Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2516000000155 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ******* оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***********” ХХК-д цахилгаанчин ажилтай,  ам  бүл  5,  эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ********** сумын ************* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай, М овогт Б-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хол   богджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Говь-Алтай аймгийн ************ сумын *****-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-г манай аавыг дээрэлхлээ гэх шалтгаанаар толгойн орой хэсэг болон толгойн тус хэсэгт хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд толгойн оройн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт, доод үүдэн 4.1-р шүдний 1-р зэргийн ганхалт, баруун завжны дотор салстад шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Б-г зодсоноо хүлээн зөвшөөрч байна ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

2. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөө ************ овооны тахилга болоод би хөдөөгөөс ирээд 19 цагийн үед байх сумын төвд дэлгүүрийн үүдэнд би найз болох З, Ш гэх 2 хүний хамт манай найз Ш машин бариад явж байгаад Б /О/ гэх хүнтэй тааралдсан. Б нь Т, Л гэх 2 хүнтэй хамт Л нь машин барьчихсан явж байсан. Т Л нар эрүүл, Б нь нэлээд согтуу байсан. Тэгээд над руу Б нь дайраад байхаар нь би маргалдаад салсан юм. Би 2 найзынхаа хамт хөдлөөд сумын төвийн доод манхны наана очиход Б-н хүү Б гэх залуу Н гэх залуутай хамт ирээд, манай аавыг яасан их дээрэлхдэг юм гэж хэлээд би жолооч талын суудал дээр сууж байтал толгой руу цохиход, толгойноос цус гараад эхэлсэн. Зүүн хацар, зүүн нүд хэсэг рүү бас цохиод хөхрүүлж гэмтэл учруулсан ... Тархи хагарч 3 оёо тавиулсан, нүд хөхөрч хамар халцарсан, үүдэн 1 шүд бага зэрэг хөдөлсөн зэрэг гэмтлүүд үүссэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

3. Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед байх би гудамжинд мотоциклтойгоо явж байтал, миний найз Б машинтайгаа ирж зогсоод намайг суучих гэж суулгаад явсан. Сумын төвийн доод манхан дээр очиход Ш, Б, Б 3 машинтайгаа байж байсан. Б шууд машинаасаа бууж очоод Ш-н машины жолоон дээр сууж байсан Б-г толгой руу цохиод дараад авахаар нь би гүйж очоод Б-г араас нь татаж салгаад аваад явсан юм. Б-н толгойноос цус гарч харагдсан. Би Б-г юугаар хэдэн удаа цохисныг би мэдээгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23  дугаар хуудас/

4. Гэрч Ш.Б-н мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн “... Ш-н машинд суугаад намайг үлдэхэд Л-н машин руу Ш, Б 2 орсон юм. Удалгүй тэр 2 Б /О/ ахтай муудалцлаа гээд машинаас гарч ирсэн. Тэгээд бид 3 тэндээс хөдлөөд сумын зүүн зүгт манхан руу гараад зогсох үед араас О ахын хүү Б гэх залуу машинтайгаа Н-тай хамт ирээд Б-г Ш-н машины рүль дээр сууж байхад нь шууд толгой руу нь цохиод цус нэлийгээд ирсэн юм. Өөрөөр цохиж зодсоныг нь мэдээгүй. Би тийм асуудал үүсгэнгүүт шууд гараад явчихсан. Дахиад зодолдож цохилцсон талаар бол надад харсан зүйлгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

5.Гэрч Д.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... О ах Б нар хоорондоо маргалдаад байсан юм. Б-г О ах машинаасаа бууж ирээд 2,3 цохиж авсан юм. Б зөрүүлж цохиогүй юм. Тэгээд бид нар хэрүүл дундуур нь орж салгаж аваад явсан юм. Тэгээд Б, З буюу Б бид 3 хамт яваад манхны тэнд очоод пиво уучихъя гээд байж байтал, О-н хүү Б ирээд миний машины жолоочийн суудал дээр сууж байсан Б-г шууд толгой руу цохчихсон юм. Цонх онгорхой байсан тул цонхоор шууд цохиод Б-н цус садраад явчихсан. Би буугаад Б-г араас нь татаж салгаж авахад Б-н толгой хагарсан байсан тэрүүгээр нил цус болсон байсан. Тэгээд Б-г хүмүүс аваад салгаад явсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

 6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ГОА0725/244 дугаартай “ ... Б.Б-н биед толгойн оройн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт, доод үүдэн 4.1-р шүдний 1-р зэргийн ганхалт, баруун завжны дотор салстад шарх, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 271,599(хоёр зуун далан нэгэн мянга таван зуун ерэн ес) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бичгээр “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгох  дүгнэлт гаргуулах шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 5 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1,000,000(нэг сая) төгрөг төлсөн/хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ байна. Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд  271,599(хоёр зуун далан нэгэн мянга таван зуун ерэн ес) төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3(гурав)  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 1,000,000(нэг сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 271,600(хоёр зуун далан нэгэн мянга зургаан зуу)  төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3(гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 1,000,000(нэг сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч 271,600(хоёр зуун далан нэгэн мянга зургаан зуу)  төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ