Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/477

 

                                           Н.У-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч Н.М,

шүүгдэгч Н.У,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.У-д холбогдох эрүүгийн 2106 00440 0437 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н-н У, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ................ борлуулалтын байцаагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............ дугаар байрны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Н.У нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х р” рестораны гаднах автомашины зогсоол дээр хохирогч Н.М-А-г нөхөртэйгөө хардаж, улмаар түүний үснээс зулгааж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, ус халзралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Н.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Н.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.У нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр миний биед халдаж гэмтэл учруулсан. Ингэхдээ зулайн хэсгийн зөөлөн эдийн няцрал, үс халзрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт бүхий гэмтэл учирсан. Хэдийгээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон боловч миний бие 3 хоног гэртээ хэвтэрт байж хувийн эмнэлгээр сар гаруй эмчлүүлж 500.000 төгрөгийг эм тарианд зарцуулсан. Хэрэг бүртгэлтийн шатанд тухайн хэргийг мөрдөж байсан хэрэг бүртгэгч н.Мөнх-Эрдэнэ нь Н.У-г зөрчлийн хуулиар зайлшгүй 450.000 төгрөгөөр торгуулна гэж тайлбарласан. Миний зүгээс тухайн хүмүүсийн ахуй амьдралыг мэдэх тул өөрсдөө өвчин зовлонтой, бүх нийтийг хамарсан эдийн засгийн хямралтай байгааг олон талаас нь бодож үзээд миний хохирлыг барагдуулах мөн торгуулийн мөнгө төлөхөд хүндрэлтэй байна гэж тооцож, эмчилгээний зардалд гарсан мөнгийг нэхэмжлэхээс татгалзсан. Миний хувьд зүгээр байж байгаад халдлагад өртсөндөө гомдолтой байсан бөгөөд “үнэхээр торгуулах юм бол би хохирол нэхэмжлэхгүй, торгуулахгүй бол хохирлоо нэхэмжилнэ” гэж хэлэхэд хэрэг бүртгэгч нь “та гомдол, саналгүй гээд биччих, энэ хүн 450.000 төгрөгөөр торгуулах нь тодорхой” гэсэн болохоор хэлснийх нь дагуу бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Гэтэл Н.У-д оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугүйд тооцсонд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж үзээд зохих торгуулийг оногдуулж өгнө үү. ... Н.У нь миний ажлын нэр хүндэд маш их халдаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс “гомдол, саналгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гээд, гарын үсгээ зурсан. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх нь гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.У-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.У нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ................. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х р” рестораны гаднах автомашины зогсоол дээр хохирогч Н.М-г нөхөртэйгөө хардаж, улмаар түүний үснээс зулгааж, бие рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, ус халзралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.М-н “...Удалгүй Э ирээд холбогчоо хайгаад машин асаах гээд байж байхад Э-ны эхнэр У найз эмэгтэйтэйгээ гэнэт гарч ирээд мэндийн зөрүүгүй “яах гээд байна” гээд шууд үснээс зулгаагаад газар унагаагаад миний зүүн талын бөөр, бөгс рүү өшиглөөд, үснээс тавихгүй нэлээд удсан. Тэр үед Э ирээд салгах гэж оролдсон. Би салаад түрүүлээд явсан. ...” /хх 9-10/,

гэрч Ө.Э-ны “... Би өөрийн машины аккумляторыг холбох гээд М-н тээврийн хэрэгслийн хажууд зогсож байхад манай эхнэр хаанаас ч юм гэнэт гарч ирээд М-г үсдэж аваад 2 удаа өшиглөх шиг болсон. ... Би салгаад эхнэрээ аваад явсан. ...” /хх 20-21/,

гэрч Д.У-н “... Би У эгчийг машин дотор тайвшруулах гээд 20 орчим минут болсон байх. Тэгэхэд нөхөр нь буцаад ирсэн. Тэгээд байж байхад нөгөө эмэгтэй нь мөн гараад ирсэн. Тэгэхээр нь У эгч бууж очсон. Би машинаа унтраагаад зогсоолд тавиад араас нь очих гээд явж байхад хашааны завсраар У эгч нөгөө эмэгтэйг үсдсэн байсан. Намайг яг хажууд нь очиход Э ах У эгчийг салгаад машиндаа суулгаад хөдлөөд явсан. ...” /хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,

“... Н.М-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 960 дугаартай дүгнэлт /хх 26-27/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-37/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.У-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хохирогч Н.М-н “...Н.У-д оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, түүнийг гэм буруугүйд тооцсонд гомдолтой, хэргийг дахин хянаж торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хүсэлтийг хангасан тогтоол /хх 64-65/ үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх тухай саналыг яллагдагчид  танилцуулж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  “... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх ...” гэж заасан асуудлыг бүрэн хянасны үндсэнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрддэг учиртай.

Улмаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх дээрх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-н хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүний гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгчийг ялаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлж байгааг буруутгах үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй тул энэ талаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/400 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

               ШҮҮГЧ                                                            М.АЛДАР