| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01708/И |
| Дугаар | 102/ШШ2022/02645 |
| Огноо | 2022-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2022/02645
2022 оны 07 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2022/02645 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Н... хотхон ... дүгээр байрны .... тоотод оршин суух, регистр ..., Х... овогтой Ц...ийн Т.,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Рокмон бюлдинг 207 тоотод байрлах, регистр ..., А... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 87 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т....ын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь А... ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ...-р хороо, ...-р хэсэг, .... дүгээр байрны .... тоот 146.5 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Ц.Т... нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, 5-р хэсэг Дүнжингарав гудамжны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 6 давхар орон сууцны ....-р байр .... тоот хаягт байрлалтай 75 м.кв талбай бүхий орон сууцыг дотоод засалгүйгээр “А...” ХХК-аас худалдан авсан. Худалдан авах гэрээгээр 2018 оны 04 дүгээр сард багтаан хууль тогтоомж, Барилгын норм, дүрэм, чанар, стандартад нийцүүлэн Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулна гэж тохиролцсон. Мөн гэрээгээр орон сууцны төлбөрийг бүрэн төлөх хүртэл орон сууцны өмчлөгч нь гүйцэтгэгч байна гэж заагаад төлбөр төлж барагдуулсны дараа захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Ц.Туулын зүгээс гэрээний төлбөр 175 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 52 500 000 төгрөг, мөн өдрөө 122 500 000 төгрөгийг Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авч тус тус “А...” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл “А...” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй худалдан авсан орон сууцыг Ц.Т...ын өмчлөлд шилжүүлэхгүй байна. Үүний улмаас нэхэмжлэгч өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах боломжгүй эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, 5-р хэсэг Дүнжингарав гудамжны нутаг дэвсгэрт баригдаж буй .... давхар орон сууцны ...-р байр ...тоот хаягт байрлалтай 75 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, дээрх орон сууцны өмчлөгчөөр Ц.Т...ыг мөн болохыг тогтоолгох, орон сууц захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги гүйцэтгэгч захиалагчид төлөхөөр заасны дагуу алданги 87 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Өнөөдрийн байдлаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хууль нийцүүлэн 50 хувийг нэхэмжилсэн гэв.
3.Нэхэмжлэгчээс “Орон сууц захиалгын гэрээ” /хх 8-10/, Орон сууцны санхүүжилтын гурвалсан гэрээ /хх 11-13/, төлбөр төлсөн баримт /хх 14/, Зээлийн гэрээ /хх 16-18/, зээлийн дансны хуулга /хх 37-41/ зэрэг баримтыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр УБЕГ-аас лавлагаа гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Ц.Т... нь “А...” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн ...-р хороо, 5-р хэсэг, Дүнжингарав гудамж, .... дугаар байрны .... тоот сууцыг 175 000 000 төгрөг төлөхөөр /хх 8-10/ тохирчээ.
Захиалагч нь орон сууцны төлбөрт 2018 оны 4-р сарын 5-нд 175 000 000 төгрөгийг төлж, төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн /хх 14/ байна. Улмаар орон сууцандаа орсон талаар талууд маргаагүй байна.
Орон сууц захиалгын гэрээний 3.10 дахь хэсэгт зааснаар орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байхаар тохирсон, харин захиалагч төлбөрийг бүрэн төлснөөр түүний өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, гагцхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно.
Орон сууц захиалгын гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгөх үүргийг А.... ХХК хүлээсэн боловч орон сууцыг бүхэлд нь зээлийн барьцаанд тавьсан, улсын бүртгэлийн Ү-2206.... дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ...-р хороо, 5-р хэсэг, Дүнжингарав гудамж, .дугаар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А. ХХК /хх 44/ бүртгэгджээ.
Хэдийгээр А... ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулсан боловч 9 тоот сууцыг захиалагч Ц.Т...ын өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Талууд гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт гүйцэтгэгч орон сууцыг ашиглалтад оруулаагүй хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги гүйцэтгэгч захиалагчид төлөхөөр тохирсон байна.
Хариуцагч А... ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т... нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05-р сарын 27-ны өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг 2022 оны 7-р сарын 19-ний өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 735 850 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 735 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц...ийн Т. нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, 5-р хэсэг Дүнжингарав гудамж, ...-р байрны ... тоот сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхийг А. ХХК-д даалгаж, А... ХХК-иас 87 500 000 төгрөг гаргуулж Ц.Т...д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.... ХХК-иас 735 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА