Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2022/00701

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Н /рд:00000001, утас: 000000000/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль /захирал У, рд:0909080, утас:11111111111/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Н,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие 2003 онд Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд түүх, нийгмийн багшаар ажилд орж 2021 оны 03 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл багшаар ажилласан.

2) 2021 оны 03 дугаар сарын 28-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад Б сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл өвчний учир эмнэлгийн чөлөөтэй байсан.

3) Улмаар Б аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба дараа нь мөн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Б/06 дугаартай захирамжаар мөн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамж хууль тогтоомжид нийцээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсон учир миний тус сургуулийн тамга тэмдгийг хүлээлгэж өгсөн.

4) Намайг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн үүрэгт ажлаас чөлөөлөөгүй, багшаар  ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул миний бие тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй.

5)Тухайн үед би төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй. Яагаад гэвэл өмнө нь удирдах албан тушаал хашаагүй тул шалгалтад орж чадаагүй. Одоогийн захирлаар ажиллаж байгаа У өмнө нь менежерээр 8 жил ажиллаж байгаад тусгай шалгалтад ганцаараа ороод тэнцсэн. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаа хүлээлгэж өгсөн ба У намайг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлээрээ ажилд авна гэж гараар тодорхойлолт бичиж өгсөн. Би уг гараар бичиж өгсөн тодорхойлолтын нэг хувийг авъя гэж асуухад тухайн үед ажил хүлээлгэж өгөх комиссын дарга одоогийн иргэний бүртгэлийн улсын хяналтын байцаагч Х надад энэ тодорхойлолт байж байдаг таныг мэргэжлээрээ ажилд авна, санаа зовохгүй байж болно гэснээр би тухайн үед яваад өгсөн. Тэр өдрөөс хойш одоо хүртэл ажилгүй байгаа.

6) Цагийн багш нарыг ажлаас чөлөөлж намайг мэргэжлээрээ ажилд авах боломж байсан. Жирэмсний амралтаа авсан А.Булбулын оронд ажилд авах боломж бас байсан. Зарим хүмүүс асуухаар А.Н надтай ирж уулзах ёстой гэж хэлсэн байна. 2022 оны 5, 6 дугаар сараас эхэлж цалин, амралтын мөнгө авч чадаагүй байгаа.

7) Иймд А.Н намайг Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3600000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С хариу тайлбартаа: 1) Тус сургуулийн захирал У би Б аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын ажилд бүр томилогдсон.

2) Гэвч Б сумын Засаг даргаас намайг сургуулийн захиралд хууль ёсоор томилсон захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан боловч дараа нь Б аймгийн Засаг даргын захирамжаар Б сумын Засаг даргын У намайг сургуулийн захирлаас хууль бусаар чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгосон. Ингээд У би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн одоо хүртэл тус сумын сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байна.

3) А.Н тус сургуулийн захирлын ажилд томилогдохоос өмнө тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Харин А.Н нь сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоос өмнө сургуульд түүх-нийгмийн багшаар ажиллаж байсан. А.Н нь Б сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн Б/31 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор түүний оронд С.Булбул гэдэг багш томилогдон тэрээр одоо хүртэл сургуулийн түүх, нийгмийн багшийн ажлыг хэвийн гүйцэтгэж байна.

4) А.Н нь 2021 оны 03 дугаар сарын 28-ний өдөр өөрийн дотоод итгэл, сайн дурын хүсэл зоригийн дагуу тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон уг албан тушаалыг 1 жил 1 сарын хугацаагаар хашиж, цалин хөлс, бусад хангамжийг эдэлж байсан. Нөгөө талаас А.Н нь тус сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбарт хүсэлт гаргаж байсан. Түүний оронд бүр томилогдсон С.Булбул багштай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгч А.Ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Б/06 дугаартай захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамж, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай захирамж, Б аймгийн Б сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2000 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 12 дугаартай тушаал, түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай албан бичиг, эмнэлгийн магадалгаа, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт зэргийг,

Хариуцагчаас итгэмжлэл, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ны Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.  

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2003 онд Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд түүх-нийгмийн багшаар ажилд орж 2021 он 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл түүх нийгмийн ухааны багшаар ажилласан. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд түр томилогдож  2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан. Намайг тус сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо тус сургуулийн түүх нийгмийн ухааны багшийн үүрэгт ажлаас чөлөөлөөгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул урьд эрхэлж байсан түүх нийгмийн ухааны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: А.Н нь тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоос өмнө сургуульд түүх нийгмийн багшаар ажиллаж байсан.  А.Н нь Б сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор түүний оронд Б гэдэг багш томилогдон одоо хүртэл сургуулийн түүх нийгмийн багшийн ажлыг хэвийн гүйцэтгэж байна. А.Н нь өөрийн дотоод итгэл, сайн дурын хүсэл зоригийн дагуу тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, түүний оронд бүр томилогдон Б багштай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан А.Ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:  Б аймгийн Б сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар А.Ныг түүх нийгмийн багшаар томилсон байна. Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай захирамжаар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А-г захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тус сургуулийн түүх нийгмийн багш ажилтай А.Н-ыг багшийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн 1 дүгээр сургуулийн захирлаар А.Н-ыг түр томилсон байна. Б аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, санал болгосон тогтоолын дагуу тус сумын 1 дүгэр сургуулийн захирлаар Маликийн Унатыг томилж мөн өдрөөс эхлэн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Уыг 1 дүгээр сургуулийн захирлаар томилох тухай Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож,  Б/04 дугаартай А.Н-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжаар 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Н-ыг томилжээ. Б аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Б сумын Засаг даргын 2022 оны “Захирамж хүчингүй болгох тухай” Б/03 дугаар захирамж, 2022 оны “А.Н-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/04 дугаар захирамж хууль тогтоомжид нийцээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсон байна. Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар С.Булбулыг 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн түүх нийгмийн ухааны хичээлийн үндсэн орон тоонд авч ажиллуулжээ.

5.Нэхэмжлэгчээс захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан ба түүх нийгмийн багшийн ажлаас чөлөөлөгдөөгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлээ дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

6. Хууль зүйн үндэслэлийн талаар:  Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум дүүргийн Засаг даргын тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан ба мөн хуулийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг тусгажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх нийгмийн багшаар ажиллаж байсан А.Н-ыг Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажилд түр томилсон байх ба ажил олгогч Б аймгийн Б сумын Засаг даргын захирамжаар тус тус сургуулийн захирлын ажилд У томилогдсоноор А.Н нь захирлын түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгджээ. Тухайн шийдвэрийн улмаас   А.Н-ы Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн байна гэж шүүх үзлээ.

Учир нь, нэхэмжлэгч А.Н нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө тус сургуульд түүх нийгмийн багшаар ажиллаж байсан бөгөөд А.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийн аль  үндэслэлээр урьд эрхэлж байсан түүх нийгмийн багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь тогтоогдохгүй байна. Хариуцагчаас нэхэмжлэгч А.Н нь  өөрийн хүсэлтээр захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тул түүнийг урьд эрхэлж байсан түүх нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч ажилтан А.Н-ы санаачилгаар түүх нийгмийн багшийн ажлаас нь чөлөөлж, захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаарх бичгээр гаргасан хүсэлтийг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул талуудын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч буюу ажилтан А.Н-ы санаачилгаар цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажил олгогч нь ажилтны хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ зөрчсөн гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Н-ыг Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсний дараа түүнийг урьд эрхэлж байсан түүх нийгмийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсантай адилтган үзэх бөгөөд тухайн үеэс эхлэн нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч А.Н-ыг Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байх ба нэхэмжлэгч ажлаас халагдсаны дараа 2020 оны оны 5, 6 дугаар саруудад ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хоёр сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд А.Н-ы ажилгүй байсан хугацаанд авах цалингийн хэмжээ 3300000 төгрөг болох нь тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгч А.Н нь ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаас үзэхэд ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 11.7 хувь байна.

Нэхэмжлэгч А.Н-ы ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор бүгд 3300000 төгрөгөөс ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 11.7 хувиар тооцоход 386100 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр байна.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

10.Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй талаар Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай албан бичигт аймгийн хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах ажлын хэсэг байгуулагдаагүй талаар тусгасан байх ба нэхэмжлэгч А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч А.Н-ы гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасныг үндэслэн шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, Б овгийн А.Н-ыг  Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127  дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 3300000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан А.Н-ы ажилгүй байсан хугацаанд ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 386100 /гурван зуун наян зургаан мянга нэг зуун/ төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х