагчийг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Нэгэнт хариуцагч шүүх хуралдааны товыг мэдээгүй тул 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд биечлэн оролцож нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нөгөө талаар шүүхээс мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагчид олголгүйгээр зөвхөн нэг талын тайлбар, нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, хариуцагч М.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс өмгөөлөгчтэй оролцож байсан бөгөөд түүний өмгөөлөгчид мөн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй байж хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагч М.Э болон өмгөөлөгч М.Б нарт шүүхээс хэрэг танилцуулсан баримт, эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтуудад гарын үсэг зуруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 рны 2 дугаар сарын 15-ны 183/ШШ201700422 дугаар шийдвэрээр хүүхдүүдийг эх Д.Б-ын асрамжид үлдээж, зохигчид хүүхдийн асрамж, тэтгэмжийн асуудлаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр авагдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан: “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... ” гэж заасан байхад шүүхээс хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь талуудын байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн өмнө нь шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан журмын дагуу буюу хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлээгүй бөгөөд гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөх нөхцөл байдлыг анхаарах ёстой байдаг тул шүүхээс шийдвэр гаргасан бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэрлэлт цуцлах хэргийг хянан шийдвэрлэх үед би хүүхдүүдээ өөрийн асрамжид авахын тулд хариуцагчийн санал болгосон эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр хүүхдүүдийг 18 нас хүртэлх сургалтын бүх төлбөрийг хариуцагч төлөхөөр тохирсон. Тухайн үед шүүгч хүүхдийн тэтгэлгийн талаар М.Э-аас тодруулж асуухад хуулиар бага тогтоодог тул би өөрөө төлнө гэж тайлбарлаж байсан ч өнөөг хүртэл өгсөн зүйлгүй гэж тайлбарласан...” гэж шүүхээс дүгнэлт хийсэн нь илт үндэслэл муутай, өмнө шүүхийн шийдвэрээр мөн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдсон үйл баримтаас өөр агуулга бүхий дүгнэлт хийж хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэх нь учир дутагдалтай болсон.

Шүүхээс хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээ болон бусад нотлох баримтуудыг үнэлэхдээ тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас шударгаар үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байгаа үйлдлийн талаар магадлалд дурдаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Д.М нь хэт нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадсан эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгаа тул холбогдох байгууллагад нь хандан өргөдөл, гомдол, санал гаргах болно.

Түүнчлэн, шүүхийн шийдвэр хэлбэрийн хувьд тавигдах шаардлагыг хангаагүй, 2018 оноор дугаар авсан, мөн хэргийн оролцогчдийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар хуралдааныг хаалттай явуулсан нь илт хууль бус болсон гэж үзэж байна. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “...шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах...” талаар тодорхой хуульчилсан бөгөөд шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэл байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч М.Э-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу  мэдэгдээгүй,  хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ...”, 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын  оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан.

Хэргийн 47, 48 дугаар талд авагдсан баримтад 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид түүний эзэмшлийн 99110352 дугаар утсаар мэдэгдэх гэсэн боловч холбогдохгүй байсан тул шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн, уг мэдэгдэх хуудсыг хаягаар хүргүүлэхэд эзэнгүй тул буцаасан тухай, хариуцагчийн өмгөөлөгчийн 91916221 утас холбогдохгүй байв гэж тус тус тэмдэглэжээ. Үүнээс үзвэл шүүх хуралдааны товыг хариуцагч, түүний өмгөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болох нь тогтоогдож байх тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, эсхүл мэдэгдэх хуудсаар мэдэгдэх боломжгүй байснаас утсаар болон бусад хэрэгслээр дамжуулан  мэдэгдсэн талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч  хэрэгт авагдсан нотлох баримттай танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 33, 44 дүгээр тал/

            Шүүх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                

                               ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Б.НАРМАНДАХ