Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/479

 

                                                 Ц.А, Г.Т, Н.Б нарт

                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ц.А-н өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Н.Б,

шүүгдэгч Н.Б, Г.Т нарын өмгөөлөгч Б.Шихихутаг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А, Г.Т, Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.А, Г.Т, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1908 03600 0087 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ц-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймгийн ............ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ....................... гэх газар оршин суух бүртгэлтэй, /РД: ............../,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 54а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,  

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

2. Б овгийн Г-н Т, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр .......... аймгийн ....... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ................................. тоотод оршин суух, /РД: ..................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдан, мөн хугацаагаар хянан харгалзсан;

3. Б овгийн Н-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............... аймгийн .............. суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт .................... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ......................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Ц.А, Г.Т, Н.Б нар нь 2019 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26 дугаар байрны зүүн талын талбай дээр хохирогч Ш.Б-н эзэмшлийн “Самсунг Эс-8 плас”, “Самсунг Эс-6” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, бусдад 755.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.А, Г.Т, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.А, Г.Т, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар бүлэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.Т нарт хоёр жил зургаан сарын, шүүгдэгч Н.Б-т хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, шүүгдэгч Г.Т, Ц.А, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Ц.А нарын цагдан хоригдсон 51 хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-с 163,333.0 төгрөг гаргуулан хохирогч Ш.Б-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Т, Н.Б нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Т, Ц.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Т, Н.Б нарын асрах хүнгүй үлдэж буй бага насны хүүхэд болох зургаан настай Т.Т /РД............/-т хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг хүүхдийн оршин сууж буй харьяалах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц.А миний бие эх, хоёр дүүгийн хамт амьдардаг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би өөрт  холбогдох хэргийн хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн боловч ар гэрийн зүгээс төлөх боломжгүй байна. Би хорих байгууллагад очоод хохирлоо цалинтай ажил хийж заавал барагдуулна. Миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хуульд заасан доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Би хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж хохирлоо барагдуулсан. Миний энэ хэрэг 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон. Би энэ хэрэгт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст байцаалт өгөөд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлээд гарч ирсэн хойно энэ хэргийг дахин шалгаж, надад хорих ял оногдуулсан. Хоригдож байх хугацаанд их зүйлийг бодож, ойлгож ухаарсан цаашид өөрийн хөдөлмөрөөр ажиллаж амьдрах зорилготой болсон. Дээрх байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө сонсгосон ял болон холбогдох зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрч байсан. Гэвч миний бие болсон хэргийн талаар огт санахгүй байсан ба багадаа морь малнаас унаж, улмаар унаж татдаг өвчтэй болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар хэлсэн тул өмгөөлөгч Б.Шихихутаг миний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэж, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргасан. Мөн шүүгдэгч Г.Т, Ц.А нар шүүх хурал дээр намайг гэмт хэрэгт оролцоогүй гэсэн мэдүүлэг, хохирогчийн “миний халааснаас гар утас авах үед би араасаа боолгуулаад дээшээ харж байсан, халаас руу доошоо харах боломжгүй байсан” гэсэн мэдүүлгийг үндэслэн намайг уг гэмт хэрэгт оролцоогүй болох талаар өмгөөлж оролцсон. Харин миний хувьд тухайн гэмт хэргийн талаар үнэхээр санахгүй байсан тул санахгүй байгаагаа үнэнээр нь хэлсэн. Гэвч шүүх намайг гэм буруутайд тооцсон, би ч гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлыг бүрэн төлж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийг гомдолгүй болгосон. Иймд миний өмгөөлөгч Б.Шихихутаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хуульд заасан доод хэмжээнээс хөнгөрүүлэх санал гаргасан боловч шүүх гэм буруугийн талаар маргасан гэж үзэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэсэн. Миний бие урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, үнэнч шударгаар хөдөлмөрлөн ажиллаж амьдарч явсан, одоо жирэмсэн, насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Г.Т, Ц.А нарын нөлөөнд автаж дээрх гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.А-н өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Шүүхээс 270.000 төгрөгийн Самсунг Эс-8 плас” загварын гар утсыг хохирогч Ш.Б-д биет байдлаар өгсөн. Иргэний нэхэмжлэгч Н-д учирсан 270.000 төгрөгийг төлсөн байхад уг мөнгийг төлөөгүй гээд үлдэгдэл 220.000 төгрөг дээр нэмж 490.000 төгрөг болгож, нэг шүүгдэгчид ноогдох төлбөрийг 163.333 төгрөг гэж үзсэн нь үндэслэлгүй. Харин 220.000 төгрөгийн гар утсыг биет байдлаар буцааж өгөөгүй, хохирлыг төлөөгүй учир уг мөнгийг шүүгдэгч нарт хуваахаар нэг шүүгдэгчээс 73.333 төгрөг гаргуулахаар байна. Иймд шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б, Г.Т нарын өмгөөлөгч Б.Шихихутаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой уулзаж уучлал гуйсан. Улмаар анхан шатны шүүх хуралдаанд Н.Б-н ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар хүсэлтийг илэрхийлж байсан. Мөн Н.Б-н эрүүл мэндийн байдал нь хорих ялыг эдлэх боломжгүй нөхцөл байдалд байгаа бөгөөд үүнтэй холбоотой хорих ангийн эмнэлгийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Тонус ихтэй тул дутуу төрөх, хүүхэд нь эндэх магадлалтай. Н.Б нь унаж татдаг өвчтэй тул өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд сэтгэцийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан. Дүгнэлтээр 26-27 хоногтой жирэмсэн, умайн булчингийн чангарал, унаж татдаг хам шинжтэй, үе мөчний архаг үрэвсэлтэй гэж тогтоогдсон. Иймд Н.Б-т оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.А, Г.Т нар давж заалдах гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар дурдсан байна. Тэдний хувийн байдлын хувьд урьд нь тус бүр хоёр удаа ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял тохирсон. Харин Шүүгдэгч Н.Б-н хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүх хуралдаанд илэрхийлж, хүсэлт гаргасан байна. Одоо биеийн байдлын хувьд 6 сартай жирэмсэн, уг байдлыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.А, Г.Т, Н.Б нар нь 2019 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26 дугаар байрны зүүн талын талбай дээр хохирогч Ш.Б-н эзэмшлийн “Самсунг Эс-8 плас”, “Самсунг Эс-6” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, бусдад 755.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Б-н “... Намайг дэлгүүрээр үйлчлүүлж байгаад гараад явж байхад нэг эмэгтэй араас дуудаад “ганцаараа явж байгаа бол хамт явъя” гэсэн. Тэгээд бид хоёр хамт “Вест” нэртэй шөнийн цэнгээний газар орж 1, 1 шил шар айраг уусан. ... Тэндээсээ гараад 26 дугаар байрны хавьд явж байхад тэр эмэгтэй “энэ сандал дээр сууя” гээд сууж байхад хоёр эрэгтэй ирээд “та хоёр юу хийж байгаа юм бэ”  гэхээр нь “би чамайг танихгүй юм байна” гэтэл нэг нь араас боогоод хамт явсан эмэгтэй нөгөө эрэгтэйгийн хамт миний халааснаас хоёр ширхэг гар утас аваад зугтаасан. ...” /1 хх 39/,

иргэний нэхэмжлэгч У.Н-с “... Би гар утас худалдан авахаар фэйсбүүкийн гар утасны хар зах гэсэн групп рүү ороод “Самсунг эс 8 плас гар утас зарна” гэсэн пост оруулсан хүнтэй холбогдож уг хүнтэй уулзаад 270.000 төгрөгөөр худалдан авсан. Уг гар утсанд өөрийн дугаараа хийгээд хэсэг хугацаанд барьж байсан. 2020 оны 2 дугаар сарын эхээр цагдаагаас залгаж уг гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан гэж хэлээд хураан авсан. ...” /1 хх 42-43/,

гэрч Б.Т-н “... Би “Циркл К” дэлгүүрт харилцагч, үйлчилгээний ажил хийдэг. Уг шөнө хуваарийн дагуу ажиллаж байсан ба 02 цагийн үед ногоон цамцтай архи үнэртүүлсэн ах орж ирээд манайхаас хот-дог авч идээд цонхны хажуугийн сандал дээр сууж байсан. Би заал руу гарахад ажлын гадаа нэг эгч зогсож байсан. Нэг харахад тэр хоёр гадаа хамт зогсож байгаад хамт дэлгүүрт орж ирсэн. Тэр хоёр нэг удаа авч хамт ширээн дээр суугаад нэлээд удаж байгаад гарсан. ... Удаагүй 30 минутын дараа ногоон подволктой ах нэг залууг дагуулж орж ирээд “ахдаа цагдаа дуудаад өг, энэ залуу болон хамт явсан хүүхэн, залуу хоёр миний хоолойг боогоод хоёр ширхэг гар утас дээрэмдчихлээ” гэж хэлсэн. ...” /1 хх 52/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22-24/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “... зургийг байрлуулахад хохирогч Ш.Б нь 2 /Г.Т/ болон 8 дугаартай /Ц.А/ хүмүүс мөн байна. Би шууд хараад таньж байна гэв. ...” /1 хх 27-30/, “... хохирогч Ш.Б нь Н.Б-г шууд заасныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. ...” /1 хх 31-34/, эд зүйлийн үнэлгээний тайлан /1 хх 80-81/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.А, Г.Т, Н.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар бүлэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.А-н хохирогч Ш.Б-г боох явцад шүүгдэгч Г.Т, Н.Б нар нь хохирогчийн халааснаас хоёр ширхэг гар утсыг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Б-с “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тэрээр 26-27 хоногтой /2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар/ жирэмсэн, насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Г.Т, Ц.А нараас “... оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Г.Т, Ц.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч Ц.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, тэдний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээс үзвэл шүүхээс тэдгээрт оногдуулсан ялын хэмжээ тохирсон байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэг буюу шүүгдэгч нарын биеийн байцаалт хэсэгт Ц.А-н ял шийтгүүлсэн байдлыг бичихдээ 2009 онд Төв аймгийн Сум дундын шүүхийн 54, 54А дугаартай шийтгэх тогтоолуудаар нэг гэмт хэрэгт шийтгүүлсэн байхад хоёр удаагийн ял шийтгэлтэй мэтээр буруу бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.Т нарт хоёр жил зургаан сарын, шүүгдэгч Н.Б-т хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Г.Т нарт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т, Ц.А нарын “...хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АРИУНХИШИГ

                     ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

   ШҮҮГЧ                                                        М.АЛДАР