Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 112/2022/0029/З |
Дугаар | 112/ШШ2023/0003 |
Огноо | 2023-01-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 112/ШШ2023/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* сумын иргэн Б.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Л.Н, гуравдагч этгээд Н.Б нарын хооронд үүссэн төрийн албаны маргааны талаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Л.Н, гуравдагч этгээд Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь ******* сумын *******д холбогдуулан ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ******* сумын соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргууулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөх бичилт хийлгэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч Б.О нь ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Мөн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Б.Оыг Соёлын төвийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бодлоор төрийн албан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, хэргийн нотлох баримтыг зориуд нуун дарагдуулж хууль бус шийдвэрээр ажлаас халсан гэж үзэж байна. Жишээ нь: Н.Б өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ******* Л.Нгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 дугаар захирамж гарсан байгаа. Энэ захирамжийг зориуд нуусан нь шүүхийн захирамж нь намайг халах талаар үг үсэг тусгагдаагүй байтал хууран мэхлэж, удаа дараа хэл амаар дарамталж, шахан өс хонзонгийн сэдлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Өмнө нь 2022 оны 12 дугаар сарын 24-нд намайг ажилд эгүүлэн авахдаа албан ёсны шийдвэр гаргаагүй өмнөх захирамж чинь хүчинтэй гэж ам шийдвэрээр оруулсан. Намайг халж солихдоо ажил хүлээлцэх комисст Засаг даргын дүү Засаг даргын орлогч С.М, Н.Б-ий эгч Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ц, Засаг даргын Тамгын газрын нягтлан хүр дүү Б.М нарыг оролцуулан комисс гаргаж ажил хүлээлцүүлдэг нь хуульд нийцэх үү? Төрийн албаар ингэж тоглож болдог юм уу? Иймд би гомдол гаргаж байна гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би хийж байсан ажил байдлаа хэргийн материалд байгаа ч гэсэн өөрөө танилцуулж ярья гэж бодож байна. Соёлын төвийн хөгжмийн багшаар 14 жил ажилласан. Ажиллаж байхдаа өөрийн мэргэжил боловсролыг шат шатанд нь дээшлүүлээд Боловсрол соёлын газар, Соёлын яам зэрэг газруудаас зохион байгуулсан сургалтуудыг алгасахгүй мэдлэг боловсролоо дээшлүүлж явж байсан. 2004 оны 05 дугаар сард Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооноос зохион байгуулсан даралтат хөгжмийн нэг сарын сургалтад хамрагдсан. 2004 оны 11 дүгээр сард Соёлын дээд сургуулийн цахилгаан даралтат хөгжмийн 21 хоногийн сертивикатын сургалтад хамрагдаж мэргэшсэн. 2012 онд хуучнаар Хүүхдийн төлөө хэлтсээс зохион байгуулсан дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулах 21 хоногийн сургалтад хамрагдаж мэргэшсэн. Энд морин хуур, бүжиг, хөгжмийн онолын чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн. Соёл урлаг, аялал жуулчлалын яамнаас 2014 оны 05 дугаар сард Эрдэнэт хотод зохион байгуулагдсан нийтийн цэнгээнт бүжиг, стандарт бүжгийн сургалтад хамрагдаж мэргэшсэн. 2018 оны 04 дүгээр сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын газар, Боловсрол соёлын газраас зохион байгуулсан дуу хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтад хамрагдаж мэргэшсэн. 2018 оны 04 дүгээр сард Улс төр менежментийн академи, Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газраас хамтран зохион байгуулсан хөгжмийн багшийг мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад Улаанбаатар хотод суралцаад мэргэжил боловсролоо дээшлүүлсэн. Хөгжмийн багшаар ажиллах хугацаандаа 2005 онд өөрийнхөө бие даасан тайлан тоглолтыг хийж эхлээд түүнээс хойш хүүхэд багачуудыг хөгжүүлэх, ардын авъяастнуудынхаа авъяасыг хөгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн сонгон дугуйлан хичээллүүлээд эргээд тэр хүмүүсийнхээ бие даасан тайлан тоглолтыг хийгээд 2019 оны 06 дугаар сард Засаг даргын орлогчоор томилогдох хүртэл 23 удаагийн бие даасан тайлан тоглолт хийсэн. Миний амжилтыг үнэлээд Говь-Алтай аймгийн шилдэг хөгжмийн багшаар шалгаруулж өргөмжилж байсан. 2017, 2018 онуудад ******* сумын шилдэг төрийн албан хаагчаар он дараалаад шалгарч байсан. 2019 онд байгууллагын аваргаар тодорч байсан. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төр засаг маань энэ ажиллаж байсан байдлыг үнэлээд Засгийн газрын одон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдгээр шагнаж урамшуулсан байдаг. ******* ярьж байсан. Би хүний ажлыг булааж авсан зүйл байхгүй. Анх Соёлын төвийн ажил болохгүй байна, ажил уналтад ороод байна. Засаг даргын тухайд том салбар ажил байдал нь доголдоод байх нь сум орон нутгийн ажлаас хойш нь татаад байна. Тийм учраас чамайг Соёлын төвийн эрхлэгчээр томилно чи тэнд очоод ажил байдлыг сайжруул гэдэг үүрэг даалгавар надад өгч байсан. ******* Н.Бд хангалттай үүрэг даалгавар өгч байсан энэ хугацаанд Н.Б ажил үүргээ сайжруулсангүй, удаа дараа хэлж ярьж байсан өөрчлөгдсөн зүйл алга хангалттай харлаа Засаг даргын хувьд чамайг томилъё. Чи энэ ажлыг сайжруул, энэ салбарыг доголдуулалгүй аваад яв гэж итгэл хүлээлгэж хэлсэн. Өмнө нь би энэ байгууллагад 17 жил соёлын төвийн хөгжмийн багшаар ажилласан байдаг. Би энэ салбартаа сургалтад хамрагдаад мэргэшээд явсан учраас би ямар ч нөхцөлд хийгээд аваад явах надад бүрэн нөөц чадамж байсан учраас зөвшөөрсөн. Сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар Соёлын төвийн эрхлэгчээр томилогдсон. Соёлын төвийн ажлыг сайжруул гэсэн ам даалгавартай, мөн Н.Б-гдуучны орон тоо гаргаж ав гэсэн ам даалгавартай Соёлын төвийн эрхлэгчийн ажилд томилогдож байсан. Эрхлэгчээр томилогдож ороод байгууллагынхаа төсөв хөрөнгөтэй танилцсан. Тухайн жил Соёлын төвд дуулаачийн орон тоо байхгүй байсан. Энэ нь мэргэжлийн урлагийн байгууллага театр, чуулга дээр дуулаачийн орон тоо гэж байдаг. Хөдөө орон нутагт дуулаачийн орон тоо гэж байдаггүй, авах боломжгүй юм билээ. Энэ тайлбарыг тухайн үед *******д хэлж л байсан. Тухайн үедээ би Соёл урлагийн газрын дарга, Тамгын газрын санхүү албаны даргаас зөвлөгөө авч байсан. Би тушаал гаргаад энэ хүнийг дуулаачийн орон тоо гаргаад авчих юм бол яах юм бэ гэхээр чи орон тоо баталдаг албан тушаалтан биш. Тушаал гаргаснаараа чи өөрөө эцэст нь буруудна. Тийм учраас чи өөрөө маш зөв шийдвэр гаргахгүй бол болохгүй шүү гэхээр нь би хууль зөрчих юм байна гээд хууль зөрчихгүйн тулд энэ ам даалгаврыг биелүүлж чадаагүй юм. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл эхлээд би 7 хоног ажилласан байдаг. 7 хоног ажиллахдаа Соёлын төвийн эрхлэгч Б.Д ажиллаж байх хугацаандаа 1,450,000 төгрөгийн үнэтэй гэрэлт хаяг хийсэн байдаг. Энэ хаягийг Н.Б даргын үед дутуу суурьлуулаад орхисон байсныг энэ ажлыг гүйцээж хийгээд энэ гэрэлт хаягийг холбосон. Энэ миний хамгийн анхны хийсэн ажил байдаг. Соёлын төвийн эрхлэгчээр ороод харахад хэдий шинэ барилга нэртэй боловч асар их хагаралт цууралт өгсөн байсан. Дотор талын ханын акустик шороо тоосондоо дарагдаад бохь, бал болсон байсныг хамт олноо манлайлж ажиллаад угааж арчиж, тоосыг нь соруулаад цэвэрлэх ажлуудыг хийсэн. Мөн нийтийн бүжгийн зориулалтаар үзэгчдийн зааланд каварц гэрэл суурьлуулсан. Мэдээллийн зориулалттай проктер байрлуулсан боловч тэр нь бүрсгэр байсан тул тэрийг дахин суурьлуулах ажлыг хийсэн байдаг. Сумын орон нутгийн хөгжлийн сангаар шийдүүлсэн 6 ширхэг гэрэлтүүлэг орж ирсэн байсан. Тэрийг зохих газарт нь тавьж байрлуулаад ашиглалтад оруулсан. Намайг ороход тоглолтыг тайз нэг ч ширхэг гэрэлгүй байсан. Манай сумын Соёлын төв шинэ барилга боловч маш их дутагдалтай, нэг ширхэг гэрэлгүй байхад нь ороод гэрэлтүүлэг хийсэн. Тоглолтын тайз гэрэлтүүлэг муу байна гэдэг нь соёл урлагийн ажил явуулахад бэрхшээлтэй байдаг. 5 ширхэг гэрэлтүүлгийг худалдаж авч тэрийг мөн байрлуулсан. Тэрийг байрлуулахад 25 метр цахилгааны утас орж байсан. Үүнийг 87500 төгрөгөөр, тухайн 5 ширхэг гэрлийг 130,000 төгрөгөөр худалдан авч гэрэлтүүлгээ холбож ийм ажлыг хийж байсан. Яагаад ийм зүйл яриад байна гэхээр 12 дугаар сарын 14-ний өдөр гэдэг чинь шинэ жилийн хөтөлбөрт баяр 7 хоногийн дараа эхлэх гэж байсан. Би ядаж тоглолтын тайзыг нүүрийг нь угаасан хүүхэд шиг болгоё гэж бодож зорьж хийсэн. Би хэргийн материал дээр харьцуулсан зургууд тавьсан, тэрийг тайлан дээр ч гэсэн өгсөн байгаа. Та бүхэн танилцсан байх. Тоглолтын тайз асар их хагаралт цууралт өгөөд ан цав гарсан үзэгчдийн нүүрэн дээр ил байж байдаг учраас тэрийг нэгдүгээрт хулдааслах шаардлагатай юм байна гэж бодоод 51 метр хулдаасыг Говь-Алтай аймгаас худалдаж аваад тайзаа хулдаасалсан. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн күлүүс хөшиг дутуу байсныг 340,000 төгрөгийн 38 метр материал худалдаж аваад хөшиг хийж тохижилтын ажил хийсэн. Оёж эсгэх тал дээр сумын ардын авъяастнууд сонгоны хүүхэд багачуудын дэмжлэгтэйгээр эсгэж оёж өөрийн гараар хийсэн. Хөшгийг дээгүүр татаж байрлуулахад 95 метр зориулалтын утас шаардлагатай байсан. Үүнийг мөн хандив тусламжаар олсон. Тухайн үед А У-н хоёр ажилтанд хэлж яриад 95 метр утас авч хөшгөө тогтоож байрлуулсан. Тоглолтын тайз дээр үзэмж нэмэх зорилгоор 18 метр туузан гэрэл хүрээлж чимж байрлуулсан. Өдөөгч гэрлийн залгуур 8000 төгрөгөөр нийт 125,000 төгрөгөөр тухайн үед авч тохижилтыг хийж байсан. Хулдаасыг 663,000 төгрөгөөр худалдаж авч сайжруулж тоглолтын тайзыг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад саадгүй, хүний нүүрэн дээр нүүр бардам тохижуулж янзалсан байдаг. Гадна талын төмөр хайс хугарч эвдэрсэн зүүн, баруун талдаа хаалга нь салаад унасан байсан. Мөн хандиваар 50000 төгрөгийн гагнуурын хөлс гарч байсан үүнийг хандив тусламж дэмжлэгээр байгууллагын хоёр талын хаалгыг янзалж хаалгатай болгосон. Соёлын төвийн гадна талбайн хогийн агуулах саванд хог нь дүүрээд овоорсон байсныг хоёр удаагийн ачилтыг хийж байгууллагын хогийг цэвэрлэсэн. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинэ жилийн хөтөлбөрийн нээлтийн цэнгүүнийг хийгээд хийсэн ажлаа тайлбарласан. Тэгээд 12 дугаар сарын 22-ны өдөр эргээд чөлөөлөгдсөн байдаг. 12 дугаар сарын 24-нд ******* эгүүлэн томилсон. Шинэ жилийн ажил болсон байсан учраас 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд ахмадын шинэ жилийг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийтийн бүжгийг 4 удаа явуулсан. Ардын авъяастан сонгоны сурагч А-ийн цасан аялгуу тайлан тоглолтыг насанд хүрэгч, хүүхдийн дунд гээд хоёр удаа хийсэн. Хос уянга гээд хөгжмийн багш байхдаа анх санаачлаад хийж байсан хос дууны уралдааныг зохион байгуулсан. Мөн төрийн байгууллагуудтай хамтраад ая дууны уралдааныг зохион байгуулсан. Төрийн байгууллагуудтай хамтраад залуучуудын шинэ жил хийсэн. Явуулын шинэ жил хийсэн. Үүнийг хөгжмийн багшаар ажиллаж байхдаа хийж байсан ажил. 12 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдийн бэлгийг хүргэдэг ажил байдаг үүнийг 163 бэлгийг зохих эзэнд нь хүргэж ажилласан. Байгууллагын тухайд шинэ барилга боловч асар их хагарал цуурал үүссэн, ямар ч тохижилт хийгдээгүй байсан. Барилгын гүйцэтгэгч компани нь Мөрөн Алтай гээд компани байсан. Тэр компанитай яриад ийм ийм хагаралт цууралт байна гээд удаа дараа бичиг тоотууд явж байсан. 3 сард дотор талын засвар орж ирсэн. Хамт олонтойгоо хамтарч ажиллаж байгаад дотор талын заслыг сайхан болгосон. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газар, хот төлөвлөлтөөс хүмүүс хяналт шалгалтаар очоод ийм ийм дутуу ажлуудыг хийж өг гэсэн. Миний хувьд тэр дутуу ажлуудыг хийсэн. Тэр дутуу ажлыг хийхэд хагарсан цуурсан хэсэг, үзэгчдийн заалны шал стандартын шаардлага хангахгүй байсан учраас дахиж хийгдсэн. Шал нь бүрэн цутгалт хийгдэж байж шал хийсэн. Энэ бүхнийг хамт олонтойгоо гар бие оролцоод Соёлын төвийн өнгө үзэмж сайжруулах тал аж ахуйн ажлын асар их хийсэн байдаг. Одоо тэр Соёлын төвийн их төв хаалга, хоёр туслах хаалга нар сар харагдсан байдаг тэрийг солиулахаар тохиролцоонд хүрсэн байсан тэрийгээ хийж чадалгүй чөлөөлөгдсөн. Би хандиваар хийгдсэн зүйлүүдээ дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Дотор өрөөний хаягжилт байхгүй байсан тул өрөөний нэг ширхэг хаягийг сүүлийн үеийн үзэмжтэй байдлаар хийлгэе гэхээр нэг ширхэг хаяг нь 25000 төгрөг болдог юм билээ. 22 өрөөг ширхэгийг нь 25000 төгрөгөөр бодохоор 550,000 төгрөгийн зардал гаргаж өрөөний бүх хаягжилтыг хийсэн байдаг. Мөн соёлын төв дотроо урсдаг зарын самбарыг хийсэн. Үүнийг 1,000,000 төгрөгийн хандив тусламжаар хийлгэсэн. Байгууллагын эрхэм зорилго, алсын харааны самбар 60,000 төгрөгөөр хийлгэсэн. Санал хүсэлтийн хайрцгийг 55,000 төгрөгөөр, хамт олны самбарыг 225,000 төгрөгөөр, мэдээллийн самбарыг 225,000 төгрөгөөр, тугны хоёр ширхэг суурь 230,000 төгрөгөөр, байгууллагын лого бүхий туг 220,000 төгрөгөөр, сумын соёлын төвийн гэрэлт хаяг, логог үндэсний бичгээр 3,012,000 төгрөгийн зардал гарч хийлгэсэн байдаг. Улаанбаатар хотод энэ бүх зүйлүүдээ хийлгэх ирж, очих зардлыг өөрөө 100 хувь хариуцаж хийлгэсэн. Гэрэлт хаягийг гадна талын хананд байрлуулахад 70 метр цахилгааны утас орсон. Мөн байгууллагын бичиг хэрэгт шаардлагатай өнгөт принтер, нэг боодол бичгийн цаастай 1,000,000 төгрөгөөр хандиваар авсан. Соёлын төвийн тоног төхөөрөмж шинэчлэх үүднээс хандив тусламж гуйж байгаад 3,000,000 төгрөгөөр богино долгионы микрофоныг хандив тусламжаар авсан байдаг. Дээрх ажлууд дандаа миний хандив тусламжаар хийсэн ажлууд байгаа. Хандив тусламжийг ойр дотны хамаатан ах дүүс, найз нөхдийг гуйж 10 гаран сая төгрөгийн ажил хийсэн байдаг. Дотоод журамд улиралд нэг бүтээлч ажил хийсэн байна гээд заасан байдаг. Бид нар хамт олноороо ярилцаж байгаад гарын доорх материал ашиглаад 8 алба хаагч 8 ширхэг цэцгийн суурь хийгээд бүрэх материалыг 184,000 төгрөгөөр авсан. Тухайн үеийн 8 ажилчинд хуваагаад 8 ширхэг цэцгийн баглаа хийж тайз дээрээ байрлуулсан. Энэ нь тайзны өнгө үзэмж чимсэн зүйл болсон. Байгууллагын гадна талбайн тохижилтыг гүйцэтгэгч М А компанитай ярилцаж маш сайхан 100 хувийн тохижилт хийсэн. Нэг хийж чадаагүй байж байгаад чөлөөлөгдсөн ажил бол сумын сүлд дуу гээд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн М-ийн Х-ын Нутаг тандаа гээд дуу байдаг. Энэ дууны хөшөө хийх гээд дэмжлэг авах талаар хөөцөлдөж байгаад энэ ажлаа гүйцэд хийж чадаагүй чөлөөлөгдсөн. Энэ байгууллагад сэтгэлээ өгч ажилладаг. ******* надад итгэл хүлээлгэж байсан. Энэ итгэлийг алдахгүй ажиллана гээд Соёлын төвийн өнгө үзэмж илт өөрчилж чадсан. Өмнө нь миний хийж байсан ажил учраас би хаана ч хийгээд явахад надад туршлага байгаа, чадаж байгаа учраас би энэ ажлыг сэтгэл зүтгэл гаргаж хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож намайг Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. Надад хойшид хийх төлөвлөсөн ажил асар их байгаа. Би жишиг Соёлын төвийн шалгуур үзүүлэлтийг бараг хангаж явж байгаад чөлөөлөгдсөн. Энэ байдлаас болоод байгууллага хохирох ийм зүйл гардаг юм байна гэж бодож харж байна гэв.
6. Хариуцагч Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2016 оноос 2020 онд ******* сумын *******ар ажилласан. Энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан Б.О Засаг даргын орлогчоор бид хоёр гар нийлж ажилласан. Н.Бэс илүү Б.Отай ойлголцож, гар нийлж ажилласан. Б.Отай ажиллах хувийн сонирхол байсан. 2020 онд улсын төрийн сонгууль болж бид дахин ялалт байгуулаад миний бие аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар 1 жил энд ирж ажиллаад 2021 оны 09 дүгээр сард аймгийн *******ас сум орон нутагтаа очиж ажиллах шаардлагатай байна. Орон нутгийн чинь ажил унаад байна гэдэг зүйл яриад буцаж очсон. Тэгэхэд Б.О орлогч даргаар байсан. Би Б.Оыг Соёлын төвийн эрхлэгчээр ажиллуулах санал тавиад Б.О Соёлын төвийн даргаар ажиллахад болохгүй зүйл байхгүй гэдэг зүйлийг ярьсан. Н.Б тэр үед Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг өмнө нь *******ар ажиллаж байхад энэ ажиглагчаар сууж байгаа Д гэдэг хүн Б.Оын төрсөн эгч нь сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэтгэвэрт гараад оронд нь мэргэжлийн боловсон хүчин гэдэг утгаар нь Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгссөн Н.Б-ийг өмнө нь ажиллаж байсан ******* ажилд томилсон юм билээ. Би Н.Бд чамтай хамтарч ажилмааргүй байна Б.Оыг Соёлын төвийн эрхлэгчээр томилмоор байна гэхэд намайг Соёлын төвд мэргэжлийн дагуу ажилд оруулах юм бол болно гэсэн зүйл ярьсан. Бид нар Засаг даргын зөвлөл дээр ч ярьсан, Б.Отай ганцаарчилж ярьж байгаад Н.Б-ийг Соёлын төвд дуучнаар авч ажиллуулъя. Төв дээр цалинг нь Соёлын хэлтэстэй ярьж суулгаж өгье гэдэг байдлаар тохиролцсон. Би Соёлын хэлтэстэй нэг орон тоо нэмүүлэхээр тохиролцсон. Сүүлдээ үйлчлэгчийн орон тоо болоод явсан. Н.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн. Н.Б нь өргөдөлдөө намайг ажлын байраар хангах юм бол би ажлаа өгье гэсэн хүсэлт гаргаад Б.Оыг Соёлын төвийн эрхлэгчээр томилсон. Б.О нь Н.Б-ийг ажилд авч чадахгүй, би хамтарч ажиллах боломжгүй юм байна гэдэг зүйл ярьсан. Хоёулаа яриад чи ажилд авна гээд ярьсан юм чинь энэ хүнийг ажилд авахгүй бол энэ хүн шүүхэд гомдол гаргаад явах юм бол бид нар зүгээр байж байсан хүнийг ажлаас чөлөөлчихөөр тэр хүний талд шүүхийн шийдвэр гарч таарна, гомдол гаргасан. Тэгээд хуульчаас зөвлөгөө авахад чи Н.Б-ийг ийм нөхцөл байдлаар ажлаас чөлөөлсөн юм чинь Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг нь хангахгүй бол шүүхийн шийдвэр Н.Б талд гарах юм байна гэсэн зөвлөгөө өгсөн. Шүүх дээр ирж эвлэрээд, Н.Б-ийг ажилд томилолгүй удсан. Би Н.Бд цалин, нийгмийн даатгалыг чинь төлж чадахгүй, ажилд чинь томилж болно гэж шүүх дээр эвлэрээд тэрнээс хойш 10 сарыг хүртэл ажилд нь тавихгүй явсан. Н.Б шүүх дээр эвлэрчихээд яагаад намайг ажилд томилохгүй байгаа юм бэ, би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах болно гэсэн зүйл яриад нэгэнт эвлэрээд шүүхийн шийдвэр гарчихсан учраас Н.Б-гажилд нь эгүүлэн томилсон. Би Н.Б-ийг сайн танихгүй, мэргэжлийн дуучин залуу байсан. Б.Отай багаасаа найзалж нөхөрлөж ойр дотно явсан. Сумын *******ар ажиллаж байх хугацаандаа хүн хүнээс илүү итгэж Б.Оыг орлогч даргаараа ажиллуулаад явж байсан түүх байгаа. Б.Од Соёлын төвийг хариуцуулаад явъя гэсэн хувийн сонирхол байгаад байсан.
Энэ хоёр Соёлын төвийн даргын тухайд хоёулаа сайн ажиллаж байгаа. Би Б.Оыг муу ажилласан гэж хэлэхгүй. Саяын ярьсан ажлын тайлангууд байна. Хог ачихаас авахуулаад хийх л ёстой ажил хийгээд явж байгаа. Нэгэнт энэ хурлын шийдвэр ямар ч гарсан бид нар ард нь амьдрал үргэлжилнэ. Нэг нутаг усанд багтаад амьдрахаас цааш энэ хоёр залуугийн тухай энэ муу байсан, энэ сайн байсан гэж ярьмааргүй байна. Соёлын төвийн үйл ажиллагаагаар нийгмийн шалгуур үзүүлэлтүүд, нийгмийн сэтгэл зүй явдаг учраас Соёлын төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Засаг даргын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа нь үнэн. Би орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой асуудлыг шийдэж өгсөн. Хөшиг, гэрэл гээд ярьж байна. Энэ бүгдийг шийдэж өгсөн. Хулдаасны мөнгийг нь хүртэл гаргаад өгсөн. Өөрөө ажлаас чөлөөлөгдөхдөө мөнгөө гаргуулж авъя гээд зургаан зуун гаран мянган төгрөгийг гаргуулж аваад явсан. Төрийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн хувиас мөнгө гаргуулж амьдралд нь дарамт болчихгүй юмсан, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь дэмжих юмсан гэсэн байр суурьтай байгаа. М.Хгэж соёлын гавьяат зүтгэлтэн маань нэрэмжит болсон энэ хүрээнд М.Хгуайн дуу шүлгийг мөнхжүүлэх, тэр хүний булан нээх, хаягжуулах дээр хүмүүс ч гэсэн өөрсдөө санаачилга гаргаад явж байгаа. Улаанбаатар хотод ирэх 2024 онд ******* сумын 100 жилийн ой болох учраас хандивлагчдын уулзалт гэж Засаг даргын зүгээс 20 гаран сая төгрөг гаргаад уулзалт хийгээд байгууллагуудад хэрэгцээтэй байгаа зүйлүүдийг гаргаад үеийн зохион байгуулалтад оруулаад нийтдээ 130 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт байгууллагууд руу татаж өгсөн. Ийм ажлуудыг хийгээд явж байгаа. Б.О хариуцсан ажлаа сайн хийгээд явсан байсан. Мөн үргэлжлүүлээд Н.Б гадна гэрэлтүүлэг нэмэгдүүлэх зэрэг аж ахуйн ажлуудаа сайн хийж байгаа. Энэ Соёлын төвийг өнгөтэй өөдтэй явуулах гээд сэтгэл гаргаад явж байгаа. Соёлын төвийн эрхлэгчийг ямар хүн эрхэлж явах ёстой бэ ярих юм бол албан ёсны сургуулийг нь төгсөөд бакалаврын зэрэг авсан энэ хүнийг гэж өмнөх ******* тавьсан юм билээ. Энэ мэргэжлийн хүнийг өөрчлөөд миний зүгээс энэ хүнийг тавина гэхээр их учир дутагдалтай шийдвэр гаргасан нь үнэн. Бид нар хамгийн гол нь ойлголцоод явах байх гэсэн итгэл үнэмшил байсан учраас Б.Оыг тавьсан. 7 хоногийн зөрүүтэй наана цаана нь сольж байгаа процесс болсон. Би Н.Б-гчөлөөлөөд Б.Оыг томилчихсон явж байхад Н.Б намайг ажлын байраар хангахгүй байна би шүүхэд гомдол гаргах болж байна шүү гэсэн зүйл яриад эхлэхээр нь би буцаагаад томилоод, орон тоо байхгүй юм байна гэдэг зүйл яригдаад эхэлсэн. Аймагтай ярьж байгаад манай Соёлын төв дээр нэг орон нэмсэн. Н.Б, П гэдэг залуучууд хаана ч очсон сумынхаа нүүрийг тахалчихаар хэмжээнд дуулчихдаг. Одоо сум орон нутгийн нүүр царай болсон залуучууд эд нарыг ямар нэгэн байдлаар ажлын байраар хангаад соёлын үндсэн үйл ажиллагаа болох соёлоор үйлчлэх, чанар хүртээмжийг сайжруулах гол зорилго байгаа учраас эд нарыг ажилтай байлгамаар байгаа юм. Тэгээд боломжгүй нөхцөл байдал үүсээд ирсэн. Н.Б-гажилд нь эгүүлэн томилчихоод би аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчтай ч ярьсан. Төрийн сан болон Соёлын хэлтэстэй ярьж нэг орон тоо нэмэгдүүлье гэж ярьж тохироод буцаагаад Б.Оыг томилоод орон тоог нь би хариуцаад төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд цалин мөнгийг нь олоод ирнэ чи санаа зовох хэрэггүй. Чи энэ залууг ажилтай болгочих гэдэг зүйл ярьж байсан. Тэгэхэд надад би энэ хүнтэй чинь хамтарч ажиллах боломжгүй юм билээ гээд гүрийсэн. Ийм нөхцөл байдал үүсээд гомдол санал гаргаад явсан зүйлүүд байгаа юм гэв.
7. Гуравдагч этгээд Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Н овогтой Б миний бие 2014 онд Соёл урлагийн Их сургуулийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. 2014-2020 оны хооронд чөлөөт уран бүтээл хийж байгаад сумын ******* Т.С нь мэргэжлийн дуучин хүн сум орон нутагтаа ирж ажиллах боломж байна уу боломжтой бол ажиллаачээ гэсэн хүсэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 01-нд сумын ******* Т.С-ын тушаалаар тэтгэвэртэй гарсан Б.Д-ийн оронд Соёлын төвийн даргаар томилогдсон. Сургуулиа төгсөөд Дарханы театрт ажиллаж байсан. Өвөөгийнхөө 100 жилээр сумдаа ирж байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дагиймаа эрхлэгч тэтгэвэртээ гарсан. С Засаг даргын захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдсон. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр захирамж гараад дуучнаар ажиллах боллоо гэж явж байсан. Тэгээд дуучны ажилд томилоогүй тул иргэний шүүхэд хандаж миний талд гараад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эргэж Соёлын төвийн эрхлэгчээр томилогдоод одоог хүртэл ажиллаж байна. Б.О дарга дурдсан. Байгууллагын үйл ажиллагаанд зөндөө хувь нэмэр оруулсан гэдгийг ярьсан. Хандиваар байгууллагад орж ирсэн олон зүйл байгаа тэрийг би дурдахгүй. Соёлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Засаг даргын шийдвэр гараад цэвэр ******* хөтөлбөр гээд хогоо цэвэрлээд үйл ажиллагаа нь явагддагаараа явагдаж байгаа гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний хувьд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай Б.Оыг ажлаас чөлөөлөх захирамжийн хууль хэрэглээнд өмгөөлөгчийн дүгнэлтээ хэлье гэж бодож байна. Б/31 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг тус тус үндэслэж ажлаас чөлөөлсөн. Өмгөөлөгчийн зүгээс ямар байр суурьтай байгаа юм бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт хуульд үндэслэх гэдэг дээр тайлбар хэлье. Миний үйлчлүүлэгчийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт уялдаагүй үндэслэлээр чөлөөлсөн юм байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаартай эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж байгаа. Энэ эвлэрлийг баталсан захирамж дээр үндэслэж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь заалтыг, мөн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг барьсан атлаа хөдөлмөрлөх эрхийн харилцаа дууссан юм бол эрх бүхий албан тушаалтан ямар эрхийн актыг баримталж миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй асуудал явагдаад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байхад оролцогч этгээдээс сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ талаар хэргийн материалд сонсох ажиллагааг ямар хэлбэрээр яаж хийсэн, саналыг бичгээр авсан юм уу, биечлэн уулзсан юм уу, процессын ажиллагаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бэхжигдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм бол тайлбар үндэслэлээ танилцуулах нь ажил олгогчийн үүрэг байгаа. Энэ үүрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бэхжигдээгүй байна. Өмгөөлөгчийн хувьд энэ гурвыг эвлэрчихээсээ нэг нутгийн хүмүүс юм чинь харилцан хүндэтгэл ойлголцол явагдаад байна. Б.Оын хувьд ажил үүргээ биечлэн үнэнчээр ойрын ур чадвар, боломжоо дайчилж гүйцэтгэж ирсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хийсэн ажлын үр дүн, тайлангаас харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар ямар эрхийн актыг баримталсан юм. Мөн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг баримтлахдаа эрх бүхий байгууллагын шаардсан эрхийн актын ямар үндэслэлийг хэрэглэсэн юм. Эдгээрийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журамд хэр нийцсэн юм. Хууль хэрэглээ нь уялдаагүй нөхцөл байдлаар захирамж гарсан байх талтай байна. Иймд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжийг хүчингүй болгож миний үйлчлүүлэгчийг Соёлын төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
9. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
******* сумын иргэн Б.О нь ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс шүүх хурал болох хүртэлх бүх хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
******* сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.Б-гажлаас чөлөөлж тухайн орон тоонд Б.Оыг ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар түр томилжээ.
Н.Б ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж шүүхэд хандсанаар хариуцагч ******* сумын ******* нэхэмжлэгч Н.Бтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх маргааныг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.
Н.Б-гтухайн албан тушаалд эгүүлэн тогтоосон учир нэхэмжлэгч Б.Оыг ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн байдаг.
10. ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
10.1. Нэхэмжлэгч Б.Оаас: Н.Б өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ******* Л.Нгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны Б/28 дугаар захирамж гарсан байгаа, намайг ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй байхад ажлаас чөлөөлсөн, нэг бол ажилд авдаг, нэг бол чөлөөлдөг, ингээд байгаа нь миний хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөж байна, шүүхийн захирамжид намайг халах талаар үг үсэг тусгагдаагүй байтал удаа дараа хэл амаараа дарамталж, шахаж өс хонзонгийн сэдлээр ажлаас чөлөөлсөн, би ажил үүргээ маш сайн гүйцэтгэж байсан гэж,
Хариуцагчаас: - Миний бие ******* сумын *******ар томилогдон ажил авахад Соёлын төвийн эрхлэгчээр Н.Б ажиллаж байсан. Н.Б-г буцааж ажлын байраар хангана гэж амаар тохиролцож ажлаас чөлөөлж, Б.Оыг томилсон. Аймгийн Соёлын хэлтэстэй ярьж 1 орон тоо нэмүүлсэн боловч Б.О Н.Б-гажлын байраар хангалгүй уг орон тоонд үйлчлэгч авч ажиллуулсан. Үүний улмаас Н.Б шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Ингээд түүнийг ажилд нь эгүүлэн томилохоор шүүх дээр үүрэг хүлээсэн гэж тус тус маргадаг.
10.2. ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай “Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжид Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.
10.3. Гуравдагч этгээд Н.Б-гСоёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхад Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн ******* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн байна.
Энэ актын талаар гуравдагч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч ******* сумын ******* нэхэмжлэгчтэй ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор эвлэрэн хэлэлцэж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0006 дугаар захирамжаар эвлэрлийг баталжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэн гуравдагч этгээдийг албан тушаалд эгүүлэн тогтоосныг буруутган дүгнэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг өөрөө хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч хариуцагчийн “...Н.Б тэр үед Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг өмнө нь *******ар ажиллаж байхад Дагиймаа гэдэг хүн Б.Оын төрсөн эгч нь сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэтгэвэрт гараад оронд мэргэжлийн боловсон хүчин гэдэг утгаар нь Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн мэргэжлээр төгссөн Н.Б-гөмнө нь ажиллаж байсан ******* ажилд томилсон юм билээ. Би Н.Бд чамтай хамтарч ажилламааргүй байна Б.Оыг Соёлын төвийн эрхлэгчээр томилмоор байна гэхэд намайг Соёлын төвд мэргэжлийн дагуу ажилд оруулах юм бол болно гэсэн зүйл ярьсан.” гэсэн тайлбар, гуравдагч этгээдийн “...С Засаг даргын захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдсон. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр захирамж гараад дуучнаар ажиллах боллоо гээд явж байсан. Тэгээд дуучны ажилд томилоогүй тул шүүхэд хандаж миний талд гараад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эргэж Соёлын төвийн эрхлэгчээр томилогдоод одоог хүртэл ажиллаж байна” гэсэн тайлбар гаргаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч өөрөө хүсэлт гарган тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж дүгнэх боломжгүй.
Учир нь: Хөдөлмөрийн тухай 79 дүгээр зүйлийн 79.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.” 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажилтан хэн нэгний дарамт шахалт, элдэв нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн ажлаас чөлөөлөгдөхийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцалсан гэсэн нөхцөлд хамааруулан үзнэ.
Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0006 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар шүүхээс энэ талаар дахин нотлох шаардлагагүй болно.
10.4. ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай “Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах зохицуулалтыг тусгасан байх бөгөөд 61 дүгээр зүйлийн 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;” гэж заажээ. Гуравдагч этгээд Н.Б-гажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул түүнийг ажилд эгүүлэн томилох нь Сумын Засаг даргын үүрэг юм. Ингэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно.” гэсний дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг тоочин заасан байх бөгөөд түүний нэг нь тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон гэсэн үндэслэл юм.
Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, дуусгавар болгох эрхтэй тул ийнхүү хууль тогтоомжид заасан тодорхой нэг үндэслэл бий болсоныг үгүйсгэн дүгнэх боломжгүй.
Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн: “...78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг баримтлахдаа эрх бүхий байгууллагын шаардсан эрхийн актын ямар үндэслэлийг хэрэглэсэн юм. Эдгээрийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дугаар зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журамд хэр нийцсэн юм. Хууль хэрэглээ нь уялдаагүй нөхцөл байдлаар захирамж гарсан байх талтай байна.” гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй.
10.5. Хариуцагч ******* Л.Н Соёлын төвд 1 орон тоо нэмүүлсэн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд тэдгээрийн тайлбарууд хоорондоо зөрдөггүй.
Энэхүү нэмэгдсэн орон тоонд нэхэмжлэгч Б.О үйлчлэгч авч ажиллуулсан нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогддог. Тодруулбал, нэхэмжлэгчийн: “...Үйлчилгээний стандарт хэмжээг нь харахаар хэд нугарсан талбайг нэг хүн цэвэрлэдэг учраас нэг үйлчлэгч нэмээд хоёр үйлчлэгчтэй болсон.” гэх тайлбар, хариуцагчийн “...Бүтэц орон тоо батлахад 7 орон тоотой эд нар ажиллаж байсан. Тэгэхээр нь би нэг орон тоо нэмүүлчихнэ. Энэ хүнийг дуулаачаар авчих гээд би цалингийн сан, орон тоог нь батлуулаад өгчих юм бол тухайн дуулаачаа аваад ажиллуулна уу, үйлчлэгчээ аваад ажиллуулна уу Соёлын төвийн эрхлэгчийн өөрийнх нь асуудал. Би төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд орон тоог нь цалинтай нь хамт нэмүүлээд өгчихсөн. Тэгэхээр энэ хүн дуулаачаар авчих гэхээр би энэ хүнтэй хамтарч ажиллахгүй гэдэг. Нэг үйлчлэгчтэй явж байгаад одоо хоёр үйлчлэгчтэй болоод явсан.” гэх тайлбар, гуравдагч этгээдийн: “... 8 орон тоотой гэх тайлбар гаргасан болно.
10.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: “...Хавтаст хэргийн материалтай танилцахад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаартай эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж байгаа. Энэ эвлэрлийг баталсан захирамж дээр үндэслэж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь заалтыг, мөн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг барьсан атлаа хөдөлмөрлөх эрхийн харилцаа дууссан юм бол эрх бүхий албан тушаалтан ямар эрхийн актыг баримталж миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй асуудал явагдаад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байхад оролцогч этгээдээс сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ талаар хэргийн материалд сонсох ажиллагааг ямар хэлбэрээр яаж хийсэн, саналыг бичгээр авсан юм уу, биечлэн уулзсан юм уу, процессын ажиллагаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бэхжигдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм бол тайлбар үндэслэлээ танилцуулах нь ажил олгогчийн үүрэг байгаа. Энэ үүрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бэхжигдээгүй байна.” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцдэг.
Захиргааны байгууллагын үйл ажиллагааны тусгай зарчмын нэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх;” зарчим бөгөөд захиргааны байгууллагаас гарч байгаа акт хуульд нийцсэн байх ёстой. Дээр дурдсанчлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол тайлбар үндэслэлээ танилцуулах нь ажил олгогчийн үүрэг байхаар заасан байна.
Хариуцагчаас: “... Би орлогчоороо хэлүүлсэн, мөн өөрөө өрөөндөө дуудаж хэлсэн. Засаг даргын зөвлөлөөрөө тойрч сууж байгаад бүгдээрээ гарцаа яръя яах уу гэж хэлсэн. Энэ процессууд бүгд явагдсан. Хамгийн сүүлд манай Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх нь байна гэдгийг хэлээд сонсох ажиллагаа хийсэн.” гэж мэдүүлдэг боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлан ажиллаж, нэхэмжлэгч Соёлын төвийн эрхлэгчийн ажил үүргийг хангалттай сайн гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан нотлогдож байна.
Гэвч нэхэмжлэгч ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан, маргаан бүхий актыг нэхэмжлэгчид танилцуулж сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр энэхүү актыг хүчингүй болгох боломжгүй байна.
10.7. Сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаал бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.”, 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн.” гэж зааснаар төсвийн шууд захирагч тул Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-т заасан сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдох албан тушаал байна. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтгүйгээр тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
11. 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс шүүх хурал болох хүртэлх бүх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд;
Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй: 61.1.2.хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж тус тус заасан байна.
Гэвч шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Дээр дурдсан үндэслэлүүдээр ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.5-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Б.Оаас тус сумын ******* Л.Нд холбогдуулан гаргасан “******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс шүүх хурал болох хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН