| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2022/00463/И |
| Дугаар | 130/ШШ2022/00682 |
| Огноо | 2022-07-28 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2022/00682
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт А /рд:0000000, утас: 000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт Е /рд:00000000, утас:00000000/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын нутаг дэвсгэр Тошинтын дугуй хэмээх газарт барьсан Е-ийн хашаа, хороо, амбаарыг албадан нүүлгэх тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Д,
Хариуцагч Е,
Орчуулагч А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А нь хариуцагч Ет холбогдуулан Б аймгийн Б сумын нутаг дэвсгэр Тошинтын дугуй хэмээх газарт барьсан Е-ийн хашаа, хороо, амбаарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1) Миний бие А нь 2003 оноос эхлэн Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин сууж амьдарч байгаа юм. Тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тошинтын дугуй хэмээх газарт өвөлжөө, хаваржаатай билээ. Тошинтын дугуй хэмжээ газарт өвөлжөөний кадастрын зураг, улсын бүртгэлт бүртгүүлж авсан газар эзэмших гэрчилгээтэй юм.
2) Гэтэл тус багийн иргэн Е нь хууль бусаар бидний эзэмшлийн газарт Тошинтын дугуй хэмжээх өвөлжөөнд хашаа, хороо, амбаар барьсан юм.
3) Е-т энэ газарт хашаа хороо барьж болохгүй, бидэнд кадастрын зураг байгаа, зөвшөөрөлтэй гэж хэд хэдэн удаа хэлэхэд хүчээр хашаа, хороо, амбаар барьж би зөвшөөрөл авсан гээд хэлсэн юм. Би тус сумын удирдлагуудад мэдэгдэж Тошинтын дугуй хэмээх газарт үзлэг хийлгэж тодорхойлолт авсан. Иймд Е-ийн Б аймгийн Б сумын нутаг дэвсгэр Тошинтын дугуй хэмээх газарт барьсан, хашаа, хороо, амбаарыг албадан нүүлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Е хариу тайлбартаа: 1) Би 2019 оноос эхлэн Б аймгийн Б сумын Тошинтын Жолак гэх газарт оршин сууж амьдарч байгаа бөгөөд цар тахлын өвчний улмаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр /урьд өгсөн өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй тул/ дахин өгч сумын бүртгэл хяналтын картад бүртгүүлэн хаваржааны асуудлыг шийдвэрлүүлэхээр газрын даамалд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах талаар удирдлагаас цохилт хийсэн.
2) Миний хаваржаа болох Жолак гэдэг газар нь А-ын ярьж байгаа Дугуй гэх газар нь хоорондоо 1 км-ээс илүү зайтай бөгөөд миний газарт давхцаж байгаагүй. Тухайн үед өргөдөл хүсэлт гаргах үед 30 хүний гарын үсэг бүхий багийн иргэдийн тодорхойлолт, зөвшөөрөл, захиргааны бичиг хэрэгт байгаа болно.
3) Сумаас цар тахлын өвчний асуудлаас болж миний өргөдлийг шуурхай шийдвэрлэж чадаагүй байгаа ба би ч кадастрын зургаа хийлгэж зөвшөөрлийг авах болно. Нэгэнт газар давхцаж байгаагүй учир хашаа хороо амбаарыг нүүлгэж чадахгүй болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 109 дугаартай тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн үзлэг хийсэн комиссын тодорхойлолт, 030500144 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, А-ын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Б сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/150 дугаартай захирамж, уг захирамжийн хавсралт зэргийг,
хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай бүртгэл хяналтын карт, нэр бүхий хүмүүсийн гарын үсэг зурсан баримт, түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өргөдөл зэргийг тус тус гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, фото зураг зэргийг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2003 оноос эхлэн Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тошинтын дугуй хэмээх газарт өвөлжиж, хаварждаг ба уг газрыг улсын бүртгэлд бүртгүүлж өвөлжөөний кадастрыг тэмдэглүүлж эзэмшиж байгаа боловч тус багийн иргэн Е нь хууль бусаар миний эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй хашаа, хороо, амбаар барьсан тул уг барьсан хашаа, хороо амбаарыг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Е нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний барьсан хашаа хороо амбаар нь нэхэмжлэгч А-ын өвөлжөөнөөс нэг километрээс илүү зайтай бөгөөд түүний эзэмшиж байгаа газарт давхцаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Б сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/150 дугаар захирамжийн нэг дэх заалтаар тус сумын иргэдийн хүсэлтийн дагуу 47 иргэнд эзэмшиж байгаа газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг захирамжийн хавсралтын 38 дугаарт У овгийн А-д Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Тошинтын дугуй гэх газраас 700 м.кв газрыг 52 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба уг газрын байршил, талбайн хэмжээг тогтоосон кадастрын зураг үйлдсэн байна. Хариуцагч Е-ийн барьсан хашаа, хороо, амбаар нь нэхэмжлэгч А-ын өвөлжөөний зориулалттай 700 м.кв газраас 1079.57 метр зайтай болох нь шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. Хариуцагч Е нь шинээр хашаа, хороо, амбаар барьсан газарт газар эзэмших гэрчилгээ аваагүй байгаа талаар тайлбарлажээ. Мөн Б аймгийн Б сумаас томилсон комиссын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тодорхойлолтоор А нь Б сумын Тошоонт хэмээх газрын Дугуй хорооны өвөлжөөний эзэмшигч болох талаар, Е нь тухайн газрын гэрчилгээ, захирамж ямар нэгэн эрхийн акт байхгүй байгаа, дур мэдэн хашаа, хороо, амбаар барьж бэлчээр ашиглаж байгаа талаар тус тус дурджээ.
5. Нэхэмжлэгч А-аас хариуцагч Е нь миний эзэмшлийн газарт хашаа хороо барьж хууль бусаар эзэмшиж байгаа гэж тайлбарласан ба хариуцагчаас миний хашаа хороо, амбаар барьсан газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газарт давхцахгүй байгаа гэж маргажээ.
6. Нэхэмжлэгч А нь Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Тошинтын дугуй гэх газраас 700 м.кв газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшиж байгаа нь тогтоогдсон бөгөөд хариуцагчийн хувьд ямар нэгэн эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж хашаа хороо амбаар барьсан байна. Хариуцагч Е нь Б аймгийн Б сумын Тошинтын дугуй гэх газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хашаа, хороо, амбаар барьсан тогтоогдож хэдий байгаа боловч уг барилга байгууламж барьсан газар нь нэхэмжлэгч Аын эзэмшиж буй 700 м.кв газарт давхцахгүй байгаа, хоорондоо 1079,57 метр зайтай байрлаж байгаа тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч Е нь газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзвэл эрх бүхий этгээд уг газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.
7. Хариуцагч Е нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нь тогтоогдохгүй байна.
8. Иймд нэхэмжлэгч Аын Б аймгийн Б сумын нутаг дэвсгэр Тошинтын дугуй хэмээх газарт барьсан Еийн хашаа, хороо, амбаарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын Б аймгийн Б сумын нутаг дэвсгэр Тошинтын дугуй хэмээх газарт барьсан Еийн хашаа, хороо, амбаарыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х