| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0156/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/165 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,
улсын яллагч Б.Ундрамаа,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.А-д холбогдох 2516001360179 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ****** оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн ********** сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны цахилгааны инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн ******** сумын ********-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, У овогт Н-н А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.А нь Говь-Алтай аймгийн ************ сумын ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “********” ХХК-нд дулаан ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн өмчлөлийн **************** дугаартай 5,150,000(таван сая нэг зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээтэй усны насосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
1.Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******** ХХК-ийн уурхайн талбайд байрлах уурын зуухнаас ********* дугаартай усны насос хулгайд алдагдсан. ******** ХХК-д кемпийн дулаан ус хангамжийн системийн ахлах мэргэжилтэн А.Б нь дотоод хяналтын ажилтан Ц.Э-д дулааны инженер Н.А гэх хүн хулгайлсан талаар хэлсэн байсан. Ц.Э нь ******** ХХК-ийн жолооч М гэх хүнтэй 04 дүгээр сарын 28-нд уулзаж ямар асуудал болсон талаар тодруулахад 2025 оны 04 дүгээр сарын 27-нд дулааны инженер Н.А-тэй хамт Говь-Алтай аймгийн төв рүү уурхайн талбайгаас эд зүйл төхөөрөмж зөөвөрлөж айлын хашаанд авч очиж тавьсан гэж хэлсэн байсан. Ц.Э нь Мягмарсүрэнгээр тухайн хашааг заалгаж байгаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас тухайн хашаанд нэгжлэг хийх явцад ******** ХХК-ийн уурхайн талбайд байрлах уурын зуухнаас алдагдсан *********** дугаартай усны насос илэрч хураан авах ажиллагааг зохион байгуулсан байсан ... Тухайн өдөр “********” ХХК-ийн шинэ менежер нь гэрээт ажилчдын хуралд оролцож байх хугацаанд дулааны инженер Н.А нь насосыг гаргасан байдаг. Пост 1-ийн харуул М нь үзлэг шалгалт хийсэн бөгөөд тухайн үед “насос байхгүй” гэж мэдэгдэн гаргасан байдаг ...Тухайн насос 5,150,000 төгрөгийн үнэлгээтэй. Манай программд бүртгэлтэй байгаа өмнө ашиглаж байгаагүй шинэ эд зүйл байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/
2.Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Уурын зууханд тодорхой томилогдсон ажилтан мэргэжилтнүүд ажилладаг. Тухайн ажилтнуудаас өөр хүн орохгүй. Орох эрхгүй журмаар зохицуулагддаг... Н.А-д байгууллагын тоног төхөөрөмжийг гаргах эрх мэдэл байхгүй... Байгууллага дээр засах боломжтой бол тэндээ засна, засах боломжгүй байгууллагаас гаргах бол уурхайн дарга, хэлтсийн менежер, аюулгүй ажиллагааны ажилтан нарт заавал мэдэгдэж зөвшөөрөл авч байж уурхайн нэгдсэн агуулах худалдан авалт хангамжийн хэлтсээр дамжуулан зохих газарт хүргүүлдэг... А зөвшөөрөл аваагүй. Удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй байсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/
3.Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын сүүлийн 7 хоногт байсан санагдаж байна. ******** ХХК-ийн дулааны инженер А гэх хүнээс тухайн насосыг аваад ажлынхаа хүмүүстэй хамт очиж хашаандаа буулгасан юм. Учир нь 2025 оны 03 дугаар сард **********-н Хөгжил хороололд байрлах усны насос эвдрээд би энэ тэндхийн дулааны инженерүүд рүү залгаж насос байгаа эсэх талаар асууж байсан бөгөөд А-тэй мөн ярьж асуусан. А тухайн үед 1 илүү насос байгаа гэж хэлж байсан өөр зүйл яриагүй. Тэгээд тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр гэв гэнэт А над руу холбогдоод нөгөө насосыг чинь аваад аймагт ирчихсэн байна. Авах юм уу гэхээр нь би аваад ирсэн бол ямар ч байсан тавиад үзье гэж хэлээд ажлынхаа хүмүүстэй хамт өөрийнхөө Баяншанд багийн ********* тоот хашаанд байх гараашинд буулгасан юм. Тухайн насос нь өндөр кВт-ийн насос байсан бөгөөд болбол бүр сайн биз, таарахгүй бол буцааж өгнө гэж яриа хийж тохироод болж байвал дараа оронд нь өөр насос захиалга хийгээд өгнө гэж ярилцсан юм. Ийм л үйл явдал болсон ... Би А-н надад авч ирсэн насосыг хулгайнх гэдгийг бол мэдээгүй бөгөөд ажлынхаа хүмүүстэй хамт очиж хашаандаа буулгасан ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/
4.Гэрч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би өмнө нь ************ “********” ХХК-д хамгаалалтын ажилтан хийж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 29-нд ажлаасаа ирээд өргөдлөө өгөөд гарсан. ******** ХХК- ийн LV-116 автомашин 3 хүнтэй Говь-Алтай аймаг руу гарсан. Үзлэг хийхэд усны насос байсан. Инженер А-с насосоор яах гэж байгаад юм бэ? гэхэд “аймагт 2 хоног хэрэглэнэ” гэж хэлээд аваад гарсан. Тэгээд би Р ах руу станцаар аймаг руу LV-116 3 хүнтэй гарахаар ирсэн байна. 1 хүн нь бүр, 2 хүн нь түр хугацаанд гарах юм байна гэж хэлсэн. Насос байна гэж бол хэлээгүй. Надад ямар нэгэн хүний зөвшөөрлийн бичиг баримт үзүүлээгүй. Зөвшөөрлийн бичиг баримт байхгүй байсан. А-тэй 2 жил орчим **********-д хамт ажиллаж байна. Уурхай дээр хамт фитнесээр хичээллэдэг. Өөр харилцаа хамаарал байхгүй. А нь тухайн насосыг аймгийн төв дээр 2 хоног хэрэглэчхээд аваад ирнэ гэхээр нь би хэлээгүй юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/
5.Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн ********* багт байрлах ******** ХХК-д шугам хоолойн засварчин хийдэг ... Халаалт зуухны оператор Э гэх хүний бие нь өвдөж Говь-Алтай аймгийн төв рүү хүргэж эмнэлэгт үзүүлэх ажилтай болоод дулааны инженер А хамт яваад ирье гэхээр нь би уурхайн LV-116 автомашиныг жолоодож аймаг ирсэн ... Модон хайрцагтай хар өнгийн усны насос байсан. Тухайн насосыг дулааны инженер А халаах зуухны операторуудаар баяжуулах үйлдвэрийн халаах зуухнаас ачуулсан. Насосыг аймгийн төвийн талын айлын хашаанд буулгасан. Тухайн хашааны хаягийг мэдэхгүй байна. Би бодохдоо буцаах гэж байгаа тоног төхөөрөмж юм бол уу эсвэл засуулах гэж байгаа юм байх гэж бодсон. Яг яах гэж аймаг руу авч байгаагаа инженер хэлээгүй. Инженер удирдах албан тушаалтан болохоор би сайн лавлаж асуугаагүй ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
6.Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... **********ХХК-д халаалтын зууханд оператор ажилтай ... Тухайн өдөр миний бие өвдөөд уурхайн эмч нарт үзүүлээд намайг яаралтай аймаг руу явж эмчилгээ хийлгэ гэсэн. Манай инженер А жолооч М-тай хамт намайг аймагт хүргэж ирсэн. Намайг амралтын байранд хэвтэж байхад ирж авсан. Намайг машинд суухад машины ар талд модон хайрцагтай тоног төхөөрөмж байсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/
7.Гэрч Т.Р-н өгсөн “...Би Говь-Алтай аймгийн ********** багт байрлах ******** ХХК-тай хамтран ажилладаг ******** ХХК-д хамгаалалтын ахлах ажилтан хийдэг. 10-аад жил болж байна. *********** ХХК-ийн нэг ажилтны бие нь өвдөөд ам нь мурийсан гээд эмнэлэгт үзүүлэхээр явж байна гэж хамгаалалтын ажилтан М надад хэлсэн. М надад хэлэхдээ үзлэг шалгалт хийлээ. 3 хүнтэй байна. 1 хүн нь эмнэлэгт үзүүлээд үлдэх бүр гарах зөвшөөрөлтэй 2 хүн нь түр гарах зөвшөөрөлтэй эргэж ирэх юм байна. Үзлэг шалгалт хийхэд гарсан зөрчилгүй гэж мэдэгдээд би гаргах зөвшөөрөл өгсөн. Ямар нэгэн ачаа бараа, тоног төхөөрөмж ачсан талаар юу ч хэлээгүй ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/
8.Хулгайд алдагдсан гэх усны насосын үнэлгээг 5,150,000 (таван сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-н 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-925-912315 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас/
9.Орон байранд нэгжлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас **********ХХК-д 5,150,000(таван сая нэг зуун тавин мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Б “... гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлага байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Иймд шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.А-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усны насосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цагдаагийн байгууллагаар дамжуулан “**********“ ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт Н-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.А-д хүлээлгэсүгэй.
4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.А-д сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усны насосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цагдаагийн байгууллагаар дамжуулан “**********“ ХХК-д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА