Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 58

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Буянтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар үхэрт овогт Товуугийн Буянтогтоход холбогдох 201717000089 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 17-8 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлийн байдал: 1994 оны 04-р сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 60 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 1998 оны 01-р сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 01 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, 2005 оны 01-р сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 06 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Хар үхэрт овгийн Товуугийн Буянтогтох.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Т.Буянтогтох нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт оршин суух Д.Бадамсүрэнг хоол муухай хийлээ гэж галын хайчаар зүүн гарын шуун тус газарт цохиж биемахбодод нь зүүн шууны гяндан ясны хугарал, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   яллах  болон  хөнгөрүүлэх   талын   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Т.Буянтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Бадамсүрэн гэдэг эмэгтэйтэй хамтран амьдраад 3 жил болж байна. Би найз нөхөдтэйгээ архи уучихаад ирээд унтаж байхад намайг татаж босгоод гар гэсэн. Би унтаж байна ш дээ гээд цааш нь түлхэхэд Бадамсүрэн газар  тулж унасан. Бадамсүрэнгийн гар хуучин хугарсан байсан. Тэгээд унахдаа өмнө нь хугарсан байсан гар нь хугарсан байх. Би хайчаар тэр хүнийг цохиогүй. Энэ хэрэг бол миний буруу гэв. 

 

- Хохирогч Д.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03-р сарын 20-ны өдөр 16 цагийн үед Буянтогтох ганцаараа согтуу орж ирээд манай баруун орон дээр шороотой гуталтайгаа ойчоод өгсөн. Тэгээд нэлээд унтсан энэ хугацаанд би цай, хоол хийгээд дуусч байхад босч ирсэн. Тэгээд  хар цай чаналаа муухай хоол байна гэж хэлээд галын хайч барьж байгаад зүүн гарын шуу руу нэг удаа их чанга цохисон. Би гүйж гэрээс гарахад араас гарч ирээд толгой руу 2-3 удаа цохисон. Би зугтаж хашааны гадаа гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-7-9/

- Гэрч Б.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав олон жилийн өмнө ял шийтгэгдэж байсан сүүлийн 3 жилийн өмнөөс Баруун-Урт  суманд амьдардаг болсон Манайд бол амьдардаггүй. Харин Бадамсүрэн гэх хүнтэй амьдарч байгаа...”  гэх мэдүүлэг /хх-10-11/, 

- Гэрч Р.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Буянтогтох гэдэг хүнийг танихгүй. Манай арын хашаанд гэр нь байдаг гэдгийг мэднэ. Бадамсүрэн нь Буянтогтохтой байнга л хэрэлдэж байдаг...” гэх мэдүүлэг/хх-12-13/, 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03-р сарын .22-ны өдрийн 117 дугаартай дүгнэлтээр “...Д.Бадамсүрэнгийн биед зүүн шууны гяндан ясны хугарал, баруун шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /хх-16/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай баримт, гэрэл зураг /хх-05-06/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 5/179 дугаартай тодорхойлолт /хх-24/

- Т.Буянтогтохын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/

- Т.Буянтогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/зэрэг болно.

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1994.04.11-ний өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-28-29/

- Сүхбаатар аймгийн шүүхийн 1998.01.19-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-30-34/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005.01.10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-36/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-37-38/

- Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-44/

- Ялтан Т.Буянтогтохын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-45/

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.07.06-ны өдрийн 5/12 дугаартай прокурорын тогтоол /хх-51/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Буянтогтох нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч  Д.Бадамсүрэнгийн гэрт түүнийг хоол муухай хийлээ гэдгээр шалтаглан  галын хайчаар цохиж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,  шинжээчийн 117 дугаартай дүгнэлт,  шүүхийн хэлэлцүүлэгт  судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Буянтогтоход холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,  хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

         Шүүгдэгч Т.Буянтогтоход  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Т.Буянтогтох нь  цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Бадамсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2,  1.5, 1.8, 1.9,   36.10 дугаар зүйлийн 1, 2, 4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хар үхэрт овогт Товуугийн Буянтогтохыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Буянтогтохыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Т.Буянтогтоход оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Т.Буянтогтох нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Буянтогтоход авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           6. Ялтан Т.Буянтогтох нь  цагдан хоригдоогүй,  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Бадамсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА