| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0919/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1178 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1178
2025 05 7 2025/ШЦТ/1178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
хохирогч А.М,
шүүгдэгч Т.З нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт Т-ын З-нд холбогдох эрүүгийн .........................дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.З нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын .................. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.М-тэй “танихгүй эмэгтэйгээс дуудлага ирсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гарыг нь мушгих, нүүр болон тохой хэсэг рүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 117 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
2. Шүүгдэгч Т.З нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.М-тэй “танихгүй эмэгтэйгээс дуудлага ирсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гарыг нь мушгих, нүүр болон тохой хэсэг рүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалга, шуу, тохой, баруун гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн хамтран амьдрагч Т.З-тай Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын .................... тоот буюу Т.З-ны гэрт түүний дүү нарын хамт амьдарч байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед З унтаж байтал түүний гар утсанд дуудлага ирэхээр нь тухайн дуудлагыг авахад нэг эмэгтэй хүн “Чи намайг гадуур байгааг яаж мэдсэн юм бэ” гэж асуухаар нь би З-ны эхнэр нь байна гэж хэлэхэд утсаа шууд таслаад З өөрөө шөнө над руу харьсан юм уу гэж мессеж бичсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би З-аас тухайн эмэгтэйн талаар асуусан чинь эхлээд мэдэхгүй гэж хэлж байснаа дараа нь “чи танихгүй, чамд хамаагүй, унтмаар байна” гэж хэлээд миний толгой дээр гараараа дарж байгаад духны зүүн хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд нүүр хэсэг рүү 5-6 удаа цохих үед миний амнаас цус гарсан. Тэгээд миний гар утсыг булааж аваад миний гарыг хугална гэж мушгиад гар утсаараа миний гарын тохой хэсэг рүү цохих гэж байхад дүү М салгаж байх хооронд би цагдаа дуудсан Миний духны зүүн хэсэг, зүүн тохой өвдөөд хавдчихсан байна...” гэх мэдүүлэг /хх 7,11/,
Хохирогч А.М-ийн дахин өгсөн “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх 14/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн “...А.М-ийн биед зүүн гарын бугалга, шуу, тохой, баруун гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх 18-19/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсон.
3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тусгажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Т.З, хохирогч А.М нар нь хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай, дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч нар байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилсэн нь зөв байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.З нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ
5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гар мушгих, нүүр болон тохой хэсэг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн олон удаагийн үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Т.З-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Т.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Т.З-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй нь шүүгдэгчийг бусдад учруулсан төлбөрөө төлж барагдуулсан гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч Т.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчийн гомдол саналгүй гэх зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, үйлдлийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В овогт Т-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ