Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/478

 

                                          А.С-т холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа, Ж.Баяржавлан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа, Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.С-т холбогдох эрүүгийн 2008 02546 1247 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, шугам зургийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

А.С нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Т б” дэлгүүрийн үүдэнд Ч.Г-той ямар нэгэн шалтгаангүйгээр барьцалдаж, түүний хоолойг боож, толгойн ар дагз хэсгээр хатуу хучилттай зам дээр унагаж алсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.С-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-г 8 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 8 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн билээ. Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Тухайн үедээ хоромхон зуурын бухимдлаа барьж барьж чадалгүй харамсалтай хэрэг хийсэндээ маш их гэмшиж байгаагаа шүүх бүрэлдэхүүн, прокурор, хохирогчийн ар гэрийнхний өмнөөс албан ёсоор уучлалт гуйж байна. Би 69 хувь хөдөлмөрийн чадвараа алдан зүүн хөлийн тавхайн талын хэсгээрээ тайруулсан бөгөөд эмнэлгийн албан ёсны холбогдох бүх баримт байгаа болно. Миний бие бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд дахин ямар нэгэн төлбөргүй учир дээрх байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.С-н өмгөөлөгч Б.Нансалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

            1. Камерын бичлэгт үзлэг хийх тухай 30 минутын зөрүүтэй 2-р бичлэгт, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 19:41:39 үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Т Б” дэлгүүрийн үүдэнд амь хохирогч Ч.Г-г боогоод түлхдэг, 19:44:15 цагт амь хохирогч сэрээд босоод замын хажуугийн цэцгийн мандал дээр үл таних хүмүүс суулгасан. Эхний түргэн 23:11:22 цагийн үед ирээд 23:16:10 цагт буцаад явсан. Дараагийн түргэн 00:50:03 цагийн үед эхний түргэнээс 1 цаг 40 минутын дараа ирэхэд амь хохирогч нас барсан байдалтай байсан. /1 хх 34-40/.

            2. Эхний түргэний эмч Н.Алтансарын өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлэгт “..103-н дуудлагын дагуу очиход 50 орчим насны эрэгтэй амин үзүүлэлт харьцангүй тогтвортой, хурхирсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд пульс, даралт зэргийг нь үзэхэд харьцангуй тогтвортой, ямар нэг саажилт өгөөгүй байсан. Дүү гэх эмэгтэйгээс хойшоо савж унасан уу гэхэд тийм зүйл болоогүй, бид өглөөнөөс хойш хамт архи ууж байгаа юм, сая зүгээр татах гээд, ... амь хохирогчийг авч явна гэхэд дүү нь татгалзсан, төрсөн дүү гэх хүн нь байхад хүч хэрэглэх боломжгүй байсан. /1 хх 72-73/.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1774 дүгнэлтээр “... Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой.” гэж үзсэн.

Анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хурал дээр 1774 дүгээр дүгнэлтийг гаргасан шинжээч Ч.Энхцолмонгоос гэрчийн мэдүүлэг авахад “... эмч хүн архины гүн хордлогод орсон хүн байвал дараагийн шатны архины хордлого тайлах төвд хүргэж өгөх зэрэг шат дараалласан арга хэмжээг авах ёстой...” /2 хх 9/, “...ар гэрийнхэн өвчтөнд эмнэлгийн тусламж эмчилгээ авахаас татгалзах эрхтэй ийм тохиолдолд гарын үсэг зуруулан туслалцаа үзүүлэхгүй байж болно /2 хх 11/.

4. Гэрч Ч.О нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгт “Шүүгдэгчтэй З жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа, намайг зоддог, цагдаад мэдэгдэж байгаагүй”, амь хохирогч дээр 19-20 цагийн хооронд очсон, намайг очих үед ахын нүүр ам нь цус болсон байдалтай байсан, ... хамтран амьдрагч А.С талийгаач ахыг зодсон гэдгийг мэдээд нөхрийгөө хамгаалж байсан, талийгаачийн биеийн байдал муудаад ирэхээр нь түргэн дуудсан. Эхний түргэнийг 21 цагийн үед дуудсан, эмч ирээд анхны тусламж үзүүлээгүй, тоохгүй орхиод явсан, би эмнэлгийн туслалцаа авахаас татгалзаагүй зэрэг энэ хэрэгт шалгаж тогтоогүй маш олон зүйл байна. Яагаад түргэний эмч өргөсөн тангаргаас няцаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэхгүйгээр орхиж явсан, архины согтолт өндөр байсан бол хордлого тайлах төвд хүргэж өгөх ёстой байсан, шаардлагатай туслалцааг үзүүлээгүй.

Мөн амь хохирогчийн дүү Ч.О 19-20 цагийн хооронд амь хохирогч дээр очиход ам хохирогчийн нүүрнээс цус гарсан, хэд хэдэн газарт шалбарсан байсан, яагаад 19-20 цагийн үед очсон хэрнээ талийгаачийн биеийн байдлын талаар бусдад мэдэгдэж түргэн тусламж дуудуулаагүй вэ, 21 цаг хүртэл энэ хооронд юу болсон нь ойлгомжгүй, хэн амь хохирогчийг архидуулж, хэн нүүр лүү нь зодож цус нөжтэй нь хольсон бэ, түргэнийг амь хохирогчийн дүү Ч.О дуудсан боловч түргэний эмчийг ирэхэд эмнэлгийн туслалцаа авахаас яагаад татгалзаад байгаа зэрэг ойлгомжгүй, хэрэгт бүрхэг зүйл их байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.С-н өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс А.С-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд зэргээс харахад өөр дүгнэлт гарч ирж байна. Шүүгдэгч А.С 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 19:41:39 цагт амь хохирогч Ч.Г-г боогоод түлхсэн, 19:44:15 цагт амь хохирогч сэргээд боссон, 19:45:34 цагт түүнийг босгоод цэцгийн мандал дээр үл таних хүмүүс суулгасан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд авагдсан. Үүнээс хойш 22 цагийн үед дуудлагын дагуу түргэн ирж амь хохирогчийн биед үзлэг хийхэд амин үзүүлэлт харьцангуй тогтвортой, хурхирсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд пульс, даралт зэргийг нь үзэхэд харьцангуй тогтвортой байсан ба хүүхэн харааны гэрлийн урвал 2 талд сул, хурхирсан, гар хөлд ямар нэгэн саа саажилтын шинж байгаагүй, хамраас үл ялиг маш бага хэмжээтэй цус гарсан байсан гэдэг нь гэрч Н.Аптансарын мэдүүлгээр тогтоогддог. Амь хохирогчид тухайн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1774 дугаартай дүгнэлтээс харагддаг. Мөн тус дүгнэлтээр амь хохирогч Ч.Г-д учирсан гавал тархины гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарагдаж байна. Тэгэхээр шүүгдэгч А.С-н хувьд хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Харин тухайн хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн байхад мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хамааруулж үзсэн, мөн тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 69% алдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Түүнээс гадна түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял оногдуулах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх А.С-т 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргасан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Шүүх түүнд хуульд заасан хамгийн бага ял шийтгэл оногдуулсан. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээс үзэхэд А.С амь хохирогчийг хүрэмнийх нь захаас боож, хатуу хучилттай зам дээр дагз хэсгээр нь унагааж амь насыг нь хохироосон. Энэ хэрэгт гэрч О-г буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, тухайн үед хохирогчийг зам дээр унасны дараа шууд түргэн тусламж дуудсан бол амь нас аврагдах боломжтой байсан. О болон түргэн тусламжийн эмч нар тодорхой хугацааны дараа ирсэн. Шинжээчийн дүгнэлтээр түргэн тусламжийн эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирогч нас бараагүй нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

А.С нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Т б” дэлгүүрийн үүдэнд Ч.Г-той ямар нэгэн шалтгаангүйгээр барьцалдаж, түүний хоолойг боож, толгойн ар дагз хэсгээр хатуу хучилттай зам дээр унагааж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-н “... Би өнөөдөр өглөө ээлжийн ажлаасаа буух гээд байж байтал манай охин Б залгаад “О-гэрэл эгч согтуу ирчихээд Г ахыг нас барсан гээд орилоод байна” гэж хэлсэн. ... А.С гэх хүнийг мэднэ. А.С нь миний төрсөн дүү О-гэрэлтэй сүүлийн 1 жил шахуу хамт амьдарч байгаа, хөл муутай, өндөр залуу байдаг. ...” /1 хх 46/,

гэрч Ч.О-гэрэлийн “... 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед би хамтран амьдрагч А.С-тэй хамт өөрийн төрсөн эх Б.Л-н гэрт очиж хоол хийж идэхээр очсон. Тэгэхэд том ах Ч.Г хамтран амьдрагч Б гээд хүүхний хамт хоёулаа байж байсан. ... Ингээд А.С бид хоёр Толгойтын эцсийн орчимд тэр хавийн архи уудаг хэсэг бүлэг хүмүүстэй хамт архи уусан. Би нэлээд муудаж согтсон байсан. Нэг мэдэхэд би эцсийн буудал дээр сууж байхад Ч.Г ах автобуснаас бууж ирсэн. Тэгээд би ахаас 2000 төгрөг аваад салсан. Тэр мөнгөөр нь бас архи авч гудамжинд уусан. ... 18-19 цагийн үед намайг Толгойтын эцэс дээр байж байхад тэр хавьд байдаг хар Т гээд эмэгтэй над дээр ирээд “чиний нөхөр А.С ахыг чинь зодоод алах дөхлөө” гэхээр нь би ахыгаа хайгаад олоогүй. А.С автобусны буудал дээр зогсож байсан. Ингээд ахыгаа хайсаар байгаад Толгойтын хуучин эцсийн Баялаг гээд дэлгүүрийн үзүүрт нүүр ам нь цус болчихсон байдалтай дээшээ хараад газарт хэвтэж байсан. Би дэлгүүрээс сальфетка аваад нүүр амыг нь арчаад босгох гэтэл босох тэнхэл байгаагүй бөгөөд би бараг 22 цаг хүртэл хажууд нь суугаад л байсан. Ах тэр хооронд босоогүй, ухаантай байсан бөгөөд надтай юм яриад байсан. Маш удаан ярьж, надад гар утсаа хадгалуулсан. Тэгээд би хэсэг байж байгаад хажуугаар нь явж байсан эмэгтэй хүүхдийн утсыг гуйж түргэн дуудсан. ...” /1 хх 52-53/,

гэрч Ч.Б-н  “... Би Толгойтын хуучин эцсийн буудал дээр жижиглэн түлээ, нүүрс зардаг. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед түлээгээ зараад байж байтал миний урдхан талд ойролцоогоор 20 метр зайд Г, С нар хоорондоо зодолдоод байсан. ... С нь Г-г хоёр гараараа боогоод зогсож байх шиг байсан. Удалгүй Ч.Г хатуу хучилттай зам дээр ар дагзаараа саваад унасан. Ч.Г ухаан алдаад унасан. А.С нь цаашаа алхаж байсан. Би Ч.Г-н хацар луу хэд хэдэн удаа алгадахад сэргэсэн. Тэр үед хажууд байсан Э-О гэх ах наадах чинь сэргэчихлээ, одоо зүгээр гэхээр нь би зарж байсан мод руугаа очсон. Би модоо хураагаад буух үед Г-н дүү О-гэрэл нэг хүүхний хамт Г-г босгож авч явах гээд байж байсныг харсан. ...” /1 хх 55-56/,

 

гэрч Ж.Т-н “... Би тэр өдөр Толгойтын хуучин эцэс дээр явж байсан. Тэгэхэд О-гэрэл байхгүй байсан бөгөөд талийгаач Г халуун сав, тортой юм барьчихсан үсчингийн тэнд явж байсан. Тэгэхэд А.С яг араас нь гараад ирсэн бөгөөд Г тортой юмаараа А.С-г цохиж аваад “миний дүүг зоддог юу юм бэ, хамт архи дарс уугаад” гээд уурлаад цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад өмссөн байсан цамцнаасаа барилцаж байгаад А.С Ч.Г-г боох шиг болоод зам дээр түлхээд унагаачихсан. Би тэр үед 10 метр хүрэхгүй зайнаас хараад зогсож байсан. Ч.Г газар унаад босохгүй байсан. Тэгээд би босгооч ээ гээд орилсон ба А.С цохиж унагаачихаад л цаашаа яваад өгсөн. ...” /1 хх 58-59/,

гэрч Н.Алтансарын “... Тухайн дуудлага дээр очиход дэлгүүрийн үүдэнд байх цэцэгжүүлэлтийн хажууд хагас суугаа байдалтай хоёр хөл өвдгөөрөө нугалсан, цээжин бие нь хойшоо налж хэвтсэн, 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба амин үзүүлэлт нь харьцангүй тогтвортой, хурхирсан байдалтай хэвтэж байсан. ... Би тархины гэмтэл авсан байж болзошгүй гэж бодоод хажууд нь сууж байсан 40 орчим насны эмэгтэй хүнээс юу болсон, тархи толгойгоороо савж унасан уу гэж асуухад “тийм зүйл болоогүй, бид хоёр өглөөнөөс хойш хамт архи ууж байгаа, сая зүгээр татах гээд байна гээд сууж байсан” гэж хэлсэн. ...” /1 хх 72/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач Ч.Г-н цогцост суурийн зүүн ар хонхорын гадна ирмэгээр гавлын том нүхнээс лямбда заадас руу чиглэсэн босоо шугаман хугарал, дагзны дэлбэнгийн зүүн талын хатуу хальсан дээрх цусан хураа /140 гр/, дагзны хуйхны зүүн талын дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн талд духны дэлбэнгийн доод гадаргуун аалзан хальсан доорх нимгэн цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн доод гадаргуу урд шонтон хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр буюу толгойн зүүн ар /дагз/ хэсэгт хүч үйлчилж үүснэ. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” /1 хх 74-79/ гэх 1774 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаас хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “... түргэн тусламжийн дуудлагын №MCLN11621344 тоот хуудсанд үндсэн онош тархины цус харвалт гэсэн байх бөгөөд үзлэг хийж зөвлөгөө өгч эмнэлэгт хүргэх гэсэн боловч дүү гэх эмэгтэй татгалзав гэжээ. Талийгаач Ч.Г нь гавал, тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан ба тархины гэмтэл авснаас хугацаа алдаж түргэн тусламж дуудсан тул яаралтай зөөвөрлөж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. ...” /1 хх 235-240/ гэх 1266 дугаартай дүгнэлт,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... амь хохирогч Ч.Г-н өмсөж явсан ... хар өнгийн малгайтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. ...” /1 хх 96-98/ гэх 3613 дугаартай дүгнэлт,

  Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... А.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1 хх 121-122/ гэх 887 дугаартай дүгнэлт,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15-18/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 26-41/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.С-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.С-н амь хохирогч Ч.Г-н хоолойг боож, толгойн ар дагз хэсгээр хатуу хучилттай зам дээр унагаж, гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч А.С-т анхан шатны шүүхээс 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч А.С-н өмгөөлөгч Б.Нансалмаагаас “... Талийгаачид түргэний эмч эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй нь ойлгомжгүй, дүү Ч.О-гэрэл яагаад эмнэлгийн тусламж авахуулахаас татгалзсан, 21 цаг хүртэл юу тохиолдсон зэрэг тодорхойгүй нөхцөл байдал байгааг тогтоох ...” зэрэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “... талийгаач нь хүнд гэмтлийн улмаас нас барсан тул А.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх, шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч А.С нь амь хохирогчийг цамцаар нь хоолойг нь боосны улмаас толгойн ар дагз хэсгээрээ цементен зам дээр унасан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсоны гадна шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан хор уршигийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэгт авагдсан камерийн бичлэг болон гэрч Ч.О-гэрэлийн мэдүүлэг зэргээс үзэхэд амь хохирогч нь А.С-т боолгуулан толгойн ар дагз хэсгээрээ цементэн зам дээр унаснаас хойш орчиндоо харьцаа муутай болж, тэндээ нас барсан. Талийгаач уг газраасаа бусдын тусламжтайгаар хөдөлснөөс өөрөөр огт хөдлөөгүй тул тухайн өдрийн 21 цаг хүртэл талийгаачид юу тохиолдсоныг тогтоох шаардлагагүй.

Талийгаачийн дүү Ч.О-гэрэл нь ирсэн боловч тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эмнэлгийн тусламжийг эрт дуудан үзүүлэх талаар арга хэмжээ авч чадаагүй, 21 цагийн үед дуудсан түргэний эмч Н.Алтансар нь талийгаачийг авч явах гэсэн боловч Ч.О-гэрэл татгалзсан. Энэ тохиолдолд түргэний эмч Н.Алтансарыг талийгаачийг авч явж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан түргэний машины жолооч Р.А гэрчээр мэдүүлэхдээ “... би машины араас нацилка, хүзүүний циг хоёр аваад эмч дээр ирэхэд өвчтөний хажууд байсан дүү нь гэх эмэгтэй согтуу байдалтай “манайх энд ойрхон байдаг, би өөрөө аваад орчихъё, согтуу тасраад унтчихсан байгаа юм” гээд байсан. ...” гэсэн /1 хх 231/ мэдүүлгээс үзэхэд Ч.О-гэрэлийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

Үүнээс гадна, хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Талийгаач Ч.Г нь гавал, тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан ба тархины гэмтэл авснаас хугацаа алдаж түргэн тусламж дуудсан тул яаралтай зөөвөрлөж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. ...” /1 хх 235-240/ гэх 1266 дугаартай дүгнэлтээр талийгаачид хугацаа алдаж эмнэлгийн тусламж үзүүлсэн нь нотлогдож байхаас гадна түргэний эмч Н.Алтансар нь тухайн үедээ талийгаачийг авч явж дараагийн шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн ч хохирогчийн амь насыг аврах боломжгүй байсан нь тогтоогдсон гэж үзлээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ тохиолдолд үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хүнийг алах, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, А.С нь хохирогчийг боож, толгойн ар дагз хэсгээр хатуу биет буюу цементэн гадаргуу дээр унахад үхэлд хүргэх гэмтэл учрах аюултай гэдгийг ухамсарлах боломж байсан гэж үзнэ.

Иймд А.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч А.С-н “... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.С-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 8 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, түүний үндэслэл, журам, нөхцөлийг хүндрүүлсэн хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа, Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокурорын шатанд “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1 хх 138/ болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэж нэг өдрийн дараа үйлдэгдсэн мэтээр бичвэрийн алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Нансалмаа, Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

             ШҮҮГЧ                                                            М.АЛДАР