Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч Ү.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.Б-д холбогдох 2516001180129 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам  бүл  7,  эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* сумын ****** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, Б овогт Ү-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  Ү.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ү.Б нь Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багийн нутаг дэвсгэрт байх малчин С.Ч-н гэрт Алтан төлийн найранд сууж байхдаа хохирогч Х.Э-г бусадтай маргалдан барьцалдаж авах үед нь салгахдаа түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархины хаван буюу тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ү.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Х.Э-г зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/

2. Хохирогч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай хадам ах Ч-н Алтан төлийн эзэн болсны цайллага болоод тухайн цайллага хадам ээж эхнэр хүүхдүүдийн хамт очсон. Тухайн найранд оролцоод суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд суусан. Тэгж байгаад халамцуу З-тай маргалдаад бие биетнийгээ заамдалцаж аваад босоод ирсэн. Тэгсэн чинь Б бид хоёрыг салгах гэж байгаад гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Цохиулснаас болоод ухаан алдсан уу балмагдсан уу бүү мэд нэг сэрсэн чинь гадаа унтаж байсан. Сэрээд харсан чинь З-д миний хажууд сууж байсан ... Надад энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн санал  хүсэлт  болон  нэхэмжлэх  зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 110-111  дүгээр хуудас/

3. Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Намайг Ч-н гэрт Х.Э нэлээн согтуу архи уучихсан байсан. Цайллага дээр ирсэн хүмүүсийг татаж чангаагаад хүн болгон луу ярих ярихгүй юм яриад хүн болгонд “чи зүгээр суу” гээд загнуулаад сууж байсан. Тэгээд намайг Ч-н гэрт байж байхад С.З тэр хоёр муудалцаад хэрэлдэж маргалдаад байсан. Тэр хоёрыг салгаад Ү.Б дунд нь сууж байсан. Тэгээд С.З Х.Э хоёр муудалцаад босож ирээд барьцалдаад авсан чинь Ү.Б тэр хоёрыг салгаж байгаад Х.Э-г тохойгоороо цохичих шиг болсон. Тэгсэн чинь Х.Э орон дээр унаад босоод ирсэн чинь хамраас нь цус гоожоод хамар нь шалбараад мурийчихсан юм шиг харагдаж байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/

4. Гэрч Х.С-н мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн “... Х.Э архи ууж согтчихоод хүү рүү агсам тавиад байсан. Манай гэрт цайллага дээр ирсэн хүмүүсийг суулгахгүй хэрүүл маргаан өдөөд байсан. Тэгээд би гэрт хоол цай хийж байхад С.З Х.Э хоёр муудалцаад болохгүй Ү.Б дунд талд нь сууж байсан. Тэгсэн чинь тэр хоёр муудалцаад босож ирээд барьцалдаад авсан чинь Ү.Б салгаж байхдаа тохойгоороо Х.Э-н хамар луу цохичихсон. Тэгээд би Б-г “чи эрүүл шахуу хүн байж согтуу хүнийг яаж байгаа юм” гээд салгасан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/

5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ГОА0725/170 дугаартай “ ... Х.Э-н биед тархины хаван буюу тархи доргилт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/

6. Хохирогч Х.Э-н 2563 дугаартай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 43-64 дүгээр хуудас/ гэсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ү.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 1,717,341(нэг сая долоон зуун арван долоон мянга гурван зуун дөчин нэг) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бичгээр “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгох  дүгнэлт гаргуулах шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн болох нь түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд  1,717,341(нэг сая долоон зуун арван долоон мянга гурван зуун дөчин нэг) төгрөг төлөхөө илэрхийлжээ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр зохицуулсан байна.

Үүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас шалтгаалан хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарсан зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн байгууллагад олгосон тохиолдолд энэ зардлаа буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэй, үүнийг нь хариуцвал зохих этгээд буцаан төлж санг хохиролгүй болгох үүрэгтэй гэж ойлгоно.

Иймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний төлбөр 1,717,341(нэг сая долоон зуун арван долоон мянга гурван зуун дөчин нэг) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3(гурав)  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 5,000,000(таван сая) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ү-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ү.Б-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч  Ү.Б-с 1,717,314 (нэг сая долоон зуун арван долоон мянга гурван зуун арван дөрвөн) төгрөгийг гаргуулан “Эрүүл мэндийн даатгалын сан”-д олгосугай.

 6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 5,000,000(таван сая) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ