Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 145/ШШ2020/00580

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

 

Нэхэмжлэгч: Г.Б-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.Х-д холбогдох

 

“28000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Д.Х 2018 оны ВЕIВЕN ND3250 S маркийн автомашиныг 28000000 төгрөгөөр худалдан авсан Уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл Соёлоо гэх мөнгө зээлүүлдэг хүн уг машиныг зээлийн барьцаанд авч өөрийн нэр дээр шилжүүлсэн нь уг машиныг өмчлөх, нэр дээрээ шилжүүлэх боломжгүй болгосон тул иргэн Д.Х машины үнэнд төлсөн 28000000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Х нь 2018 оны 05 дугаар сард иргэн Г.Б 28000000 төгрөгөөр тухайн машиныг зарах талаар харилцан тохиролцож 28000000 төгрөгийг иргэн Д.Х өгсөн байна. Тухайн авто машиныг худалдаж авах үед машины эзэмшигч нь Г ХХК-ны нэр дээр байсан. Авто машин тухайн үед компани дээр байхад нь Улаанбаатар орохдоо өөрийн нэр дээрээ шилжүүлж  болох юм байна гэж ойлгоод Д.Х худалдаж авсан байдаг. 2019 оны 05 дугаар сарын 09-ний  өдөр тухайн авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд Улаанбаатар хотод “Гүнбилэг” ХХКомпани дээр очиход авто тээврийн үндэсний  төвд “Г.Б нэр дээр тухайн авто машиныг шилжүүлж өгнө үү” гэсэн 19 дугаартай албан бичиг гаргаж өгсөн. Ингээд Авто тээврийн үндэсний төвд очиход нь дээрхи автомашин нь Ба овогтой С гэдэг хүний  нэр дээр байна. Одоо таны нэр дээр шилжүүлэх ямарч боломж байхгүй гэсэн хариу өгсөн. “Гүнбилэг” ХХКомпани нэр дээр байгаа бичиг баримт нь хүчингүй болсон тул хурааж авна гээд хураасан. “Гүнбилэг” ХХК нь өөрийн эзэмшлийн авто машиныг иргэн Б.Со шилжүүлсэн тул холбогдох бүртгэлийг хийж Г.Б нэр дээр шилжүүлж  өгнө үү гэсэн албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 16-нд Авто тээврийн үндэсний төвд хүргүүлж байсан.  Авто тээврийн үндэсний төв нь 2018 оны 03 дугаар сарын 16-нд авто машин эзэмших эрхийн гэрчилгээг Б.С олгохдоо урьд “Гүнбилэг” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 08-нд олгосон авто машины эзэмших эрхийн гэрчилгээг хурааж хүчингүйд тооцох ёстой байсан. Нэг автомашиныг хоёр тусгай гэрчилгээгээр хоёр этгээд эзэмшдэг байсан байна. Д.Х авто машины нэрийг шилжүүлээгүй байхдаа 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Г.Б 28000000 төгрөгөөр зарсан байна. Нэхэмжлэгч Г.Б  нь 2018 оны 05 дугаар сард уг авто машиныг Д.Х худалдаж авч байхад цаг хугацааны хувьд анхаарах ёстой гэж бодож байна. Г.Б уг авто машиныг худалдаж авахаас өмнө энэхүү авто машины гэрчилгээ Б.С гэдэг хүний  нэр дээр байсныг мэдэж байсан. Цаг хугацааны хамаарлын үүднээс авч үзэхэд Д.Х зарсан авто машин хүчингүй гэрчилгээтэй байсан тул Д.Х, Г.Б нарын хооронд хийсэн хэлцэл хүчингүй гэж үзэж байна.  Иргэн Б.С нь Ж зээлийн барьцаанд байгаа авто машин миний  хууль ёсны эзэмшлийн авто машин та  миний  машиныг хөдөлгөж болохгүй. Зээлдэгч Ж зээлээ төлөхгүй бол энэхүү машинаар үүргийн гүйцэтгэлийг энэ машинаар хангах учраас та  энэ машиныг хөдөлгөх эрхгүй гэж Г.Б хэлээд Б.С машинаа аваад явсан. Ингээд иргэн Г.Б  нь мөнгөгүй, машингүй болсонд нь гомдол гаргасан. Хариуцагч Д.Х 28000000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэв.

 

 Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би энэхүү автомашиныг 2017 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хороо оршин суух Ч.Ж гэх хүнээс худалдан авч 2018 оны 5 дугаар сард Г.Б худалдсан.  Г.Б өөрийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлэхээс татгалзаж, Улаанбаатар хотын дугаартай байгаагаар нь ашиглана гээд бичиг баримтыг авч явсан. Г.Б нь энэ хүү машинаар хоёр жил шахам тээвэр хийсэн байсан. Ийм учир миний буруугаас болж бичиг баримт шилжүүлэх асуудал саатаагүй. Машины бичиг баримтыг миний бие ямар ч газар зээлийн барьцаанд тавьсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Машины бичиг баримтыг Г.Ж нь С гэх хүнд барьцаалсныг нэхэмжлэгч өөрөө мэдсээр байж Д.Х надаас мөнгө нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв 2018 онд надаас машин худалдан авахдаа бичиг баримтыг зохих журмын дагуу Г.Б хүлээн авсан бол асуудал үүсэхгүй байсан. Иймд нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардалгыг хариуцах хүн нь Г.Ж гэж үзэж байна. Ингэж үзэж буй үндэслэл нь машин Г.Б эзэмшилд байгаа бөгөөд тэрээр хоёр жил шахам ямар ч саадгүй ажил үйлчилгээндээ ашиглаж байгаа тул миний эсрэг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Г.Б нь “Д.Х холбогдуулан 28000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2018 оны 05 дугаар сард нэхэмжлэгч Г.Б нь BEIBEN ND3250 S маркийн автомашиныг 28000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хариуцагч Д.Х байгуулжээ. Зохигчид дээрхи гэрээний үүрэг үүссэн, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т “гэрээний зүйл болох BEIBEN ND3250 S маркийн автомашины эзэмшигч нь Б.С гэх хүний эзэмшилд буюу эрхийн доголдолтой байсан”, харин хариуцагч Д.Х “уг автомашин нь зээлийн барьцаанд байгааг мэдсээр байж Г.Б худалдаж авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б 2018 оны 05 дугаар сарын 05 дугаар сард BEIBEN ND3250 S  маркийн автомашиныг  хариуцагч Д.Х дээрхи автомашиныг өөр хүний нэр дээр бүртгэлтэйг мэдсээр байж худалдаж авсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т  /эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан/ зааснаар Д.Х 28 000 000 төгрөг гаргуулах шаардах эрхээ алдсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.Б дээрхи автомашиныг худалдах авахдаа  эрхийн доголдолыг мэдсээр байж худалдаж авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Г.Б нэхэмжлэлтэй, Д.Х холбогдох “28000000 төгрөг гаргуулах” нэхэмжэлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар Г.Б нэхэмжлэлтэй Д.Х холбогдох “28000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297555 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.