Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Н-д холбогдох 2516001400170 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ******** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ****** багийн ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай Ж овогт А-н Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч А.Н нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны шөнө согтуурсан үедээ эхнэр Н.О-н нүүр, цээж хэсэгт гараараа цохиж зодон, түүний биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, цээжний зүүн тал, зүүн хацарт цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1.Шүүгдэгч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

2.Хохирогч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 13-ны шөнө ****** баг ********** тоотод ээжийндээ байж байхад манай нөхөр А.Н гаднаас ороод ирсэн. Тэгээд “хоёулаа хойно айл ямаа самнуулах юм шиг байна, явъя” гээд дагуулаад явсан. Тэгээд намайг “чи энд байж бай. Би асуучхаад ирье” гээд намайг нэг танихгүй айлд үлдээчхээд явсан. Тэгээд орой 18 цагийн үед А.Н нь согтуу орж ирээд “...би хаашдаа шоронд явлаа. Ял авчихсан байгаа. Чамайг алчхаад явъя...” гээд намайг учир зүггүй барьж аваад зодсон. Мөн миний хоолойг боож ухаан алдуулсан. Нэг сэрэхэд миний хувцас хунар урагдсан нүд нүүр битүү хавдар болоод зүүн шанаа зулгарч шархалсан байсан. Тэгээд би ээжийндээ ирсэн. Манай ээж цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

3.Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай охин Н.О нь нөхөр Н-н хамт гараад явсан. Маргааш өглөө нь гэртээ ирэхдээ манай охин Н.О нь нүүр нь битүү хавдар, хоолойг нь боосон байсан. Зүүн талын хацар шанаа дээрээ зулгарсан, толгой хагарсан, зүүн талын суганы доод талд хөхөрчихсөн байдалтай орж ирсэн. Би хэн зодсон талаар асуухад Н намайг зодчихлоо гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

4.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ГОА0725/214 дугаартай “ ... Н. Н.О-н биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, цээжний зүүн тал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нь зөрчил болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд болно ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж хүсэлт гаргасан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 280(хоёр зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280(хоёр зуун ная) цаг нийтэд тустай ажил хийх  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт А-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д 280(хоёр зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Н-д сануулсугай. 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА