| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0152/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Ундармаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
хохирогч Н.Х,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э-т холбогдох 2514002430161 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын ****-ний өдөр Баянхонгор аймгийн ********* сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн ********** сумын ******-р багт оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 25 хоногийн хугацаагаар баривчлах ял, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Х овогт Д-н Э.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Говь- Алтай аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт хамаарах “********” гэх газарт хохирогч Н.Х-тэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж түүний гарын шууны ар хэсэгт нэг удаа унины модоор цохиж биед нь зүүн шуу ясны хугарал буюу хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Д.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...Хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Хохирогчид 2 сая гаруй төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.Хохирогч Н.Х-н шүүх хуралдаанд өгсөн “... Сүлжээтэй газар гэрээ барих гээд ярьсан юм. Энэ айлын гэр бариатай байхаар нь “буулгачихаад гэрээ барьчих уу? та ирж авах болов уу” гэхэд “битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь хэдэн төмөр ачаад очиход чулуу шидээд байсан. Тэгээд та яагаад байна гэхэд унь барьж ирээд толгой руу цохих гэхээр нь гараа өргөхөд гар руу цохисон. Ийм л зүйл болсон ... 2-3 удаа гар руу цохиж гар хугалсан ... 3 сая төгрөг нэхэмжилсэн. 1 сая төгрөг өгсөн. 2 сая төгрөгийг өгөөгүй чимээгүй болсон. 2 сая төгрөг гаргуулбал надад гомдол саналгүй ... Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй ... Нийт 2,423,100 төгрөг төлсөн нь үнэн ... Үүнээс тусдаа 2 сая төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Хохирогч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... ******* сумын нутагт ордог “***************” гэх нэртэй газарт байх О гэдэг хүний гэр барьсан газарт яваад очсон юм. Тэр газарт О гэж хүний жижиг гэр нь тухайн газарт бариатай эзэнгүй байсан юм. Тэгэхээр нь би тухайн газарт очиж буух зорилгоор О гэж хүн рүү ярьсан байсан юм. Тэгээд манайх өчигдөр тухайн газарт очиж буух гээд очсон юм. Гэтэл О гэдэг хүн жижиг гэрээ буулгаж байсан. Би ганцаараа мотоциклтой очоод мотоциклоосоо буугаад наанаас нь алхаад явж байтал О гэж хүн “чи битгий дээрэлхээд байгаарай” гэхээр нь би “Би таныг яаж дээрэлхсэн юм” гэж хэлтэл өөдөөс газраас чулуу аваад шидсэн юм. Тэгэхээр нь би тэр чулуунаас булттал гэрийн унь барьж ирээд толгой руу цохих гээд байхаар нь би зүүн гараараа толгойгоо хаатал миний гарын шууны ар хэсэгт нэг удаа цохиод миний гарыг хугалсан. Дараа нь миний нуруу хэсэгт нөгөө униараа 2-3 удаа цохичхоод тэр хүн гэрээ буулгачхаад хөдлөөд яваад өгсөн юм. Би авч ирсэн байсан төмөр хайсаа тухайн газарт буулгачхаад яваад өгсөн. Тэгээд сумын төвийн эмнэлэгт үзүүлтэл сумын эмч нар “бид нар мэдэхгүй байна. Аймагт очиж үзүүл” гэхээр нь өнөөдөр өглөө аймагт ирээд нэгдсэн эмнэлэгт үзүүлтэл эмч нь зүүн гарын савхан яс голоороо хугарсан байна гээд гипстэйд маргааш рентгений зураг авхуулаарай гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн биеэр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/
4.Гэрч П.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Баянхонгор аймгийн ********** сумын *****-р багийн нутаг дэвсгэр “*************” гэх газар очоод өөрийн жижиг гэрээ авах гээд хамтран амьдрагч Д.Э гэх хүний хамт явж очоод өөрийн гэрээ буулгаад байж байсан чинь Х ирээд “өчигдөр орой утсаар ярьсан чинь яагаад дуугарч цөхөөд байсан чи” гэж Э-т хэлээд тэрнээсээ болоод хэрүүл маргаан үүсгээд манай хамтран амьдрагч Э Х-г нэг унь барьж аваад нэг удаа зүүн гарын шуу хэсэгт цохиж байгаа харагдсан ... Ямар ч байсан Х гар хугарсан талаар хэлээд уулын орой дээр утсаар яриад сууж байсан. Өөр ямар нэгэн байдлаар ил харагдах шарх сорив байгаагүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 50-51 дүгээр/
5.Гэрч С.Р-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед ********** аймгийн *********** сумын ********-р багийн нутаг дэвсгэр “*************” гэх газар яваад очсон чинь Д.Э нь Н.Х-г бор өнгийн 1 метр гарантаа унины модоор зүүн талын гарын шуу хэсэгт нэлээн чанга 1-3 удаа цохиод авч байгаа харагдсан. Тэгсэн чинь тухайн мод нь 2 хугараад 3-н хэсэг болоод газар ойчиж байсан. Тэрнээсээ болоод хэрүүл маргаан үүсгээд байсан тэгээд өөр сүртэй юм болоогүй ... Ямар ч айсан гар хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. Ил харагдах шарх сорив гэвэл зүүн гарын шуу хэсэгт гадна талдаа гарын арьс нь шалбарсан байдалтай жаахан хавдалттай харагдаж байсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
6.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Энхжин 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 179 дугаартай “1. Н.Х-н биед зүүн шуу яс, баруун 7,8,9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй ... Дээрх зүүн шуу ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Баруун 7,8,9-р хавирганы хугарал гэмтэл нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй ... Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/
7.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч шүүх хуралдаанд “... 3 сая төгрөг нэхэмжилсэн. 1 сая төгрөг өгсөн. 2 сая төгрөгийг өгөөгүй чимээгүй болсон. 2 сая төгрөг гаргуулбал надад гомдол саналгүй ... Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй ... Нийт 2,423,100 төгрөг төлсөн нь үнэн ... Үүнээс тусдаа 2 сая төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 184,434 (нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн.
Шүүгдэгч Д.Э нь хохирогчид 2,423,100(хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуу) төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр, Эрүүл мэндийн даатгалын санд 184,434 (нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг төлж барагдуулсан болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт/хавтаст хэргийн 152 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Харин хохирогч Д.Э-н 2,000,000(хоёр сая) төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул тухайн нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогчийн дээрх нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Н.Х-д 2,423,100(хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 184,434 (нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг тус тус төлсөн, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2(хоёр) хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн Монгол гэрийн унины хугарсан 3 хэсэг модыг устгахыг “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э-т сануулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Д.Э нь хохирогч Н.Х-д 2,423,100(хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 184,434 (нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.Х-н нэхэмжилсэн 2,000,000(хоёр сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2(хоёр) хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн Монгол гэрийн унины хугарсан 3 хэсэг модыг устгахыг “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА