Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

улсын яллагч Б.Ундармаа,

өсвөр насны шүүгдэгч Н.О-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

өсвөр насны шүүгдэгч Ч.Г, Н.П нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

хохирогч Ц.Б,

өсвөр насны шүүгдэгч Н.П, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э,

өсвөр насны шүүгдэгч Ч.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ч,

өсвөр насны шүүгдэгч Н.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Н.О, Ч.Г, Н.П нарт холбогдох 2516000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ****** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн ****** сумын ерөнхий боловсролын *****-р сургуулийн 11А ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Ц овогт Н-н П.

Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн *************** сургуульд ********** суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Говь- Алтай аймгийн *********** сумын *********** багийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, ********* регистрийн дугаартай, О овогт Н-н О.

Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** сумд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн ******** сумын ерөнхий боловсролын *****-р сургуулийн 11А ангийн сурагч, ам бүл 7, эцэг, эх, 2 ах, 2 дүүгийн хамт ******** багийн ************ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, *********** регистрийн дугаартай, Б овогт Ч-н Г.

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Н.П, Н.О нарын бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********** сумын *********** багийн *******-р гудамж ******-р байрны гадна байсан Ц.Л-н эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй, Мустанг-150 загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Н.П, Ч.Г нарын бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн *********** сумын ******** багийн ****-р байрны гаднаас Ц.Б-н эзэмшлийн улаан өнгийн ***** ГАЗ улсын дугаартай, Даюун-150 загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500,000(таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос  тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

1. Өсвөр насны шүүгдэгч Н.П, Н.О нар нь бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн *********** сумын ******** багийн ********-р гудамж ********-р байрны гадна байсан хохирогч Ц.Л эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй, Мустанг-150 загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1.Хохирогч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хөдөө ****** баг руу мал байдаг айлд оччихоод орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Унаж явсан мотоциклоо байрны үүдэнд тавьсан байсан. Шөнө 04 цагийн үед эхнэр сэрээд “...чи мотоциклоо гражид хийсэн юм уу...” гээд намайг сэрээсэн. Би гражид мотоциклоо хийхээ мартсанаа санаад гэрээс гараад мотоциклоо гражид хийх гэтэл алга болсон байсан. Тэр хавиараа хайгаад олоогүй. Тэгээд мотоцикл хулгайд алдсан байна гээд цагдаад өргөдөл гаргасан ... Миний мотоцикл Мустанг-150 маркийн бор ногоон өнгөтэй, улсын дугааргүй. Би өөрөө харвал шууд танина... Би мотоциклоо 2024 оны 05  дугаар сард аймгийн захаас 2,750,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

1.2.Гэрч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр Ц.Л бид хоёр 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хөдөө Галуут баг руу мал дээрээ оччихоод орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд байрныхаа гадаа мотоциклоо тавьчхаад гражид хийлгүй мартаад унтсан байсан. Би шөнө сэрээд цаг харахад 04 цаг өнгөрч байсан. Би нөхрөө сэрээгээд “чи мотоциклоо гражид хийсэн юм уу” гэж асуухад мартсан байна гэсэн. Тэгээд нөхөр гэрээс гараад мотоциклоо гражид хийх гэтэл байрны гадаа мотоцикл байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олоогүй... Аймгийн захаас 2024 оны 05 дугаар сард 2,750,000 төгрөгөөр манай нөхөр Н.П худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

1.3.“Ашид-Билгүүн” ХХК-н 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-925-912399 дугаартай “хулгайд алдсан гэх улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-150 загварын мотоциклыг 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас/

1.4.Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “хулгайд алдсан гэх улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-150 загварын мотоциклыг хураан авсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/

1.5.Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “хулгайд алдсан гэх улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-150 загварын мотоциклд үзлэг хийсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/

1.6.Хохирогч Ц.Л-р “хулгайд алдсан гэх улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-150 загварын мотоциклыг таньж олуулсан” 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас/

1.7.Өсвөр насны шүүгдэгч Н.П-н  шүүх хуралдаанд өгсөн /асуултад хариулсан/ “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа … Мотоцикл хулгайлъя гэдэг санааг гаргаснаа хүлээн зөвшөөрч байна … Санаандгүй явж байгаад тийм зүйл болсон … Эхний мотоциклийг авахад баригдахгүй байсан болохоор баригддаггүй юм байна гэж бодсон. Миний буруу, дахин ийм хэрэг хийхгүй… Ц.Л-н мотоциклыг буцааж өгсөн ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.8.Өсвөр насны шүүгдэгч Н.О-н шүүх хуралдаанд өгсөн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,

2.Өсвөр насны шүүгдэгч Н.П, Ч.Г нар нь бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багийн ********-р байрны гаднаас хохирогч Ц.Б-н эзэмшлийн улаан өнгийн ********ГАЗ улсын дугаартай, Даюун-150 загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 500,000(таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1.Хохирогч Ц.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд  шилжих шөнө миний мотоцикл алга болсон нь үнэн. Тухайн үед мотоциклийг хүүхдүүд аваад явсан байсныг би өөрөө мэдсэн бөгөөд энэ талаар цагдаагийн газарт мэдэгдсэн … Надад 1,000,000 төгрөг өгөөд хохирлыг барагдуулж байна гэсэн боловч би 2,000,000 сая төгрөг нэхсэн. Шинэ мотоцикл бол 2,800,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийн үнэтэй байгаа. Миний мотоцикл бол бүх засвар үйлчилгээ нь хийгдсэн, сайн эдэлгээтэй байсан. Би мал аж ахуйдаа байнга мотоциклоор явдаг хүн. Одоо бол унаа муутай болсон тул мал ахуйдаа ч явж амжихгүй байна. Би гомдолтой байна. Миний хохирлыг бүрэн барагдуулаагүй… Миний мал ******** сумын *********** багт байгаа. Би тэр болгондоо мотоциклоороо их явдаг… Хавар, намрын цагт их унадаг… Тухайн мотоциклоо 2017 онд авсан… 1,800,000-1,900,000 төгрөг байсан байх. Сайн санахгүй байна. Өдөр болгон унадаг байсан учраас засвар үйлчилгээг байнга хийдэг байсан. Өвдөгний хамгаалалтгүй байсан гэж ярьж байна. Бүх зүйл нь бүрэн байсан юм… Надад 1,000,000 төлсөн…” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2.2.Гэрч Н.Ж-н “... Би 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийн найзуудтайгаа хамт ********* сумын нутаг дэвсгэрт байх ********** амралтын газар руу явсан… Тухайн өдөр надтай хамт ********** амралтын газар руу П болон Г нар хамтдаа явсан… П тэр өдөр өөрийнхөө Улаан өнгөтэй Мустанг-150 загварын мотоциклоо унасан байсан. Г улаан өнгөтэй Даюун загварын мотоцикл унасан байсан. Тухайн мотоцикл 2 талын өвдөгний хамгаалалт байхгүй, рүлний  хамгаалалт байхгүй нэлээн эдэлгээнд орсон мотоцикл байсан … 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр аймгаас ******** чиглэлд явж байх үед Г-н (Г)-н унаж явсан мотоцикл явахаа болиод нам зогссон, түлхүүр багаж байхгүй байсан болохоор засаж чадалгүй үлдээгээд явсан. Тэгээд ирэх замдаа баахан ноцолдоод бүтэхгүй болохоор нь тэнд нь үлдээгээд ирсэн… Г, П нар надад тодорхой зүйл хэлээгүй, нэг хүнээс гуйж авсан л гээд байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас/

2.3.Гэрч  Д.О-н “... Би  2025  оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г болон П нартай хамтдаа ******* амралтын газар руу мотоциклоор хамтдаа явсан… П өөрийнхөө улаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклтой явсан. Г болохоор улаан өнгөтэй нэлээн хуучин Даюун-150 загварын мотоцикл унаж явсан. Аймгаас гараад ********** рүү нэлээн ойртсон явж байсан. Замдаа Г-н унаж явсан гэх мотоцикл улаан шорооны хонхроос цаашаа гараад 10 орчим километрт явж байгаад гэнэт унтраад асахаа байчихсан. Тэгээд тэнд нь үлдээгээд цаашаа хүнхэр амралтын газарт очиж байж байгаад орой ирэх замдаа Г-н унаж явсан мотоцикл дээр ирээд асаах гэж зөндөө удаан үзээд болохгүй болохоор нь тэнд нь үлдээчхээд ирсэн… П Г хоёр надад хэлэхдээ П-н гэрийн дээд талын буюу хуучин Мэргэжлийн хяналтын газрын урд талын байрны гаднаас шөнө нууцаар авсан гэж ярьсан... Нэлээн хуучирсан байдалтай мотоцикл байсныг санаж байна. Улсын дугаар байсан гэсэн. Тэрийг Г өөрөө аваад хаячихсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас/,

2.4.Хэргийн газарт /хулгайд алдагдсан гэх улаан өнгийн Даюун-150 загварын мотоциклыг авч яваад үлдээсэн гэх газар/ нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 147-150 дугаар хуудас/

2.5.Ашид-Билгүүн” ХХК-н 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-925-912502 дугаартай “хулгайд алдагдсан гэх улаан өнгийн ****** ГАЗ улсын дугаартай, Даюун-150 загварын мотоциклыг 500,000(таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас/

2.6.Өсвөр насны шүүгдэгч Ч.Г-н шүүх хуралдаанд өгсөн /асуултад хариулсан/ “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа … Мотоцикл хулгайлъя гэдэг санааг Н.П гаргасан …” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2.7.Өсвөр насны шүүгдэгч Н.П-н  шүүх хуралдаанд өгсөн /асуултад хариулсан/ “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа … Мотоцикл хулгайлъя гэдэг санааг гаргаснаа хүлээн зөвшөөрч байна… Санаандгүй явж байгаад тийм зүйл болсон… Эхний мотоциклийг авахад баригдахгүй байсан болохоор баригддаггүй юм байна гэж бодсон. Миний буруу, дахин ийм хэрэг хийхгүй… Ц.Б-н хохирлыг 500,000 төгрөгөөр 2 удаа өгсөн… Нийт 1,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч Н.П, Н.О нарын Н.П-н эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй, Мустанг-150 загварын мотоциклыг, өсвөр насны шүүгдэгч Н.П, Н.О нарын Ц.Б-н эзэмшлийн улаан өнгийн ****** ГАЗ улсын дугаартай, Даюун-150 загварын мотоциклыг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг уул гэмт хэргийг тус бүр бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч үйлдсэн байдаг. Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч байгаа гэдгээ мэдсээр байж хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор өсвөр насны шүүгдэгч нарын “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд /1-р хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас, 2-р хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.П-н төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 80-81 дүгээр дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.О-н төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 78-79 дугаар дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Ч.Г-н төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 208-209 дугаар дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.П-н 0056424 дугаартай сурагчийн хувийн хэргийн хуулбар/1-р хавтаст хэргийн 109-121 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.О-н 1626237 дугаартай сурагчийн хувийн хэргийн хуулбар/1-р хавтаст хэргийн 123-127 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Ч.Г-н 0056465 дугаартай сурагчийн хувийн хэргийн хуулбар/1-р хавтаст хэргийн 240-250, 2-р  хавтаст  хэргийн  1-3 дугаар хуудас/, “Ашид-Билгүүн” ХХК-н 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-925-912399 дугаартай “хулгайд алдсан гэх улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-150 загварын мотоциклыг 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас/, Ашид-Билгүүн” ХХК-н 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-925-912502 дугаартай “хулгайд алдагдсан гэх улаан өнгийн ********* ГАЗ улсын дугаартай, Даюун-150 загварын мотоциклыг 500,000(таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.П, Ч.Г нараас хохиролд 1,000,000 төгрөг төлсөн гэх гүйлгээний баримт/1-р хавтаст хэргийн 236 дугаар хуудас/, хохирогч Н.П-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “... Миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргах шаардлагагүй...” гэх агуулга бүхий хүсэлт /1-р хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, хохирогч Ц.Б-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “... Миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргах шаардлагагүй...” гэх агуулга бүхий хүсэлт /1-р хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/, хулгайд алдсан гэх улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-150 загварын мотоциклыг хохирогч Н.П-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл/1-р хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Өсвөр насны шүүгдэгч Н.П, Н.О, Ч.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Л-д 1,800,000(нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол, хохирогч Ц.Б-д 500,000(таван зуун мянга) төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед хулгайд алдсан гэх улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-150 загварын мотоциклыг хохирогч Ц.Л-д буцаан олгосон бөгөөд хохирогч Ц.Б-д өсвөр насны шүүгдэгч Н.П, Ч.Г нар хохиролд 1,000,000(нэг сая) төгрөг төлсөн тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ц.Б хохиролд 2,000,000(хоёр сая) төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч тухайн мотоциклыг 2017 оноос хойш тогтмол хэрэглэж байсан талаараа мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр мотоциклын үнэлгээг 500,000(таван зуун мянга) төгрөгөөр тогтоосон байх тул түүний хохирол төлөгдсөн гэж шүүх дүгнэсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Н.П, Н.О, Ч.Г нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж хуульчилжээ. 

Өсвөр насны Н.О, Ч.Г нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд, өсвөр насны шүүгдэгч Н.П-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.

Иймээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, түүнчлэн өсвөр насны шүүгдэгч нар өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахтай холбоотой зохицуулалтыг өсвөр насны шүүгдэгч нарын хувьд хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Н.П-т 1(нэг)  жил  6(зургаа)  сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Ч.Г, Н.О нарт 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэн, хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэж, мөн хугацаанд өсвөр насны шүүгдэгч нарыг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, Д.Ч, Б.Э нарт даалгаж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчим болон Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахтай холбоотой зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Ц овогт Н-н П, Б овогт Ч-н Г, О овогт Н-н О, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Н.П-т  1(нэг)  жил  6(зургаа)  сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Ч.Г, Н.О нарт 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэж, хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд зааснаар  өсвөр насны шүүгдэгч Н.П, Ч.Г, Н.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, шүүгдэгч нарыг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхийг шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э, Д.Ч, Б.Э нарт даалгасугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ