Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00807

 

 

 

 “ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00633 дугаар шийдвэртэй  “ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н ” ХХК, “ТТ ” ХХК, Б.О , Б.Т нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 15 795 370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч “Н ” ХХК, Б.О  нар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “ХБ ” ХХК-тай 1370011669 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Н ” ХХК-ийн “ХБ ” ХХК дахь 5000884088 дугаартай харилцах дансанд 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэрээний хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 48 333 333 төгрөг, зээлийн хүүнд 24 902 912 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 054 төгрөг нийт 73 263 300 төгрөгийн төлөлт хийсэн. 1370011669 дугаартай батлан даалтын гэрээ байгуулан Б.Т , “ТТ ” ХХК нар зээлдэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь 2017 оны 5 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй. Зээлийн үндсэн төлбөр 11 666 666 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг нийт 15 795 370 төгрөгийг хариуцагч “Н ” ХХК, “ТТ ” ХХК, , Б.О , Б.Т нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н ” ХХК, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийн үлдэгдэл 11 666 666 төгрөгийг зөвшөөрнө, зээлийн хүү 4 128 704 төгрөгрийг зөвшөөрөхгүй, “ХБ ” ХХК хүчээр ам.долларын зээл өгсөн, хоёр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, зээлээ хэвийн төлж байхад “ХБ ” ХХК үйл ажиллагааны зардалд нэмэлтээр зээл авч болно гэсэн тул барьцаа хөрөнгөө нэмсэн, би компанийхаа үйл ажиллагааг явуулахын тулд нэмэлт зээл авсан, ам.долларын ханш өссөнөөс зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Өмнөх зээл болон сүүлд авсан зээлүүд хоорондоо холбоотой тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.О ын өмгөөлөгч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэнээс юу нэхэж байгаа нь тодорхойгүй тул мэтгэлцэх боломжгүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхойгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, бид хөрөнгө барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийн ажиллагааг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Тушаал гаргаж эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчиж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул гэрээнээс татгалзаад байна уу, гэрээг цуцалж байна уу гэдэг нь тодорхойгүй. Тухайн үед зээлийн төлбөрийг төлөхгүй гэдгээ хэлж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг “ХБ ” ХХК-д мэдэгдсэн, тухайн үед нэхэмжлэгч байгууллагын шүүхэд хандах эрх нээлттэй байхад хандахгүй явсаар хариуцагчийг зээлийн хүүгийн алдагдалд оруулсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н ” ХХК, Б.О  нараас 15 795 370  төгрөгийг гаргуулан “ХБ ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь зааснаар нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь “ТТ ” ХХК, Б.Т нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, “ТТ ” ХХК, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэрсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 927 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 236 927 төгрөгийг гаргуулан “ХБ ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О  давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, тодруулах шаардлагатай байгаа талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Улмаар шүүх хуралдааны явцад “... “ТТ ” ХХК, Б.Т нараас татгалзан, “Н ” ХХК , Б.О  нараас гаргуулна” гэж тайлбарлаж байгаагаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байсан нь нотлогддог. Хариуцагч талыг хуульд заасан мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцүүлээгүй гэж үзэх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зарим хариуцагчаас татгалзахад, уг асуудлаар хариуцагчийг тайлбар өгөх боломжоор хангаагүй. Шүүхээс 2 хариуцагчаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад саад учирч цаашид дахин маргаан гаргах эхлэл боллоо гэж үзэж байна. Зүй нь аль хариуцагчаас хэдэн төгрөг гаргуулах, 1 хариуцагч нь төлөхгүй бол нөгөөгөөс гаргуулах зэрэг байдлаар маш тодорхой гарах ёстой.

Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаагүй байхад хариуцагч талын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэх тайлбар ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэн шийдвэр гаргасанг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хариуцагчтай зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүрэгт хөрөнгө барьцаалдаг. Хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй талаар шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүссэн боловч шүүхээс хүлээн аваагүй.

Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй атал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэр гаргасан. 2017 оны 5 дугаар сард “ХБ ” ХХК-тай үүссэн маргаантай холбоотой асуудлаар зээлийн төлбөрийг цаашид төлөх боломжгүй болсон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хүсэлт гаргасан. Гэтэл “ХБ ” ХХК-иас энэ талаар тухайн үед шүүхэд хандалгүй хугацаа алдагдуулсан байх бөгөөд үүнд нь буруугүй гэж үзэж байгаа ба 2017 оны 5 дугаар сараас хойш буюу шүүхэд мэдэгдсэн хугацаанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү болох 4 128 704 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 4 128 704 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж байна.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь хариуцагч “Н ” ХХК, “ТТ ” ХХК, Б.О , Б.Т нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 795 370 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“ХБ ” ХХК болон “Н ” ХХК, Б.О  нар нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1370011669 дугаар зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн, мөн өдөр Б.Т нь “ХБ ” ХХК-тай 1370011669 дугаар Батлан даалтын гэрээг байгуулан харилцан тохиролцсон үйл баримтыг хэрэгт авагдсан зээлийн болон батлан даалтын гэрээ, зохигчдын тайлбараар анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 7-11, 13-14 дүгээр тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч “Н ” ХХК, Б.О  нар нь зээлийн хүүг төлөхгүй гэх өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасны дагуу зээлийн гэрээний 4.1-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Шүүх үндсэн зээл 11 666 666 төгрөг, зээлийн хүү 3 597 197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 531 507 төгрөг, нийт 15 795 370 төгрөгийн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн “... хүү төлөхгүй” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн шаардаагүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шийдвэр гаргах эрхгүй болно. Хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “ТТ ” ХХК, Б.Т нараас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах атал Иргэний хуулийг баримталсан нь алдаатай болсон тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан, хуулийн нэрийг өөрчлөх боломжтой байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... хуульд заасан мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүх хуралдааныг мэтгэлцээний үндсэн дээр явуулаагүй...” гэх боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх уг нөхцөл байдал хэргийн баримтаар хангалттай тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                

                               ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                     Б.НАРМАНДАХ