Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 59

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.Рэнчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оймдууд овогт Төмөрийн Рэнчиндоржид холбогдох 201717000099 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн харьяат, 1989 оны 05 дугаар сарын 19-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ял шийтгэлийн байдал: Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар 3 сарын баривчлах ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 5 сарын баривчлах ял, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Оймдууд овгийн Төмөрийн Рэнчиндорж.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/ 

 

Шүүгдэгч Т.Рэнчиндорж нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Даваажаргалыг бусадтай хардаж маргалдан, түүний эрх чөлөөнд халдаж биемахбодод нь баруун нүдний дотор булан, баруун хацар, зүүн гуяны ар дунд хэсэг, зүүн гарын шууны гадна дунд, доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Рэнчиндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ж.Даваажаргал надаас 350 000 төгрөг авах гэж шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба надаас 350 000 төгрөгийг гаргуулсан. Би 350 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүнд өгсөн гэж хэлэх гэж Ж.Даваажаргалтай уулзсан. Би Даваажаргалд чи надаас өөр хүнтэй яриад байгаа юмуу? гэхэд үгүй гээд байсан. Чи өөр хүнтэй ярьж байгаа биздээ надад үнэнээ хэл гэхэд өөр хүнтэй ярьдаг гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь  уурандаа гарынхаа ар талаар Даваажаргалыг алгадсан гэв.

 

  - Хохирогч Ж.Даваажаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Би танил болох Рэнчиндоржид 350000 төгрөг зээлүүлсэн боловч тэрийгээ өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан юм. Шүүхээс Рэнчиндоржоос 350000 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Рэнчиндорж уг мөнгийг өгөөд  над руу залгаад уулзъя гэхээр нь Болор нэртэй цайны газар  уулзахад  Рэнчиндорж нөгөө мөнгийг чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгчихсөн шүү гэсэн. Бид хоёр хамт яваад мөнгөө авч ирчихээд Болор гэх газраа пиво ууж суухдаа Болор дэлгүүрт ажилладаг Мяндсаа гэх манай найз хүүхнийг хүлээж байсан юм. Мяндсаа ажлаа тарахаар нь бид гурав цуг Мяндсаагийн гэрт очих гээд таксинд суугаад явж байтал миний  гар утас дуугарахад Рэнчиндорж  “чам руу надаас өөр хэн ярьдаг юм” гээд утас булаагаад миний хамар луу цохиод цус гаргачихсан. Тэгээд Мяндсаагийн гэрт орж маргалдаж байгаад Рэнчиндорж гараад гүйхээр нь би араас нь очиж утсаа авах гэтэл миний Нокиа маркийн гар утсыг эвдлээд намайг хөл гар луу өшиглөөд байхаар нь Мяндсаагийнд буцаад очсон. Тэгээд гэртээ ирэхэд манай аав, ээж Рэнчиндоржид зодуулсныг мэдээд цагдаад мэдэгд гэсэн. Миний баруун нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан. Зүүн хөлний гуя хэсэгт хөхөрсөн, зүүн гарын бугалга хэсэгт хөхөрсөн, баруун хөлний шилбэ хэсэгт зулгарсан. Одоо энэ гэмтлүүд бараг эдгэж байна. Миний Нокиа маркийн гар утас хуучин утас байсан. Шинэ нь гадуур 30.000 төгрөгөөр зарагдаж байна лээ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна...гэх мэдүүлэг./хх-8-9 /

 

  - Гэрч Я.Жамъяндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Рэнчиндорж нь манай охинтой 2016 оны эхээр нийлсэн. Тэрнээс хойш бие нь энд тэндээ хөхрөөд яваад байдаг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-доор охиныхоо юм зардаг лангуун дээр уулзахаар очиход хар нүдний шил зүүчихсэн нүдээ нуугаад байхаар нь хартал нүдээ хөхөртөл нь зодуулсан байсан бөгөөд хэнд зодуулснаа хэлдэггүй байсан юм. Би яг яаж зодсоныг нь мэдэхгүй, Даваажаргалаас асуухаар олигтой юм ярьдаггүй юм гэх мэдүүлэг./хх-10/ 

 

  - Гэрч Ө.Мяндсанхолбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний ажилладаг Болор нэртэй хоолны газар Рэнчиндорж, Даваажаргал нар ирж пиво ууцгаасан. 16 цагт миний ажил дуусч бид гурав хамт пиво ууж байгаад 18 цагийн орчимд хамт манай гэр лүү явах зам даа хоорондоо маргаад эхэлсэн. Нэг мэдсэн чинь Даваажаргалын хамраас цус гарчихсан гэрийн гадаа цусаа тогтоож нүүрээ угааж байсан. Манай гэрт байхдаа дахин хоорондоо муудалцаад Рэнчиндорж Даваажаргалыг алгадаад, бие рүү нь өшиглөөд байхаар нь манай гэрээс  явцгаа гэхэд гараад явцгаасан. Би гэрийнхээ хаалгыг гаднаас нь түгжээд өөр тийшээ яваад өгсөн. Дахиж уулзаагүй гэх мэдүүлэг, / хх-11-13 / 

 

           - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай  дүгнэлтэнд: 1.Ж.Даваажаргалын биед баруун нүдний дотор булан, баруун хацар, зүүн гуяны ар дунд хэсэг, зүүн гарын шууны гадна дунд, доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх-15/

 

- Т.Рэнчиндоржийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-25 /

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011.08.24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-26-27/

 

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-28-34/

 

-  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-39/

 

- Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.12.08-ны өдрийн 21 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-41/

 

- Т.Рэнчиндоржийн оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-24 /зэрэг болно.

 

- Ж.Даваажаргалын хүсэлтэнд:Миний биеийн байдал зүгээр болсон тул

Т.Рэнчиндоржоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй. /хх-61/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүгдэгч Т.Рэнчиндорж нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч  Ж.Даваажаргалыг зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, хохирогч Ж.Даваажаргал, гэрч Ж.Жамъяндорж, Ө.Мяндсанхолбоо нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн 116 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Рэнчиндоржид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Рэнчиндоржид  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Т.Рэнчиндорж нь  цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Даваажаргал  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9,   36.10 дугаар зүйлийн 1, 2, 4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Оймдууд овогт Төмөрийн Рэнчиндоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т. Рэнчиндоржийг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

           3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Т. Рэнчиндоржид  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Т. Рэнчиндорж нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.Рэнчиндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан Т.Ренчиндорж нь  цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Даваажаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА