| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/206 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/206
2025 04 23 2025/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********холбогдох эрүүгийн 2525000000140 дугаартай, 312/2025/0172/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ***********нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***********дугаар байранд үйл ажиллагаа явуулах “***********” нэртэй ломбард дотор тус ломбардыг ажиллуулдаг хохирогч *********** яахаараа энэ ломбардыг ажиллуулдаг юм..." гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар ус, цай уух зориулалттай савыг авч шидэн хохирогчийн нүүр хэсэгт нь онож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000140 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ***********нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***********дугаар байранд үйл ажиллагаа явуулах “***********” нэртэй ломбард дотор тус ломбардыг ажиллуулдаг хохирогч *********** “...өөрийн ломбардтай ойрхон ломбард ажиллууллаа..." гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ус, цай уух зориулалттай савыг авч шидэн хохирогчийн нүүр хэсэгт нь онож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч ***********Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол, (хавтаст хэргийн 07 дахь тал),
2. Хохирогч ************ өгсөн: "... 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед би өөрийн ажил болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***********дугаар байр *********** нэртэй ломбардад ганцаараа байж байх үед гаднаас ***********, *********** нар орж ирээд чи яахаараа энэ ломбардыг ажиллуулдаг юм, чи яахаараа хүний хоол булаадаг юм, чамайг ажиллуулахгүй, чамайг өдөр болгон орж ирж дарамтална, чи энийг ажиллуулах юм уу гэсэн. ***********, *********** нар замын эсрэг талд Смарт нэртэй ломбард ажиллуулдаг юм. Тэрнээс болоод үйлчлүүлэгчийг нь булаасан гэж тэр хоёр орж ирсэн. Мөн би ломбардыг ажиллуулаад 4 хонож байгаа бөгөөд миний өмнө *********** найз маань ажиллуулж байгаад өөр ажилтай болоод надад ломбардаа зарсан юм. *********** энэ ломбардаа нээх гэж байх үед ***********, *********** нар тусалсан юм байна лээ. Би ***********, *********** нарт би энэ ломбардыг ажиллуулна гэсэн чинь *********** чамайг бол энэ ломбардыг ажиллуулахыг зөвшөөрөхгүй гэсэн. Тэгэхээр нь би энэ ломбардыг ажиллуулах зөвшөөрлийг та нар мэддэг юм уу? би ажиллуулна гэсэн чинь над руу *********** усны сав шидсэн. Тухайн усны сав миний толгойн баруун доод хэсэгт онож миний хөмсөг сэтэрч, цус гарсан. Би 00-ын цаас аваад цусаа тогтооход *********** лангууны ард орж ирээд салаавч гаргаад чи муу бэртэгчин чи яахаараа ломбард ажиллуулдаг юм гэж хэлсэн... Миний баруун хөмсөг задарсан, толгой өвдөж байна..." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
3. Гэрч ***********өгсөн: "... 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өдөр 11 цагийн үед санагдаж байна. Найз *********** хамт *********** дугаар байранд байрлах *********** нэртэй ломбардыг урьд нь ажиллуулж байсан *********** гэдэг залуугаас принтер худалдаж авахаар болоод мөнгийг нь өгсөн байсан юм. Тэгээд принтерээ авах санаатай *********** хамт ломбард руу очсон. Тухайн ломбардад *********** гэдэг бас таньдаг ер нь бид нар найзууд байгаа юм, сууж байсан. Тэгээд принтерээ авъя гэсэн чинь *********** би өгөхгүй *********** учраа ол гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь би *********** мөнгийг нь өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар жоохон маргалдаад би *********** хандаж чи хүмүүсийн хооронд янз бүрийн юм ярьж хооронд нь хэрэлдүүлж дундаас нь ашиг хонжоо хайгаад бай гэж хэлсэн. *********** гэдэг залуу *********** бид нарын дунд янз бүрийн юм яриад маргаан үүсгээд байдаг юм. Тэгээд маргалдаад зогсож байтал *********** хажуугаас чи ийм байж болохгүй шүү дээ, найз нөхөд байж гэсэн чинь *********** одоо яах вэ дээ гээд тоохгүй байсан. Тэгэхэд *********** уурлаад *********** ширээн дээр байсан ус, цай уудаг тагтай савыг аваад *********** нүүр лүү нь шидсэн. Тэгэхэд *********** духан дээр нь оносон. Тухайн сав нь устай байсан юм байна лээ, духыг нь яз цохиод цус гарсан. *********** 00-ын цаасаар дараад байсан. Тэгээд бид хоёр принтерээ аваад гараад явсан дахиж харьцаагүй...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 14 дэх тал),
4. Яллагдагч ***********өгсөн: "...Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, багаасаа Орхон аймагт төрж эндээ өссөн, эндээ 10 жилийн ***********-р сургууль төгсөж байсан. Би одоо хувиараа урт цагааны доод үзүүрт утасны ломбард ажиллуулдаг юм. ***********-р байранд *********** гэдэг манай найз ломбард ажиллуулдаг байж байгаад болиод *********** гэдэг бас таньдаг залуу ажиллуулж эхэлж байсан юм байна лээ. Би *********** гэдэг залууд принтер болон хаягийг олж өгч байсан. Өмнөх өдөр хаягаа авсан. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр принтерээ авах гэж *********** гэдэг найзтайгаа хамт очсон юм. *********** гэдэг залуу ломбардаа ажиллуулаад 2-3 хонож байсан юм байна лээ. Тэгээд бид хоёр очоод *********** *********** принтерийн мөнгийг нь өгөөд авна гээд тохирсон байсан юм байна лээ. Тэгээд бид хоёр принтерээ авах гээд *********** дээр ирсэн *********** ганцаараа сууж байсан, *********** принтерээ авах гэсэн юм гэж хэлсэн чинь *********** би бас принтерийн мөнгөө өгсөн гээд тэрнээс болж маргалдаад тэгэхээр нь би чи эсвэл энд хэрүүлтэй сууж байхаар өөр газар очоод суучхаач гээд бид хоёртой маргалдаад сонин сонин юм яриад байхаар нь би уурлаад *********** ууж байсан ногоон өнгийн хуванцар усны сав ширээн дээр нь байхаар нь аваад шидсэн чинь *********** баруун хөмсгөнд нь оночихсон. Тухайн савыг усгүй гэж бодсон чинь устай байсан юм байна лээ тэгээд хөмсөг нь язраад цус гарсан цусаа 00 цаасаар дараад байсан бид хоёр принтерээ аваад явсан ийм л зүйл болсон... *********** бид хоёр тухайн үед эрүүл байсан. ***********бид нар найзуудын харилцаатай нэгнийгээ сайн мэднэ, ажил төрлийн асуудлаас болоод жоохон үл ойлголцол маргаан үүссэн юм. Өс хонзон санасан зүйл байхгүй. Маргалдаад сонин сонин юм яриад байхаар нь би усны сав аваад шидсэн юм. Тэрнээс хойш *********** холбогдоогүй уулзаагүй байгаа. Тухайн үедээ өө баларсан юм боллоо устай байсан юм уу мэдсэнгүй гээд уучлал гуйж байсан..." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаартай "*********** биед баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн дүгнэлт, (хавтаст хэргийн 17-18 дахь тал).
6. Хохирогч ***********оос гаргасан гомдол, саналгүй талаарх хүсэлт, (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч ***********, гэрч ***********нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч ***********нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***********дугаар байранд үйл ажиллагаа явуулах “***********” нэртэй ломбард дотор тус ломбардыг ажиллуулдаг хохирогч *********** “...өөрийн ломбардтай ойрхон ломбардыг ажиллууллаа..." гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ус, цай уух зориулалттай савыг авч шидэн хохирогчийн нүүр хэсэгт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***********эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхинд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 337 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ***********нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, эд зүйл аюч шидсэн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***********бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан, шүүгдэгч нь хохирогчоос уучлал гуйгаад гар бариад салсан, мөнгөн хохирол нэхэмжлээгүй гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгчээ.
Иймд шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч ***********хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч ***********хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.
Хавтаст хэргийн 29-32 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч ***********нь *********** настай, хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чингэл багийн ***********тоотод оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч ***********үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ***********эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ***********нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт *********** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч ***********нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч ***********нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ