| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0134/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
улсын яллагч Б.Ундармаа,
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Э-д холбогдох 2516000000150 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын *****-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын *********** багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************** регистрийн дугаартай, Х овогт Л-н Э.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг 31 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн нутаг дэвсгэрт *****УБӨ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1. Гэрч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Түмэн багийн нутаг дэвсгэр болох “*******” дэлгүүрийн баруун талаар явах засмал зам дээр Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Э гэх жолоочийг зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч драгер үлээлгэхэд 2,71 хувийн согтолттой байсан тул эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгсөн юм. Л.Э-н жолоодох эрхийн үнэмлэхийг шалгахад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
2. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Түмэн багийн нутаг дэвсгэр болох "*****" дэлгүүрийн баруун талаар явах засмал зам дээр Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Э гэх жолоочийг цагдаагийн дэд ахлагч Б.Ч зогсоож шалгасан. Тэгэхэд жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч, цагдаагийн дэд ахлагч Б.Ч нь драгер үлээлгэхэд 2,71 хувийн согтолттой байсан учраас эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгсөн юм ... Тухайн үед Л.Э нь Приус-20 загварын *****УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцоод явж байсан юм...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 10 дугаар хуудас/
3. Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байдаг ********** дэлгүүрийн үүдэн дээр Л.Э-тай уулзсан юм. Тухайн үед Л.Э нь өөрийнхөө Приус-20 загварын, цагаан өнгийн машинтай явж байсан. ******* дэлгүүр цоожтой байсан болохоор ********* дэлгүүр рүү орж Э 1 ширхэг Сэнгүр нэртэй 2 литрийн пиво авсан. Харин би Сэнгүр нэртэй 2 ширхэг 0,5 литрийн лаазтай пиво авсан. Бид хоёр тэгээд Жаргалантын хорооны хойд талд байдаг овоотой толгойн тэнд нөгөө авсан пивыг уусан юм. Бид хоёр тэгээд буцаад аймгийн төв рүү орж Л.Э нь машинаа унаад явж байгаад засмал зам дээр эргүүлийн цагдаа зогсоож шалгаад согтуу байна гэж хэлээд Эрүүлжүүлэх саатуулах байран дээр ирсэн юм ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 18 дугаар хуудас/
4. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлагч Б.Ч-н жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “... Л-н Э драгер багаж ашиглан шалгахад 2,71% согтолттой...” гэх агуулга бүхий тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/
5. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “... 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл эрх хассан ...” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл./хавтаст хэргийн 3 дугаар хуудас/
6.Шүүгдэгч Л.Э-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/-т зааснаар шийтгэл оногдуулсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/1803 дугаартай шийтгэврийн хуулбар/хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч Л.Э-н тухайд өмнө нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд шүүгдэгч Л.Э-д авсугай.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.Э-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ