Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/02572

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 07 өдөр                            Дугаар 102/ШШ2022/02572                      Улаанбаатар хот

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ....-р хороо, М...ийн 6-р гудамж .... тоотод оршин суух, регистр ..., Р... овогтой Ч...гийн Э...,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...-р хороолол, Ж... гудамж, ...-р байрны .... тоотод оршин суух, регистр ..., Х... овогтой П...ын Б..,

            Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...-р хороолол, Ж...ын гудамж, ...-р байрны ... тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, 2017 оны 12-р сарын 4-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр П.Б., Г.Г., Г.Б. нарыг тогтоолгох тухай хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э./үнэмлэх 0074/, хариуцагч П.Б., хариуцагчийн  өмгөөлөгч Б.Б. /үнэмлэх 0297/, гэрч Ч.Ц., О.А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.                                                                                              

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Э. нь П.Б...т холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Ч.Э.. Д.Г... нар нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, 4-р хороолол, Ж... гудамж, ...-р байрны ... тоот байрыг “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хийж 50 000 000 төгрөгөөр худалдаж авсан. 50 000 000 төгрөгийг төлсөн, байрын өмчлөгчөөр Ч.Э.. бүртгэгдсэн. Байрыг суллаж өгч амжаагүй байхад Д.Г. нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан. Нас барсны дараа байрнаас гарахыг шаардсан боловч байрыг түрээсэлсэн, П.Б... нь утсаа авдаггүй байсан. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардаж байна гэв.

2.Хариуцагч П.Б... хариу тайлбартаа: Би өнөөдрийг хүртэл энэ байрандаа хүүгийн хамт амьдарч байна. Байраа түрээсэлж байрнаас гарч байгаагүй. Над руу хэн ч нэг ч удаа утсаар яриагүй. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр Д.Г... нас барж 21 хоногийг нь хийхэд Д.Г..ын дүү нараас нэг ч хүн ирээгүй. 49 хоногийг хийхэд Ч..., С..., Г... нар ирсэн. Зуурмагийн үйлдвэр одоо 239 000 000 төгрөгийн үлдэгдэл зээлтэй байгаа. Талийгаач Д.Г... нас бараад 26 хонож байхад банкнаас над руу ярьж зээлээ төл, зуурмагийн үйлдвэр ажиллаж байна гэсэн. Банкны хүнд нөхөр нас барсан гэдгийг хэлсэн. Би өөрийн амьдарч байгаа байраа яагаад чөлөөлөх ёстой юм бэ, Ч.Э... тухайн байрыг яаж шилжүүлж авсан бэ, надад байраа өгөх үндэслэл байхгүй. Би өнөөдрийг хүртэл 2 хүүхдийн хамт тухайн байранд амьдарч байгаа гэв.

3.Хариуцагч П.Б... нь Баянгол дүүргийн .... дугаар хороо, 4-р хороолол, Ж.ын гудамж, ...-р байрны ... тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, 2017 оны 12-р сарын 4-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр П.Б..., Г.Г..., Г.Б.. нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Би нөхөр Д.Г...той 1989 онд танилцаж, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж 1992 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.Б...., 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Г... нар төрсөн. Бид Эрдэнэтэд амьдарч байхдаа байр авсан. Улаанбаатар хотод шилжиж ирэхдээ Д.Г...ын дүү Төрбатад байраа өгсөн. Улаанбаатар хотод ирээд хадмынд амьдарч байгаад 2009 оноос бизнес хийж, 2009 оны 6 дугаар сард компанийн ашгаар байраа худалдаж авсан. Байр авах үед би Хятад улсын Дайлан руу явсан байсан. Охин Б.Б... тэнд сурдаг учраас хүргэж өгөөд ирсэн. Энэ хооронд үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байдаг. Би байрыг Ч.Э...т өгснийг мэдэхгүй, би компанидаа нярав, нягтлан, үйлчлэгчээс эхлээд бүх ажлуудыг нь хийдэг байсан. Бид бизнес хийж өр зээл ихтэй байсан. Баянгол дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол, Ж. гудамж ...-р байрны ... тоот, .. м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, П.Б., Г.Г., Г.Б. нарыг өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлээ гаргасан байна. Үндэслэлээ хариуцагч би Ч.Э. авсныг огт мэдээгүй гэх тайлбарыг гаргасан байдаг. Гэтэл үүнийг П.Б. нь мэдэж байсан гэдгийг Ч.Э. хэлдэг. П.Б. нь мөнгийг нь аваад өөртөө захиран зарцуулчихсан, П.Б...ийг байрнаас гараарай гэж хэлэхэд суллаж өгнө гэх тайлбар хэлдэг байсан талаар Ч.Э... хэлсэн. 2017 онд хийсэн хэлцлийг одоо 2022 онд 5 жилийн дараа мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

5.Нэхэмжлэгчээс: Баянгол дүүргийн ...-р хорооны тодорхойлолт /хх 4/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Очир ундраа ОМЗ ББСБ, Ч.Э..., О.А..нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга, /хх 99-114/, Хас банк, Ч.Э..., О.А... нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /хх 115-122/, Хас банк, Ч.Э.., О.А... нарын хооронд байгуулсан “Жижиг, бичил бизнесийн зээлийн болон ипотекийн гэрээ, дансны хуулга  /хх 123-187/, Монголын олон улсын арбитрын шийдвэр, Р.Б..., Д.Г... нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Алтай хангай конкрет ХХК-ний зээлийн гэрээ, баримтууд /1-р хавтас 201-250, 2-р хавтас 1-65/,

Хариуцагчаас: Д.Г...ын нас барсны гэрчилгээ /хх 12/, гэрлэсний гэрчилгээ /хх 13, 41/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 14/, Баянгол дүүргийн 17-р хорооны тодорхойлолт /хх 15-17, 72/, Д.Г...ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 26/, Платин капитал ББСБ, Д.Г..., П.Б.. нарын зээлийн болон барьцааны гэрээ /хх 27-32/, БСБ Мегастор дэлгүүр болон Д.Г..., П.Б... нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх 33-35/, Г.Б..., Г.Г.. нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /хх 36-40/, Д.Г.., Ч.Э... нарын хооронд хийсэн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх 42/ зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргасан,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр: Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа, баримтууд /хх 49-70/ бүрдүүлжээ.                                                                                                         

                                             ҮНДЭСЛЭХ нь:

1.Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ч.Э...ийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Ч.Э... нь Д.Г...той 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Д.Г...ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг худалдан авч өмчлөгчөөр бүртгэгдсэн, түүнд 000617078 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон /хх 5, 64-67/ байна.

Дээрх орон сууцыг Д.Г... нь Г.Ж... нараас 2009 оны 6-р сарын 8-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлэн авч гэр бүл болох эхнэр П.Б..., охин Г.Б..., хүү ГГ... нарын хамт амьдарсан, Д.Г... нь 2021 оны 9-р сарын 7-ны өдөр нас барсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч нь хүүхдүүдийн хамт амьдарч байгаа нь зохигчийн тайлбар, нас барсны гэрчилгээ /хх 12/, гэрлэсний гэрчилгээ /хх 13, 41/, Г.Б..., Г.Г... нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /хх 36-40/, Баянгол дүүргийн ...-р хорооны тодорхойлолт /хх 4,15-17, 72/ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ”...өнгөрсөн хугацаанд нэг ч хүн над руу ярьж байгаагүй, өөрийн амьдарч байгаа байраа чөлөөлөх үндэслэл байхгүй өнөөдрийг хүртэл хүүхдийн хамт амьдарч байна” гэж маргажээ.

Ч.Э.... нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед маргаж байгаа сууцны өмчлөгч байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2022 оны 05-р сарын 12-ны өдөр С.Л...., О.А... нартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 40 000 000 төгрөгөөр худалдсан, улмаар худалдан авагч нар өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх 68-70/

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2,  110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулснаар түүний өмчлөх эрх дуусгавар болсон, үүгээр өмчлөгчийн эрх зөрчигдсөн буюу орон сууцны хууль бус эзэмшлээс шаардах эрх дуусгавар болсон, шаардах эрхгүй гэж үзнэ.

3. Хариуцагч нь Ч.Э...т холбогдох Баянгол дүүргийн ... дугаар хороо, 4-р хороолол, Ж...ын гудамж, ...-р байрны ... тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох, 2017 оны 12-р сарын 4-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр П.Б..., Г.Г..., Г.Б... нарыг тогтоолгох тухай П.Б...ийн сөрөг нэхэмжлэл гаргасан, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Ч.Э... болон О.А..., С.Л... нарын хооронд байгуулагдсан 2022 оны 5-р сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэж тооцуулах сөрөг шаардлага гаргасан. Шүүгчийн 2022 оны 5-р сарын 26-ны өдрийн 102/ШЗ2022/09554 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, захирамж хүчинтэй байна.

          Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлснээр түүний шаардах эрх дуусгавар болсон байх ба сөрөг нэхэмжлэлийг түүнд холбогдуулан шийдвэрлэх үндэслэлгүй. 

Нөгөө талаас,

-Баянгол дүүргийн ... дугаар хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ...-р байрны ... тоот сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлага нь гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн хооронд гэр бүлийн харилцаатай холбоотой үүсдэг шаардлага,

 

-2017 оны 12-р сарын 4-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд энэ талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдоогүй,

 

-Хариуцагч нь маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр П.Б..., Г.Г..., Г.Б... нарыг тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч Г.Г..., Г.Б... нар нь нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэж дүгнэлээ. 

 

Гэрч О.А...нгийн шүүх хуралдаанд “...2017 оны 12 дугаар сард Д.Г... ах та 2 байрны урьдчилгаа өгөх гэж байгаа бол ахынхаа байранд ор,  ах нь шинэ байранд орно гэхээр нь тохиролцож 25 000 000 төгрөг бэлнээр өгч гэрчилгээг манай эхнэрийн нэр дээр шилжүүлж өгсөн, “Очир ундраа” ББСБ-д байрыг нь 30 сая төгрөгийн барьцаанд тавьж 19 500 000 төгрөгийг нь бэлнээр, дараа нь 5 000 000 төгрөгийг өгсөн,  П.Б... энэ талаар мэдэж байгаа, хоорондоо ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр энэхүү наймааг хийсэн гэж үзэж байна” гэж мэдүүлсэн нь,

гэрч Ч.Ц...ийн “...намайг хөдөө байж байгаад ирэхэд Д.Г. ах Ч.Э. О.А. хоёр байр авах гэж байгаа бол манай байрыг ав гэсэн, 25 000 000 төгрөгийг Эрдэнэчимэг бид хоёр аваачиж өгсөн, ордероо шилжүүлж өгнө гээд 1 дүгээр хороололд нотариатаар батлуулсан...” гэх мэдүүлсэн нь худалдах, худалдан авах хэлцэл хийсэн талаар мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан Очир ундраа ОМЗ ББСБ, Ч.Э., О.А. нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга, /хх 99-114/, Хас банк, Ч.Э., О.А. нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /хх 115-122/, Хас банк, Ч.Э., О.А. нарын хооронд байгуулсан “Жижиг, бичил бизнесийн зээлийн болон ипотекийн гэрээ, дансны хуулга  /хх 123-187/, Монголын олон улсын арбитрын шийдвэр, Р.Б., Д.Г. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Алтай хангай конкрет ХХК-ний зээлийн гэрээ, баримтууд /1-р хавтас 201-250, 2-р хавтас 1-65/, Платин капитал ББСБ, Д.Г., П.Б. нарын зээлийн болон барьцааны гэрээ /хх 27-32/, БСБ Мегастор дэлгүүр болон Д.Г., П.Б.. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /хх 33-35/ зэрэг нотлох баримтууд нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, харин хувь хүн, аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаатай нь холбоотой  зээлийн баримтууд байна.

4.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 478 200 төгрөг тус тус төлсөн байх ба шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн хураамжийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Б..ийг улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ....-р хороо, 4-р хороолол, ... дүгээр байрны ... тоот сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ч.Э...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг, 108 дүгээр зүйлийн 108.1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан   Д.Г..., Ч.Э... нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 41-р байрны 32 тоот 3 өрөө сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, П.Б.., Г.Г.., Г.Б... нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай П.Б...ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Э...ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч П.Б...ээс төлсөн 478 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА